Монгол Улс,
Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 45
жилийн ойд зориулсан Германы аялагч-судлаач Херман Констений “Цөвүүн цагийн
эрчлээс дундах Монгол орноор” хоёр боть номын нээлт, Х.Констений түүхэн гэрэл
зургийн үзэсгэлэн болон “Х.Констений өв, бүтээл туурвил” сэдэвт эрдэм
шинжилгээний хурал өнөөдөр ГХЯ дээр 10 цагаас эхэлнэ.
XX зууны Монгол улсын түүх судлалд Монгол нутгаар аялан
жуулчилж явсан, тэрчлэн судалгааны зорилго агуулан ирж байсан Гадаад улс
орнуудын олон арван аялагчид, эрдэмтэн судлаачид байдаг. Тэдгээрийн нэг бол
нэрт аялагч-судлаач Х.Констен юм.
Х.Констены Монгол орны
түүх, газар зүй, цаг агаар, уур амьсгал болон шашин, улс төр, нийгэм эдийн
засаг, соёлд хамаарах олон мянган хуудас тэмдэглэлийг үзэж танилцсан зарим
нэгэн судлаачдын ажиглалт нь түүний судалгаа шинжилгээний ажил нь нарийн
тодорхой сэдвүүдийг хөндсөн гэдгийг дурдсан байдаг. Тухайлбал, Монгол орон Манж
Чин гүрний эрхшээлээс хэрхэн тэмцэн туурга тусгаар улс болсон, тус тэмцлийн үйл
явцыг тодруулахад Орос, Хятад, Монгол гэсэн гурван талаас ямар үүрэг
зорилготойгоор оролцож байсныг дурдсан байдаг.
Х.Констен 1907-1928 оны
хооронд Монгол оронд хийсэн аялалын үед бүрдүүлсэн баримт материалдаа
тулгуурлан манай улсын түүхийг өгүүлсэн хэд хэдэн номыг хэвлүүлсэн байдаг. Тус
бүтээлүүддээ тухайн цагийн Монгол орны нийгэм эдийн засгийн байдлыг гэрэл
зургийн хэлбэрээр тусган тодорхойгоор харуулах зорилт тавьсан нь мэдэгддэг.
Түүнчлэн тус бүтээлүүдэд зөвхөн Монгол орны тухай дурдаад зогсоогүй Зүүн ба Төв
Азийн зарим орнуудын ерөнхий байдлыг дэлгэрэнгүй байдлаар үзүүлсэн юм.
Х.Констен “Монголын тухай
нэвтэрхий толь бичиг” номыг хэвлүүлэхээр ажиллаж байхдаа Монгол орны талаарх
бүхий л мэдээллийг багтаан оруулахыг хичээж, шашны гүн ухаан, түүх, түүхэн
хүмүүс, газар зүйн талаарх үнэн бодит мэдээ сурвалжид тулгуурласан байдаг.
XX зууны Монголчуудын эхэн үеийн түүхийг тодруулахад нарийн
нягт судалсан Х.Констены тэмдэглэлүүд, ном зохиол, ховор эх баримт, хэдэн
мянгаар тоологдох гэрэл зургууд нь түүхийн судалгааны эх хэрэглэгдэхүүнийг
баяжуулахад үнэтэй хувь нэмэр болох юм.