Хүн амын дотор ахмад
настны эзлэх хувь өсөхийн хамт тэдний аж амьдрал, эрүүл мэндийн байдал,
нийгмийн амьдрал дахь үүрэг, оролцоо, нэр төр, аюулгүй байдал зэрэг асуудалд анхаарах
шаардлага улам бүр өсөж байна. Өндөр насны тэтгэврийн хэмжээ бага, тэтгэврийн
зөрүү их, ахмад настны эрүүл мэндийн үйлчилгээ тааруу, тэднийг ажил, хөдөлмөр,
нийгмийн амьдралд оролцуулах явдал хангалтгүй гэх мэт олон асуудлыг ахмадууд
болон ахмадын байгууллагууд тавьсаар ирсэн.
Иймд ахмад настны социаль асуудлууд гэдгийг тодотгож иж бүрэн авч шинжлэх,
тэдгээрийн хоорондын хамаарал, шалтгаан үр дагаврын холбоог социологийн онол,
арга зүйн үүднээс цогцоор нь судлах, энэ үндсэн дээр ахмадуудад тулгамдсан
асуудлуудыг шийдвэрлэх арга замын талаар санал зөвлөмж боловсруулах зорилгоор ШУА-ийн
Философийн хүрээлэнгээс нэгэн суурь судалгааны төсөл хэрэгжүүлж дуусаад байна.
“Ахмад настны социаль
асуудлууд, үр дагавар, төлөв хандлага” сэдэвт энэхүү суурь судалгааны төслийн
удирдагчаар доктор (Sc.D), Б.Батхишиг
ажиллажээ. Энэхүү бүтээлд Монголын ахмад настнуудын
социаль асуудлыг цогцоор нь авч үзэж, өнөөгийн төлөв байдал, цаашдын чиг хандлагыг
тодорхойлов. Бүтээлийн товч агуулга нь ахмад настны социаль асуудал: судалгааны
арга зүй, аргачлал ба ерөнхий дүр зураг; амьжиргааны төлөв байдал; эрүүл мэнд, сэтгэл
зүйн байдал; хөдөлмөр эрхлэлт; нийгмийн оролцоо; гэр бүлийн анхаарал халамж; нийгмийн
шилжилт ба дасан зохицол; ахмад настанд хандах хандлага ба ялгаварлан гадуурхалт;
тэдний нийгэмд эзлэх байр суурь, цаашдын хандлага; ахмад настны асуудалд шинжлэх
ухаанчаар хандах шаардлага, арга зам; зөвлөмжийг багтаажээ.
Тус судалгааны үр дүнд эрдэм шинжилгээний өгүүлэл 2 (гадаад, дотоод), “Ахмад настны социаль асуудал: үр дагавар, төлөв, хандлага” сэдэвт хамтын бүтээл 1, тоон болон чанарын судалгааны анхдагч дата мэдээлэлд үндэслэн, судалгааны үр дүнг танилцуулах эрдэм шинжилгээний хурал зохион байгуулж, тайлан, санал зөвлөмж боловсруулан, бодлого боловсруулагч, шийдвэр гаргагч нарт илгээжээ. Энэ төслийн судалгааны дүнгээс МҮОНТ-ийн “Шинэ ажилтан” зорилтот нэвтрүүлэгт ашигласан байна.
Судалгааны ач холбогдол, шинэлэг байдал
Философийн
хүрээлэнгийн Социологийн салбар, Монголын ахмадын холбооны хамтарсан судалгааны
баг тоон болон чанарын судалгааны арга зүйгээр судалгааг явуулж, 2020,
2021 онд Хөвсгөл, Ховд, Дорнод, Өмнөговь аймгийн 12 сум, Улаанбаатар хотын 7 дүүрэгт ажиллаж, анкет-сурвалжлагын аргаар
(n=836), ганцаарчилсан, эксперт, фокус бүлгийн ярилцлагаар мэдээлэл авчээ. Энэ бүхний үр дүнд Монголын ахмад насны
социаль асуудлууд ямар байгааг нарийвчлан
судалж, ахмад настны социаль асуудлын төлөв байдал, үр дагавар, цаашдын
хандлагыг судалгааны үр дүнд тулгуурлан тоо баримтаар нягтлан
харуулж, судлан буй асуудлын талаарх
судалгааны тайлан, мэдээллийн бааз бий болгон, ахмадуудад
тулгамдаж буй асуудал, бэрхшээлийг шийдвэрлэх гарц шийдлийн талаар санал
зөвлөмж боловсруулсанд уг судалгааны ач холбогдол оршино.
Ахмад настны социаль асуудлаар бичиг баримтын судалгаа (дотоод, гадаадад хэвлэгдсэн ном, судалгааны материал,
баримт бичгүүдэд дүн шинжилгээ) хийсний үндсэн дээр ахмад настны социаль асуудлыг дараах 8
чиглэлээр нарийвчлан судалж гаргаж ирэв. Үүнд:
1) амьжиргаа,
2) эрүүл мэнд, сэтгэл зүйн байдал,
3) ажил эрхлэлт,
4) нийгмийн амьдрал дахь оролцоо, нийгмийн
капитал,
5) гэр бүл ба халамж,
6) тэтгэвэрт гарсны дараах дасан зохицолт,
нийгмийн шилжилт,
7) нэр төр, аюулгүй
байдал,
8) aхмадуудын талаарх
төрийн бодлого
Судалгааны үр дүнд тулгуурлан ахмад настны
социаль асуудлын төлөв байдал, үр дагавар, цаашдын хандлагыг шинжлэн тодорхойлсон. Мөн
ахмад настны социаль асуудлыг цогцод нь авч үзэж, насжилтын социологийн онол
арга зүйн үүднээс шинжлэн судалж, нийгмийн үзэгдэл, үйл явцын учир шалтгаан,
зүй тогтлыг тайлбарласан. Ахмад настны социаль асуудлыг судлах тоон болон
чанарын судалгааны арга зүй, аргачлалыг боловсруулжээ.
