Вэбсайтын цэс
Хэлний сонголт
АКАДЕМИЧ С.НАРАНГЭРЭЛ: PAX MONGOLICA буюу МОНГОЛЫН АМАР АМГАЛАНГ ТОДОТГОН ЭРГЭЦҮҮЛЭХҮЙ
АКАДЕМИЧ С.НАРАНГЭРЭЛ: PAX MONGOLICA буюу МОНГОЛЫН АМАР АМГАЛАНГ ТОДОТГОН ЭРГЭЦҮҮЛЭХҮЙ

 Академич С.Нарангэрэлийн "Монголын энх тайван ба түүхэн туршлага" сэдэвт олон улсын монголч эрдэмтний XII чуулганы үеэр танилцуулсан илтгэлийг бүрэн эхээр нь хүргэж байна. 



PAX MONGOLICA буюу МОНГОЛЫН АМАР АМГАЛАНГ ТОДОТГОН ЭРГЭЦҮҮЛЭХҮЙ

 

 

Их эзэн Чингис хаан эрхэмбээрийг шууд залгамжлагчид XIII зуунд дэлхий дахинд хоёр жарны туршид “байлдан дагуулалт хийсэн” эсхүл “амар амгаланг тогтоосон” гэсэн эсрэг тэсрэг хоёр бодрол дүгнэлтийн чухам аль нь лавтай үндэслэгээтэй болохыг харьцуулан шинжлэн судлах зорилгыг эл илтгэлийг бэлтгэх явцад дэвшүүлэн тавьсан юм. Энэ учраас илтгэлийн бүтэц Монголын амар амгаланг тогтоох урьдач нөхцөл, түүний уг сурвалж, эдүгээ үед Монгол Улсад болон дэлхий дахинд ач холбогдол бүхий зарим сургамж гэсэн гурван үндсэн хэсгээс бүрдэнэ.

 

Түүхэн сурвалж, хөлгөн судар (Монголын нууц товчоо, Судрын чуулган зэрэг), эрдэмтэн мэргэдийн бүтээл туурвил нь эл итгэлийн үндсэн эх сурвалж болсон бөгөөд илтгэгч дэвшүүлж буй санаагаа судалгааныхаа ажлын явцад нийтийн хүртээл болгосон бүтээлдээ[1] дэлгэрэнгүй хөндсөн болно. Гадаадын монголч эрдэмтэн судлаачдад хандаж хэлэхэд миний дэвшүүлж буй зарим санаа англи[2] болон орос[3] хэлээр хэвлэгдсэн юм.

 

Монголын амар амгалангийн урьдач нөхцөл

 

Үнэнийг үнэнээр нь хойч үедээ үлдээгүйгээс болж, үнэн биш худал мэдээлэл үүрд үргэлжилдэг жамтай байдаг ажгуу. Хэрэв Чингис хаан эрхэмбээрийг залгамжлагчид эзлэн түрэмгийлсэн байлдан дагуулалт (аян дайн) хийсэн бол хохирсон, зовж зүдэрсэн, өшөө хорсол нь буцалсан улс түмнүүд заавал өс авч, дахин эргэж өс авалт ээлжлэн үргэлжилсээр дэлхий дахинд хоёр жарны туршид буюу 140 жил амар амгаланг яагаад ч тогтоож чадахгүй, монголчуудын амар заяаг үзүүлэхгүй байсан билээ. Алдарт Марко Пологийн бичсэнчлэн[4] Чингис хааны засаглал шулуун шударга болохыг үзсэн бусад орны хүн ард түүнтэй өөрсдөө ирж нийлэн нэгдсээр нэг мэдэхэд түүнийг дагалдагсад, дэмжин талархагсад газар дэлхийг хучин бүрхсэн үй түмэн болжээ. Үүнийг Хамаг Монгол Улсад нэлээд улс орон (Уйгар[5], Хар Кидан /Хятан/[6], Карлук /Харлаг/[7], Солонгос зэрэг) дагаар орсон явдал нотолно.

Их эзэн Чингис хаан Хэрэйд[8], Мэргид[9], Найман[10], Ойрад[11] зэрэг өөр хоорондоо эвдрэлцэж, өсөрхөн тэмцэлдэж ирсэн 31[12] монгол овог аймгуудын[13] эв эеийн хүчирхэг нэгдлийг буй болгон, эсгий туургатны Хамаг Монгол Улсыг[14] өргөн уудам тал хээр нутагт[15] дахин цогцлоож, цөөхөн монголчуудаа[16] амар жимэр, сэтгэл тэнүүн, аз жаргалтай аж төрөх нөхцөлийг бүрдүүлэв. Гэвч түүнд учруулсан ноцтой саад тотгорыг даван туулахгүйгээр Хамаг Монгол Улсын цаашдын ирээдүй нэн бүрхэг болжээ:

 

Хамаг Монгол Улс дахин сэргэн бадарсанд хонзогносон дотоодын хүчнийхэн тухайлбал, Сэнгүм[17], Тогтога бэхэ[18], Хүчүлүг[19] нар Тангуд, Алтан, Уйгар зэрэг харийн улсад дүрвэн гарсныг тэдгээр улсууд орогнуулан ивээлдээ авч, хүчийг нь зузаатган Хамаг Монголын эсрэг өдөөн турхирав. Дотоодын эдгээр дайсагнагч хүчин болон тэдгээрийг ивээлдээ авагчдын хорон явуулгыг саармагжуулах явдал Чингис хааны өмнө тэргүүн зэргийн зорилт болон тулгаржээ.

