Монгол улсын ШУА-ийн “Хүндэт доктор” цолыг БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотын Багшийн их сургуулийн профессор, доктор Ч.Алтансанд олголоо. ШУА-ийн Тэргүүлэгчдийн газрын дарга А.Баярбаатар, ШУА-ийн Математик, тоон технологийн хүрээлэнгийн захирал, доктор А.Мөнх-Эрдэнэ, тус хүрээлэнгийн Математикийн салбарын эрхлэгч, академич Р.Энхбат нар дипломыг гардуулсан байна.
ШУА-ийн ерөнхийлөгч, академич С.Дэмбэрэл, Үндэсний Шинжлэх Ухаан, Технологийн Сангийн ажлын албаны дарга Б.Бат-Эрдэнэ нар хоёр орны шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагааны түүхэн замналын талаар танилцуулан баяр хүргэж мэндчилгээ дэвшүүллээ.

Профессор Ч.Алтансан нь 1985 онд Өвөр Монголын Их сургуулийг математикч мэргэжлээр төгсөн, 1988 онд тус сургуульд магистрын зэрэг хамгаалан, 1996 онд Далианы Технологийн их сургуульд докторын зэрэг хамгаалсан байна. 2010-2013 онд Өвөр Монголын Их сургуулийн Эрдэм шинжилгээ, гадаад харилцааны даргаар, 2013-2020 онд Хөх хотын Минзу Коллежийн дэд захирлаар, 2020-2023 онд Өвөр Монголын Багшийн Их Сургуулийн ректороор, 2023 оноос ӨМӨЗО-ны конгрессын нийгмийн байгууллын хорооны дэд захирал бөгөөд ӨМБИС-ийн профессороор ажиллаж байна. Мөн тус сургуульд байгуулагдсан БНХАУ-ын харьяа Боловсролын яамны “Infinite-Vision Hamiltonian Systems and Algorithm Applications” түлхүүр лабораторийн захирлаар тус тус ажиллаж байна. Түүний судалгааны чиглэл нь Математикийн функциональ анализын Гамилтоны оператор юм. Дэлхийн 16 орны олон улсын өндөр түвшний сэтгүүлүүдэд 365 өгүүлэл, 6 монограф хэвлүүлсэн, нэг нь монограф нь дэлхийн 5 хэл дээр орчуулагдсан, түүний нэг нь 2025 онд монгол хэлнээ орчуулагдсан байна. Судлаачийн “H” индекс-16, эшлэл-790, 22 оюутны докторын ажлын удирдагч, олон тооны төслийн ажлын удирдагч ажилласан ба БНХАУ-ын төр засгийн нэр хүндтэй шагналуудаар шагнагдаж байсан. Тухайлбал, Өвөр Монголын байгалийн шинжлэх ухааны салбарын тэргүүн байрын шагналыг 3 удаа хүртэж байжээ. 2022 онд Монголын ХААИС-ийн нийгэм хүмүүнлэгийн сургуулийн “Хүндэт Профессор” цол хүртсэн. Ч.Алтансан нь хоёр орны математикийн салбарын судлаачидтай 30 гаруй жилийн хамтын ажиллагааг хамтарсан бүтээл хэвлүүлэх, төсөл хэрэгжүүлэх, эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах, салбарын эрдэмтдийг сургуульдаа урих, хоёр орны математикийн академичдын хурал зохион байгуулах зэргээр хөгжүүлсээр ирсэн байна.

Тус сургуулийн математикийн сургуулийн захирал Б.Сахьяа хоёр талын хамтын ажиллагааны талаар, мөн ШУА-ийн Тэргүүлэгчдийн газрын дарга А.Баярбаатар шинжлэх ухааны инновац, хамтын ажиллагааны боломж, нөхцөл, ШУА-ийн талаарх танилцуулгыг хийсэн байна.

Хурлын үеэр хоёр талын хэрэглээний математикийн хамтын ажиллагаа хөгжүүлэх чиглэлээр ШУА болон “Infinite-Vision Hamiltonian Systems and Algorithm Applications” түлхүүр лабораторийн хооронд хамтын ажиллагааны санамж бичиг мөн ШУА-ийн Математик, тоон технологийн хүрээлэн ӨМӨЗО-ны “Хэрэглээний математикийн төв”-тэй санамж бичиг байгууллаа.

