Вэбсайтын цэс
Хэлний сонголт
ГАНЖУУР СУДЛААЧ ОЛОН УЛСЫН ЭРДЭМТЭД ЧУУЛЛАА
ГАНЖУУР СУДЛААЧ ОЛОН УЛСЫН ЭРДЭМТЭД ЧУУЛЛАА

            ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэн, Олон улсын Монгол судлалын холбоо хамтран “Бурхан багшийн айлдвар: Монгол ганжуурын судалгаа” сэдэвт олон улсын хурлыг 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдөр ШУА-ийн Тэргүүлэгчдийн газрын хурлын танхимд эхэллээ.

Тус хуралд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга амжилт хүсч, мэндчилгээ дэвшүүлжээ. Хурлыг нээж ШУА-ийн Ерөнхийлөгч, академич Д.Рэгдэл, ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгийн захирал, доктор (Sc.D), Олон улсын Монгол судлалын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга С.Чулуун нар үг хэлсэн юм.

Үүний дараа “Монгол Ганжуур бичвэрийн хөдөлгөөн тогтолцоо болох нь” сэдэвт үндсэн илтгэлийг ОХУ-ын эрдэмтэн К.В.Алексеев тавилаа.

ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгээс 2015-2017 онд хэрэгжүүлж буй “Монголчуудын эртний оюуны өв Ганжуур, Данжуур судруудыг орчин цагийн монгол хэлнээ  хөрвүүлэх их хөтөлбөрийн суурь судалгаа” төслийн хүрээнд хийж буй  энэхүү хурал нь Бурханы шашны их хөлгөн судар Монгол бичмэл, дармал Ганжуурын түгэн дэлгэрсэн байдал, орчуулга, хөрвүүлгийн тухай шинэ мэдээ баримтуудыг эрдэм шинжилгээний эргэлтэд оруулах, Монгол Ганжуурыг түүх, гүн ухаан, хэл шинжлэл, уран зохиолын үүднээс судалсан  үр дүнгээр сэдвийн судалгааг баяжуулах, судалгааны цар хүрээг тэлж өргөжүүлэх, олон  улсын  эрдэмтдийн хүчин чармайлтыг нэгтгэн цогц судалгаа явуулахад чиглэж байгаагаараа онцлог юм.

Монгол Улсын Засгийн Газрын 2002 оны 118 дугаар тогтоолоор түүх соёлын “Хосгүй үнэт” өвд бүртгэгдсэн Есөн эрдэнийн ганжуурыг ЮНЕСКО-ийн Дэлхийн өвд бүртгэсэн байдаг.

Олон улсын хурлын хүрээнд 7 дугаар сарын 21-ний 14.00 цагт Үндэсний номын санд “Зарлиг эрдэний монгол соёл” үзэсгэлэн, 15.00 цагт Г.Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музейд“Монголчуудын Ганжууртай холбоотой ном бүтээлийн өв” үзэсгэлэнгүүд дэлгэгдсэн юм. Тус хурал нь Ганжуур судлаач дэлхийд нэртэй эрдэмтэд Улаанбаатар хотноо анх удаа чуулж байгаагаараа онцлог юм. Хурлыг Үндэсний номын сан, МБШТөв Гандантэгчэнлин хийд, Эрдэм соёлын хүрээлэн, Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей, Богд хааны ордон музей хамтран зохион байгуулав.