 

Ази, Европоор нүүдэллэн тархсан Кипчакууд[20] монголчуудын дотоод ба гадаадын өштнийг өмгөөлөн Чингис хааны дайчидтай амь бие хайргүй дайтсан тул тэднийг элдэн хөөсөөр Карпатын[21] нуруу давуулахад ар талд нь Азербайжан, Гүрж, Армен, Умард Кавказ, Орос, Европын тэгш тал үлдсэн байжээ. Оросын нэрд гарсан эрдэмтэн В.Н.Гумилев “монголчуудын дайсан мэргидийг половчууд өмгөөлж байсан аж. Онон[22] мөрнөөс Днепр[23] хүрэх хийгээд Днепрээс Онон хүрэх тал хээрийн зам нэг[24] бөгөөд хил хязгаараа дайсан этгээдэд нээж үлдээх нь учир утгагүй хэрэг байв. Монголчуудад половецтэй дайтсан шалтгаан чухам үүнд орших бөгөөд тэднийг Карпатын чанад руу хөөн гаргах зорилгоор монголчууд Русийн гүн рүү нэвтэрсэн юм”[25] гэж бичсэнтэй санал нийлэхгүй байхын аргагүй.

 

Хөрш улсуудтайгаа амар жимэр аж төрөхийг туйлаас хүсэмжилж байсан боловч Алтан улс олон жилийн туршид монгол овог аймгуудыг өөр хооронд нь дайсагнуулан эвдрэлцүүлж, “бие биенээр нь нухчин дарах” харгис бодлого явуулж, татар овог аймгийг ашиглан Чингис хааны өвөг дээдэс Амбагай хаан[26], Охин Бархаг[27] нарыг бариулан хэрцгийгээр амь насыг нь бүрэлгүүлсэн, эрхэмбээрийн аав Есүхэй баатар татаруудад хорлогдсон. Алтан улсын цаашдаа үргэлжлэх энэ харгис бодлогыг таслан зогсоогоогүй тохиолдолд цөөхөн монголчууд амар амгалан аж төрөхөд нэн хүнд нөхцөл байдал үүсжээ.

 

Удаа дараагийн энхийн гэрээнээсээ эргэж буцсан (Тангуд, Алтан болон Өмнөд Сүн, Оросын вант улс[28] зэрэг) улмаар Монголын эсрэг цэргийн нэгдэл байгуулсан (Тангуд, Алтан улс) зэрэг нь Хамаг Монгол Улсын гадаад аюулгүй байдалд шууд аюул занал учруулж эхэлжээ.

 

Хамаг Монгол улсын дотоодын дайсагнагч хүчний зарим нь тухайлбал, харьд дүрвэн гарсан Найманы Таян ханы хүү Хүчүлүг Хар Киданы засгийн эрхийг булаан авч, лалын мөргөлтнүүдийг элдэвээр харгислаж, тэр ч атугай хамба лам Ала-ал-Динийг сүмийн хаалганд тэлж хадан амь насыг нь бүрэлгэн тэндэхийн ард иргэдийг тэвчихийн аргагүй байдалд оруулсан тул Чингис хаан Зэв жанжинаар удирдуулсан цэргээ илгээж, шударга ёсыг тогтоолгосон учир Хорезм улстай[29] Хамаг Монгол Улс хил залгах болжээ.

 

Өрнө ба Дорныг холбож, хөгжил дэвшилд хүргэх худалдааны (торгоны) их замын[30] аюулгүй байдлыг хангасан байтал Хорезмын шахад явуулсан Чингис хааны илгээлт[31] авч явсан монголын элч, худалдаачдыг[32] толгой дараалан хүйс тэмтэрч, эд хөрөнгийг нь тонон дээрэмдсэн аймшигт явуулгад яагаад ч хүлцэнгүй хандах аргагүй болжээ. Энэ учраас Хорезмын зүг Чингис хаан өөрөө оройлон цэргээ хөдөлгөж, тэнд шударга ёсыг тогтоосон билээ. Сөргөлдөн тэмцэлдсэн Хорезмын султаныг нэхэн хөөсөн монгол дайчид бүр Энэтхэг хүрсэн гэдэг. Энэ бүхэн нь шударга ёс ба энхийг тогтоох тодорхой тодорхой “ажиллагаа (операц)” байснаас биш эзлэн түрэмгийлэх байлдан дагуулалт байгаагүй ажээ.

 

Хамаг Монгол Улс ийнхүү Их Монгол Улс болон өргөжин тэлж, дэлхий дахины цаашдын хөгжилд их хариуцлага хүлээх болжээ. Яагаад дэлхийн талд гэхгүй дэлхий дахинд гэж бичив гэвэл XIII зуунд даян дэлхий зөвхөн Европ, Ази тивээр төсөөлөгдөж байжээ. Африк тивийн баруун эргийг л XV зуунаас португальчууд анх нээжээ. Европтой харьцуулахад дорно, өрнийг холбосон Монголын эрин үе нэгэнт улиран одсон боловч Өрнийнхөн - Европчууд Марко Поло[33]-гийн аян замын тэмдэглэлийг бие биеэсээ өрсөн уншицгаажээ. Марко Пологийн аян замын тэмдэглэл[34] бүхэлдээ шинэ газар, шинэ нэрс, шинэ бараа таваар, баялаг, шинэ адал явдал, шинэ нээлтүүдэд уриалсан нэг ёсны дуудлага болж байжээ. Марко Пологийн аян замын тэмдэглэлийг баримжаа болгосон Испанийн далайч Х.Колумб XVI зуунд монголын эзэнт гүрэн байсан нутаг орныг зорих аян замдаа төөрч будилан бүр эсрэг зүгт далийхдаа Америк тивийг нээсэн. Австрал тивийг XVII зууны үеэс мэдэх болжээ. Өөрөөр хэлбэл, Монголын эрин үед Африк, Америк, Австрали тив нээгдээгүй байжээ. Ингэхлээр дэлхий дахиныг монголчууд бүхэлд нь элбэн тохинуулж байсан учраас Pax Mongolica буюу Монголын амар амгалан гэсэн нэр томъёо буй болсныг монгол болон иран судлаач Д.Морган[35], дорно дахин судлаач Жон Боль[36], монгол судлаач Удо Б.Баркманн[37], монголын эзэнт гүрний судлаач, японы Сүгияма Масааки[38] нарын зэрэг гадаадын цөөнгүй судлаачдын бүтээлээс олж үзэж болно.

