Вэбсайтын цэс
Хэлний сонголт
Д.ДОРЖГОТОВ: МОНГОЛ ОРНЫ ГАЗАР ЗҮЙН ЭКОСИСТЕМИЙН АТЛАСЫГ ШИНЭЧЛЭН ХЭВЛҮҮЛНЭ
Д.ДОРЖГОТОВ: МОНГОЛ ОРНЫ ГАЗАР ЗҮЙН ЭКОСИСТЕМИЙН  АТЛАСЫГ ШИНЭЧЛЭН ХЭВЛҮҮЛНЭ

ОХУ-ын газарзүйн нийгэмлэгийн дээд шагнал болох их эрдэмтэн С.М.Пржевальскийн нэрэмжит хүндэтгэлийн алтан медалийг Монгол Улсаас анх удаа академич Д.Доржготов гардан авлаа. Хоёр жилд нэг удаа олгогддог уг шагналыг Азиас хоёрдахь удаагаа манай улсын эрдэмтэн хүртэж байна. Шагналыг  ОХУ-ын Газар зүйн нийгэмлэгийн тэргүүн дэд ерөнхийлөгч, Москвагийн их сургуулийн Газар зүйн факультетийн ерөнхийлөгч, академич Н.С.Касимов тэргүүтэй төлөөлөгчид гардуулав. Шагнал гардуулах үеэр Академич, Газар зүй, геоэкологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, доктор, профессор Д.Доржготовтой ярилцлаа. Академич  Д.Доржготов нь монголд анх удаа хөрсний зургийг зохиосон, Монголын хөрсний ангиллыг анх удаа бүрэн дүүрэн боловсруулж тодорхойлолт өгсөн, Монгол орны хөрс газарзүйн мужлалыг анх удаа боловсруулсан, Монгол орны усны ай сав газруудын хөрсний ус, физик шинж чанар, Монгол орны хөрсний нөөцийг тодорхойлж, хөрсний ангилал, чанарын үнэлгээг анх удаа хийсэн эрдэмтэн юм. 


-Дэлхийд нэр хүндтэй энэхүү шагналыг Монголоос анх удаа хүртлээ. Таны хувьд Газарзүйн шинжлэх ухааны салбарт хэдэн жил ажиллаж байна вэ?

-Миний хувьд 1962 онд Москвагийн их сургуулийг Хөрс судлаач мэргэжлээр төгсөж байсан. Газар зүйн шинжлэх ухааны салбарт 56 жил ажиллаж байна. Монгол орныхоо хөрсний бүтцийг судалж, очоогүй газар үлдээгүй. Монгол орны хөрсний зургийг зохиож, бүтээл бичиж байлаа. Олон арван сайхан шавь нартай. Эрдмийн ажлыг нь удирдсан 20 эрдэмтэн, дэд эрдэмтэн, доктор хоёр хүн байна. Эд маань намайг байхгүй болчихсон ч хөдөлмөрийг минь гэрчлэнэ. Энэ бүх ажлыг минь үнэлж энэхүү шагналыг олгож байгаад баяртай байна.

-Та одоо ямар судалгаан дээр ажиллаж байгаа вэ?

-Монгол орны газар зүйн экосистемийн атласыг хэвлүүлэхээр судалгаа хийж байна. Ирэх жилээс хэвлэгдэж та бүхний гарт хүрэх байх аа. Ургамал, амьтан, газарзүйн байрлалын экосистемийг дөрвөн бүсээр нь судалж байна.

-Газарзүйн шинжилгээ судалгааг шинэ тутамд өөрчилж, шинэчилж байх ёстой юм шиг санагдаж байна л даа. Байгалийн жамаараа болоод, хүний оролцоотойгоор үргэлж хувьсан өөрчлөгдөж байна...

-Яг одоо хийж байгаа судалгаа маань үүнтэй холбоотой. 100 жилийн өмнө оросуудын хийсэн судалгаа бий. Шавь нартайгаа хамтраад энэ судалгааг өнөөдрийн нөхцөл байдалтай харьцуулна. Яг 100 жилийн өмнө ямар газар нутаг, ямар цэг дээр хийсэн яг тэр газруудад нь судалгаа явуулж, тухайн газар нутгийн экосистем хэр зэрэг өөрчлөгдөж буйг судалж байна. Муу талруугаа бол хэр зэрэг, сайн талруугаа бол хэр зэрэг өөрчлөгдөв гээд нилээн олон дүгнэлт гарна.

-Манай улсад Газарзүйн шинжлэх ухааны шинжилгээ судалгааны ажил хэр ахицтай явагдаж байна вэ?

-Газарзүйн судалгаа их эртний түүхтэй. С.М.Пржевальский 1870 онд Монгол Улсад анх ирж байснаас хойш 150 гаруй жил оросуудтай хамтраад судалгаа хийгдэж, судалгааны арвин нөөц материал цуглуулсан. Гайгүй өндөр түвшинд явагдаж байна гэж миний хувьд боддог. Тийм ч учраас энэхүү шагналыг өглөө гэж ойлгож байна. Энэ бол зөвхөн миний судалгааны ажилд олгож байгаа шагнал биш. Монгол Улсын Газарзүйн шинжлэх ухааныг олон улсын түвшинд тодорхойлох шагнал.

