Монгол улсын Шинжлэх ухааны Академийн Физик, технологийн хүрээлэн байгуулагдсаны 55 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн арга хэмжээ 11 дүгээр сарын 18-ны өдөр боллоо.
Ойн хүндэтгэлийн арга хэмжээг ШУА-ийн ФТХ-ийн захирал, академич Ц.Батаар нээж, ШУА-ийн Ерөнхийлөгч, академич Д.Рэгдэл, БСШУСЯ-ны ШУТБГ-ын дарга, академич Т.Ган-Эрдэнэ нар оролцож, баяр хүргэн мэндчилгээ дэвшүүлэв. Үүний дараа ФТХ-ийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор Г.Сэвжидсүрэн “Физик, технологийн хүрээлэн 55 жилд” сэдэвт илтгэл тавьсан юм.
Физик, технологийн хүрээлэн нь өнөөдөр монгол улсад физик, техник технологийн онолын болон хавсарга судалгааг хөгжүүлээд зогсохгүй, шинжлэх ухааны ололт амжилтыг улс орны хөгжил цэцэглэлтэд түүчээлэн авчирсан эрдэм шинжилгээ судалгааны бие даасан томоохон төв болжээ. Цөмийн физикийн ололтыг практикт хэрэглэх, байгаль орчны бохирдлыг хянах, эх орны эрдэс түүхий эд, уламжлалт болон шинэ материал судлах, үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийг автоматжуулах, аливаа бүтээгдэхүүний бүтэц, найрлага, физик-химийн шинж чанарыг тодорхойлох, нарны энергийг цахилгаан, дулааны энергид хувиргах зэрэг улс ардын аж ахуйд ач холбогдол бүхий хавсарга судалгааны ажлыг хослуулахын зэрэгцээ тус хүрээлэн нь 100 гаруй эрдэм шинжилгээ, инженер техникийн ажилтантай, физик электроникийн, мэдээллийн технологийн, нанотехнологийн орчин үеийн лабораториудтай болсон байна.
Түүнчлэн гадаадын олон орны судалгааны багуудтай хамтран олон улсын судалгааны хамтарсан төсөл, хөтөлбөрт оролцсон зэрэг арвин их амжилттайгаар 55 жилийн ойгоо угтжээ.
Ойд зориулсан эрдэм шинжилгээний бага хурлыг 11 дүгээр сарын 18-ны өдөр зохион байгуулсан юм. Эрдэм шинжилгээниий хурлаар аман илтгэл 13, ханын илтгэл 11-ийг тус тус хэлэлцүүлэв