Вэбсайтын цэс
Хэлний сонголт
Д.ЦЭРЭНСОДНОМ: НАСНЫ НАРЫГ ЖАРГАХААС ӨМНӨ ШИНЖЛЭХ УХААНД ЯАРАХ ХЭРЭГТЭЙ ГЭДЭГ ҮГИЙГ БИ СЭТГЭЛДЭЭ ХАДГАЛЖ ЯВДАГ
Д.ЦЭРЭНСОДНОМ: НАСНЫ НАРЫГ ЖАРГАХААС ӨМНӨ ШИНЖЛЭХ УХААНД ЯАРАХ ХЭРЭГТЭЙ ГЭДЭГ ҮГИЙГ БИ СЭТГЭЛДЭЭ ХАДГАЛЖ ЯВДАГ

“ЗГМ” сонин “Хоймор” булан нээж байна. Энэ буланд Монголын төр, түмэнд зүтгэл тэмцэл, алдар нэр, бүтээл туурвилаараа танигдан алдаршиж, монголчуудынхаа хүндлэл бахархлын хойморт залагдсан эрхмүүд уригдаж байх болно.

“Хоймор” булангийнхаа анхны зочноор ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн Нууц товчоо судлалын төвийн тэргүүн, Шинжлэх ухааны гавьяат ажилтан, Төрийн шагналт, академич Д.Цэрэнсодномыг заллаа. Түүний шүтээн нь Монголын хэл, соёл, уран зохиолын сод гарамгай төлөөлөгч, билгүүн номч Чойжи-Одсэр аж. Ажлынхаа өрөөний хананд түүний зургийг хүндэтгэн залсан харагдсан. Монголын шинжлэх ухаанд Д.Цэрэнсодном академичийн оруулсан хувь нэмэр арвин. Үлгэр, тууль, аман зохиол, эртний уран зохиол гээд эрдэм шинжилгээ, судалгааны хэдэн тэмээнд аччих бүтээл туурвисан, шинэ үеийн монгол эрдэмтдийн дунд гарцаагүй дээгүүр суудалтай тэрбээр “ЗГМ”-ийн хойморт тухалж, хоёр цаг гаруй хууч хөөрснөөс хураангуйлан буулгалаа.

“Хоймор”-т тухалсан түүнтэй Ерөнхий эрхлэгч С.Батбаатар, орлогч эрхлэгч Д.Заяабат, сурвалжлагч Д.Баасанжаргал, Б.Гандолгор нар ярилцав.


-Бидний урилгыг хүлээн авч манай сонины байранд морилон саатсанд Танд гүн талархал илэрхийлье. Та саяхан Олон улсын Алтай судлалын алтан медалиар энгэрээ мялаалаа. Монголоос энэ нэр хүндтэй шагналыг авсан хоёр дахь эрдэмтэн нь болж байгаа юм билээ. Танд баяр хүргэе.


-Амархан сайн байцгаана уу. Сайхан өвөлжиж байгаа биз дээ. Намайг зочноороо урьсанд талрхаж байна


Нэр хүндтэй, сайхан шагналаар намайг шагнаж, их аз завшаантай явдал боллоо. Рэ багш (Өөрийн багш, эрдэмтэн гүүш Б.Ринченийг ийн дууддаг аж) 1965 онд Алтай судлалын алтан медалийг хүртсэн. Түүнээс хойш 50 жилийн дараа би авлаа. Германы монгол судлаач Оливер Корфф шагнал гардуулахдаа таны өмнө 49 хүн энэ шагналыг авсан гэж байна лээ. Тэгэхээр би 50 дахь нь байх нь. Монголчуудаас 50 жилийн дараа 50 дахь хүн нь болж, Рэ багшийнхаа удаах хоёр дахь монгол нь болсондоо бэлгэшээж байгаа. Энэ шагналын шалгуур чанга юм шиг байна. Хятадууд олуулаа. Бас хэдэн түм буман эрдэмтэнтэй. Мөнгөөр цохиод манай хэдэн эрдэмтнийг Өвөрмонгол руу, Их сургуульдаа багшлуулахаар авч яваад байгаа. Наад санаа нь биднээс суралцах, цаад санаа нь яваандаа Монгол судлалын төв болоход чиглэж байгаа болов уу. Гэхдээ Хятадаас ганц л хүн Алтай судлалын алтан медалийг авсан юм билээ. Монголд ийм шагналтай хүн харин хоёр байна. Монголын судлал одоохондоо Монголдоо байж л байгаа хэрэг. Хэн авах нь хамаагүй. Монголчуудын судалгааг олон улс үнэлсэн нь л чухал юм даа.


-Сүүлийн үед ямар судалгаа, шинжилгээ хийж байна даа?


-Хүмүүс хэл ядуурч байна гэж их ярьдаг боллоо. Би хэл судлалын хүн болохоор эх хэлээ хамгаалах гэж “Эх хэл судлал” нэртэй нийгэмлэг байгуулсан. Л.Түдэвийг нэртэй төртэй хүн болохоор Нийгэмлэгийнхээ тэргүүнээр сонгоод “Эх хэл” сэтгүүл гаргуулах  санаатай урьж авчирч, овоо яриа тохирдгийн даваан дээр загас татаж гаргаж ирээд алддаг шиг юм болсон. Мань хүн “Өвгөн хүнд хүч байхгүй, өвлийн наранд илч байхгүй. Өөрөө хий” гэж ганц хавирчихаад л гараад явчихсан. “Шаварт унасан шарын эзэн” би яахав, хичээсээр найман дугаар гаргалаа.


Хүүхэд залууст эрдэмтдийн талаар мэдээлэл өгөх зорилгоор сэтгүүлийнхээ дугаар бүрт нэг эрдэмтнийг танилцуулж байгаа. Анхны дугаарт эрдэмтэн Шагж гуайн танилцуулгыг тавьсан. Ц.Дамдинсүрэн, Б.Ринчен багшийнхаа намтрыг би өөрөө бичсэн. Монгол эрдэмтдийнхээ Монголын хэл бичгийн соёлд оруулсан хувь нэмрийг мартахгүй байгаасай гэж боддог. Хүний ертөнц ба хэлний ертөнц, эх хэл ба эх орон, хэл ярианы соёл, нэр томъёо, үгийн гарал үүсэл, найруулах эрдэм, өнөөгийн монгол хэлний өнгө төрх, хүүхдийн хэл-сэтгэхүй, монгол бичгийн хичээл тэргүүтнээс аваад хууль ёс, мэдээ занги, элэглэл шоглол, шүүмж хүртэл гайгүй дэлгэрэнгүй агуулгатай сэтгүүл болж байгаа.


