Вэбсайтын цэс
Хэлний сонголт
Д.РЭГДЭЛ: ТҮҮНИЙ БҮТЭЭЛ ОДОО Ч ШИНЖЛЭХ УХААНД АШИГЛАГДАЖ БАЙНА
Д.РЭГДЭЛ: ТҮҮНИЙ БҮТЭЭЛ ОДОО Ч ШИНЖЛЭХ УХААНД АШИГЛАГДАЖ БАЙНА

Төрийн шагналт, шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, академич П.Хорлоогийн мэндэлсний 100 жилийн ой энэ жил тохиож байна. Ойг тохиолдуулан БСШУСЯ, ШУА, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, МУИС-ийн Монгол судлалын хүрээлэн хамтран хүндэтгэлийн болон эрдэм шинжилгээний хурлыг өнгөрсөн баасан гаригт зохион байгууллаа. Мөн түүний нэрэмжит Өвөрхангай аймгийн Арвайхээр хотын ЕБС-ийн өмнө байрлах хөшөөнд нь цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлэн олон арга хэмжээг зохион байгуулсан байна.

Хорлоо нь монгол ардын аман зохиолыг дагнан судалсан манай тэргүүлэх эрдэмтэн бөгөөд “Монгол ардын явган үлгэр”, “Монгол ардын зүйр цэцэн үгүүд ба оньсогууд” зэрэг ганц сэдэвт судалгааны зохиол, олон арван өгүүлэл, ном товхимол хэвлүүлжээ. 1990-ээд оноос Монголын аман зохиолыг түүх, онол-гоо зүйн үүднээс судалж “Монгол аман зохиолын гүн ухааны сэтгэлгээ”, “Монгол аман зохиол дахь гоо сайхны сэтгэлгээ” зэрэг нэг сэдэвт бүтээл туурвисан байна. Мөн тэрээр “Алт мөнгө хоёр” өгүүлэл, “Адъяахүү” найраглал, “Говийн хүү” туужаар 2000 онд Төрийн шагнал хүртсэн нэрт зохиолч юм. Түүнчлэн “Сүхбаатарын одон”, “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”, “Алтан гадас” одонгоор шагнагдаж байжээ.  ШУА, Хэл зохиолын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан доктор, Т.Баясгалан түүний талаар “Орчин цагийн Монголын боловс­ролын тогтол­цоог бий болгоход П.Хорлоо гуайн шууд хувь нэмэр их байгаа. Тэрээр 17 наснаасаа эхлэн орчин цагийн Монголын боловсролын тогтолцоог үүсгэж хөгжүүлэхэд гар бие оролцсон. Алс хол хөдөө нутагт бага сургууль үүсгэхээс эхлэн Гэгээрлийн яамны орлогч сайд хүртэл бүх шатанд ажилласан хүн юм. Мөн орчин цагийн Монголын шинжлэх ухааны байгууллагын тулгын чулуу болсон Хэл зохиолын хүрээлэнг 19 гаруй жил удирдсан. Энэ хугацаанд Монголын нэрийг дэлхийд дуурсгасан олон сайхан бүтээл гаргасан. Эрдэмтэн, судлаач хүний хувьд монгол аман зохиол гэдэг шинжлэх ухааныг үүсгэн хөгжүүлж, жинхэнэ шинжлэх ухааны дэгтэй болгоход хамгийн чухал үүргийг гүйцэтгэсэн хүн. Улсдаа аман зохиол судлалаар эрдмийн зэрэг хамгаалсан ууган эрдэмтэн хүн юм. 1955 онд тухайн үеийн ЗХУ-д, Монгол ардын үлгэрийн төрөл зүйлийн бүрэлдэхүүний асуудлаар дэд эрдэмтний зэрэг хамгаалж байсан. Үүнээс хойш насан өндөр болтлоо судалгаа шинжилгээний ажлаа орхиогүй. Нэгэн зууныг дамнаж, энэ зуунд амьдарч байсан хэд хэдэн үеийн гарыг нь ганзаганд, хөлийг нь дөрөөнд хүргэсэнтэй адил томоохон үйлс бүтээсэн хүн. Ер нь XX зууны Монголыг П.Хорлоо гэдэг хүн босголцсон гэж хэлж болно. Бид олон улсын эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулж, төрийн өндөрлөгүүд энэ арга хэмжээнд ирсэн байна. Мөн дэлхийн монгол судлалд БНХАУ, ОХУ, Монгол Улс болон бусад барууны орнуудад П.Хорлоогийн гардаж хийсэн хөлийг нь дөрөөнд хүргэсэн хүн олон байдаг. Тэдний төлөөлөл энд хүрэлцэн ирсэн байна. Тиймээс түүний үйлс зөвхөн Монгол Улсаар хязгаарлагдахгүй. Дэлхий ний­тийн үйлс юм. Үүнийг нь дурсаад олон улсын хурал, хүндэтгэлийн арга хэмжээ зохион байгуулж байна. Мөн төрсөн нутаг болох Өвөрхангай аймгийн Арвайхээр хотын нэгдүгээр 10 жилийг түүний нэрэмжит болгож байгаа. Хөшөө дурсгалыг нь сургуу­лийнх нь өмнө сүндэрлүүлсэн” гэв. Хурлын үеэр түүний шавь нар хүн­дэтгэлийн үг хэлж, багшийнхаа талаарх дурсамжаа хуваалцсан юм. Эх орноо хөгжүүлэхийн тулд зүгээр суулгүй их зүйл хийх хэрэгтэй гэж захи­даг байсан тухай дурсан ярьж байв.
ӨМӨЗО-ы Багшийн их сургуулийн доктор, профессор О.Жагар “П.Хорлоо баг­шийн мэндэлсний 100 жилийн ойг дурсаж байгаа энэ сайхан өдөр хүрэл­цэн ирж мэндчилгээ дэвшүүлж байна. Тэрбээр аман зохиол эрдэм шинжил­гээг хослуулсан судалгааны томоохон  эрдэмтдийн нэг. Монгол судлал нь дэлхийн хэмжээнд хөгжсөн томоохон судлал. Үүнийг дэлхийн олон улс орнуудад хүргэсэн хүн. Хоёр улсын соёлын солилцоо улам нягтаршиж байгаа энэ үед бид цаашид өв соёлоо уламжилж, онцлогийг нь илүү гаргаж, даян дэлхийд ухааруулах нь бид бүхний өмнө тулгарч буй зайлшгүй үүрэг юм. Тиймээс бид ӨМӨЗО-ийн Их сургууль, багшийн их сургууль, Нийгмийн шинжлэх ухааны академи зэрэг газруудад монгол уран зохиол, эртний уран зохиол, аман зохиол чиглэлээр эрдэмтэн, докторууд бэлтгэж байна. Мөн залуу судлаачид энэ чиглэлээр олон ажлууд хийж эрдэм шинжилгээг хөгжүүлж байна. 1950-иад оноос ардын аман зохиол дөнгөж эхэлж байсан бол одоо өрнөлийн шатандаа орж, хүрээгээ тэлэн шинжилгээний төвшинд хүрч байна” гэв.
П.Хорлоо гуай боловсролын салбар, утга зохиол, хэл шинжлэлд хувь нэмрээ оруулж Монголын ардын аман зохиолыг шинэ шатанд гаргасан хүн юм. Түүнээс гадна энх тайвны зүтгэлтэн хүн байжээ.

