Монгол Улсын ШУА-ийн эрдэмтэн Академи хоорондын түншлэл (Interacademy Partnership (IAP)) олон улсын байгууллагын хорооны гишүүнээр сонгогдлоо
Монгол Улсын ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн Хэрэглээний хэл шинжлэлийн салбарын эрхлэгч, хэл бичгийн ухааны доктор Н.Мөнхцэцэг Академи хоорондын түншлэл (The InterAcademy Partnership (IAP)) олон улсын байгууллагын удирдлагын сонгууль (Leadership Election)-д амжилттай оролцож, Харилцаа холбоо, боловсрол, олон нийттэй харилцах хороо (Communication, Education, and Outreach Committee)-ы гишүүнээр сонгогдлоо.
Академи хоорондын түншлэл (IAP) нь боловсрол, шинжлэх ухааныг хөгжүүлэх, дэлхий нийтийн тулгамдсан асуудлуудыг нотолгоонд суурилан шийдвэрлэхэд чиглэсэн, үндэсний, бүс нутгийн болон олон улсын нийт 153 шинжлэх ухааны академийг нэгтгэсэн хамтын ажиллагааны томоохон сүлжээ байгууллага юм. Монгол Улсын ШУА нь уг байгууллагын гишүүн бөгөөд шинжлэх ухааны олон салбар чиглэлд гишүүн орнуудтай хамтран ажилладаг.
Энэхүү олон улсын байгууллагын Харилцаа холбоо, боловсрол, олон нийттэй харилцах хороо (Communication, Education, and Outreach Committee) нь шинжлэх ухааны мэдлэгийг олон нийтэд түгээх, шинжлэх ухаан, боловсролыг дэмжих, гишүүн байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх чиг үүрэгтэй.
Доктор Н.Мөнхцэцэг нь Энэтхэг, Финланд, Австри улсын засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрөөр суралцаж, олон жилийн турш хэл шинжлэл, нэр томьёо судлал, олон улсын хамтын ажиллагааны чиглэлээр идэвхтэй ажилласан судлаач юм. Тухайлбал, өөрийн судалгааны чиглэлээр 12 оронд олон улсын хуралд илтгэл хэлэлцүүлж, “Нэр томьёо ба шинжлэх ухаан, технологийн хөгжил” олон улсын хурлыг санаачлан 2022 онд УИХ-ын дарга Г.Занданшатарын ивээл дор, 2024 онд Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор тус тус амжилттай зохион байгуулснаас гадна олон улсын ISO TC 37 Language and Terminology техникийн хорооны гишүүн болон олон улсын нэр томьёоны байгууллага Infoterm-ийн ТУЗ-ийн гишүүнээр сонгогдон ажиллаж байгаа бөгөөд Австрийн Вений их сургуулийн Орчуулга судлалын төв, Австрийн ШУА-ийн Хүмүүнлэгийн ухааны цахим төв, олон улсын Infoterm-ийн судлаачидтай хамтарсан төсөл санаачлан, амжилттай хэрэгжүүлсэн, хүрээлэнгээ 2018 онд, Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын үндэсний зөвлөл, Хууль зүйн үндэсний хүрээлэнг 2022 онд олон улсын нэр томьёоны байгууллага Infoterm-ийн гишүүн байгууллагаар тус тус элсүүлсэн зэрэг олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд зохих хувь нэмэр оруулж байгаа эрдэмтэн юм. Тиймээс олон улстай хамтран ажилладаг түүний туршлага нь Академи хоорондын түншлэл (IAP)-ийн Харилцаа холбоо, боловсрол, олон нийттэй харилцах хороо (Communication, Education, and Outreach Committee)-ы үйл ажиллагаанд болон Монгол Улсын боловсрол, шинжлэх ухааны гадаад хамтын ажиллагаанд чухал хувь нэмэр оруулна гэж үзэж байна.
Энэхүү сонголт нь Монгол Улсын эрдэмтдийн олон улсын тавцанд байр сууриа бэхжүүлж, шинжлэх ухааны бодлого, боловсрол, олон нийттэй харилцах үйлсэд манлайлан оролцох шинэ боломжийг нээж байгаа чухал үйл явдал юм.

Бусад мэдээлэл