Вэбсайтын цэс
Хэлний сонголт
Р.РЭГДЭЛ: ШИНЖЛЭХ УХААНЫ ПАРК, ИННОВАЦИЙН ДЭД БҮТЦҮҮДИЙГ БИЙ БОЛГОНО
Р.РЭГДЭЛ: ШИНЖЛЭХ УХААНЫ ПАРК, ИННОВАЦИЙН ДЭД БҮТЦҮҮДИЙГ БИЙ БОЛГОНО

-НАС БОЛ ТОО ГЭДЭГТЭЙ БИ САНАА НИЙЛДЭГГҮЙ. ТООНООС ГАДНА АГУУЛГА ЧУХАЛ-


Монгол Улсын ШУА-ийн ээлжит их чуулган өчигдөр болж, ШУА-ийн ерөнхийлөгч, академич Д.Рэгдэлийг улираан сонголоо. Сонгуулийн дүн дөнгөж гарсны дараахан, нөхдийнх нь баяр хүргэх, цэцэгт мөчтэй зэрэгцэн шинэхэн ерөнхийлөгчийг хэдэн хором “байцааж” амжлаа.

-Улиран сонгогдсонд баяр хүргэе. Ирэх дөрвөн жилд та юу хийхээр төлөвлөж байна вэ?

-Ирэх дөрвөн жил Монгол Улсын шинжлэх ухааны салбарын амьдралд шийдвэрлэх жилүүд байх болно. Бид итгэл үнэмшилтэй байгаа. Том ажлууд хийгдэнэ, 100 жилийн бүтээн байгуулалт том цогцолбор маань баригдана гэж найдаж байна. Эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдийн лабораториудын материаллаг бааз нэлээд сайжирсан байна. Яагаад гэвэл төсвийн санхүүжилт маань энэ дөрвөн жилд дөрөв дахин нэмэгдэнэ. Төсвийн санхүүжилтээс гадна Шинжлэх ухааны эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдийн үндсэн үйл ажиллагааны орлого төсвийн санхүүжилттэй харьцуулахад 30 хувьд нь хүрч очно гэсэн тооцоо бий. Энэ бол түүхэн дээд амжилт байх болно.

Хамгийн нэгдүгээрт бид шинжлэх ухааны салбарын хүний нөөцийг чанаржуулж, тоог нь олшруулах юм. Ази тивийн дунджаар нэг сая хүнд 1500 орчим эрдэм шинжилгээний ажилтан ногддог.

Монгол Улсад нэг сая хүнд 500 орчим эрдэм шинжилгээний ажилтан ногдож байгаа нь гурав дахин бага үзүүлэлт юм. Бид ирэх дөрвөн жилд ядаж хоёр дахин бага хэмжээнд аваачих ёстой. Улсын эдийн засаг тэлж томорсон энэ үед хүний тоо нэмэгдэхэд цалин пүнлүүний асуудал нэг их хүндрэл учруулахгүй.

Хамгийн гол нь төр засаг, шинжлэх ухаан, хувийн хэвшил харилцан ойлголцож, ажиллах юм бол үүнийг давж гарна. Тоог нэмэх төдийгүй чанар сайжруулах чухал. Чанарыг сайжруулахын тулд хамгийн нэгдүгээрт сайжирсан лабораторийн материаллаг баазаа түшиглэнэ. Гадаадын ижил төстэй байгууллагуудын хамтын ажиллагааны боломжуудыг ашиглан, олон залуу судлаачдаа илгээж, эрдмийн зэрэг цол хамгаалуулна. Мэргэжил дээшлүүлж, чадавхыг нь сайжруулна.

Гурав дахь хүчин зүйл нь Монгол Улсад шинжлэх ухааны салбарт ажиллаж байгаа хэн боловч гадаад хэлний өргөн мэдлэгтэй байх ёстой. Энэ бол зөвхөн байгалийн ухааны салбарт хамаарах асуудал биш. Зөвхөн англи хэлний мэдлэгтэй холбоотой асуудал ч биш. Эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтнууд дор хаяж, түгээмэл хэрэглэдэг хоёр гадаад хэлтэй болох зорилт тавьж ажиллана. Англи хэлний хувьд байнгын ажиллагаатай институт байгуулна. Төсвөөс нэмэлт зардал шаардахгүйгээр хийнэ гэж бодож байгаа.