 

Энэ бүхнээс үзэхэд Чингис хаан дотооддоо төдийгүй харийн улс гүрэнд шударга ёс, амар амгаланг тогтоосон бөгөөд энэ нь эрхэмбээрийн “Эдүгээ Mөнх тэнгэрийн хүчинд тэнгэр, газраа хүч аугаа нэмэгдэж, гүр[39] улсыг шударгадаж, гагц жолоондоо оруулсан”[40] гэсэн айлдвараар шууд батлагдана. Судрын чуулганд “Дэлхийг нэгэн зүгт оруулж, нэгэн бус элэгтний элгийг нэгтгэж, олон улс орныг харгис хэрцгий дарангуйлагч, ёсон бус эзэрхэг түрэмгий нарын савраас салгаснаараа Чингис хаан эдгээрийг алдартай үр сад, хүчтэй удам судрынхандаа өвлүүлсэн бүлгээ”[41] хэмээн бичсэн байдаг.

 

Монголын амар амгалангийн уг сурвалж

 

Монголын амар амгалангийн оюун санааны уг сурвалж нь ёс суртахуун байжээ. Ёс суртахуун хүмүүний хувьд үүсмэл (итгэл үнэмшил, зарчим) бус харин Байгалиас заяагдмал болохыг агуу Аристотелиос[42] эхлээд суут сэтгэгчид нээж, орчин үеийн байгалийн шинжлэх ухаан тухайлбал, квантын физик, энергийн таталцлын хууль, эсийн биологи (ДНК), биофотон судлалын ололтоор нотлогдсоор байгаа билээ. Тухайлбал, ёс суртахууны физик (fiscal moral) нь Сансарын доторх хүмүүн ухаж ойлгосон болон сайн дурын үндсэн дээр оюун ухаанаараа ухамсраа дээд түвшинд хөгжүүлэх замаар туйлын өндөр амжилт ба аз жаргалд хүрэх чадвартай гэсэн гаргалгаанд үндэслэдэг юм.

 

Чингис хааны ер бусын ололт амжилтын уг сурвалж ёс суртахуунд[43] нь байсан бөгөөд түүнийгээ эрхэмбээр ямагт эцэг Тэнгэртэй холбож үздэг байжээ. Жишээлбэл, Монголын нууц товчоонд Чингис хаанаас “Эрэмгий сайнаар, Эзэн эс боллоо би. Эрхт Тэнгэр Эцгийн хайраар Эзэн боллоо би. Хамрагч сайнаар Хаан эс боллоо би. Хан Тэнгэр эцгийн Хайраар эзэн боллоо би”[44] гэж айлдсаныг тэмдэглэсэн байдаг. Хутагт[45] арш[46] Чанчунь бомбо Чингис хаан шавьдаа “хаан Та агуу гавъяат үйлсийг бүтээн Тэнгэрээс оноосон цаг хугацааг дүүргэвээс Тэнгэрт эргэж морилон одны суудалдаан залрах болно”[47] хэмээн айлдсан ажээ. Академич Ш.Бира “Эртний монголчууд тэнгэрийг ихэд тахин шүтэж, аливаа нандин бүхнээ, үүний дотор төр улсаа дээдлэн өргөмжлөхдөө юуны өмнө Тэнгэр бурхантай шууд холбон үзэж, энэ талаар улс төрийн бүхэл бүтэн сургаалыг буй болгосон бөгөөд түүнийг нь бид Тэнгэрийн үзэл буюу Тэнгэризм хэмээн нэрлэж байгаа юм”[48] хэмээн бичсэн нь угтаа Байгалийн хууль[49] - ёс суртахуун юм. Энэ хуулийг ноцтой зөрчсөн хүмүүнийг Ертөнц хэзээ нэгэн цагт заавал шийтгэдэг, түүний дагуу амьдарсан хүмүүнийг шагнаж урамшуулдаг жамтай ажгуу.

 

Чингис хаан хүмүүсийн хоорондын хүйтэн цэвдэг болсон харьцааг эелдэг найрсаг (монголчуудын хувьд зочломтгой) ёс; шударга бусыг цэх шударга; аймхай, хулчигар занг эр зориг; хэмжээ хязгааргүй шунал, хэрээсээ хэтэрсэн тансаглалыг эс шунахуй; эрээ цээргүй, ичгүүр сонжуургүй ааш авирыг ичих ба эмээх мэдрэмж; цалгар назгай, хариуцлагагүй явдлыг үүрэг ба хариуцлагаа ухамсарлаж биелүүлэх; хүний мөсгүй чанарыг жудаг; харгис хэрцгий, балмад үйлийг нинжин сэтгэл; хууран мэхлэх, итгэл эвдэх, хулхидах явдлыг итгэл даах; нэр нүүрээ барах явдлыг нэр төрөө эрхэмлэх; хагарал, талцал, үзэн ядалт, дайсагналцлыг эв эе; урван тэрслэлтийг үнэнч зан; атаархал, хорсол, атгаг сэтгэл, өс хонзон, хорон муу санаархлыг сайхан  сэтгэл болгоход онцгой хувь нэмэр оруулжээ. Ингэснээр хорвоо ертөнцөд амар амгалан буюу Pax Mongolica-г тогтоож чаджээ. Жишээлэхэд “Иран Тураны хоорондох бүх улс орон гайхалтай амар жимэр амьдрах болов. Алтан цар толгой дээрээ тавиад Ливантаанаас Кушант хүртэл өөдгүй хүнтэй тааралдалгүй сэтгэл түвшин явдаг болжээ”[50]. Тайванийн түүхчийн бичсэнээр Монголын Юань гүрний үед Хятадад Дундад Ази, Баруун Ази, Өмнөд Орос, Европоос маш олон тооны шашин номлогч, соёлыг түгээгч иргэд, худалдаачид ирж улмаар Хятад урд хожид байгаагүй олон үндэстэн, соёлоос бүрдсэн нийгэм болон хувирсан ажээ[51]. Монголчуудын удирдлагад байх үедээ Руссийн олон хот суурин ямар ч хохирол амсаагүйгээр барахгүй Алтан орд улсын үед хүчирхэгжин хөгжиж байсныг Оросын түүхчид өөрсдөө нотлон бичих болжээ[52]. Японы эрдэмтэн Сүгияма Масааки “Монголоор төвлөрсөн улс төрийн олон бүтэц олон туйлтай болох үйл явц”[53] явагдсан гэж бичсэн нь дэлхий дахинд өнөө үед буй болгох гэж зорьж буй олон туйлт үйл явцыг монголчууд XIII зуунд буй болгосныг хэлээд байгаа юм биш үү?

