Монгол, Хятадын эрдэмтэд хамтран цусны цочмог хавдрын эмчилгээний шинэ хувилбарыг бүтээв
Монгол, Хятадын эрдэмтэд хамтран цусны цочмог хавдрын эмчилгээний шинэ хувилбарыг бүтээв

“Хүнцэлд тэсвэртэй цусны цочмог хавдрын эмчилгээнд гурван валенттай хүнцлийн исэл ба интерферон альфа хавсарсан үйлдлийн механизмыг судлах нь” Монгол Улс, БНХАУ-ын хамтарсан төсөл 2021-2025 онд амжилттай хэрэгжив. Энэхүү төслийн удирдагчаар БНХАУ-ын талаас профессор Наранмандура (Naranmandura), Монголын талаас академич Шаравын Болд нар ажиллажээ.   
Цусны цочмог хорт хавдар (Acute promyelocytic leukemia-APL) нь химийн эмчилгээнд үр дүн муутай, тэсвэржилт өгөх нь элбэг, нас баралт өндөртэй эмгэг юм. Хятадын болон Монголын уламжлалт анагаах ухаанд эртнээс хэрэглэгдэж ирсэн гурван валенттай хүнцэл (Арсен)-ийн ислийг интерферонтой хослон хэрэглэснээр эмэнд тэсвэрлэх байдлыг нь дарж, хавдрын эсийн тоог бууруулж, нас баралтыг багасгах боломжтой эсэхийг судлан тогтооход төслийн зорилго оршиж байв.
Хүнцэл буюу чулуун хор нь хор, эмчилгээний бодис, гоо сайхны бүтээгдэхүүнд ашиглагдаж ирсэн урт түүхтэй. Тодруулбал, хүнцлийн триоксид (As2O3) болон реалгар (As4S4) нь 2000 гаруй жилийн турш Хятадын уламжлалт анагаах ухааны жорын бүрэлдэхүүнд ордог эмийн түүхий эд байсаар өнөөг хүртэл уламжлагдан ирж, уламжлалт болон орчин цагийн анагаах ухаанд хэрэглэгдсээр байна. Ш.Болд академичийн сүүлийн 40 шахам жилийн турш цуглуулсан Монголын уламжлалт анагаах ухааны 300 гаруй том, жижиг хэмжээтэй судар номуудад хүнцлийг номхотгон элдэв зүйлийн яр шархны эмийн найрлагад оруулан, уг жорыг яр шарх бүгдийг эмчлэх дээд эм хэмээн тэмдэглэсэн гар бичмэл судрууд олдсон. Эдгээр судар номоос чулуун хор буюу хүнцлийг тусгайлан судалж, Хятадын нэртэй эрдэмтэдтэй хамтран цусны цочмог хавдрын эмчлэх боломжтойг тогтоожээ.         
Интерферон (IFN) нь чухал цитокин болохын хувьд биологийн өргөн үйлдэлтэй байдаг. Түүнчлэн IFN нь хавдрын эсийн өсөлтийг дарангуйлахаас гадна хорт хавдрын эсийн химийн эмчилгээнд тэсвэртэй байдлыг дарангуйлж өгдөг. Энэхүү судалгаанд IFN нь цусны цочмог хавдрын эсүүд дэх эндоген PML уургийн түвшинг нэмэгдүүлэх нь ATO (гурван валенттай хүнцлийн исэл)-ийн өдөөгдсөн PML/RARα (нийлмэл уураг) онкопротеины задралыг дэмждэг. APL-ийн эмчилгээнд IFN-ийг ATO-тэй хавсарч эмнэл зүйн эмчилгээнд хэрэглэснээр эмэнд тэсвэржилтийг дарах боломжтойг судлан тогтоожээ. Үүний зэрэгцээ PML-ийн изоформуудын ATO (гурван валенттай хүнцлийн исэл)-ийн эмчилгээнд үзүүлэх хариу урвалын суурь механизмыг судалж, IFN-ээр PML уургийн илэрхийлэл ихсэх нь PML/RARα нийлмэл уургийн ATO (гурван валенттай хүнцлийн исэл)-ээр эмэнд тэсвэртэй APL-ийн эсийн задралыг хурдасгаж байгааг судалжээ.  