Эрдэм шинжилгээний томоохон үндэсний хэмжээний, олон салбарын дунд хэрэгждэг төслүүдийг санаачилж дэвшүүлж тавина. Сая академийн чуулган дээр манай академичид энэ талаар маш тодорхой санал дэвшүүлсэн. Хөдөө аж ахуйн салбар, эрүүл мэндийн салбар, уламжлалт анагаах ухааныг түшиглэсэн том боломжууд байна. Түүнээс гадна бид хиймэл оюун ухааны технологиудыг ашиглах талаар ихээхэн ахиц дэвшил гаргахгүй бол хоцрох талтай. Иймэрхүү ажлуудыг хийж хэрэгжүүлнэ. Түүнээс гадна эрдэм шинжилгээний ажилтны нийгмийн асуудлыг үнэхээр анхаарахгүй бол болохгүй.

Энэ жил бид анх удаа 250 айлын орон сууц бариулна гэж зоригтой дуугарлаа. Тэгж дуугарах үндэс бидэнд бий.

Олон улсын жишгээр Шинжлэх ухаан, технологийн санг шинээр байгуулж ажиллуулах ажлыг санаачилж, шийдвэрлүүлэх зорилт тавьж байна. Эрдэм шинжилгээний ажилтны цалинг төрийн өмчийн их, дээд сургуулийн багш, профессоруудын дундаж цалинд ойртуулах асуудлыг бүх түвшинд тавьж, шийдүүлнэ.


-Сая сонгуулийн явцыг харахад та өрсөлдөгчгүйгээр нэр дэвшээд, бараг 100 хувийн саналаар ялалт байгууллаа. Жирийн хүмүүст бол ардчилсан бус гэж харагдаж магадгүй л дээ. Яагаад өөр нэр дэвшигч гараагүй юм бол?

-Манай Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгчийн сонгууль явдаг журамтай. Их чуулганаар баталсан энэ журмаар нэр дэвшүүлэх процесс зохицуулагддаг. Би ерөнхийлөгч болъё гэж хувь хүн нэр дэвшүүлэх эрх байхгүй. Эрдэм шинжилгээний байгууллагууд, их сургуулиуд, ШУА-ийн ерөнхийлөгчид ийм хүн л нэр дэвшүүлнэ гэдэг саналаа нууц санал хураалтаар оруулж ирдэг. Энэ жил ганцхан хүн дэвшээд байгаа асуудал биш. Өөр хүний нэрийг дэвшүүлж ирүүлээгүй л гэсэн үг. Үүнийг ардчилалтай холбож тайлбарлах нь өрөөсгөл.

-Академич С.Нарангэрэл гуай таныг “Хар бага наснаасаа шинжлэх ухааны ажилд өөрийгөө зориулсан хүн” гэж магтсан. Хэдэн наснаасаа та энэ салбарт ажиллаж байна вэ?

-Хар бага нас гэдгээ хэлсэн хүн л тайлбарлах байх. Ер нь би арван жилийн дунд сургууль төгсөөд л эрдэм шинжилгээний ажил хийнэ гэж зорьсон хүн. Тэгээд гадаадад сургуульд яваад, эрдэм шинжилгээний ажилтан болоод тавиад жил ажиллаж байна. Зөвхөн эрдэм шинжилгээний ажил хийж байгаа хүн шүү дээ. Сүүлийн жилүүдэд удирдах албан тушаалд ажиллаж байна. Хар бага нас гэж миний хувьд 18 насандаа шийдсэн шийдлийг хэлэх болов уу даа.

-Зарим академичийн зүгээс насны асуудалд ач холбогдол өгөөд байна лээ. Таныг багаар нь сонгоно гэдгээ олон хүн илэрхийлсэн юм байна. Гэхдээ та удирдлагын багтаа харьцангуй залуу хүмүүсийг оруулах бодол байгаа юу?

-Ер нь дандаа боддог асуудал. Зүгээр хэн чадах вэ гэдэг шалгуур байдаг. Энэ шалгуурт бол нас хамаагүй. Чаддаг нь л хийх ёстой. Түүнээс биш нэг их ардчилсан хүн болох гээд, залуучуудын сэтгэлийг татах гээд заавал юм хийж чадахгүй залуу хүн авчирч тавих бодол алга. Шуудхан хэлэхэд чадамжийг нь харна. Залуужуулъя гэж дандаа боддог.