Судалгаа хийж, судлан буй асуудлын төлөв байдал, шалтгаан нөхцөлийг тодорхойлох
нь тухайн асуудлыг шийдэхэд судлаачдын оруулж буй хувь нэмэр юм. Судалгааны үр
дүнг холбогдох байгууллагууд ахмад настны социаль асуудлыг шийдвэрлэх, төрийн
бодлого шийдвэр гаргахад үндэслэл болгох, дараа дараагийн судалгааны эх сурвалж
болох, эрдэм шинжилгээний ажилтан, судлаачид өөрсдийн судалгаа шинжилгээний
ажилд эх сурвалж болгон эрдэм шинжилгээний эргэлтэд оруулах, их дээд сургуулийн
хичээлд эх хэрэглэгдэхүүн болох зэргээр ашиглах боломж нэмэгдэж байгаа юм.
Судалгааны үр дүнг нэгтгэсэн ном гаргасны зэрэгцээ 20 заалт бүхий
зөвлөмжийг Монголын ахмадын холбоотой хамтран боловсруулж, УИХ-ын тамгын газар, ЗГХЭГ, НХХЯ, БШУЯ-нд хүргүүлжээ. Эдгээр
зөвлөмжийг хэрэгжүүлэх нь ахмад настны социаль
асуудлыг шийдвэрлэхэд томоохон алхам болно гэдгийг судлаачид онцлов.
Ахмад настнууд юунд санаа зовдог вэ?
Дээрх судалгаанаас үзэхэд манай ахмадуудын сэтгэлийг зовоож буй хоёр гол
асуудлын нэг нь тэтгэвэр бага учир мөнгө,
хөрөнгөөр дутагдах, нөгөө
нь эрүүл мэндийн байдал, эмнэлгийн
үйлчилгээний асуудал болж байна. Судалгаанд хамрагдагсдын 43.4 хувь нь 300.001-350.000
төгрөгийн тэтгэвэр авдаг, 60 хувь нь 400.000-аас доош тэтгэвэртэй байв. (Судалгаа
явуулж байх үед) Мөн тэдний 73.9 хувь нь тэтгэврээс өөр орлогогүй гэжээ. Тэдний
дийлэнх олонх нь улсын дундаж цалингийн хэмжээнээс /2021 оны байдлаар дундаж
цалин 1.279.400 төгрөг байв/ 3 дахин бага тэтгэвэр авч байв.
Судалгаанд хамрагдагсдын 57.7 хувь нь өрхийн орлогын гол эх үүсвэр нь
тэтгэвэр, тэтгэмж гэж хариулсан байна. Энэ нь өрхийн дотор ажил орлоготой хүн
ховор, иймээс өрхийн орлогын гол эх үүсвэр нь ахмад настны тэтгэвэр болж буйг
харуулж байна.
Судалгаанд хамрагдагсдын 76.7 хувь нь бага зэргийн зовиуртайгаас эхлээд
хүнд өвчтэй гэжээ. Тэдний 50.2 хувь нь 7 хоногоос улирал тутам эмчид үзүүлдэг
байна. Үүнээс үзэхэд ахмад настны нэг гол асуудал бол тэдний эрүүл мэнд муудах,
эмнэлгийн тусламж авах явдал юм.
Эрүүл мэндийн үйлчилгээ авахад тулгардаг гол асуудлын тоонд 1/оочер
дараалал ихтэй (25.5 хувь), 2/ эмчилгээний зардал өндөр (21.1хувь), 3/ эм тариа
үнэтэй (26.9 хувь гэсэн 3 асуудал орж байна.
Судалгааны явцад зарим ахмадууд: “Тэтгэвэрт
гараад хэдэн жил болоход бидний амьдрал ямар байгаа талаар хэн ч сонирхож
байгаагүй. Харин Ахмадын холбоо, эрдэмтэн судлаачид ахмадуудын амьдрал, байдлыг
сонирхон судалж байгаад баярлаж байна” гэдгээ илэрхийлжээ. Хүний эрхийн үндэсний комисоос Монгол Улс дахь
хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 22 дахь илтгэлд Улаанбаатар хотын
гэр хороололд амьдарч буй ахмад настны эрх, хамгааллын өнөөгийн байдал, хүний
эрхийн тулгамдсан асуудлыг тусгахаар хийж байгаа судалгаа шинжилгээний ажилдаа
тус судалгааны материалыг эх сурвалж болгон ашиглахаар болсон байна.
Олон нийтэд танин мэдэхүйн ач холбогдолтой, судалгааны нэг сэдэвт бүтээлийг
уншиж танилцсанаар ахмад настны социаль асуудлын талаар болон насжилттай
холбоотой ахмадуудын дахин нийгэмшилтийн талаарх ойлголт төсөөлөлтэй болох,
мэдээлэл авах, ахмадуудын сэтгэлзүйн онцлог, тэдэнд тулгарч буй социаль
асуудлын шалтгаан нөхцөлийг танин мэдэх, тэтгэвэрт гарахад өөрсдийгөө бэлдэх,
ирээдүйгээ төлөвлөх, ахмад настнуудыг ойлгож хүндлэх санал сэдлийг өгөх болно.