Вэбсайтын цэс
Хэлний сонголт
АКАДЕМИЧ Г.ЧУЛУУНБААТАР БСШУС-ЫН САЙДААР ТОМИЛОГДЛОО
АКАДЕМИЧ Г.ЧУЛУУНБААТАР БСШУС-ЫН САЙДААР ТОМИЛОГДЛОО

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан (2017.06.09)-аар БСШУС-ын Сайдаар академич Г.Чулуунбаатарыг 94.2 хувийн саналаар томиллоо. Түүнийг Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат БСШУС-ын Сайдаар томилуулах саналаа УИХ-ын даргад өргөн барьсан юм.

Энэ үеэр БСШУС-ын Сайд Г.Чулуунбаатар, “УИХ-ын гишүүд маш тодорхой саналуудыг хэлж байна. Миний хариуцаж очиж байгаа салбар бол дөрвөн том салбар. Хүн амын оюуны хөтөч бодлогыг тодорхойлдог газар. Эхний хийх ажил бол энэ дөрвөн салбарынхаа тус бүр дээр нь холбогдох чиглэл бүрээр нь нөхцөл байдлыг үнэлгээг маш шуурхай хийж, цаашаа ямар алхам хийх вэ гэдгээ ойрын хугацаанд гаргана. Сүүлийн хэдэн жил боловсрол, соёл, спорт, шинжлэх ухааны чиглэлд анхаарал суларсан. Тогтолцоо эвдэрсэн. Тийм учраас эхлээд энэ салбарын үйл ажиллагааг Монголынхоо онцлогт тохирсон, дэлхийн хөгжлийн хандлага чиглэлийг тусгаж чадсан байх ёстой. Гарааны ажил бол ажилтайгаа маш шуурхай танилцах, үнэлгээгээ богино хугацаанд хийх, хийх ажлаа тодорхойлохоос эхэлнэ” хэмээв.

Г.Чулуунбаатар нь МУИС-ийн Философийн салбарыг философич, нийгмийн ухаан багш, судлаач мэргэжлээр бакалавр, магистрын зэрэгтэй төгсчээ. Тэрээр УИХ-ын дэргэдэх Судалгааны төвийн захирал, Нүүдлийн соёл иргэншлийг судлах олон улсын хүрээлэнгийн Удирдах зөвлөлийн гишүүн, МАХН-ын Удирдах зөвлөлийн гишүүн, УИХ-ын даргын ахлах зөвлөх, НҮБХХ-ийн Хүний эрхийг баталгаажуулах, ардчилсан засаглалыг хөгжүүлэх Мянганы хөгжлийн есдөх зорилгыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх төслийн Үндэсний захирал, Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Удирдлагын академийн захирал, ШУА-ийн Философийн хүрээлэнгийн захирал зэрэг албыг хашиж байжээ. Хамгийн сүүлд тэрээр ШУА-ийн Тэргүүн дэд ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж байсан юм.



 


 



Бусад мэдээлэл