Тэтгэврийнхээ хэдэн төгрөгөөр л гаргаж байгаа. Академийн ерөнхийлөгч Б.Энхтүвшин дэмжье, хамтаръя, дугаар хэвлүүлэх мөнгөө ээлжилж гаргаж байя гээд овоо дориун байсан боловч сүүл рүүгээ мөнгө төгрөг нь болохгүй байх шиг байна. Уг нь Академи бол арай өөр байгууллага, намайг бодвол мөнгөтэй шүү дээ. Улсын хэмжээнд 1000 гаруй сургууль байдаг юм билээ. Сургууль бүр номын сандаа нэгийг захиалаад аваад байхад л болоод явчихна л даа. “Эх хэл” сэтгүүл сурагчдад монгол хэлний талаар ихээхэн мэдлэг өгнө дөө. Гэхдээ иймийг санаж сэдэж, ойлгодог хүн ховор болж дээ.


-Таны намтар түүхээс сонирхъё. Бага насны амьдрал тань хэрхэн өнгөрсөн бэ? Сүхбаатар аймгийн Халзан сумынх гэл үү?


-Би ээж, аавыгаа их залууд мэндэлсэн хүн. Сүхбаатар аймгийн Халзан сумын уугуул. Өсгөсөн эцэг С.Далантай бол миний нагац эцэг. Гурван охин, хоёр хүүтэй хүн байж. Нэг хүү нь цэрэгт яваад нас эцэслэсэн. Миний нагац эх ерөнхий сайд байсан Жигжиджав гуайн төрсөн эгч нь. Тэр хүнийг хэлмэгдсэний дараа ах дүү, хамаатан садныг нь чимээгүй болгоод байсан гэдэг. Ах Боршаравыг нь хэлмэгдүүлсэн гэж хожим сонссон. Нагац эцгийн удаад Мажигсүрэн, Долгор гэж хүмүүс байсан гэдэг. Би Долгороос төрсөн хүүхэд нь. Миний төрсөн эцэг намайг бодвол нэртэй хүний зүстэй хүү, цэргийн заан Чойдорын Дамдинсүрэн гэж бөх байсан юм. Дүү нь Цэрэнтогтох гэж аймгийн хурц арслан байсан. Ер нь бөхийн удамтай хүмүүс байжээ. Миний эцэг Дамдинсүрэн намайг төрсний дараа цэрэгт татагдаж. Аавыг цэрэгт явсны дараа хугацаагүй албанд явлаа, эргэж ирэхгүй байж ч магадгүй гээд ээжийг минь Асгат сумын гайгүй хөрөнгө чинээтэй хүнд богтлоод өгчихсөн юм билээ. Тэгээд намайг нагац эх, эцэг маань авч үлдэж, хүн болгосон. Миний биеийг ээж аав минь төрүүлсэн ч ухаан хайрлаж, бичиг соёлд хөтөлсөн нь нагац эцэг. Их сийрэг ухаантай, айхтар хүн байсан юм. Намайг тав, зургаан настай байхад, орой унтахдаа бүчтэй нэхий өлгийнд ороож хажуудаа тавьчихаад “Шилэн галзуу баатар” зэрэг үлгэр тууль хайлна. Тэгээд надаар уухайлуулна. Унтаагүй сонсож байна уу, үгүй юү гэдгийг мэдэх арга нь тэр байж л дээ. Би уухайлж байгаад л чимээгүй болчихдог байсан гэдэг.


-Бүр багаасаа л ардын аман зохиол, үлгэр туульстай хамт өсчээ дээ?


-Тийм ээ, би ардын аман зохиолоор амлаж өссөн. Энэ маань намайг ардын билиг соёлд дуртай болгосон. Нагац эцгийн хоёр дахь хүү Цэвэгсүрэн багийн дарга. Манайх олон малтай чинээлэг айл байсан. Зөвхөн эр хонь холбоход 200 хүрч байв. Хонь мянга хүрэх гээд л. Нагац эцэг нас өндөр болсон болохоор надад хөрөнгөө өвлүүлж, гал голомтоо  мануулах зорилготой байсан юм шиг байгаа юм. Яагаад гэхээр намайг сургуульд явуулахгүй санаатай. Сумаас харин хүүхдээ сургуульд явуул гэж байн байн хүчтэй шаарддаг байв. Бараг өдөр бүр сумын төвөөс морьтой хүн шогшиж ирнэ.


-Сургуульд орох хүүхдүүд олдохгүй болохоор тэр байх л даа?


-Тэрэндээ ч бас биш юм аа. Би 10 нас хүрчихээд байлаа. Сумын төвөөс ирсэн төлөөлөгч нэг удаа нагац эхээс зөвшөөрөл авах гээд ятгаад суучихаж. Эх маань өгөхгүй гэдгээ л хэлж. Төлөөлөгч сүүлчийн аргаа хэрэглэж, нам засгийн бодлого эсэргүүцсэн таныг шийтгэнэ. Шийтгэхэд гомдолгүй гэж гарын үсгээ зур хэмээн шахжээ. Манай хүн “Би бичиг мэдэхгүй” гэж гүрийсэн боловч “Тэгвэл та эрхий хурууныхаа хээг дар” гээд шалаад суучихаж.  Саалийн цаг болоод хонио хураачихсан тул яарахдаа “Авбал ав” гэчихсэн юм гэдэг.


Орой нь багийн дарга Цэвэгсүрэн ах ирлээ. Сандаргаад байхаар нь хүүгээ сургуульд өгчихлөө гэж нагац эх хэлж байна. Тэгсэн Цэвэгсүрэн ах уурлаад аргалын хайрцаг өшиглөж байсан юм. Хөрөнгийн эзэн болгох гэсэн төлөвлөгөө нурсан болохоор тэгж уурласан хэрэг. Намайг сургуульд авах гэж сумын төлөөлөгч яагаад тэгж их зүтгэсэн юм гэхээр Халзан сумын хэд хэдэн айл “Багийн даргын дүүг сургуульд оруулахгүй бол бид хүүхдээ явуулахгүй” гэж барьцаад байсан юм билээ.


