ШУА-ийн
Тэргүүлэгчдийн хурал өчигдөр хуралдаж дараах асуудлуудыг хэлэлцлээ.
Хуралдаанаар:
ШУА-ийн ээлжит Их чуулганыг энэ сарын 19-ний пүрэв гаригт хуралдахаар тов тогтлоо.
·Өнгөрсөн 10 дугаар сарын 22-нд ШУА-ийн Их чуулганаар Ерөнхийлөгчийн сонгууль явагдаж одоогийн ерөнхийлөгч Д.Рэгдэл улиран сонгогдсон. Уламжлал ёсоор ШУА-ийн ерөнхийлөгчийн сонгууль явагдсны дараа нэг сарын хугацаанд багтаж ШУА-ийн дэд ерөнхийлөгч, эрдэмтэн нарийн бичгийн дарга, Тэргүүлэгч гишүүдээ сонгодог байна. Тиймээс ээлжит Их чуулганаа зарлаж дээрх сонгуулийг явуулахаар ШУА-ийн Их чуулганыг энэ сарын 19-ний пүрэв гаригт хуралдуулахаар тов тогтлоо.
Салбарын бага чуулганы гишүүдийн 50 хувиас илүү хувь нь ШУА-иас гадуурх байгууллагаас сонгогджээ
·Энэ сарын 3-ны өдөр ШУА-ийн салбарын бага чуулганы гишүүнийг сонгох сонгууль явагдсан. Тус сонгуулийг дүнг Тэргүүлэгч гишүүд хэлэлцэж батлав.
ШУА-ийн салбарын Бага чуулганы гишүүний сонгуульд салбарын 6 бага чуулганаас 47 мэргэжлийн
чиглэлийн 104 орон тоог зарласан бөгөөд нийт 25 байгууллагын 205 эрдэмтэн нэр
дэвшиж, материалаа ирүүлжээ. Сонгуулийн журмын шаардлагыг хангасан 205
эрдэмтэн салбарын 6 бага чуулганы 43 мэргэжлийн чиглэлийн 100 орон тооны төлөө
өрсөлдөж 43 мэргэжлийн чиглэлээр 100 эрдэмтэн Бага чуулганы гишүүнээр
сонгогджээ. Энэ удаагийн сонгуульд нэр дэвшсэн 205 эрдэмтний 24% буюу 50
эрдэмтэн нь шинжлэх ухааны докторын зэрэгтэй байсан бол Бага чуулганы гишүүнээр
сонгогдсон 100 эрдэмтний 24 нь шинжлэх ухааны докторын зэрэгтэй эрдэмтэд байна.
Салбарын бага чуулганы гишүүнд эрдэмтдээ нэр дэвшүүлсэн 25 байгууллагын 72 хувь
буюу 18 байгууллага нь ШУА-ийн салбарын бага чуулганд төлөөлөлтэй болсон байна.
ШУА-ийн салбарын бага чуулганд 18 байгууллагын
төлөөлөл орно гэдэг томоохон
өөрчлөлт, шинэчлэл юм. Ингэснээрээ Шинжлэх ухааны академийн Бага чуулган нь Монгол улсын хувьд шинжлэх ухааны салбарт
ажилладаг хамгийн том төлөөлөл өргөн бүрэлдэхүүнтэй байгууллага болж байна.
Өөрөөр хэлбэл, нийт төлөөллийн 50 хувиас илүү хувь нь ШУА-иас гадуурх байгууллагаас сонгогдсон явдал нь эрдэмтдийн дуу хоолой төр засгийн түвшинд хүрэх боломж нэмэгдэж байгаа юм.
Монгол улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит шагналд нэр дэвших эрдэмтдийн нэр тодорлоо
·Монгол улсын ерөнхийлөгч Шинжлэх ухаан технологийн салбарын шилдэг гурван залуу эрдэмтнийг жил бүр шагнадаг уламжлалтай. Уг шагналд ямар эрдэмтдийг тодорхойлох үүргийг ШУА хүлээдэг. Өнөө жил тус шагналд 6 эрдэмтэн бүтээлээ ирүүлжээ. Эдгээрээс сонгон шалгаруулахдаа олон улсын өндөр IF-тай сэтгүүлд хэвлүүлсэн бүтээлийнх нь тоо, чанарын үзүүлэлтийг гол шалгуур болгодог баййна. Өнөө жил дараах гурван эрдэмтнийг Монгол улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит шагналд тодорхойлж хүргүүлэхээр боллоо.
Үүнд:
·ШУА-ийн Хими, химийн
технологийн хүрээлэнгийн эрдэм
шинжилгээний ажилтан, доктор (Ph.D) О. НАСАНТОГТОХ “Хүнцэл(III)-ийг исэлдүүлэн тунадасжуулах аргаар хаягдал уснаас зайлуулах
шинэ технологи” бүтээлээр
·ШУТИС-ийн механик, тээврийн сургууль машин үйлдвэрлэлийн салбарын дэд профессор Л. Тэлмэнбаяр “6061 маркийн хөнгөнцагааны хайлшийн гадаргууд бүрхүүл тавьж зэврэлтэнд тэсвэртэй болгох” бүтээлээр
·Эм судлалын хүрээлэнгийн эрдэм
шинжилгээний зөвлөх, доктор (Ph.D) Д. ХАНДМАА “Бактерийн эсрэг болон судас үүсгэлтийг дэмжих
үйлдэлтэй эмчилгээний ион агуулсан микробөмбөлөг гарган авч эдийн нөхөн
төлжилтөнд ашигласан нь” бүтээлээр тус тус нэр дэвшүүллээ.