 

XIII зуун буюу Монголын амар амгалангийн эрин үед урьд өмнө хаагдсан торгоны замыг дахин нээж, Евразийн их худалдааны бүсийг цэцэглүүлэн хөгжүүлж, улс хооронд соёлын харилцаа тогтоож, Газрын дундад тэнгисийн Венеци, Генуягаас Их Монгол Улсын дундуур дайрч, Хятад хүрэх замын нутаг дэвсгэрийн аюулгүй, найдвартай байдлыг хангаж, тэдгээрийг нутгийн голч шударга хүмүүсээр удирдуулснаар Дорно, Өрнө хоёрыг нягт холбож өгчээ. Түүний үр шимийг Европчууд, Төв Азийн лалынхан, еврейчүүд, хятадууд, Азийн бусад улс түмэн хүртжээ. Энэ бүхэнд хүргэсэн шалтгааны тухай Чингис хаан багшдаа бичсэн захидалдаа “Хаан миний бие умар зүгийн их хээр талд аж төрөн сууж, чигч шударгыг эрхэмлэн тогтоогоод, бүрэлгэн сүйтгэхийг хориглон зогсоож, өмсөх хувцас, идэх хоолоон адуучин үхэрчинтэйгээ хуваалцан, ард иргэдийг хүүхэдтэйгээ адил үзэж, цэрэг дайчид, эрдэмтэн мэргэдийг ах дүүгээн мэт хүндэлж, эе эвийг сахиулж, энэрэл хишгээ түгээмүй”[54] гэсэн байдаг билээ. Энд шударга ёс (чигч шударгыг эрхэмлэн тогтоосон), нинжин өгөөмөр сэтгэл (өмсөх хувцас, идэх хоолоон адуучин үхэрчинтэйгээ хуваалцан, ард иргэдийг хүүхэдтэйгээ адил үзэж, цэрэг дайчид, эрдэмтэн мэргэдийг ах дүүгээн мэт хүндэлсэн), эв нэгдэл (эв эеийг сахиулсан), энэрэхүй (энэрэл хишгээ түгээсэн) зэрэг ёс суртахууны эрхэм нандин гол өгөгдлийг багтаасан ажээ. Үүнээс үзэхэд монголын амар амгалангийн үзэл санааны уг сурвалж нь ёс суртахуун байжээ.

 

Монголын амар амгалангийн хууль зүйн үндэс нь Чингис хаан эрхэмбээрийг залгамжлагчид дэлхий дахиныг элбэн тохинуулсан “Засаг” (Yasag) бөгөөд энэ нь амин сүнс нь болсон ёс суртахууныг “хууль” хэмээн үзэж, ягштал мөрдүүлж байжээ[55]. “Засаг”[56] хэмээх үг нь Монголын нууц товчоонд хэдэнтээ (Үз.: 74, 81, 153, 189, 193, 197, 199, 227, 240, 257, 278 дугаар зүйл) давтагдсан байх бөгөөд бүр эртнээс хууль, засаглах, засан тохинуулах, шийтгэх гэсэн утга санааг илэрхийлж иржээ. Өөрөөр хэлбэл, хуулийг одооных шиг хууль тогтоогчдын баталсан хэм хэмжээ бус харин ёс суртахууны жам ёсны өгөгдлийг ноцтой гажуудуулсан үйлд тохирох цээрлэл зэмлэл үзүүлэх явдал хэмээн үзэж байсан ажээ. Монголчууд XIII зуунд орчин үеийнх шиг хуулийг хэм хэмжээний бүрдүүлбэр хэмээн үзэж, түүнд онцгой ач холбогдол өгч байгаагүй юм.

 

Төрийнх нь байгууламж орших ба эс орших эсэхийг ёс суртахуунтай салшгүй уялдуулж зангидсан (хаант) засаглалыг түлхэн унагах замаар засгийн эрх авсан улс төрийн шинэ хүчин энэ дэлхийд ёс суртахуун ба хууль хоёрыг зааглан тусгаарлаж, хуулийг хууль тогтоогчдын дур зоргын хэрэг болгон мөнгө, ашиг ба элдэв янзын хэрээс хэтэрсэн тансаглалыг голчлон чухалчилж, хүн төрөлхтөн ёс суртахуунаа тэргүүн зэрэгт тавихаа больсноос хойш элдэв янзын олон хүндрэл бэрхшээлтэй байнга нүүр тулах болжээ. Ний нуугүй хэлэхэд эдүгээ шударга үнэнч нь тэнэгийн шинж харин зальхай, шунамхай байх нь ухаантайн гэж олонх боддог болсоноос болж хүн төрөлхтөн соёл иргэншилээ сүйрүүлэхэд нэгэнт тулж очоод байна.

 

Монголын амар амгалангаас үүдсэн зарим сургамж

 

Судрын чуулганд “Ямар ч атугай тэнгэрийн элбэрэлээр шигшигдэн шалгарсан шилдэг үрс, онцгой хойчис л эцэг өвгөдийн сайн нэрийг сэргээн амилуулж, дээд удмынхныхаа үг хийгээд үйл хэргийнх нь тухай дурсамжийг сөхөн амьдруулж чадах болой.

