“Эрдэм Идеатон – 2026” төслийн санаа уралдуулах уралдаант арга хэмжээ амжилттай зохион байгуулагдлаа
“Эрдэм Идеатон – 2026” төслийн санаа уралдуулах уралдаант арга хэмжээ амжилттай зохион байгуулагдлаа

   Эдийн засаг, хөгжлийн яамны дэргэдэх Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах төвд зохион байгуулагдаж буй “Шинжлэх ухаан, технологийн салбарт хөрөнгө оруулалт хийх боломж” сэдэвт долоо хоногийн арга хэмжээний хүрээнд 2026.03.31-ний өдөр “Шинэ санаанаас оюуны өмч рүү “Эрдэм Идеатон-2026” уралдаант арга хэмжээг ШУА амжилттай зохион байгууллаа.
   Арга хэмжээг Монгол Улсын Шинжлэх ухааны академийн дэд ерөнхийлөгч, академич Б.Авид нээж үг хэлэв. Өдөрлөгийн хүрээнд салбарын мэргэжилтнүүд оюуны өмч, бизнес хөгжүүлэлт, инновацын санааг бодит төсөл болгох чиглэлээр илтгэл тавьж, зөвлөгөө өглөө. Тухайлбал, Оюуны өмчийн газрын Шинэ бүтээл, ашигтай загварын ахлах шинжээч Б.Оргилмаа “Оюуны өмчийн тогтолцоо, оюуны өмчийн эрхийн хамгаалалт”, Үндэсний шинжлэх ухаан, технологийн сангийн Мэдээллийн сан, төслийн хяналт, шинжилгээний хэлтсийн дарга, доктор (Ph.D) Л.Тогтохбуян “Таны бизнес модель”, ШУА-ийн  Инновацын хэлтсийн оюуны өмч, технологи дамжуулалт хариуцсан мэргэжилтэн доктор (Ph.D) Т.Бадамхатан “Найраа буюу питч хэрхэн хийх вэ” сэдвээр тус тус илтгэл танилцууллаа.
   Арга хэмжээний үндсэн хэсэг болох “Эрдэм-Идеатон” уралдаанд нийт 12 баг оролцож, шинжлэх ухаанд суурилсан инновацын төслийн санаагаа 5 минутын питч илтгэлээр танилцуулан, шүүгчдийн асуултад хариулж өрсөлдсөн юм. Оролцогчдын төслүүд нь хиймэл оюун ухаан, эрүүл мэнд, сэргээгдэх эрчим хүч, биотехнологи, материал судлал, байгаль орчны шийдэл зэрэг өргөн хүрээг хамарсан байв.   
 Уралдааны дүнгээр дараах 5 багийн төслийн санаа шалгарч, “Эрдэм-Хакатон – 2026” арга хэмжээнд оролцох эрх болон мөнгөн шагналаар шагнагдлаа. Үүнд:
  • Г.Түвшин ахлагчтай “Axivus” багийн “Монгол үхрийн ширнээс коллаген үйлдвэрлэх” төсөл;
  • Доктор А.Түвшинжаргал ахлагчтай багийн дэвшилтэт 3D хэмжээст дэлгэц, холограм технологи болон хиймэл оюунд суурилсан 3D дүрс боловсруулах төсөл
  • АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлгийн Ж.Саруулхунан ахлагчтай “Mon-LOINC” Монголын нэгдсэн эмнэлзүйн өгөгдлийн дэд бүтэц хөгжүүлэх төсөл
  • ШУА-ийн Физик технологийн хүрээлэнгийн Сэргээгдэх эрчим хүчний лабораторийн М.Мэргэн ахлагчтай “Нарны зайн хосолсон системийн ухаалаг удирдлага” төсөл
  • ХААИС-ийн Дархан салбар сургуулийн Д.Нандинцэцэг ахлагчтай Дархан цеолит багийн “Монгол ургамлын ханд ашигласан ногоон цеолит-зэсийн нанокомпозитын ус цэвэршүүлэх шийдэл” төсөл

Эрдэм-Идеатонд оролцсон бусад багийн төслүүдийг танилцуулбал:

  1. ШУА, Физик технологийн хүрээлэнгийн Квант физикийн салбарын ЭШАА Ц.Банзрагч “Агаарын молекулыг ионжуулж үүл үүсэх процессыг хурдасгах технологи” -ийн төсөл,
  2. Анагаах ухааны хүрээлэнгийн “Мedcalc Мongolia fib-4 онооны апликэйшин зохион бүтээх” төсөл,
  3. МУИС-ийн Баруун бүсийн сургуулийн Ж.Золбаяр ахлагчтай “Мөсөн суварга” төсөл,
  4. ШУА, Хими, химийн технологийн хүрээлэнгийн Ereky багийн “Collagen chews” төсөл,
  5. МУИС, Химийн тэнхимийн Проф. Ш.Наранмандах ахлагчтай “Growith” багийн малын хаягдал арьснаас азотын шингэн бордоо гарган авах технологийн төсөл,
  6. ШУА, Технологийн инкубаторын Б.Номин ахлагчтай Bio innovators багийн “Eco fiber filter” жимсний биохаягдалаас гарган авсан эслэгт суурилсан ус цэвэршүүлэх био фильтер төсөл,
  7. МУИС-ийн Инженер технологийн сургуулийн хүрээлэн буй орчин, ойн инженерчлэлийн тэнхим, Х.Ану-үжин ахлагчтай “Wooly” багийн хонины ноосон эко порлон үйлдвэрлэх төсөл тус тус танилцуулав.
Тус арга хэмжээг хааж Төр, хувийн хэвшлийн түншлэлийн газрын дарга Баясгалан үг хэлэв  “Эрдэм-Идеатон – 2026” арга хэмжээ нь залуу судлаачдыг чадавхжуулах, судалгаанд суурилсан инновацын санааг хөгжүүлж, оюуны өмч болгон хамгаалах, улмаар зах зээлд нэвтрүүлэх боломжийг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой арга хэмжээ болж өндөрлөлөө.












Бусад мэдээлэл
ЭМГЭНЭЛ
15 өдрийн өмнө
Мэндчилгээ
1 сарын өмнө