Бурхан багшийн айлдвар
Монгол Ганжуурын судалгааны олон улсын эрдэм шинжилгээний хурал өнөөдөр хоёр
дахь өдрөө үргэлжилж байна. Энэ хурлын ач холбогдол, үр дүнгийн талаар хурлыг зохион
байгуулагч ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгийн захирал, Олон улсын Монгол
судлалын холбооны нарийн бичгийн дарга, шинжлэх ухааны доктор С.Чулуунаас
тодрууллаа.
-Ганжуур судлал дэлхийн улс орнуудад ямар түвшинд байна вэ?
-Энэ хуралд манай эрдэмтэн, судлаачид болон гадны 11 орны 40 гаруй эрдэмтэн
оролцон судалгааны ажлаа танилцуулж, хэлэлцүүлж байна. Олон улсын Монгол
судлалын холбоо таван жилд нэг удаа хуралддаг байсныг больж, энэ жилээс эхлэн
жил бүр тодорхой сэдвээр нэг олон улсын хурал зохион байгуулахаар болсон.
Энэ жилийн тухайд бурхан шашны сэдэв, тэр дундаа Монгол Ганжуурын судалгааны асуудлыг онцоллоо. Нөгөө талаас, өнөөдөр Ганжуурын судалгаа Монголд ямар түвшинд явна, дэлхий дахинд ямар түвшинд байна. Монголын эрдэмтэд гаднын эрдэмтэдтэй хамтарч ямар судалгаа явуулах боломжтой талаар авч үзэхийн тулд энэ хурлыг хийж байна. Хурлын санхүүжилт, зохион байгуулалтын бүхий л асуудлыг Монгол Улс хариуцаж байгаа.
-Ганжуурыг кирилл үсэгт буулгаж байгаа нь
энэ судрыг түгээн дэлгэрүүлэхэд тустай байх, тийм үү?
-Ганжуур бүрэн болон бүрэн бусаар Япон, ОХУ, Хятад гэх мэт дэлхийн олон улсад
хадгалагдаж байна. Эдгээр улсынхтай харьцуулан судлах, аль дэг сургуулийн бар,
орчуулга байна. Ганжууртай холбоотой бусад ном судрууд хаана хадгалагдаж байгаа
бүртгэл, Ганжуурын хэл, гарчгийг эхлээд судлах хэрэгтэй.
Үүний дараа Ганжуурыг монголчуудад
ойлгомжтойгоор таниулах, Ганжуурын судалгааны түвшинг явуулах зорилготой. Шууд
кирилл үсэгт буулгаад, утга агуулга өргөнтэй энэ хөлгөн судрын нарийн учрыг
ойлгохгүйгээр оролдох хэцүү. Кирилл дээр буулгасан Ганжуурыг уншаад нарийн
утгыг ойлгох хүн тийм олон биш.
Тэгэхээр энэ сургаалийг олон түмэнд ойлгомжтойгоор тайлбарлах, утга учрыг нь түүх, хэл шинжлэл, утга соёлыг үүднээс задлан судлах нь хамгийн чухал. Монголчууд Ганжуурыг түүхийн бүхий л цаг үедээ өөрийн хэрэглэж байсан хэл дээр буулгаж байсан. Манж хэлээр ч буулгасан шүү дээ.
-Ганжуурын талаар Та бүхний хийх эхний
судалгааны ажил юу байх вэ?
-ШУА-ийн Түүхийн хүрээлэнгийн хувьд ч түүхийн ач холбогдлын талаарх судалгааг
хийхээр төлөвлөж байна. Хамгийн багадаа энэ судрыг орчуулахад оролцсон
хүмүүсийн намтар, үйл ажиллагаа, тэдний Ганжуурын судалгаа, Монголын бурхан
шашны судалгаанд оролцсон хувь нэмрийг тодруулахад оршиж байна.
Бид нар Ганжуурыг тодорхой хэмжээнд судалсан боловч өнөөдрийн түвшинд ямар
байна вэ гэж өөртөө дүгнэлт хийх цаг болсон. Тэгэхээр энэ хурлын үрдүнд өөртөө
дүгнэлт хийгээд, дэлхийн эрдэмтдийг сонсъё, цаашид хамтарч ажиллах замаа
тодорхойлъё гэж зорьсон.
-Ганжуурын судалгааг аль улсад хамгийн сайн хийж байна вэ?
-Дэлхийн хэмжээнд Ганжуур, Данжуурын судалгаа
хийдэг бараг бүх төлөөлөл энэ хуралд ирж оролцсон. Англи, Америк, ОХУ, Польш,
Унгараас ирсэн байна. Ганжуурын хүчтэй судалгааг Хятад, Орос, Японд хийж байна.
Ганжуур Данжуур судар хадгалагдаж байгаа гол газар болох Японы Киотогоос
төлөөлөгчид ирсэн. Энэ бүхнийг нэг дор зангидаад, шинэ судалгааных нь
хандлагуудыг олж хараад анализ хийх нь чухал гэж үзэж байна.
Хурлынхаа илтгэлүүдийг эмтхгээд ном гаргана. Бусад улс орнуудад байгаа Ганжуур
судрыг эхээр нь хэвлэх, хамтран ажиллах, тэр улсуудад Монголоос залуу
судлаачдыг явуулж судлуулах ажлыг эхэлнэ. Удахгүй Ганжуурын судалгаа Монголд
дахин хүчтэй дэлгэрнэ гэж бодож байна.
-Ганжуур Данжуур судрыг зөвхөн бурхан шашинт лам нар судлах ёстой
бурхны ном гэсэн ойлголт бий?
-Тийм биш л дээ. Ганжуурыг шүтлэгийн гэхээс илүү шинжлэх ухааны академик
судалгааны арга зүйгээр судлах хэрэгтэй. Хэт шүтлэг талаас нь харвал судалгаа
цаашаа хол явахгүй. Мэдээж буддын шашны гүн ухаан, шашны утга, соёлын хүчийг
бас ашиглах нь зөв. Шашныг ор тас үгүйсгэж болохгүй юм.