 

Үр хүүхэд нь л эцгийн нэрийг амьдруулж,

Үр хүүхэд нь эцгийн үйлийг залгамжламуй хэмээжээ”[57] хэмээсэн захиасыг ирээдүй үедээ үлдээжээ. Гэтэл өвөг дээдсийнхээ гайхамшигт үүх түүхийг монголчууд сайн нэгийг нь мөнхөлж, өөрсдөө нягтлан шүүн тунгааж, сургамжийг нь хойч үедээ авч үлдээхийн оронд элэг буруутны бичсэнийг механикаар хуулбарлаж “байлдан дагуулагч”, “аян дайнч” гэх мэтээр нэр төрийг нь муутгах байдалд хүрсэнээ засамжлах цаг болсон. Швейцар Улсын иргэн Вальтер Боссхард (Walter Bosshard) 1938 онд хэвлүүлсэн “Сэтгэл булаам Монгол орон мину” (Kuhles Grasland Mongolei) хэмээн нэрлэсэн аян замын тэмдэглэлдээ “Монголчуудыг дандаа буруугаар ойлгодог, яагаад гэвэл, тэд нар түүхээ хэзээ ч өөрсдөө бичиж байгаагүй, хэзээ ямагт эсрэг тоглогч нар нь бичсэн байдаг”[58] хэмээн бичсэн нь өмнө өгүүлснийг баталж байгаа юм биш үү?

 

Өнөөгийн Монгол Улсын хувьд улс үндэстнийхээ оршин буй Байгалиас заяамал нөхцөл байдалтай шүтэлцэн барилдсан аж төрөх ёсны өвөрмөц онцлог, түүнээс үүдэлтэй үүх түүх, уламжлал, соёл, сэтгэлгээний хэв маяг, өөрийгөө хамгаалах чадварыг дэлхий нийтийн ёс суртахуунлаг ололт амжилттай нэгтгэн зангидсан өөрийн гэсэн нэгдмэл язгуур цогц ҮЗЭЛ САНАА-ны загварыг буй болгож хөгжүүлснээр монголын өнөөгийн нийгэм, эдийн засаг, оюуны санааны гүн хямралыг амжилттай даван туулах боломжтой болохыг Монголын амар амгалангийн түүхэн сургамж харуулж байна. Дан ганц харийн үзэл суртлыг хуулбарлан авч, (марксист-ленинист онолыг[59]) төрийнх[60] болгосон үед гайхамшигт өвөг дээдсийнхээ өв сургаалыг хөсөрдүүлж байсан үеэ дахин давтах ёсгүй.

 

Их Монгол Улсын эрин үед ямар ч ард түмэн, улс үндэстний аж төрөх ёс, хэл, арьсны өнгө, хүйс, үндэс угсаа, шашин шүтлэг, соёл, уламжлалд хүндэтгэлтэй хандаж, тэдгээрт хөндлөнгөөс бүдүүлгээр халдаагүй, ямар ч улс үндэстнийг уугуул нутаг уснаас нь хөөн зайлуулаагүй, хүйс тэмтрээгүй, улс түмнийг бие биеэ үзэн ядаж дайсагналцахад хүргээгүй, түүнчлэн монголчууд үндэснийхээ ямар нэгэн өвөрмөгц онцлогыг бусад ард түмэнд тулган хүлээлгээгүйгээр тогтоосон Монголын амар амгалангийн түүхэн сургамжийг дахин эрэгцүүлэх шаардлага дэлхий дахинд буй болжээ. Эдүгээ хүртэл Их эзэн Чингис хааны гал голомт – Монгол Улсын нутаг дэвсгэрээс XIII зууны үед харийн гүрнээс тонон дээрэмдэж эх нутагтаа авчирсан гэх нэг ширхэг ч үнэт эд зүйл олдоогүй нь бусдын эд баялагт шүлэнгэтсэн байлдан дагуулалтыг Их эзэн Чингис хаан эрхэмбээрийг залгамжлагчид хийгээгүй болохыг нотлон харуулна.

 

Чингис хааны үед төрийг одоогийнхон шиг биш харин биологийн бус амьд организмтай адилтган зүйрлэж байсан түүхэн сургамж өнөө үед ач холбогдлоо алдаагүй байна. Төрийн дээд удирдлагад хэн нэгнийг цэх шударга байдал, эр зориг, нэр төр, итгэл дааж чадах эсэх, эрдэм чадал зэрэг ёс суртахууны шалгуураар тавьдаг байжээ. Германы монгол судлаач Б.Баркманн профессор “Чингис хааны цусан төрлийнхөн удирдах албан тушаал бараг хашиж байсангүй. Тэгэхлээр орчин үеийн боловсон хүчний бодлогод ч гэсэн Чингис хаанаас суралцууштай юм бас байх шиг”[61] хэмээн тэмдэглэжээ.

 

Хүн төрөлхтний өмнө асуй дэлхийн III дайны аймшигт аюулыг зайлуулах цорын ганц арга зам нь хүн төрөлхтний ёс суртахуунд л байгаа бөгөөд Чингис хааны “Хорт могойн хэл, Хооронд минь хутгаж, Хов жив оруулбал, Холдож салалгүй, харин Хоёр нүүрээр учирч, Хор хөнөөлийг таслаж байя”[62] гэсэн айлдвар нь сөргөлдөгч талуудыг хэлэлцээний ширээнд нүүр тулан сууж, нүд нүдээ ширтэлцэн, муу сайнаа цээжээ онгойтол илэн далангүй ярилцаж, болзошгүй хор аюулыг холтгох арга замыг сүвэгчлэхээс өөр замгүй гэдгийг нотлон харуулж байгаа юм биш үү?

 

Судрын чуулганд[63] “Хожим таван зуу, мянга, арван мянган жилд ч нарт хорвоод төрж, хаан төр[64] барих удмынхан минь аль ч улс түмэнд хэрэглэж болох Чингис хааны ёс суртахуун, Засагийг өөрчлөхгүйгээр сахивал мөнх Тэнгэр хишгээ хүртээж, тэд маань өнө мөнхөд гэр хотлоороо амар амгалан, аз жаргалтай байх болмуй за”[65] гэж бичсэнээр илтгэлээ өндөрлөе.