Би ах, эгч нарынхаа ар өврөөр явахдаа хийж байгаа хичээл, уншиж байгаа ном энэ тэрийг нь харж байгаад муухан уншдаг, үсэг холбоод бичдэг болчихсон байсан. Нагац эцэг тооны хүрдийг олон янзаар цээжлүүлж, орой бүр шалгадаг байлаа. Тэгж байгаад бичиг үсэг гайгүй сурчихсан болохоор нэгдүгээр ангид надад сураад байх зүйл маруухан санагдаж байж билээ. Тэрийг багш нар ойлгосон хэрэг байх, удалгүй хоёрдугаар ангид дэвшүүлсэн. Уг нь нэг, хоёрыг хоёуланг нь алгасчихаж болох байсан ч “Хоёрдугаар ангид орох уу, гуравдугаар анги руу дэвших үү” гэж асуухад нь гурвын хичээлийг арай барахгүй байх, хоёрдугаар ангид оръё гээд хэлчихсэн юм. Гуравдугаар ангид орсон бол дахиад нэг жил хожихгүй юу.


Сум, аймгийн сургуулиар дамжсаар 1957 онд Их сургуульд элссэн. Бидний үеийнхэн их азтай. Хэл шинжлэлийн агуу эрдэмтдээр хичээл заалгасан. Ш.Гаадамба, Т.Пагва, Д.Чойжалсүрэн нар миний багш. Тэднээр хичээл заалгаж, хажуугаар нь бас утга зохиолын дугуйланд явна. Зохиолчдын хороо Төрийн ордонд байдаг байлаа. Дарга нь Д.Сэнгээ. Их сургуулийн утга зохиолын дугуйлангийн хүүхдүүд Зохиолчдын хороон дээр гурав дахь өдөр бүр цуглаад зохиол хэлэлцдэг байлаа шүү дээ.


-Утга зохиолын дугуйланд явдаг байсан гэхээр та шүлэг, зохиол оролддог байжээ?


-Сүхбаатар аймгийн 10 жилийн сургуулийн наймдугаар ангид байхдаа “Суралцах замд” нэртэй өгүүллэг бичсэн. “Барсан хэвнэгт баатар”-ыг орчуулсан Д.Гомбожав багш уран зохиолын хичээл ордог байлаа. Нэг өдөр багш надад “Зохиол мэддэг хүмүүс хотоос ирсэн. Маргааш баазын байранд яваад очоорой” гэлээ. Тэр үед манай аймагт зочид буудал байсангүй. Жолооч нарын амардаг байранд ирсэн зочдыг байрлуулдаг байсан юм.


Гурван том зохиолч ирж. Найруулагч С.Гэндэн гуай, Ч.Лхамсүрэн, С.Дашдэндэв гээд мундагууд сууж байна. “Суралцах замд” өгүүллэгээ уншиж шалгууллаа. Сонсож сууснаа тэд “Хөөрхөн юм байна” гэж байгаа дуулдана. Улмаар “Энийг авч явна аа. Сайхан сийрүүлж бичээд өгчих” гэлээ. Д.Гомбожав багш “Залуу нас” шүлгээ уншсан юм. Багшийн шүлгийг миний өгүүллэгтэй хамт аваад явсан.


Аравдугаар ангид байхдаа хүнд өвдөж, одоогийнхоор бол шарлаж, түүнийгээ мэдэхгүй явсаар ком-д орж, эмнэлэгт зургаан сар хэвтлээ. Өрөөндөө хоёулаа. Хажуугийн орон дээр хэвтсэн хүн надад их юм заана. Тэр тун айхтар хүн байсан шүү. Улс төрийн хоригдол байсан юм шиг байгаа юм.  “Чи сурагч, би ялтан. Үхвэл эндээ хоёулаа үхье. Яаран гарч болохгүй шүү. Хүмүүс гараад гам алдаж нас бараад байна. Эргэж ирсэн хүмүүст элэг захиад бай” гэнэ. Хүмүүсийн авчирсан элгийг нимгэн зүсээд, буцалсан усанд дүрээд л залгиулаад байна. Надад нэг цагаан халаад олоод өгчихсөн, би өвчтөнүүдийн хоолыг зөөдөг болов. Тэднийхээ хоолноос хоёулаа хишиг хүртэнэ. Намайг “Чи ер нь литературовед (утга зохиол судлаач) болох хүн юм. Чамд тийм авьяас байна” гэж магтана. Би тэр орос үгийг нь ойлгохгүй.


-Утга зохиолын зам руу хөтөлсөн хэрэг байжээ дээ?


-Магад ч үгүй. Нэг удаа “Чи өргөдөл бич. Би хэлж өгье. Ангийн чинь багш чамд сайн юм байна. Тэрэндээ өг” гээд Горькийн нэрэмжит утга зохиолын дээд сургуульд оруулж өгнө үү гэсэн өргөдөл бичүүллээ. Тэгсэн ангийн багш “Хөдөө газар тийм хуваарь ирэхгүй. Нэг гоё хуваарь ирсэн. Сэтгэл өндөр бай. Чамд өгнө” гэж байна. Тэгээд Улсын Их Сургуулийн англи хэлний хуваарийг надад өглөө.


Сургуульд орох гэж Улаанбаатарт ирээд нэг өдөр айл хэслээ. Манай нутгийн Жамсран гэдэг хожмын нэртэй түүхч хүн тэр үед Их сургуулийн багш байсан. Тэднийхээр орлоо. “За ямар хуваарь авав” гэж байна. Англи хэлний ангид орсон гээд их л додигор суулаа. Жамсран багш “Буруу байна даа. Чиний нэг өгүүллэгийг би уншсан. Их гайгүй болсон байсан шүү. Чи зохиолч болох хүн байна  лээ. Монгол хэлний ангид ор” гэж байна. Эхнэр нь хажуугаас “Хөдөөний хүүхэд юугаа мэдэх вэ. Чи хуваарийг нь сольж өг” гэв. Маргааш өглөө нь намайг дагуулж очоод хуваарийг маань сольж өгсөн.


-Монгол хэл, уран зохиолын ангид орсон нь зөв байсныг одоо бид харж байна. Тэгэхээр зөв сонголт болжээ. Сургуульдаа гайгүй сурч байсан биз.