-Хөрс судлалын ажил нь нийгмийн бүтээн байгуулалтад ашиглагдах зориулалттай байтал сүүлийн үед төдийлөн уялдаа холбоогүй байна уу даа гэж харагдах болсон. Та энэ тал дээр ямар бодолтой байдаг вэ?

 -Ашигладаггүй гэж хэлж болохгүй. Бидний 1970, 1980 онд хийсэн судалгааны ажлуудыг геодиз, зурагзүйн газруудад ашигладаг. Харин хангалттай ашиглаж чадахгүй байж болно. Тухайлбал, манай орон газар тариалангийн бүс нутаг биш. Тиймээс тариа тарихад арчилгаа их шаарддаг.

Академич Д.Доржготовын шинжлэх ухаанд оруулсан хувь нэмэр, нээлт:

  • Монгол орны бүх нутгийг хамарсан хөрсний хээрийн судалгаа хийж “Монгол орны хөрсний 1:2500000 масштабтай зураг”-ийг анх удаа зохиож (1974) хэвлүүлсэн ба түүнээс хойш ОХУ-ын эрдэмтэдтэй хамтран “Монгол орны хөрсний 1:2500000 масштабтай зураг”-ийг арга зүйн шинэлэг түвшинд ахин боловсруулж хэвлүүлсэн (1980) төдийгүй сансраас авсан фотоматериалыг анх удаа хөрсний зураглалын судалгаанд ашиглан “Монгол орны хөрс ашиглалтын 1:1000000 масштабтай зураг” зохиож хэвлүүлсэн нь (1981) шинжлэх ухаан, практикийн ач холбогдолтой содон бүтээл болсон юм.
  • Эдгээр зургуудыг үндэслэн сургалт, танин мэдэхүйн зориулалтаар Монгол орны хөрсний 1:2500000, 1:3000000, 1:5000000, 1:500000 масштабтай зургууд болон хөрсний ялзмагжилт, давсжилт, урвалын орчин, эвдрэл, доройтол, чулуурхаг шинж, агроүйлдвэрлэлийн бүлэглэл  зургуудыг зохиож нийтийн хүртээл болгожээ. Ийнхүү тус оронд газрын хөрснй жижиг масштабын зураглалын асуудлыг бүхэлд нь шийдвэрлэжээ.
  • Монгол оронд тархсан бүх төрлийн хөрсний үүсэл гарвалын онцлог, морфологийн болон хими-физикийн үндсэн шинж, үржил шимийн үзүүлэлтийг судлан тогтоож хөрсний оношлогоо, ангиллыг янз бүрийн түвшинд боловсруулж “Монгол орны хөрсний ангилал зүй” (1986), “Монгол орны хөрс” (2003) зэрэг суурь бүтээлүүд туурвиснаар тус орны хөрсний гарал үүсэл, ангилал, систематик (хэвшинж, дэд хэвшинж, төрөл, зүйл тус бүрийн) тодорхойлолтын асуудлыг үндсэнд нь шийдвэрлэжээ. Хөрсний олон хэв шинж, дэд хэв шинж, төрөл, зүйлийг шинээр ялган тодорхойлсон байна. 
  • Монгол орны нутаг дээрх хөрсөн бүрхэвчийн газарзүйн тархалт, нутаг дэвсгэрийн ялгааг илрүүлж хөрс-газарзүйн 4 шатлалттай (их муж, бүс, муж, тойрог бүхий) мужлалт боловсруулж нэгж тус бүрийн тодорхойлолтыг өгчээ. Тойргуудыг ялган тодорхойлохдоо бэсрэг хотгор гүдгэрийн төрх байдлаас голчлон шалтгаалах хөрсөн бүрхэвчийн бүтцийн ялгааг гол үзүүлэлт болгон авсан нь мужлалтын аргазүйд нэвтрүүлсэн цоо шинэ хандлага байлаа. 
  • Монгол орны хөрсний тархалтын өвөрмөц зүй тогтлыг илрүүлж уулт-өргөргийн ба өргөрөгийн бүсүүдийг ялгахын зэрэгцээ уулын босоо бүсшилийн 4 хэвшинж болон ялангуяа хотгорын бүсшилийг ялган тогтоосон нь шинжлэх ухаанд шинэлэг зүйл болсон юм. 
  • Монгол орны хөрсний нөөц хэмжээг улс болон аймаг тус бүрээр тооцоолон гаргаж, хөрсний чанарын үнэлгээг сум бүрээр баллын системээр харьцуулан хийсэн нь энэ чиглэлийн анхны ажил болсон байна. 
  • “Монгол Улсын Үндэсний Атлас” зохиох редакцийн зөвлөлийн бүрэлдэхүүнд орж 1990 онд хэвлэгдсэн “БНМАУ-ын үндэсний атласын” редакцийн зөвлөлийн нарийн бичгийн даргаар, 2009 онд хэвлүүлсэн “Монгол Улсын Үндэсний Атлас”-ын ерөнхий редактораар тус тус ажиллаж өөрийн орны ард иргэдэд төдийгүй Дэлхий дахинд Тусгаар тогтносон Монгол Улсаа таниулан сурталчилсан энэхүү түүхэн бүтээлийг туурвихад голлох үүрэгтэй оролцсон билээ. Мөн 2009 онд хэвлэгдсэн “Монголын Үндэсний нэвтэрхий толь” 3 боть томоохон бүтээлийн редакцийн бүрэлдэхүүнд ажилласныг тэмдэглэхгүй байж болмооргүй юм.


Бусад мэдээлэл