 

                                                                             Хорвоо ертөнц үүрд амар амгалан байх болтугай.

 

 

 

---оОо---



[1]С.Нарангэрэл Монголчуудын зан суртахууны гарваль. Улаанбаатар, 2010; С.Нарангэрэл Чингис хааны сүр хүч. Улаанбаатар, 2013; С.Нарангэрэл Чингис хааны ёс суртахуун-эрх зүйн шастир Улаанбаатар, 2014; С.Нарангэрэл Ёс суртахууны монгол цагаан толгой. Улаанбаатар, 2015, 2018; С.Нарангэрэл Хуулийн амин сүнс буюу буюу Чингис хаан, Монголчууд. нэмж засварласан гурав дахь хэвлэлт.., Улаанбаатар., 2018; С.Нарангэрэл Бурхан Халдун - монголчуудын гал голомт. Улаанбаатар, 2019; С.Нарангэрэл Монголчуудын ёс суртахуун: сэргэлт, ялзрал, эргэн сэргээлт. Улаанбаатар, 2020 зэрэг.

[2]S.Narangerel The Spirit of Laws or Chinggis khan and the Mongols. Ulaanbaatar, 2018.

[3]С.Нарангэрэл В поисках духа закона, завещание Чингисхана. РФ.., Улан-Удэ., Издательство Бурятского госуниверситета, 2019.

[4]Рональд Лейтхим Марко Поло аялал..., Англи хэлнээс орчуулсан О.Бүрэнжаргал.., Улаанбаатар., 2012, 147 дахь талыг үзнэ үү.

[5]Эдүгээгийн БНХАУ-ын Шинжаан-Уйгарын Өөртөө Засах орон хавьд төвлөрч байжээ.

[6]Эдүгээгийн Шинжаан болон түүнээс баруун тийшхи нутаг дэвсгэрийг эзэмшиж байжээ.

[7]Эдүгээгийн Казахстаны зүүн өмнөд хавь оршин тогтнож байжээ.

[8]Хэрэйд нь зүүн зүгт Хэнтий нуруу, урд зүгт их элсэн говь, баруун зүгт Хангайн нуруу, хойд зүгт Сэлэнгэ мөрөн хүрсэн нутаг дэвсгэртэй монгол хэлтэн аймаг байсан ажээ.

[9]Мэргид нь Орхон, Сэлэнгэ мөрний сав нутгаар нүүдэллэсэн монгол хэлтэн аймаг байсан ажээ.

[10]Найман нь Алтай ба Хангайн нурууны хооронд нутаглаж ирсэн, хүн амын тоогоор харьцангуй олон монгол хэлтэн аймаг байсан ажээ. Зарим судлаач найманчуудыг монголжсон түрэгүүд хэмээн үздэг.

[11]XII зуунаас өмнө Байгаль нуурын баруун талын ой хөвчид нутаглаж ирсэн монгол овог аймаг.

[12]Сайшаал, Чингис хааны товчоон (дээд дэвтэр). Улаанбаатар., 2010, 322 дахь талыг үзнэ үү.

[13]Тал нутгийн 23 монгол овог, аймгийн язгууртнууд харьяат албад иргэдийн хамт Чингис хаантай сайн дураараа нийлж нэгджээ. – Үз.: Сайшаал, Чингис хааны товчоон (дээд дэвтэр). Улаанбаатар., 2010, 157 дахь тал.

[14]Хамаг Монгол Улсыг Чингис хаанаас өмнө эрхэмбээрийн өвөг дээдэс – Хабул, Хотула хаад цогцлоож байжээ.

[15]Энэ үед Хамаг Монгол Улсын нутаг дэвсгэр нь зүүн зүгт Хянганы нуруу (эдүгээгийн БНХАУ-ын нутаг дэвсгэрт оршиж буй), баруун зүгт Алтайн цаадах Эрчис мөрөн (эдүгээгийн ОХУ-ын Сибирийн нутгаар урсаж буй Обь мөрний цутгал мөрөн), өмнөд зүгт Хятадын цагаан хэрэм, хойд зүгт умард Сибирь хүрч байв.

[16]Судлаачид Хамаг Монгол Улсын хүн амыг 700-800 мянга хэмээн тооцоолжээ.

[17]Сүүлдээ бусадтай хуйвалдан нэгдэж, Тэмүжинг алахыг нэг бус удаа завдаж байсан Хэрэйдийн Ван ханы хөвүүн Сэнгүмийн толгойлсон Хэрэйдүүдийн зарим хэсэг.

[18]Чингис хаанд эцгийнх нь үеэс өсөрхсөн Мэргидийн хан Тогтога бэхийн тэргүүлсэн Мэргидийн үлдэгдэл.

[19]Найман аймгийн Таян ханы хөвүүн Хүчүлүгийн тэргүүлсэн Найманы үлдэгдэл.

[20]Кипчакууд түрэг хэлтэн улс үндэстэн. МЭӨ VI зуунд Монголоос Хар тэнгис хүртэлх нутаг дэвсгэрийг хамарсан эзэнт гүрнийг байгуулсан, мал аж ахуй ба гар урлал эрхэлдэг нүүдэлчин ард түмэн. Кипчакууд нь Монгол, Баруун Сибириэс Оросын өмнө зүгийн ба Евразийн тал нутаг, Хар тэнгис, Кавказын уулс, Каспийн тэнгис орчим, Дунай мөрөн хүртэлх өргөн уудам газар нутагт суурьшсан. Орост тэднийг половчууд буюу тал нутгийнхан, Европт куманууд хэмээн нэрлэдэг ажээ.

[21]ОХУ, Украин улсын нутаг дэвсгэрээр урсаж, Хар тэнгист цутгадаг мөрөн.

[22]Монгол Улсын Их Хэнтий нурууны араас эх авч урсдаг гол.

[23]Европ тив дэх уулт тогтолцоо. Чех, Польш, Унгар, Украин, Румын улсын нутаг дэвсгэрт орших 1500 км урт урсдаг.