-Боломжийн байсан байх. Онцын нэмэгдэл гээд сардаа 90 төгрөг авчихна. Цалин гэснээс нөгөө наймдугаар ангид байхдаа бичсэн өгүүллэгийнхээ шагналыг авсан маань санаанд орчихлоо. Би ер нь Б.Ринчен гуайн дараа юм авах хувьтай хүн юм уу даа. Зохиолчдын хороон дээр утга зохиолын дугуйланд явж байгаад Лхамсүрэн гуайтай тааралдлаа. Намайг таньж байна. “Хүү минь чи ямар хуваарь авав” гэж байна. “Монгол хэлний анги” л гэлээ. Тэгсэн “Зөв замдаа орж, сайн байна” гэснээ “Өгүүллэгийнхээ шагналыг авсан уу” гэж байна. “Өгдөг юм уу” гэвэл, “Өгөлгүй яах вэ, өгнө” гээд намайг дагуулаад явлаа. Хэвлэх үйлдвэрийн ойролцоо ирээд нэг хаалга зааж “Тэр хаалгаар ор. Тэнд өгч байгаа. Одоо очоод ав” гээд цаашаа эргэлээ. Хаалгаар орох гэж явтал сэгсийсэн үстэй хүн өөдөөс гарч ирэв. Ямар сонин хүн бэ гэж гайхсаар зөрлөө. Нөгөө өрөөнд нүднийхээ шилний дээгүүр харсан өвөө сууж байна. Их сургуулийн нэгдүгээр курсийн оюутан байна. Сүхбаатар аймгаас ирсэн. Лхамсүрэн гуай намайг өгүүллэгийнхээ шагналыг ав гэсэн гэлээ.


-Өгүүллэг гарснаас хойш нэлээд удсан гэсэн үг биз дээ. Хэр хугацааны дараа шагналаа авахаар очиж байгаа хэрэг вэ. Тэгээд байж байх юм уу?


-Бараг хоёр жил өнгөрсөн байх. Нөгөө өвөө намайг сонжингуй харснаа “За байз, Ринчен гуай сая “Үүрийн туяа” романыхаа шагналыг аваад гарлаа. Мөнгө үлдэж үү, үгүй юү” гэж байна. Үүдэн дээр тааралдсан сонин хүн Ринчен гуай байж. Гэтэл өгүүллэгийн шагнал гэж 400 төгрөг өглөө. Бараг л амьдралдаа үзээгүй мөнгө. 200 төгрөгөөр хятад хромон гутал авч өмсөж байлаа. Барж дуусахгүй л мөнгө байлаа шүү дээ.


-Их сургуульд байхдаа та мундаг эрдэмтдээр хичээл заалгасан гэж дээр дурдсан. Ц.Дамдинсүрэн, Б.Ринчен гуай гэсэн хоёр аугаа хүмүүстэй яаж багш шавийн барилдлагатай болсон юм бэ?


-Их сургуулиа төгсөөд Хэл зохиолын хүрээлэнд ажилд орсныхоо дараа Рэ багштай Увс, Ховдын хязгаарт, судалгаа шинжилгээний ажлаар хоёр сар гаруй хамт явсан. Их л ойр байсан даа. Рэ багш надад их сайн байсан юм билээ. Хоёр ч удаа надад тэр нь ажиглагдсан. Багшийг нас барахын өмнө хэлмэгдүүлж, их айхтар дайрч байсан шүү дээ. “Цагаачийг цагаа хатгана, цагаан морийг ногоо хатгана”, “Далан настанд даруулга хэрэгтэй” энэ тэр гээд.


Чехэд явж байгаад Америкийн монголч эрдэмтэн О.Латтимор, Германы В.Хайссиг болон орос гаралтай, АНУ-д амьдарч байсан Н.Поппе нарт захиа биччихсэн нь гайтуулах сүрхий шалтгаан болж байсан даа. Тэр захидал дотор нь “Шинжлэх ухааны шинших нүүргүй хүмүүс залуу эрдэмтдийг дарж байна” гэсэн үг өгүүлбэр байсан юм билээ. Намайг нэг удаа дуудаж байцаасан. Нэг захианых нь хэдэн мөрийн доогуур зурчихсан байна. Тэр хэсгийг надад харуултал дарагдаж байгаа залуу эрдэмтдийнх нь дунд миний нэр харагдлаа. Эвгүйтэх шинж ороод явчихсан тэр үед “Энэнээс гарах гарц бий” гэж зөвлөж байсан хүн бий. Гарах гарц нь Рэ багшийг муулж бичих. Би “Бодож үзье” гэж хэлээд өнгөрсөн ч өөртөө болохоор “Цэрэнсодном чи, яаж ч ядарсан бай “Элгэн хад руу төлгөн хуц мөргөнө” гэдэг шиг Рэ багш руу дайрч болохгүй” гэж шивнэсэн. Томоотой хэрнээ би их зөрүүд хүн.


-Ринчен гуайтай шинжилгээний ангиар хөдөө явж байсан дурсамжаасаа хуваалцаж болох уу?


-Нэг удаа хамт явж байсан Загдсүрэн гэдэг хүнтэйгээ маргаад “Би та нартай цуг явахгүй” гээд Увсын Наранбулаг руу давхичихлаа. Ажлаа хийж явж байгаад Рэ багшид “Өмнөговь суманд хоёр талаасаа уулзъя” гэсэн цахилгаан бичсэн юм. Рэ багш миний цахилгааныг барьчихсан, “Энэ уг нь гурван төгрөг төдөн мөнгөөр ирж болох цахилгаан юм. Манай Цэрэнсодном илүү үг нуршсанаас болоод улсад нэг төгрөг төдөн мөнгөний хохирол учруулж” гэж шоолж байсан гэдэг юм. Жаахан хазгай үг л дуугарвал нам болгочих гээд хэцүү дээ хэцүү. Ард түмнийхээ дунд асар их нэр хүндтэй. Сумын дарга, намын үүрийн даргаасаа эхлээд жирийн ард нь хүртэл хүндэлнэ. Хүүхдээ танаар үнэртүүлье, нэр авъя гэж хүртэл айлууд урина шүү дээ.


Авдар авдраар ном цуглуулж ачааны машиндаа аччихаад, УАЗ-469 машины урд суудалд суучихсан, цонхоо ялимгүй онгойлгоод сахлаа хийсгэж явах нь сайхан даа. Шинжилгээний ажил дуусаж, буцах замдаа Говь-Алтайн Тээхийн буудал орох гээд жаргах нартай уралдан давхиж явлаа. Тэгсэн Рэ багш нам дуугаар  “Цэрэнсодном оо, бид оройн нарыг жаргахаас өмнө Тээхийн буудалд очих гэж яарч явна аа даа” гэж байна. “Тийм байна аа, багш аа” л гэлээ. Гэтэл “За чи, яг үүн шиг насны нарыг жаргахаас өмнө амжихын төлөө шинжлэх ухаанд яардаг юм шүү” гэж хэлж билээ. Тэр үгийг би сэтгэлийнхээ гүнд одоо болтол хадгалж явдаг юм. Ийм мундаг хүний дэргэд байсан хүн их юм сурдаг. Хэлж сургаж байгаа үг нь хүртэл айхтар ташуур болдог доо.