ШУА-ийн ерөнхийлөгч, академич Д.Рэгдэл “Д.Хорлоо гуай Ази, Африкийн Монголын Энхтайвны хороонд 20 гаруй жил ажиллахдаа улс орнуудын хооронд энх тайвныг бэхжүүлэх, ойлголцуулахад цуцалтгүй ажилласан гавьяатай хүн юм. Хамгийн сүүлийн номоо 91 настайдаа хэвлүүлсэн гайхамшигтай ажилсаг, чадвартай хүн байсан. Хүн талаасаа олон хүнийг өөртөө татаж чаддаг. Ямар ч том танхимд микрофон хэрэглэхгүйгээр ярьдаг. Хүчирхэг дуу хоолойтой хүн байснаас гадна ямар ч арга хэмжээн дээр цаас харалгүйгээр үгээ хэлдэг байв. Үгийн утга, сонголт, локигийн ямар ч алдаагүй ярьдаг авьяаслаг, мундаг хүн байлаа. П.Хорлоо гуайн мэндэлсний 100 жилийн ойг Хүрээлэнгийн хамт олонтойгоо хамтран зохион байгуулж байгаадаа баяртай байна” гэлээ. Мөн “Түүний бичсэн зохиолууд хүүхдийн хүмүүжилд эерэг нөлөөтэй, хялбар, хүүхдийн хэлээр бичигдсэн байдаг. Түүнчлэн энэ хүний шинжлэх ухааны бүтээлүүд ч одоог хүртэл шинжлэх ухаанд ашиглагдсаар байна . Тухайлбал, 2011 онд ОХУ-ын шинжлэх ухааны академийн монгол төвүүд, будда судлалын хүрээлэнгээс ирсэн бүтээлд П.Хорлоо гуайн бүтээлээс ишлэл авч, ашигласан байгаа юм. Энэ нь П.Хорлоо гуайн 1950-иад онд бичсэн бүтээл 50, 60 жилийн дараа дэлхийн шинжлэх ухааны зах зээлийн эргэлтэд байна гэсэн үг. Энэ хүний бүтээл өөрөө өөрийгөө хөгжүүлж байна. Бүтээлийг мөнхжүүлэх, олон нийтэд алдаршуулах энэ ажлыг ӨМӨЗО, Буриад, манай улсад байгаа түүний шавь нар, түүний залгамжлагчид, хүрээлэнгийнхэн олон нийтэд дамжуулан хүргэж байгаа” гэж ярилаа.


 

Эх сурвалж: “Үндэсний шуудан” сонин



Бусад мэдээлэл