Ер нь бол харьцангуй хөгжилтэй дэлхийн 80 орчим оронд манайх шиг ийм бүтэц, зохион байгуулалттай шинжлэх ухааны академиуд байдаг. Энэ академиуд дандаа бүтээл, гавьяаг үнэлж, гишүүдээ нууц санал хураалтаар сонгодог. Эдгээр академийн гишүүдийн дундаж нас 75-80-ын хооронд байдаг.

Яагаад гэхээр оюуны бүтээл эрхэлдэг улсуудын хүч чадал шавхрахгүй байгаа юм. Байнга цэнэгтэй байдаг. Оюуны хөдөлмөр эрхлээд, элдэв бохир юманд оролцдоггүй улсууд урт насалдаг. Оросын Шинжлэх ухааны академийн 2000 гишүүний 40 орчим хувь нь 80 түүнээс дээш настай. Гэхдээ нас бол тоо гэдэгтэй би санаа нийлдэггүй. Тооноос гадна агуулга чухал.

-Эрдэмтдийн зүгээс таныг Засгийн газрын хуралдаанд суух болсныг маш их үнэлж байна лээ. Ерөнхий сайдын хувьд таныг Засгийн газрын хуралдаанд байнга суулгахаар урьсан нь эрдэмтдээ сонсож байгаагаа харуулах гэсэн хэлбэр үү эсвэл үнэхээр эрх баригчид та бүхнийг сонсох сувагтай болохоор шийдсэн юм болов уу?

-Засгийн газрын хуралдаанд суух шийдвэрийг хэлэхдээ Ерөнхий сайд маань “Засгийн газрын бодлого шинжлэх ухааны үндэслэлтэй гарах ёстой. Ийм учраас ШУА-ийн ерөнхийлөгч Засгийн газрын хуралдаанд сууж, санал бодлоо хэлж байх ёстой” гэсэн юм. Ер нь Засгийн газрын хуралдааныг зохион байгуулах Засгийн газрын тогтоолоор батлагдсан журам байдаг юм билээ. Саяхан тэр журамд өөрчлөлт оруулж, байнга суух таван хүний тоонд би орж байгаа юм. Энэ таван хүн бас Засгийн газрын хуралдаанд санал хэлэх, асуулт тавих эрхтэй. Тийм учраас зөвхөн Засгийн газарт эрдэмтдийнхээ үгийг хүргэх төдийгүй, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж байгаа асуудлаар шинжлэх ухааны үндэстэй тайлбар хэлэх боломж нээгдэж байгаа. Эрдэмтэд сүүлийн гучаад жилд анх удаа ийм мэдээ хүлээж аваад их баяртай байна. Тэдний итгэл найдварыг биелүүлэх ёстой. Шинжлэх ухааны үндэстэй санал боловсруулж хэлж байх учиртай. 2021 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлээд тэргүүлэгчдийн газрынхаа бүтэц орон тоондоо багтаагаад, энэ асуудлыг хэлэлцдэг алба байгуулж ажиллана.

-Р.Гончигдорж гуай чуулганы үеэр хэлсэн. Шинжлэх ухааны 14 хүрээлэн хамтраад, Монгол Улсын өрийн менежмэнтийн асуудлыг үндэсний аюулгүй байдлын хэмжээнд тавихыг санал болгоно билээ. Улс орны хэмжээнд тулгамдсан асуудлаар эрдэмтэд шийдвэр гаргагч нарт тоогдох хэмжээнд үгээ хүргэх өөр ямар боломжууд байж болох вэ?

-Хоёр талтай асуудал. Эрдэмтэд нэгдээд Засгийн газарт тоогдохоор юм боловсруулна гэдэг зүй ёсны асуудал. Бидний тавьсан саналыг тоож ойлгох Засгийн газар байх эсэх нь өөр асуудал. Засгийн газрын шинжлэх ухаан, технологийн бодлого, нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх бодлогын шинжлэх ухааны үндэслэлтэй холбоотой асуудлаар тухай тухайн үед нь эрдэмтдийн баг бүрдүүлээд, зөвлөмж өгөөд явах нь Шинжлэх ухааны академийн хувьд хүнд биш. Бүх салбарын эрдэмтэд манайд бий.

Миний мөрийн хөтөлбөрт энэ тухай бас туссан. Бид төр, засагт зөвлөгөө өгөх тухай ярьдаг байсан одоо бол миний мөрийн хөтөлбөрт “Засгийн газарт зөвлөх үйл ажиллагааг эрчимжүүлнэ” гэж заасан.