-Ц.Дамдинсүрэн гуайд хэдийд шавь орсон юм бэ?


-1959 онд өвөрмонголчууд манай улсад ирж том тоглолт хийсэн юм. Тэр үед Хятад, Монголын харилцаа тааруу байлаа. Тэгэхэд Өвөрмонголын алдарт хуурч Муу-Охин гэж хүн ирсэн. Би оюутан, өмнө нь үлгэр холбооны талаар бага сага ойлголттой болоод байсан болохоор Төв театрт зориуд очиж үзлээ.


Хуурч, холбоо шүлэгч Муу-Охин гуай аялгуулан хуурдаж, хүмүүс алга нижигнүүлээд жигтэйхэн. Би тоглолт дуусахаас арай өмнөхөн гараад жүжигчид гардаг хаалган дээр отоод зогсчихлоо. Ашгүй, өвгөн хуураа бариад гараад ирлээ. Манай шинжлэх ухааны хүрээлэнгийн хүмүүс түүнтэй уулзах гээд хамгаалалтын хүмүүс нь халгаагаагүй гэдгийг би сонссон болохоор нэлээд болгоомжтой сугадаж авч автобусанд нь оруулаад чихэнд нь уулзах хүсэлтээ хэлсэн чинь маргааш зочид буудалд хүрээд ир гэлээ. Одоо хотын захиргаа байгаа байшинд “Алтай” нэртэй, манай цорын ганц зочид буудал байсан юм. Маргааш нь очиж, дэлгүүр хоршоо ороход нь дагалдаж явж байгаад хэрэг зоригоо хэлж, Их сургууль дээр авчирлаа. Сургуулийнхаа лаборантад Муу-Охины аялгуут үлгэр, туулийг хуурцагт бичиж авна, хүнд битгий хэлээрэй гэсэн боловч Дамдинсүрэн багш Чойжоо багш хоёр ирээд суучихсан байсан. Алдарт хуурч, туульчийн аялгуулан хэлсэн бүхнийг хуурцагт бичиж аваад дараа нь монгол руу буулгасан. Хорчин жарууд аялгатай, тэгсэн хэрнээ хятад үг олон орсон болохоор тун амаргүй байж билээ. Үүнийгээ Ц.Дамдинсүрэн багшаар редакторлуулах гэж эмнэлэгт хэвтэж байхад нь очиж уулзаж байлаа. Бид хоёр ингэж дотноссон.


-Таны анхны эрдэм шинжилгээний том бүтээл тань “XIV зууны үеийн яруу найрагч Чойжи-Одсэр” мөн үү?


-Миний анхны ганц сэдэвт бүтээл. Энэ бүтээлийн редактороор Ц.Дамдинсүрэн гуайг томиллоо. Тиймээс зохиолоо редакторлуулах гээд гэрт нь очлоо. Жаахан таагүй байна. “Тэнд тавьчих, уншиж үзэж байгаад редакторлах эсэхээ шийднэ” гэлээ. 14 хоногийн дараа хүрээд ир гэж утасдаж байна. Очтол “Бүтээлийг чинь уншлаа. Чи арай ч үхэр шиг хивчихдэггүй юм байна. Тэгээд редакторлохоор боллоо” гэж билээ.


    -”Турфаны цуглуулгын монгол бичгийн дурсгал” бүтээл чинь ч Дамдинсүрэн гуайтай холбогддог тухай уншиж байсан санагдана.


    -Тийм ээ. Тэр үеийн том эрдэмтэд хааяахан гадаадад явахдаа хэрэгтэй гэсэн номоо нэгийг биш хэд хэдээр нь авчирч, уншиж судлах байх гэсэн хүндээ өгдөг нэг тийм заншилтай байж. Ц.Дамдинсүрэн багш нэг удаа Герман явж ирээд эрдэмтэн Э.Хэйнишийн бичсэн нэг номыг дурсгасан юм. Намайг судал гэж өгч байна гэж би ойлгосон. “Турфаны цуглуулга” л даа. Ингээд судлаад 1963 оноос цуврал өгүүлэл бичиж эхэлсэн. Цуглуулга доторх уранхай тасархай эх бичгүүдийг нарийвчлан судалсан хэрэг. Түүнийг маань миний гурван багш сүрхий ойшоож, зүйл бүрээр дэмжиж, гадаад хэлээр орчуулуулж, олон улсын эрдэм шинжилгээний хуралд хүртэл явуулж байлаа. Миний “Турфаны цуглуулга”-ын судалгаа германчуудын анхаарлыг татаж, Германд очиж жил зургаан сар судалгаа хийх боломж олдож байлаа. Би их азтай хүн. Э.Хэйниш хэмээх тэр том эрдэмтнийг нас барсны дараа ширээн дээр нь сууж судалгааны ажлаа бичсэн. Тэр хүний буян надад их бага хэмжээгээр шингэсэн байх аа.


-Миний гурван багш гэж та ярилаа. Нэг нь хэн юм бэ, Лувсанвандан багш уу?


-Ц.Дамдинсүрэн, Б.Ринчен, Ш.Лувсанвандан нар миний багш. Монгол хэл, уран зохиолын гурван том сүмбэр уул. Их ойр дотно явсан даа. Унгарт томилолтоор ажиллахдаа Лу багш маань “Турфан”-ыг тэнд хэвлүүлнэ гээд аваад явлаа. Тэгснээ хэвлүүлээгүй буцаад ирсэн. “Гологдов уу багш аа” гэхэд “Үгүй ээ бусдын хоол болчих байх гэж бодлоо” гэж билээ. Тэд номд, эрдэмд, шавьдаа тийм их хайртай хүмүүс байсан юм. Шинэ залуу, алсдаа гайгүй болж мэдэх хүмүүсийг чин сэтгэлээсээ дэмжинэ. Шинжлэх ухаан гэдэг бол шинэ сэргэг юмыг олж харж, түүнийгээ дэмжиж тэтгэх үйл юм гэж үздэг нь миний багш нарын үзэл. Одоо Академид, эрдмийн хүрээлэнгүүдэд шинэ зүйлийг олж харах хэрэгцээ улам ч чухал болж байна.


-Б.Ринчен, Ц.Дамдинсүрэн гээд нэг үеийн аугаа хоёр том эрдэмтэн таны багш юм байна. Энэ хоёрыг хоорондоо таарамж муутай байсан гэж хүмүүс ярьдаг. Үнэн болов уу?


