Монгол улсын Шинжлэх ухааны академи, Бүгд Найрамдах Казахстан улсын Түрэг академитай эрдэм шинжилгээ, судалгааны салбарт хамтран ажиллах санамж бичгийг өнөөдөр буюу 7 дугаар сарын 3-ны өдөр байгууллаа.
Санамж бичигт Монголын талыг төлөөлж Монгол улсын Шинжлэх ухааны академийн Ерөнхийлөгч, академич Б.Энхтүвшин, Казахстаны талыг төлөөлж Бүгд Найрамдах Казахстан улсын Түрэг академийн Ерөнхийлөгч Дархан Кыдырали нар гарын үсэг зурсан юм.
Уг санамж бичигт талууд нийгмийн ухааны салбарт тухайлбал Түрэг судлал, Монгол судлал, Алтай судлалын ажилд онцгой анхаарч ажиллах бөгөөд нүүдлийн соёл иргэншил, хүннү, сяньби, түрэг, кидан, жужан, монголын үеийн түүх, олон төрлийн түүхэн сурвалж, археологи, археографи, угсаатан зүй, аман зохиол, нүүдлийн болон түрэг-монголын түүхэн харилцаа холбоог түлхүү судлахаар тусгажээ.
Түүнчлэн 2015-2017 онд казах үндэсний соёл, зан үйлийн харьцуулсан судалгаа, экспедицийг хамтран зохион байгуулахаар тохиролцсон юм. Хамтын ажиллагааны санамж бичгийг 3 жилийн хугацаатай үйлдсэн бөгөөд энэ хугацаанд эрдэм шинжилгээний төслүүдийг хамтарсан эрдэм шинжилгээний ангийн хүчээр хэрэгжүүлэх, хоёр тал хамтран олон улсын их, бага хурал, симпиозум зохион байгуулах, эрдэм шинжилгээ-техникийн баримтуудыг харилцан солилцох зэрэг олон зорилтууд тусгагдсан байна.