-Шинжлэх ухаан, технологийн санг олон улсын жишгээр ажиллуулах тухай та хэлсэн. Зүй нь яг ямар байвал зохистой вэ?

-Ер нь Шинжлэх ухаан, технологийн санг өөрчлөх нь Академийн эрх, мэдлийн асуудал биш. Гэхдээ академийн эрх ашиг тэнд байдаг учраас Шинжлэх ухаан, технологийн сангийн бүтэц, зохион байгуулалтыг олон улсын жишиг, түүнтэй ижил төстэй сангуудтай адилхан болгох ёстой. Одоо бол энэ сан Засгийн газрын тусгай сангийн статустай. Тэр санд эрдэм шинжилгээний зардал гэж тавигдсан мөнгийг хэн дуртай сайд өөр зүйлд аваад зарцуулчихдаг болоод байгаа. Нэгдүгээрт, сан өөрөө судалгааны төсөл зарлаад, сонгон шалгаруулаад, санхүүжүүлдэг болох ёстой. Энэ бол маш чухал эрх мэдэл. Хоёрдугаарт, Засгийн газрын тусгай сангийн хуулиас санг гаргаад, Монгол Улсын шинжлэх ухааны сангийн тухай хуулиар энэ санг байгуулах ёстой юм. Энэ сангийн ерөнхийлөгчийг Монгол Улсын Ерөнхий сайд томилж, сангийн ерөнхийлөгч нь захирлаа тавиад, ажилладаг. Гол нь шинжлэх ухаан, технологийн төсөл зарлах, сонгон шалгаруулдаг эрх санд олгох учиртай. Одоо бол Сангийн яамнаас хуваарилсан мөнгийг дахин хуваарилдаг. Ингэж ерөөсөө болохгүй.

-Та баахан байшин сав, цогцолбор барих тухай ярьсан. Ийм том бүтээн байгуулалт хийх боломж байгаа юм уу?

-Жил хүрэхгүй хугацаанд энэ байшингаа бариулаад, Шинжлэх ухааны академи айлын хаяанаас гарч, 60 жилийн түүхэндээ анх удаа өөрийн гэсэн байртай болж байгаа юм. Одоо бол бид 94 тэрбум төгрөгөөр Эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдийн нэгдсэн цогцолбор бариулах болж байна. 2020 онд гурван тэрбум төгрөг нь төсөвлөгдөөд, бүтээн байгуулалтын ажил эхлээд, явж байна. 2024 он гэхэд бид шинэ цогцолбортоо орох болно. Шинэ цогцолборт орохоор хүрээлэнгүүдийн эрдэм шинжилгээний ажилтнуудын ажлын нөхцөл маш сайжирна, нэг дороо цугларна. Тэнд Монгол Улсад анх удаа Шинжлэх ухааны парк, инновацийн дэд бүтцүүдийг бий болгоно гэж төлөвлөж байгаа. Нэг дор цугласан бүтцийн давуу талыг ашиглаж, Шинжлэх ухааны паркаа ч байгуулна. Инновацийн төвүүдээ ч бүгдийг нь тэндээ байгуулах боломжтой. Бодитой ажил, санхүүжилт эхэлсэн. 2021 оны төсөвт зохих мөнгө нь тавигдсан.

-100 жилийн ой тэмдэглэх тухай яригдаж байна. Нүсэр тэмдэглэх үү?

-Монгол Улсад орчин үеийн шинжлэх ухааны байгууллага байгуулагдсаны 100 жилийн ой болно. Ирэх онд олон 100 жилийн ой болно. Ерөнхий сайдын захирамж гарч, 100 жилийн ой зохион байгуулах улсын комисс гарсан. Тэр комисст би байгаа. Ямар ямар байгууллагын 100 жилийн ойг хийх вэ гэдэг асуудал яригдаж байгаа. Манайх орох байх гэж бодож байна. Монгол Улсад орчин үеийн шинжлэх ухааны салбар байгуулагдсан 100 жил гэдэг бол Монгол Улсын нийт иргэдийн оюуны хөгжилд ямар дэвшил гарсан гэдгийг л харуулсан он жил. Бид 100 жилийн ойгоо нэр төртэй хийнэ. Бөх барилдуулахгүй, морь уралдуулахгүй, гэхдээ монголчуудын оюун ухаанд эрдэм мэдлэг ямар хэрэгтэйг сурталчилах ийм л жил болно доо.

                                                                                                                                                                                      ӨДРИЙН СОНИН


Бусад мэдээлэл