-Хэрэг дээрээ тийм биш ээ. Асуудлыг яг хагалах мөчид хоёулаа санал нэгддэг. Хоёр талд сууж байсан хүмүүс яг чухал цагт нэг эрэг дээр гарч ирээд л суучихсан байдаг байсан шүү. Б.Ринчен гуайг цагаач гэхэд Да багш их уурласан. Цагаач гэж хэнийг хэлээд байгаа юм. “Үнэн” сонинд бичсэн хүн нь Ринченгээс илүү үндсэрхэг үзэлтэн байна. Энэ сонин чинь иргэдээ ялгаж салгаж, тулалдуулдаг тулааны талбар юм уу гэж байж билээ. Да багшийг өнөөх толь бичгийнх нь хэргээр буруутгах үед Их сургууль дээр нэг сүрхий хурал болсон юм. Тэгэхэд Рэ багш Да багшийг биш хүрээлэнгийн захирал байсан П.Хорлоог шүүмжлээд өнгөрч байлаа.


1985 онд Да багш бид хоёр Германы Боннын их сургуульд болсон хуралд оролцсон юм. Миний хувьд анх удаа хөрөнгөтөн оронд хөл тавьсан нь энэ. Москва руу буцаж явах замдаа Рэ багшийг өмөөрч нэг их өрөвдмөөр юм ярьж билээ. Тэрийг одоо энд яриад яах вэ.


-Та Б.Ринчен гуайтай хамгийн сүүлд хэзээ уулзсан бэ. 110 жилийнх нь ойд зориулж ном гаргах гэж байгаа гэл үү?


-Би Барсболдтой ярьж байгаа. Нэг юм хийх санаатай. Алтай судлалын алтан медалиар шагнуулчихаад байхдаа бидэнтэй хөдөө явж байсан. “Алтай судлалынх нь алтан медалийг аваад ирлээ” гэж дуугарч байсныг санаж байна. Идэр залуудаа даанч ажиггүй явж гэдэг шиг бид чинь алтан үеийнхнээсээ их бага юм авч үлдэж дээ. Шанагаар хутгаж авах зүйлийг халбагадаж л хоцорсон юм болов уу.


-Та Их сургуулиа төгсөөд Хэл зохиолын хүрээлэнд томилогдож ажилласан бил үү?


-Эрдэм шинжилгээний жинхэнэ ажилтнаар 880 төгрөгийн цалинтай  ажилд орж байлаа. Ц.Дамдинсүрэн гуай л намайг Хэл зохиолын хүрээлэнд оруулсан юм билээ. Төв хороонд ажилладаг шавиараа намайг тийш нь томилуулсан байсан. Хэл зохиолын хүрээлэнд ороод удалгүй аман зохиол судлахаар хөдөө томилолтоор явсан. Уг нь миний албан ёсоор хуваарилагдсан газар бол Багшийн дээд сургууль.


-Баруун аймгуудаар явж байхад тань ардын аман зохиолоо мэддэг хүмүүс олон таарсан уу?


-Хуучны судар номын олдоц сайн байсан. Нэлээд мэдлэгтэй егзөр өвгөчүүл тасраагүй байлаа. Тод бичиг мэддэг хүн хүртэл цөөнгүй таарсан. Тод үсгийн номын фондыг бид л бүрдүүлсэн. Үлгэр, тууль хэлсэн хүний гарыг хэдэн төгрөгөөр цайлгадаг байлаа. Шинжлэх ухааны академи хэдэн төгрөг төсөвлөж өгдөг байсан юм. Ахмад хүмүүс яаж ярьж байна, хүнтэй хэрэн харьцаж байна гэдгийг ажиглаж явахдаа би их зүйл сурсан.


-Ямар үндэстэн өв соёлоо илүү хадгалж үлдсэн байдаг юм бол?


-Буриад, өвөрмонгол, бага ястнууд эртний соёлоо илүүтэй хадгалж үлдсэн байдаг. Хөдөө явж судалгаа хийснийхээ ачаар Ш.Гаадамба багш бид хоёр 1967 онд “Ардын аман зохиол” гэдэг номыг бичсэн. Эрдэмтэн судлаачид цэцэгнээс мэндэлсэн юм шиг загнаж болохгүй. Өмнөх эрдэмтдийнхээ ач буянаар өнөөдөр өдий зэрэгтэй явна. Аливаа юм уламжлал, шинэчлэлтэйгээ хосолж явдаг. Сэцэн хааны бичээчид ацаг, шүд алдаж бичдэггүй байсан байгаа юм. Энэ бүтээлийг хэзээ, хэн, хэрхэн хэрэглэх вэ гэдгийг мэдэж байсан байна шүү дээ. Улс удирдаж байсан хүмүүс Рэ, Да багш нарын үгнээс гардаггүй байсан юм билээ. Одоог бодоход эрдэмтдийнхээ үгийг сонсдог байж шүү дээ. Гэтэл биднийг ийм юм хийж байна гээд салбарынхаа сайдад дуулгах гэхэд үл тоож байна. Нэг үе оюутнуудад ном заасан, бас судлаач хүнд 2-3 минут зарцуулаад үгийг нь сонсож болно доо.


-Та Бээжингийн их сургуульд хэдэн онд зочин профессоор ажиллаж байсан бэ?


-Шинжлэх ухаан, боловсролын хорооны шийдвэрээр 1988 онд явуулсан юм. Надаас өмнө Лувсанвандан багш, Дүгэрсүрэн гуай нар ажиллаж байсан юм билээ. Намайг очиход хятадууд их баярлаж байсан. Очсоны дараахан Бээжингийн их сургуульд аспирантурын элсэлт авч эхэлсэн. Хэний толгойг яаж саах вэ гэдгээ мэдэж байна шүү дээ. Бээжингийн их сургуульд очсон нь надад их ашигтай туссан. Би тухайн үед “Монголын нууц товчоо”-г судлах гээд ядаж байлаа. Эх нь хятад хадмал орчуулгаар байдаг болохоор эртний хятад хэлтэй хүн л судлахаар ажил. Нэг удаа миний байрлаж байсан буудалд Хуан Зун Жан гэж эрдэмтэн ирлээ. Тэр эртний хятад хэлтэй хүн л дээ. Уулзаад “Таныг “Нууц товчоо” судалж байгаа гэж сонслоо. Би Мин улсын таван толийг судалж байна. Тэгэхээр эртний монгол хэлний тухай та надад хэлж өг. Эртний хятад хэлийг би танд тайлбарлаж өгье” гэж тохиролцсон. Ингээд хоёр жил хятад толгойтой хавсарч “Нууц товчоо”-г судалсан юм. Тэнд номоо бичиж дуусгаснаар барахгүй, хэвлүүлээд ирсэн дээ.


