“WIPO-IPOM IP MEISTER” сургалт амжилттай зохион байгуулагдлаа
Монгол Улсын Оюуны өмчийн газар, Дэлхийн оюуны өмчийн байгууллага (WIPO), Бүгд Найрамдах Солонгос Улсын Оюуны өмчийн яамтай хамтран хэрэгжүүлсэн “WIPO-IPOM IP Meister” дижитал эдийн засагт чиглэсэн сургалт 2026 оны 10 дугаар сарын 5-8-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа.
Сургалтад Сөүлийн Үндэсний Их Сургуулийн Механик инженерийн тэнхимийн профессор Сон-Хүн Ан, Нидерландын Вагенингений их сургуулийн судлаач, Дэлхийн оюуны өмчийн байгууллагын оюуны өмчийн бизнес хөгжлийн эксперт-ментор доктор Чад Патрик Осорио, Монгол Улсын Оюуны өмчийн газрын шинэ бүтээл, ашигтай загварын ахлах шинжээч Б.Оргилмаа, Бүгд Найрамдах Солонгос Улсын Оюуны өмчийн стратегийн байгууллага (KISTA)-ын оюуны өмч, судалгаа, хөгжүүлэлтийн зохицуулагч Сонмин Чо, “Qrius” оюуны өмчийн хуулийн фирмийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Жонхан Ум, Энэтхэг Улсын “BananaIP” зөвлөх компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Нитин Найр нар оролцож, мэдлэг, туршлагаа хуваалцлаа.
Сургалтад Шинжлэх ухааны академийн Инновацын хэлтэс, харьяа хүрээлэнгүүдийн оюуны өмч хариуцсан мэргэжилтэн, эрдэмтэн, судлаачид, төрийн байгууллагын албан хаагчид, их, дээд сургуулийн багш, судлаачид, бизнес эрхлэгчид, оюуны өмчийн мэргэжилтнүүд болон инновацын салбарын бусад төлөөлөл хамрагдлаа. Оролцогчид судалгааны үр дүн, шинэ технологийг оюуны өмчид суурилсан бизнес болгон хөгжүүлэх, арилжааны боломжийг тодорхойлох, технологи дамжуулалтыг дэмжих чиглэлээр практик мэдлэг, арга зүйтэй танилцав.
Сургалт хоёр үе шаттай хөтөлбөрийн хүрээнд хэрэгжсэн бөгөөд танхимын сургалтаас гадна оролцогчид Дэлхийн оюуны өмчийн байгууллагын “General Course on Intellectual Property (Special Session)” (DL101EMN26S2) цахим сургалтад хамрагдсан. Оролцогчид цахим сургалт болон танхимын сургалтад хамрагдаж, сургалтын батламжаа гардан авав.
Танхимын сургалтаар оюуны өмчийн эрхийн хамгаалалт, оюуны өмчид суурилсан судалгаа, хөгжүүлэлт, оюуны өмчийн салбар дахь хиймэл оюун ухааны хэрэглээ, дижитал бизнесийн хөгжил, оюуны өмчийн арилжаалалт, технологи дамжуулалт болон олон улсын зах зээлд нэвтрэх стратеги зэрэг сэдвийг хамарсан илтгэл, хэлэлцүүлэг өрнүүлэв.
Энэхүү сургалт нь Монгол Улсад оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах, судалгаа, хөгжүүлэлтийн үр дүнг бизнесийн бодит боломж болгон хөгжүүлэх, энтрепренершип болон инновацыг дэмжих, дижитал эдийн засгийн орчинд оюуны өмчийг стратегийн нөөц болгон ашиглах мэдлэг, ур чадварыг бэхжүүлэхэд чиглэсэн байв.
Бусад мэдээлэл