ЭМГЭНЭЛ
ЭРДЭНИЙН ПҮРЭВЖАВ
(1961-2023)
Монгол Улсын Шинжлэх
ухааны гавьяат зүтгэлтэн, ШУА-ийн
Хүмүүнлэгийн ухааны салбарын бага чуулганы гишүүн, Хэл шинжлэлийн ухаанаар
доктор (Ph.D)-ын зэрэг хамгаалуулах зөвлөлийн гишүүн, Шинжлэх Ухааны Академийн
Хэл зохиолын хүрээлэнгийн Хэл шинжлэлийн салбарын эрхлэгч доктор (Ph.D), дэд
профессор Эрдэнийн Пүрэвжав 2023 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр зуурдаар
таалал төгсөж Монгол улсын шинжлэх ухаан, монгол хэл бичгийн судлалд нөхөж
баршгүй хүнд гарз тохиолоо.
Э.Пүрэвжав нь 1961 оны 10
дугаар сарын 26-нд Ховд аймгийн Манхан сумын Тахилтын голын Ар тарвагатай гэдэг
газар мэндэлжээ. Тэрээр 1980-1985 онд МУИС-ийн Хэл бичгийн факультетын монгол
хэл, утга зохиолын ангид суралцаж, монгол хэл, уран зохиолын багш, япон хэлний
орчуулагч мэргэжлээр төгсжээ. 1985 оноос ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн Хэл
шинжлэлийн салбарт эрдэм шинжилгээний ажилтан, 1995-2001 онд Япон улсын Осака
гадаад судлалын их сургуульд зочин профессор, 2001-2013 онд ШУА-ийн Хэл
зохиолын хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, 2013-2014 онд ШУА-ийн
Эрдэм шинжилгээ, мониторингийн хэлтсийн дарга, 2014-2016 онд Япон улсын Токио
гадаад судлалын их сургуульд монгол хэлний зочин профессор, 2016-2023 онд ШУА-ийн
Хэл зохиолын хүрээлэнгийн Хэл шинжлэлийн салбарын эрхлэгчээр ажиллаж байлаа. Тэрээр
“Монгол хэл бичгийн судлал” 29 цуврал бүтээл, “Монгол мэндчилгээ” (1995),
“Монгол хэлний хэм хэмжээ” (1996), “Орчин цагийн япон, монгол хэлний толь
бичиг” (2001), “Академич Б.Ринчен” (2005), “Академич Ц.Дамдинсүрэн” (2008),
“Академич Ш.Лувсанвандан” (2010), “Монгол хэлний товчилсон үгийн толь” (2012),
“Их эрдэмтэн О.Жамьян” (2014), “Монголын нууц товчоон судлалын чуулган – I”
(2016), “Монгол хэлний хэм хэмжээ судлал” (2020), “Монголын нууц товчоон
судлалын чуулган – II” (2021), “Монгол мэндчилэх ёсон” (2021) зэрэг ганц сэдэвт
бүтээл, ном бичсэний зэрэгцээ эх хэл, бичиг, өв соёлын холбоотой товхимол, толь
бичиг, эмхэтгэл, хамтын бүтээл 100 гаруй, эрдэм шинжилгээний өгүүлэл 130,
илтгэл 140, эрдэм шинжилгээний хялбаршуулсан өгүүлэл 100 гаруйг хэвлүүлж
“Монгол хэл судлал” 15 боть бүтээлийн редактораар ажилласан юм.
Түүний гавьяа зүтгэлийг
үнэлж ОУМСХ-ны ерөнхийлөгч Ш.Озавагийн шагнал (2002), Шинжлэх ухааны тэргүүний
ажилтан цол (2005), Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойн медаль (2005),
“Алтан гадас” одон (2008), Боловсролын тэргүүний ажилтан цол (2011), “Үндэсний
бичиг соёлыг дэлгэрүүлэгч” тэмдэг (2011), Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан
цол (2012), ШУА-ийн “Хубилай хаан” алтан медаль (2014), Хөдөлмөрийн гавьяаны
улаан тугийн одон (2016), академич Б.Ринчений нэрэмжит шагнал (2016), Соёлын тэргүүний
ажилтан цол (2018), Монгол улсын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн цол (2021)-оор
шагнажээ. Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн доктор (Ph.D), дэд профессор
Эрдэнийн Пүрэвжав таны Монгол улсын шинжлэх ухааныг хөгжүүлэх үйлсэд оруулсан
их хувь нэмэр, эх хэл, өв соёлоо дээдлэх эрхэм чанар, байгууллага, хамт олныхоо
төлөө гэсэн сэтгэл, гэгээн дүр төрх бидний сэтгэлд үүрд мөнхрөн үлдэнэ.
Талийгаачийн үр хүүхэд, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл
илэрхийлье.
Монгол Улсын Шинжлэх Ухааны Академи
Хэл зохиолын хүрээлэн
Хэлний бодлогын үндэсний зөвлөл
Олон Улсын Монгол Судлалын Холбоо
“Чингис хаан” Үндэсний музей
МУИС-ийн Монгол хэл, хэл
шинжлэлийн тэнхим
МУИС-ийн Монгол судлалын хүрээлэн
МУБИС-ийн НХУС-ийн Монгол хэлний тэнхим
Чингис хааны өв, соёлын хүрээлэн