-Та “Нууц товчоо” судалдаг хүн. Олон ч бүтээл туурвисан байх. Нэг зүйлийг асууя. Манайхны тогтоосон Чингис хааны төрсөн он, сар зөв үү?


-Бид эзэн хааныхаа төрсөн өдрийг зөв тогтоох хэрэгтэй байгаа юм. Чингис хаан байтугай миний үеийнхэн хүртэл төрсөн өдрөө мэдэхгүй шүү дээ. Төрсөн өдөр ч яахав, он харин маргаантай. 1155, 1162 гэж хоёр янз бий. Төрсөн өдрийг нь өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн гэдгээр тогтсон. Жил бүр өөр өөр өдөр тохиогоод байна гэж шүүмжилж байгаа. Оныг нь яг таг тогтоочихвол зурхайн тооцооллоор өдрийг бодоод олчиход амархан л даа.


Социалист нийгмийн үед 800 жилийн ойг нь тэмдэглэнэ гэж, Төмөр-Очир даргыг хөшөө байгуулах үед хэлэлцээд олонхийн саналаар 1162 он гэж тогтоосон. Лувсанданзаны “Алтан товч”, Саганцэцэний “Эрдэнийн товч” хоёрт тэмдэглэсэн баримтыг үндэслэсэн юм билээ. Шарын шашны нөлөөгөөр Бөртэ-Үжин, Тэмүүжин хоёрыг ивээл жилтэй болгох гэж оролдсон болов уу гэмээр юм ажиглагддаг. Уг нь “Нууц товчоо”-нд Бөртэ-Үжин нохой жилтэй, нэг эгч гэж гардаг. Тэгэхээр Тэмүүжин гахай жилтэй болж таарч байгаа юм. Манай хаан гахай жилтэй байх ёсгүй, хийморь золбоотой морь жилтэй байх ёстой гэсэн ч байж магадгүй. Ер нь 1155 он байх магадлалтай. Энэ талаар саяхан би нэг жижиг товхимол бичиж хэвлүүлээд, төрийн удирдагчдад гардуулсан. Тэрийг боломж олдвол танай сонин нийтэлчихийг бодоорой. Тэндээс олон зүйл тодорхой харагдана.


Тэмүүжин эцгийнхээ 37-ны жил дээр мэндэлсэн, татааруудад хорлогдохдоо Есүхэй баатар 49 настай байсан гэсэн эрдэмтдийн дүгнэлт ч бий. 1155 оноор тооцвол энэ жил Чингис хааны маань мэндэлсний 860 жилийн ой тохиож байна. Тиймээс энэ үеэр нь нэг их дуулиан болгохгүйгээр эрдэм шинжилгээний хурал зохион байгуулж хэлэлцээд шийдчих хэрэгтэй л дээ.


Н.Багабанди Ерөнхийлөгч байхдаа “Нууц товчоо”-г Төрийн ордонд залсан нь их зөв зүйл болсон. “Нууц товчоо” могой жилд алдагдсан. Гэтэл Н.Багабандийн шийдвэр гаргасан жил могой жил байж давхацсан нь сонин юм шүү.


-Таны бичиж туурвисан бүтээл хэдэн тэмээ ачаа болно биз?


-Навсгар сэвсгэр юм зөндөө бий. Гаргасан зарим ном маань одоо олдохоо больж дээ. Ганц нэгийг нь дахин хэвлүүлээд байгаа. ”Турфаны цуглуулгын монгол бичгийн дурсгал” маань Германд л нэг удаа хэвлэгдсэн. Монголд хэвлүүлж байгаагүй. “Нууц товчоо”-гоо чардайж байгаад дахин нэг удаа хэвлүүлсэн. “Монгол уран зохиол”-оо бас хоёр хэвлүүлсэн юм байна. Миний бүтээл туурвилуудыг эрдэмтэд овоо үнэлж байлаа. Сор бүтээлүүд гэвэл “Нууц товчоо”, “XIV зууны үеийн яруу найрагч Чойжи-Одсэр” юм даа.


-Та олон хэлээр ярьдаг уу. Их сургуульд сурч байхдаа гадаад  хэл судалж байв уу?


-Номын л хэлтэй. Герман хэлийг бага сага оролдож байсан. Одоо үг эвлэхээ больсон байна билээ. Оюутан байхдаа хятад, төвд хэлд шамдаж байлаа. Хятад ханз жаахан гадарладаг болсон маань “Монголын нууц товчоо”-г судлахад дөхөм байсан. Төвд хэлийг Гомбожав хамбаар заалгасан. Данзан-Осор, Иштавхай гэж хоёр мундаг гэвш Ганданд байлаа. Тэр хоёрт нэг үе шавь орсон. Хэл зохиолын хүрээлэнгийн бүтэц, зохион байгуулалт тэр үед өөрчлөгдөж, намайг аман зохиолын секторт оруулснаар юм юмнаасаа хөндийрсөн. Төвд хэлээ сайжруулах төлөвлөгөө тэгэхэд нурсан. Хоёр гэвш гуайгаас ичиж, айхдаа өөрийнхөө оронд Д.Ёндон, Л.Хүрэлбаатар хоёрыг төвд хэл судлуулахаар Данзан-Осор гэвшид хадаг, 500 төгрөгтэй барьж шавь оруулж байлаа. Да багш бид хоёр хааяа очиж хичээлд нь сууна. Надад “Субашид”-ийг цээжлүүлнэ гэж ярьж байсан шүү.


-“Субашид”-ийг цээжилнэ гэдэг барах ажил биш биз. Хүнд ер нь тийм их зүйл цээжлэх боломж байдаг болов уу?


-Байнга цээжлээд, дасгал хийгээд байхаар аяндаа толгой хөнгөрөөд ирдэг юм. Цахар гэвш өглөө хуралд орохоосоо өмнө жижиг товхимол цээжилчихдэг байсан тухай намтарт нь байдаг. Бээжингийн Юнхэ гүн-д амьдардаг дөрвөд лам өдөрт 4000 шад шүлэг цээжилдэг байсан гэдэг юм. Хүний ой ухаанд ийм боломж байж болох уу гэдгийг судалсан. Байж болох юм байна гэсэн хариу гарсан шүү.


-Таны хүүхдүүдээс хэл шинжлэлч, судлаач болсон хүн бий юү? Ханийнхаа талаар ярьж болох уу?


-Их сургуулийн гурав, дөрөвдүгээр курст байхдаа ханьтайгаа танилцсан. Д.Ичинхорлоо гэж химийн ангид сурдаг оюутан байлаа. Нэг нутаг усны, бие биеэ эртнээс мэдэх хоёр гэр бүл зохиож, хоёр хүү, нэг охины аав, ээж болцгоосон.  