Олон улсын эрдэм шинжилгээний хуралд Монгол улсын ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэн, Хэл зохиолын хүрээлэн, Гандантэгчэнлин хийдийн Эрдэм соёлын хүрээлэн, МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхим, Философи, Шашин судлалын тэнхим, Монголын Үндэсний Номын сан, “Цогт Цагийн хүрдэн соёлын төв”, Зүүн хүрээ Дашчойлин хийд, Зүүн хүрээ коллеж;  ОХУ-ын ШУА-ийн Дорно дахины гар бичмэлийн хүрээлэн, Сибирийн салбарын Монгол, төвд, буддын судлалын хүрээлэн, Тувагийн Хүмүүнлэгийн судалгааны хүрээлэн, А.Н.Северцовын нэрэмжит Байгаль орчин, хувьслын хүрээлэн, Санкт-Петербургийн Улсын их сургууль, Халимагийн Улсын их сургууль; БНХАУ-ын Өвөр Монголын Багшийн их сургууль, ӨМӨЗО-ны Номын сан; АНУ-ын Калифорнийн их сургууль; БНКазахстан улсын Назарбаевын их сургууль; БНУУ-ын Өтвөш Лорандын их сургууль; БНПУ-ын Варшавын их сургууль; БНЧУ-ын Карлын их сургууль; ИБУИНВУ-ын Кембриджийн Их сургууль; ХБНГУ-ын Улсын Төв Номын Сан; Япон улсын Токиогийн Гадаад судлалын их сургууль, Отани их сургууль зэрэг 11 орны эрдэм шинжилгээний хүрээлэн, их сургууль, Номын сан зэрэг байгууллагыг төлөөлсөн 36 эрдэмтэн судлаачид илтгэл хэлэлцүүлж өөрсдийн судалгаа шинжилгээний хамгийн сүүлийн үеийн шинэ үр дүнгээ танилцуулагдав.  Үүнд:

            “Монгол Ганжуур бичвэрийн хөдөлгөөн тогтолцоо болох нь” (К.В.Алексеев, ОХУ)  үндсэн илтгэл болон “Монголчуудын Ганжууртай холбоотой хийсэн зүйл болон ном бүтээл” (Р.Бямбаа, БНПУ), “Цэндийн Дамдинсүрэнгийн гэр музейд хадгалагдаж буй Ганжуур болон Ганжууртай холбогдолтой судруудын тухай” (А.Д.Цендина, ОХУ), “Орос ба Европын цуглуулгад буй гар бичмэл гурван монгол Ганжуурын хэсгээс”(Н.В.Ямпольская, ОХУ), “Японд хадгалагдаж буй монгол Ганжуур, Данжуурын тухай товч мэдээ” (Такаши Мацүкава, Япон улс), “Монгол Ганжуурын бар хэвлэлийн түүхийг өгүүлэх нь”(Сэцэнбилиг, БНХАУ), “Хүрээ Ганжуурыг бүтээсэн тухай өгүүлэх нь”(Телеки Кристина, БНУУ), “ХХ зууны эхээр япончууд Монгол Ганжуурыг эрэн сурвалжилсан нь: Эзэн хааны их сургуулийн “мартагдсан” Ганжуурын тухай” (Наками Тацуо, Япон улс), Санкт-Петербургийн Монгол Ганжуур дахь “Алтангэрэл судар”-ын гурван  хувилбарын тухай (Н.С.Яхонтова, ОХУ),  “Тарваченбо буюу Их тонилогч судрын 1708  оны монгол гар бичмэлийн тухай” (Агата Барея-Старжинска, БНПУ), “Монгол Ганжуурын төгсгөлийн шүлэг дэх түүх бичлэгийн холбогдол бүхий мэдээ занги” (Д.Цэрэнсодном, Монгол улс), “Монгол Ганжуурыг хэл шинжлэлийн үүднээс авч үзэх нь”(Михаэл Балк, ХБНГУ), “Цогт цагийн хүрдэн нэрт дандарисийн хаан” ба “Хутагт дээдийн номыг дурдахуй ойр агуулахуй“ судруудын хэл шинжлэлийн  харьцуулсан судалгаа”  (Весна А.Валлас, АНУ), “Ганжуурын орчуулгад Ширээт гүүшийн оруулсан хувь нэмэр”(Д.Бүрнээ, Монгол улс ), “Дайчин улсын үед “Ганжуур”-ыг монголоор орчуулж хэвлүүлсэн зарим асуудлын тухай” (Хурц,  БНХАУ) зэрэг олон сонирхолтой илтгэлүүд хэлэлцүүлсэн юм.


 


 



Бусад мэдээлэл