[24]Онон мөрний хөндийгөөс Днепр хүрэх замд дундад Сибирийн таймырын нам доор газар, баруун Сибирийн тэгш тал, дорнод Европын тэгш тал үргэлжилдэг ажээ.

[25]Л.Н.Гумилев Эртний Орос ба агуу уудам тал нутаг. Орчуулагч Ч.Алтангэрэл.., Улаанбаатар., 2017, 69 дэх тал.

[26]Чингис хааны 6 дахь үеийн өвөг.

[27]Чингис хааны их өвөг.

[28]Л.Н.Гумилев Эртний Орос ба агуу уудам тал нутаг. Орчуулагч Ч.Алтангэрэл.., Улаанбаатар., 2017, 554 дэх талыг үзнэ үү.

[29]Энэ улсад Дундад Азийн ихэнх нутаг дэвсгэр, эдүгээгийн Афганистан, Ираны нутаг дэвсгэр хамаарагдаж байжээ.

[30]Торгоны зам (Silk Road) нь МЭӨ 100 оны орчимд Хятадын Сианаас (Sian буюу өмнөд Хятадын Шаньси мужийн төвөөс) эхлэн Их цагаан хэрмийг даган хойд зүг рүү явсаар Памирын уул руу өгсөж, Афганистаныг дайран өнгөрч, Газрын дундын тэнгисийн зүүн эрэг хүрдэг байжээ. Тэндээсээ бараагаа усан онгоцод ачаалж, Ромд зөөвөрлөн аваачдаг аваачдаг байжээ. Энэ зам эртний Ром уналтад орсны улмаас их аюултай болж, улмаар хаагджээ.

[31]Хорезмын шахад явуулсан илгээлтдээ Чингис хаан “Бидний хил хязгаар ойртож, өштөн дайснаас цэвэршээд, бүгд даган захирагдаж, хоёр тал айлсан буух нь хөдөлбөргүй болсон ажгуу. Хоёр тал эелдэх зам мөрийг гаргаж, таагй явдал тохиолдоход нэг нэгэндээ тусламжийн гараа сунгаж, их замаар зорчин явахад айх аюулгүй болгон, дэлхийг цэцэглүүлэн хөгжүүлэх гол үүрэг бүхий худалдаачдыг айван тайван ирж очиж байдаг болгохыг оюун ухаан, сайн санаа шаардах боловой. Чингэж хэлэлцэн тохирч чадваас айж зовох шалтгаан үгүй болоод хахууль, зөрчил, зөрөлдөөн дэврэх шалтаг устах болмуй за” гэж бичсэн байдаг.

[32]Зарим судлаач 400 орчим элч төлөөлөгч хэмээн үздэг.

[33]Венецийн Марко Поло Хубилай хааны дэргэд 20 жил алба хаажээ.

[34]Үз.: Рональд Лэйтхэм Марко Поло аялал. Англи хэлнээс орчуулсан О.Бүрэнжаргал., Улаанбаатар, 2012.

[35]D.Morgan The Mongols (The Peoples of Europe), Blackwell, 1999.

[36]Жон Эндрью Бойль Дэлхийн Монгол гүрэн. Улаанбаатар., 2015, 17 дахь тал.

[37]Pax Mongolica-гийн талаарх зарим эргэцүүлэл – Удо Б.Баркманн Монголын түүх, улс төрийн асуудлын тухай өгүүллүүд. Улаанбаатар., 2013, 109 дэх тал.

[38]Сүгияма Масааки Монголын эзэнт гүрний мандал буурал. Япон хэлнээс орчуулсан Ц.Цэрэндорж., Улаанбаатар, 2015.

[39]Монгол хэлний сурагчийн тайлбар тольд “гүр” хэмээх үгийг 3 утгаар тайлбарласны нэг дэхийг хуучирсан үг гэсэн утгаар “Хамаг, бүгд” гэсэн байна. - Монгол хэлний сурагчийн тайлбар толь. Улаанбаатар., 2017, 186 дахь 89 тал.

[40]Монголын нууц товчооны 224 дүгээр зүйл.

[41]Рашидадин Шашдирын чуулган хэмээх монголчуудын түүх оршивой. Англи хэлнээс орчуулж, уялга үг бичиж, тайлбар зүүлт үйлдсэн Г.Аким.., хоёр дахь хэвлэл., Улаанбаатар., 2013, 26 дахь тал.

[42]Суут сэтгэгч Аристотель одоогоос 2500 жилийн өмнө ёс суртахуун нь “аль ч хүнд зайлшгүй байхаар заяагдсан, тэгэхдээ адил ижлээр бус” гэж бичжээ. – Үз.: Аристотель Улс төр. Дөрөв дэх хэвлэл.., Орчуулсан Б.Даш-Ёндон., Улаанбаатар, 2015, 48 дахь тал.

[43]Чингис хааны ёс суртахууны талаар С.Нарангэрэл Чингис хааны ёсуртахуун-эрх зүйн шастир. Улаанбаатар, 2014. номоос тодруулж үзнэ үү.

[44]Үз.: Монголын нууц товчооны 149 дүгээр зүйл (Академич Ц.Дамдинсүрэнгийн орчуулга).

[45]Шашны ёсны сайн хутаг олсон хувилгаанд олгодог цол.

[46]Аглагт сууж, шашны ёсны бясалгал хийгч даяанч.

[47]Ли Жичан Чанчунь бомбын өрнө этгээдэд зорчсон тэмдэглэл. Орчуулж тайлбарласан Я.Ганбаатар, Ц.Ганбаатар.., Улаанбаатар., 2010, 99 дэх тал.

[48]Бира Ш. Их Монгол Улсын түүх, үзэл суртлын зарим онцлог асуудлууд.., Улаанбаатар., 2008, 127 дахь тал.

[49]Судлаачид ёс суртахууныг Байгалийн хууль хэмээн үзэх хандлага сүүлийн үед түгээмэлжиж байна. – Үз.: Жишээлбэл, Дарио Салас Соммэр Мораль XXI века (Moral para el siglo XXI) перевод с испанского.., Москва., Издательство “Кодекс”, 2020.