Том охин Хадаа Их сургуулийн орос хэлний ангид орохоор нь дараагийн хүү Баяраагаа хэл бичгийн хүн болгох санаатай монгол хэлний ангид оруулсан юм. Тэгсэн нэг өдөр Баяраа “Герман хэлний ангид элсэлт авна гэнэ. Би шалгалт өгмөөр байна. Тэнцсэн хүүхдийг Герман явуулах гэнэ” гэсээр жигтэйхэн амьсгаадчихсан орж ирлээ. Би дотроо жаахан дургүй хүрч, нөгөө талаар “Энэ унах байлгүй” гэж бодоод “Тэг” гээд зөвшөөрчихлөө. Гэтэл тэнцчихдэг байгаа. Германд очоод, герман эхнэр авч, тэндээ шингэсэн. Бага хүү Сүмбэр маань багаасаа л зураач болох сонирхолтой, ирээдүйгээ аль эрт тодорхойлчихсон хүүхэд байлаа. Тэр замаараа л явсан.


Тийм учраас том охин Хадаагаа орос хэлний ангиас нь гаргаж, монгол хэлнийхэд оруулсан. Судалгаа шинжилгээний авьяастай, мэргэжилдээ дуртай, номын мөр хөөчих боломжтой байсан ч өвчин зовлонд ороогдоод болсонгүй. Одоо миний ажилд тусалж байна. Бага хүү Сүмбэр миний байгуулсан уламжлалт анагаах ухааны музейг авч явдаг юм. Зураач, астрономич мэргэжилтэй. Хэдэн номыг маань эмхлэх цэгцлэх, хэвлүүлэх гээд гол ажлыг тэр хүн нугалдаг даа.


-Уламжлалт анагаах ухааны музейнхаа талаар сонирхуулаач. Яагаад тийшээ “урвачихав” аа?


-Би залуудаа “Данжуур”-ын 225 ботийг бүтэн уншсан. Энэ их хөлгөн судрын таван боть нь дан анагаах ухаан байдаг. Их, бага таван ухаан бүгд хоорондоо холбоотой. Миний тал бие уламжлалт анагаах ухаан болсон. Сүүлийн ганц хоёр жил уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх төслийг удирдлаа. Тэгээд анагаахын хүүхдүүдийг сурах бичигтэй болгож өгсөн. Гурван ном бичиж хэвлүүлж, монгол уншлагат “Номунгэрэл” төв гэж байгуулсан. Бурхны шашны номыг монгол уншлагаар уншуулах зорилготой. “Номунгэрэл” гэдэг бол Чойжи-Одсэрийн нэрний монгол орчуулга.  Энэ төв сүүлдээ анагаах ухааны музей болсон.


-Шинэ залуу эрдэмтэд төрж байна уу. Эртний уран зохиолын чиглэлд Таны дараа үеийнхнээс Д.Ёндон, Л.Хүрэлбаатар, С.Дулам гэсэн хоёр гурван том эрдэмтнийг нэрлэж болох байх. Тэдний арыг залгасан, таны залгамж халаа болохоор залуус байх юм уу?


-Үнэнийг хэлэхэд жаахан зай гарчихлаа. Нэрлэх гэхээр олдохгүй л байна. Өнөө цагийн хүүхдүүд бүх зүйлийг мэддэг ч юм шиг, үгүй ч юм шиг сурдаг болж. Ингэж шүлсдэх муу л даа. Нэг сэдвээ тууштай судлах хэрэгтэй. Онолын сайн хүн гарцаагүй дутагдаад байна. Цаг үеийн амьсгал их нөлөөлж байна даа.


-Та өөрийн салбарын эрдэмтэд дотроосоо хэнтэй илүү дотно байдаг вэ?


-Академич Д.Төмөртогоо бид хоёр их дотно байдаг юм. Их сургуулийн нэг ангийн хоёр. Нэг ангиас хоёр академич төрнө гэдэг ховор тохиол байх. 60 орчим жил нөхөрлөж, алдаа оноогоо хуваалцаж явна даа. Өдгөө цагт ховордсоор байгаа сайн хүн, сайн эрдэмтний нэг мөн шүү.


Сайн эрдэмтэн бол гарцаа байхгүй улсын баялаг. Хятад улс сайн эрдэмтнийг улсын эрдэнэ гэж үздэг юм. Би Бээжингийн их сургуульд томилолтоор ажиллаж байхдаа Жи Ши Лэн гэж профессортой танилцсан. Тэр хүн 100 насалсан. Бээжин их сургуулийн захирал дугуй унаад явж байхад Жи Ши Лэн профессор тусгай унаатай, нарийн бичгийн даргатай байдаг байлаа.


Бээжингийн их сургуулийн 100 жилийн ой болоход намайг урьж, би очиж оролцож байлаа. Дэлхийн шилдэг 100 эрдэмтдийг урьсан гэж байсан. Гадаа 2000 хүний концерт тоглосон. Жи Ши Лэн профессор эртний “Рамаяна”, “Махабхарата”-г санскрит хэлнээс орчуулсан хүн. Түүнийг ойн ёслолын үеэр жуузанд суулгаж, нэр хүндтэй найман профессор жуузыг мөрлөж зочдын өмнүүр тойруулан танилцуулж байлаа. Хожим бие нь муудаад эмнэлэгт байхад амнаас нь дуу хураагуур салгалгүй, хэлсэн бүх зүйлийг нь бичиж авсан гэдэг. Эрдэмтэй хүнийг ингэж л хүндэтгэдэг юм билээ.

Ийнхүү бидний ярилцлага өндөрлөлөө. Ариун буянт номын цагаан мөрөөр нэгэн насаар замнаж, түүнээсээ буян хишиг хурааж, бүхэл бүтэн нэг үеийн ачааг үүрэн зүтгэсээр яваа буурал эрдэмтэн маань зөвхөн түүнд л байдаг гэмээр гэгээн гэрэлт инээмсэглэлээ тодруулсаар манай сонины байрнаас гарлаа. Таяг тулчихаж. “Номын хүний хөл жаахан муудах гээд байдаг бололтой” гэж байна. Оюун ухаан нь харин залуу тунгалгаараа байгаа нь ярилцаж суух зуур юухан дээр ч мэдэгдэх аж. “Мэргэд хурахын орон” гэлтэй Та минь эрдмийн хураар Монголоо тэтгэж яваарай.


Тэмдэглэсэн Б.Гандолгор


 



Бусад мэдээлэл