Элчин сайдын индэр хүндэтгэлийн арга хэмжээ боллоо.
  Элчин сайдын индэр хүндэтгэлийн арга хэмжээ боллоо.

Энэ удаа Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ноён Атул Малхари Готсурве уригдан оролцов.
Монгол Улс, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 70 жилийн ой өнгөрсөн 2025 онд тохиосон. Манай хоёр орны харилцаа нь зөвхөн орчин үеийн дипломат харилцаагаар хэмжигдэхгүй эрдэмтэн мэргэдийн судалгаанд үндэслэн авч үзвэл 2700 гаруй жилийн тэртээгээс түүхэн хэлхээ холбоотой байж, соёл иргэншлийн харилцан нөлөөлөл, оюун санааны үнэт өвд тулгуурлан хөгжиж ирсэн баялаг уламжлалтай юм.
ШУА-ийн ерөнхийлөгч, академич С.Дэмбэрэл арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ: 1947 онд Шинэ Дели хотноо зохион байгуулагдсан Азийн улс орнуудын анхдугаар бага хуралд Монголын төлөөлөгчид оролцож, Энэтхэгийн анхны Ерөнхий сайд Жавахарлал Нерутай уулзсан нь хоёр улсын орчин цагийн дипломат харилцааны эхлэлийг тавьсан түүхэн үйл явдал болж улмаар 1955 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Монгол, Энэтхэг хоёр улс албан ёсоор дипломат харилцаа тогтоосноор орчин үеийн найрсаг хамтын ажиллагааны шинэ үе эхэлснийг дурдаад өнгөрсөн 70 жилд Монгол, Энэтхэгийн харилцаа нь зөвхөн буддын шашин, соёлын харилцаа, эртний түүхэн хэлхээ холбоонд тулгуурладаг ойлголтыг даван өргөжин хөгжиж ирснийг онцлон тэмдэглэлээ.
Элчин сайд ноён Атул Малхари Готсүрве "Энэтхэг улсын шинжлэх ухаан, технологийн бодлого" сэдвээр лекц уншлаа.
Тэрээр, БНЭУ нь шинжлэх ухаан, технологийн хөгжлөөрөө дэлхийн тэргүүлэх орнуудын нэгд тооцогддог. Тэр дундаа мэдээллийн технологи, сансар судлал, эм үйлдвэрлэл, инженерчлэл, хиймэл оюун ухаан, дижитал үйлчилгээний салбарт хүчтэй өрсөлдөгч юм. Энэхүү шинжлэх ухаан, технологийн ололт дэвшлийг дипломат ажиллагаанд хэрхэн ашиглаж байгаа талаар танилцуулсан юм.
Өнөөгийн Энэтхэг улс бол олон улсын харилцаанд эзлэх байр сууриа улам бүр өргөжүүлж, эдийн засаг, батлан хамгаалах, боловсрол, соёл, хүмүүнлэг, шинжлэх ухаан, технологийн салбарт бодитой амжилт, өсөлтийг үзүүлэн хүчирхэгжиж байгаа орон юм. Өнөөдөр ШУА-ийн хүрээлэнгүүдийн түвшинд Энэтхэгийн талтай олон чиглэлээр үр дүнтэй хамтын ажиллагаа өрнөсөөр байна. Одон орон, геофизикийн хүрээлэн сансар судлал, геофизикийн чиглэлээр, Физик, технологийн хүрээлэн мэдээллийн технологи, өндөр технологи, инженер техникийн салбарт хамтран ажиллах, лабораторийн чадавхыг бэхжүүлэх чиглэлээр, Хими, химийн технологийн хүрээлэн нано технологи, эм зүй, химийн технологийн салбарт хамтын ажиллагааны боломжийг эрэлхийлж, мэргэжилтэн бэлтгэх, харилцан туршлага солилцох талаар хамтран ажиллаж байна.
Түүнчлэн, Түүх, угсаатны зүйн хүрээлэн Монгол-Энэтхэгийн түүхэн хэлхээ холбоо, буддын шашин, соёлын харилцааг судлах чиглэлээр, Олон улс судлалын хүрээлэн Энэтхэг орон судлалыг хөгжүүлэх болон судалгааны цахим сан байгуулах чиглэлд 2024 оноос Энэтхэг улсын Хөгжиж буй орнуудын судалгаа, мэдээллийн системийн төвтэй амжилттай хамтран ажиллаж байна.
Түүнчлэн Энэтхэгийн Засгийн газрын ITEC (The Indian Technical and Economic Cooperation) болон ICCR (The Indian Council for Cultural Relations)-ийн хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсын олон эрдэмтэн, залуу судлаачид сургалт, тэтгэлэгт хамрагдан мэдлэг, ур чадвараа дээшлүүлж байгаа нь хоёр орны шинжлэх ухаан, боловсролын хамтын ажиллагааны хүний нөөцийн суурийг бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж байна.









Бусад мэдээлэл
ЭМГЭНЭЛ
2 сарын өмнө