(1953-2023)
Монгол Улсын Ардын багш, Малын Гавьяат эмч, Монгол Улсын Шинжлэх ухааны академийн тэргүүлэгч гишүүн, Академич, Хөдөө аж ахуйн Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч, Биологийн шинжлэх ухааны доктор (ScD), Профессор, Оросын шинжлэх ухааны академийн гадаад гишүүн, Евро-Азийн шинжлэх ухааны академийн жинхэнэ гишүүн Цагаан залаа овогт Бадарчийн Бямбаа нь 2023 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр таалал төгсөж, Монгол Улсын шинжлэх ухаан, дээд боловсрол, хөдөө аж ахуй, Мал эмнэлгийн салбарт нөхөж баршгүй хүнд гарз учирлаа.
Академич Б. Бямбаа нь Өвөрхангай аймагт 1953 онд төрж, 1960-1970 онд Өвөрхангай аймгийн Хужирт сумын 10 жилийн дунд сургууль, 1970-1975 онд Хөдөө аж ахуйн дээд сургуулийг малын их эмч мэргэжлээр төгсөөд, улмаар 1975-1982 онд Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн Мал эмнэлгийн салбарын Паразит судлалын секторт эрдэм шинжилгээний ажилтнаар ажиллаж байгаад, 1982-1985 онд ЗХУ-д аспирантурт суралцаж, биологийн ухааны дэд эрдэмтэн (PhD), 1993 онд биологийн шинжлэх ухааны доктор (ScD)-ын зэргийг тус тус хамгаалжээ.
Академич Б. Бямбаа Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн Мал эмнэлгийн салбарын Паразит судлалын секторт Эрдэм шинжилгээний ажилтан, секторын эрхлэгч, Мал эмнэлгийн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, эрдэм шинжилгээ эрхэлсэн дэд захирал, захирал, ХААИС-ийн ректорын албыг тус тус нэр төртэй хашиж байсан бөгөөд Мал эмнэлгийн боловсролын болон шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийн дарга, ХХААХҮЯ-ны Шинжлэх ухаан технологийн зөвлөлийн гишүүн. ОХУ-ын Буриадын Хөдөө аж ахуйн академийн дэргэдэх Мал эмнэлгийн шинжлэх ухаанаар докторын зэрэг хамгаалуулах төрөлжсөн зөвлөлийн гадаад гишүүн байлаа.
Академич Б. Бямбаа нь ОХУ-ын Мал эмнэлгийн шинжлэх ухааны академийн жинхэнэ гишүүн буюу Академич, профессор, ОХУ-ын Хөдөө аж ахуйн шинжлэх ухааны академийн Сибирийн салбарын хүндэт доктор, Буриад улсын Хөдөө аж ахуйн академийн хүндэт профессор, Бүгд Найрамдах Солонгос Улсын Чонбукийн үндэсний их сургуулийн хүндэт доктор, Лаос улсын үндэсний их сургуулийн хүндэт профессор, Дэлхийн оюуны өмчийн байгууллагын “Алтан медаль”, Англи улсын Кембрижийн их сургуулийн Дэлхийн намтар судлалын төвийн “Мал эмнэлгийн шинжлэх ухааны гарамгай зүтгэлтэн” цол тус тус хүртэж байсан олон улсад танигдсан манай нэрт эрдэмтэн байлаа.
Академич Б. Бямбаа 20 гаруй залуу ажилтны эрдэм шинжилгээний төсөлт ажлуудыг удирдан, нарийн мэргэжлийн чиглэлээр магистр, доктор, боловсролын болон шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалуулж, Монгол улсад анх тутам “Эрдэм” шавь сургууль бий болгосон юм.
Академич Б. Бямбаа улсад 48 жил хөдөлмөрлөхдөө хөдөө аж ахуйн шинжлэх ухааны академи, ХААИС болон Мал эмнэлгийн хүрээлэнгийн судалгаа, шинжилгээний орчныг бэхжүүлэх, гадаад хамтын ажиллагааг өргөтгөх, дээд боловсролтой мэргэжилтэн бэлтгэх, эрдэм шинжилгээний ажлын онол, практикийн ач холбогдлыг дээшлүүлэх ажилд үнэтэй хувь нэмэр оруулсны зэрэгцээ, ХААИС-ийг хотхон хэлбэрээр хөгжүүлэх “ХААН кампус” хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлж, тус салбарт хос хөтөлбөрөөр мэргэжилтэн бэлтгэх ажлыг эхлүүлж, Монгол мэргэжилтэн дэлхийн жишигт нийцсэн боловсрол эзэмших үндэс суурийг бүрдүүлсэн юм.
Мал, амьтны паразиттах өвчнийг оношлох, эмчлэх, сэргийлэх зориулалттай нийтдээ 38 эм, бэлдмэлийн технологи боловсруулж, "Малын эмийн үндэсний үйлдвэр" шинээр бий болгож, 10 гаруй төрлийн эм, бэлдмэлийн технологийг зохион бүтээж, монограф, ном, товхимол, гарын авлага 17, их, дээд сургуулийн сурах бичиг 2-ыг зохиосноос гадна эрдэм шинжилгээний 150 гаруй өгүүллийг гадаад, дотоодын нэр хүнд бүхий бүтээлүүдэд хэвлэн нийтлүүлж, 120 гаруй техникийн баримт бичиг боловсруулан үйлдвэрлэлд нэвтрүүлж, 40 орчим шинэ бүтээл туурвиж, оюуны өмчийн эрх авсан бүтээлч судлаач байв.
Ардын багш, Академич Б.Бямбаа нь Монгол Улсын Засгийн Газрын “Шинжлэх ухаан, технологийн дэвшлийн шагнал” (2019), “Монгол Улсын шилдэг менежер”-ээр өргөмжлөгдсөн бүтээлч хүн байсан бөгөөд Монгол Улсын Шинжлэх ухаан, дээд боловсрол болон хөдөө аж ахуйн салбарын нэрт эрдэмтэн, авьяаслаг сурган хүмүүжүүлэгч, шилдэг удирдагч байлаа. Төр засгаас түүний хөдөлмөр зүтгэлийг өндрөөр үнэлэн ойн медалиуд, Хөдөлмөрийн Гавьяаны Улаан Тугийн одон, Малын гавьяат эмч цол, Ардын багш цолоор тус тус шагнаж байлаа.
Академич Бадарчийн Бямбаагийн ар гэр, үр хүүхдүүд, ач, зээ, ахан дүүс болон салбарын мэргэжил нэгт хамт олонд гүн эмгэнэл илэрхийлье.
Монгол Улсын нэрт эрдэмтэн, сурган хүмүүжүүлэгч, авьяаслаг удирдагч, малын эмч, Академич Бадарчийн Бямбаа таны бүтээл, туурвил, үнэт сургаал үеийн үед өвлөгдөж, гэгээн дүр тань бидний зүрх сэтгэлд дурсагдан, үүрд мөнхрөх болно.
Монгол Улсын Шинжлэх Ухааны Академи, Хөдөө Аж Ахуйн Шинжлэх Ухааны Академи,
Хөдөө аж ахуйн их сургууль, Мал эмнэлгийн хүрээлэн, Мал эмнэлгийн сургууль,
Академич Ш.Дэмбэрэл, Академич А.Бакей, Академич Ч.Содномцэрэн, Академич Н.Тогтохбаяр, УИХ-ын гишүүн асан, малын эмч Ш.Чунаг