Вэбсайтын цэс
Хэлний сонголт
МОНГОЛД АРХЕОЛОГИЙН МУЗЕЙ БАРИХАД ХАМТРАН АЖИЛЛАХЫГ ХҮСЛЭЭ
МОНГОЛД  АРХЕОЛОГИЙН МУЗЕЙ БАРИХАД ХАМТРАН АЖИЛЛАХЫГ ХҮСЛЭЭ

БНСУ-ын Үндэсний төв музей, Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн Түүх археологийн хүрээлэн, Монголын Үндэсний музей, Богд Хааны ордон музейтэй хамтран “Хааны эзэнт гүрэн Монгол”  үзэсгэлэнг өнгөрсөн тавдугаар сард БНСУ-д зохион байгуулсан билээ.

Хоёр сарын турш БНСУ-ын Үндэсний музейд дэлгэгдсэн үзмэрүүд Солонгосын ард түмний сонирхлыг ихэд татсан гэдгийг Солонгосын Үндэсний музейн захирал Бэ Ги Дун ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэлтэй уулзах үеэрээ онцоллоо.    

Шинжлэх ухааны академи нь БНСУ-ын Үндэсний төв музейтэй 20 орчим жил хамтын ажиллагаатай байгаа олон жилийн түнш байгууллагуудын нэг юм. Уулзалтын үеэр ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэл Монголд удахгүй хэрэгжих Археологийн музей барих асуудалд БНСУ-ын Үндэсний төв музей  мэргэжлийн туслалцаа үзүүлж хамтран ажиллахыг хүслээ.

Харин Солонгосын Үндэсний музейн захирал Бэ Ги Дун  “Бүх талын зөвлөгөө өгч хамтран ажиллахад бэлэн байна” гэдгээ илэрхийлээд “Манай ард түмэн нүүдэлчдийн соёл тэр тусмаа Хүннүчүүдтэй холбоотой олдворуудыг маш их сонирхдог. Энэ удаагийн үзэсгэлэнгээр  бүх цаг үеийн нүүдэлчдийн соёлын өвийг нэг дороос үзэх боломж олгосон бид их талархаж байна. Солонгос хүмүүс ахиж Монголд ирж эдгээр үзмэрийг үзэх байх. Монгол оронд түүхийн том үйл явдлууд өрнөсөн байдаг. Энэ ч утгаараа археологийн судалгаагаа илүү хөгжүүлээд явбал, цаашдаа Евро Азийн түүхийг шинээр бичих боломж бий болно” гэсэн юм.  

Солонгосын Үндэсний музейн зүгээс дээрх үзэсгэлэнд ашигласан 214 сая төгрөгийн өртөг бүхий үзмэрийн шилэн хорго, тавиур, дүрс бичлэг, Монгол хэлээр хэвлүүлсэн каталоги зэрэг тоног төхөөрөмжийг үзэсгэлэн хамтран зохион байгуулсан ШУА-ын Түүх, археологийн хүрээлэн, Монголын Үндэсний музей болон Богд хааны ордон музейд гардуулан өгсөн юм. Дээрх тоног төхөөрөмжийг хүлээн авснаар Монголын Үндэсний музей, ШУА-ын Түүх, археологийн хүрээлэнгийн музей, Богд хааны ордон музей нь стандартын шилэн хоргонд үзмэрээ хадгалан, нийтэд дэлгэн үзүүлэх боломжтой болж байна.


 


Бусад мэдээлэл