[50]Чингис хааныхны Монголчууд. Франц хэлнээс орчуулсан Л.Бат-Очир.., Улаанбаатар., 2004, 109 дэх тал.

[51]Н.Ариунгуа Тайвань дахь Монголын түүх судлал. Улаанбаатар., 2018, 55 дахь тал.

[52] Үз.: А.Ю.Якубовский “К вопросу о происхождений ремесленной промышленности Сарая Берке”, Известия ГАИМК, 1931, VII; мөн түүний “Самарканд при Тимуре и Тимуридах”,  Гос Эрмитаж, 1933; мөн түүний “Феодализм на востоке. Столица Золотой Орды-Сарай Берке”, ГАИМК, 1932.

[53] Сүгияма Масааки Монголын эзэнт гүрний мандал буурал. Япон хэлнээс орчуулсан Ц.Цэрэндорж., Улаанбаатар., 2015, 170 дахь тал.

[54] Ли Жичан Чанчунь бомбын өрнө этгээдэд зорчсон тэмдэглэл. Орчуулж тайлбарласан Я.Ганбаатар, Ц.Ганбаатар.., Улаанбаатар., 2010, 18 дахь тал.

[55] Ёс суртахуун хуулийн амин сүнс болох талаар дараах бүтээлээс тодруулж үзнэ үү: С.Нарангэрэл Хуулийн амин сүнс буюу Чингис хаан, монголчууд. Нэмж засварласан гурав дахь хэвлэл. Улаанбаатар, 2018;  S.Narangerel The spirit of Laws or Chinggis Khan and the Mongols. Ulaanbaatar, 2018; С.Нарангэрэл В поисках духа закона (Завещание Чингисхана). Изд-во Бурятского госуниверсистета.., Россия., Улан-Удэ, 2019.

[56] Монгол хэлний дэлгэрэнгүй тайлбар тольд “Засаг” хэмээх үгийг 4 утгаар тайлбарласны нэг дэх утгыг “Хууль цааз, эрүү ял” гэсэн байна. - Монгол хэлний дэлгэрэнгүй тайлбар толь (таван боть). Улаанбаатар., 2008, 989 дэх тал.

[57]Рашидадин Шашдирын чуулган хэмээх монголчуудын түүх оршивой. Англи хэлнээс орчуулж, уялга үг бичиж, тайлбар зүүлт үйлдсэн Г.Аким.., хоёр дахь хэвлэл., Улаанбаатар., 2013, 30 дахь тал.

[58]Вальтер Боссхард Сэтгэл булаам Монгол орон мину. Герман хэлнээс орчуулсан Б.Баярсайхан.., Улаанбаатар., 2014, 50 дахь тал.

[59]Тухайлбал К.Маркс “Татарын дарлал 1237-1462 он буюу хоёр зуунаас илүү хугацаанд үргэлжилжээ. Энэ бол зүгээр нэг сүйрэл биш, харин хүмүүсийн нэр төр, сэтгэл зүрхийг гундаан золиослосон дарлал байв. Татар монголчууд аймшиглан заналхийлэх, цөлмөх, үй олноор хядах байгууламж бүхий системийг буй болгосон байлаа. Татар монголчууд тоо томшгүй олон газрыг эзэлж байсан боловч өөрсдөө тооны хувьд цөөн тул булаан эзэлсэн газруудад тэдний араар бослого хөдөлгөөн гарахаас сэргийлэн айдас хүйдэс төрүүлэх, хүмүүсийг нь хядаж цөөрүүлэхийг боддог байв. Татар монголын цөлийн маягийн тогтолцоонд Шотландын өндөрлөг, Кампанъя де Римаг эзэнгүй болгосонтой адил эдийн засгийн зарчим үйлчилж байсан ба тэд хүнийг хонь болгож, үржил шимтэй газар, олон хүнтэй суурин газруудыг малын бэлчээр болгон хувиргаж байлаа” гэж бичжээ. - Үз.: Мarks K., Secret diplomatic history of the eighteenth century. London: Swa Sonnenschein. 1899. P.78.

[60]БНМАУ-ын 1960 оны Үндсэн хуулийн удиртгалыг үзнэ үү.

[61]Удо Б.Баркманн Монголын түүх, улс төрийн асуудлын тухай өгүүллүүд. Улаанбаатар., 2013, 423 дахь тал.

[62]Үз.: Монголын нууц товчооны 163 дугаар зүйл.

[63]Судрын чуулган нь персийн их бичгийн хүмүүн Рашид-Ад-Диний хувийн бүтээл биш харин Чингис хааны отгон хөвүүн Тулуйгийн гуравдугаар хөвүүн Хүлэгэг залгамжилсан Ил хаант улсын бага хаадууд зарлиг гаргаж. Монголын албан ёсны түүх бичлэгийг перс хэлээр бүтээлгэжээ. Энэ талаар дараах бүтээлээс тодруулж үзнэ үү: С.Нарангэрэл Хуулийн амин сүнс буюу Чингис хаан, монголчууд. Нэмж засварласан гурав дахь хэвлэл. Улаанбаатар ., 2018, 56-72 тал;  S.Narangerel The spirit of Laws or Chinggis Khan and the Mongols. Ulaanbaatar., 2018, P. 55-72; С.Нарангэрэл В поисках духа закона (Завещание Чингисхана). Изд-во Бурятского госуниверсистета.., Россия., Улан-Удэ, 2019, СТР. 53-79.

[64]Энэ эрин цаг үед хаант засаглал оршин тогтнож байсан.

[65]Рашидадин Шашдирын чуулган хэмээх монголчуудын түүх оршивой. Англи хэлнээс орчуулж, уялга үг бичиж, тайлбар зүүлт үйлдсэн Г.Аким.., хоёр дахь хэвлэл., Улаанбаатар., 2013, 448 дахь тал.


Бусад мэдээлэл
МЭДЭГДЭЛ
4 жилийн өмнө