Цусны цочмог хавдар (APL) нь химийн эмчилгээнд үр дүн өгөхгүй, нас баралт өндөр эмгэг бөгөөд Хятад, Монголын уламжлалт анагаах ухаанд урт хугацаааны турш хэрэглэж ирсэн гурван валенттай хүнцлийн ислийг (As2O3) интерферонтой хослон хэрэглэснээр цусны хавдрын эмэнд тэсвэрлэх чанарыг дарж, эмчилгээний үр дүнг нэмэгдүүлэн, нас баралтыг бууруулж, эмчилгээний дараах насжилтыг нэмэгдүүлэх боломжтой болсон байна.  
Энэхүү судалгаа нь уламжлалт анагаах ухааны олон зуун жилийн туршлагыг орчин үеийн анагаах ухааны аргаар судлах, инновацыг төрүүлэх суурь судалгаа юм.
Судалгааны үр дүнгээр:   
  1. Шинээр гарган авсан эмчилгээний арга нь өндөр үр дүнтэй,
  2. Эмчилгээний шинэ горимыг бий болгох үндэслэл болсон,
  3. Монгол Улсад хүнцэл, мөнгөн ус, ринсрэл зэрэг урьд нь судлагдаж байгаагүй эрдсийн судалгааг уламжлалт анагаах ухааны эртний судар номоос олж тогтоон, орчин үеийн анагаах ухааны аргаар судлах эхлэл (суурь)-ийг тавьжээ.
Түүнчлэн судалгааны үр дүнгийн эдийн засаг, нийгмийн болон шинжлэх ухааны ач холбогдол нь дэлхийн шинжлэх ухааны түвшинд нийцсэн гэж үзсэн. Жишээлбэл:
  1. Эмчилгээний үр дүн дээшилж, нэг өвчтөнд зарцуулах нэмэлт эмчилгээний өртгийг бууруулах боломжтой болсон.
  2. Цусны хорт хавдрыг эмчлэх, нас баралтыг бууруулах боломж нэмэгдсэн.
  3. Эмчилгээний шинэ арга, горимыг тогтоон улмаар инновацын шинэ бүтээгдэхүүн бий болгож цаашид практикт нэвтрүүлэх суурь тавигдсан хэмээн үзэж байна.
            Академич Ш.Болд судалгааны багтай хамтран “Development of metal-based drugs and application in treatment” өгүүллийг SCOPUS-т бүртгэлтэй, 1.2 импакт фактортой  “The Natural Products Journal” сэтгүүл (Volume 12, Issue 3, 2022)-д нийтлүүлснээс гадна “Targeted therapy in acute myeloid leukemia: Resistance and overcoming strategy” өгүүллийг хамтарсан зохиогчоор “Drug Resistance Updates” сэтгүүл (Volume 83, Nov. 2025)-д хэвлүүлсэн байна. “Drug Resistance Updates” сэтгүүл нь SCOPUS-т бүртгэлтэй, 21.7 импакт фактортой эрдэм шинжилгээний тэргүүлэх сэтгүүл юм.
            Цусны цочмог хавдрын эмчилгээний шинэ хувилбарыг бий болгох хамтарсан төслийг амжилттай хэрэгжүүлэн, судалгааны үр дүнгээр олон улсын нэр хүндтэй, сэтгүүлд бүтээлээ хэвлэн нийтлүүлэн, Монголын уламжлалт анагаах ухааны баялаг өвийг шинжлэх ухааны эргэлтэд оруулж буй судалгааны багт Монголын болон дэлхийн шинжлэх ухаанд улам ихийг бүтээхийг дээдлэн ерөөе!

Эрдмийн цагаан буян дэлгэрч байх болтугай.

 

ШУА-ийн төрөлжсөн академи

Монголын Анагаах Ухааны Академи


Бусад мэдээлэл