ШУА-ийн ахмадын холбоо нь жил бүр сар шинийн баярын босгон дээр
нэг хүнийг онцлон “Хүндэт дэвтэр”-тээ алдаршуулдаг уламжлалтай.
Өнөө жил энэхүү шагналыг академич
Д.Доржготовт олголоо.
Д.Доржготов нь 1957-1962
онд Ломоносовын нэрэмжит Москвагийн их сургуульд суралцаж, хөрс
судлаач-агрохимич мэргэжил эзэмшжээ. Тэр цагаас хойш өдгөө хүртэл Монгол улсын
ШУА, Газарзүй геоэкологийн хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан, салбар,
лабораторийн эрхлэгч, захирлаар тасралтгүй 60 шахам жил ажилласан ирсэн манай улсын нэртэй эрдэмтэн юм.
Тэрбээр 1973 онд “Монголын хойт
хэсгийн хөрсний газарзүйн үндсэн шинж, хээрийн хөрсний тодорхойлолт” сэдвээр
дэд доктор, 1992 онд “Монгол орны хөрс” сэдвээр шинжлэх ухааны докторын зэрэг
тус тус хамгаалсан. 1998 онд академич цол хүрсэн байна.
Д.Доржготов нь судалгааны ажлын
үр дүнгээрээ 1974 онд “Монгол орны хөрсний 1:2500 000 масштабтай зураг”-ийг анх удаа зохиож
хэвлүүлснээс хойш олон зуун бүтээлээ нийтийн хүртээл болгосон бөгөөд эдгээр
бүтээлүүдээрээ дэлхийн олон оронд үнэлэгдсэн газарзүйн салбарын тэргүүлэх
эрдэмтэн юм.
Түүнийг шинжлэх ухааны төлөө
олон жил өөрийн мэдлэг чадвар, хүч хөдөлмөрөө зориулан ажиллаж, энэ салбарт
оруулсан хувь нэмрийг үнэлж ийнхүү алдаршуулж
байгаа юм байна.
“Хүндэт дэвтэрт” алдаршуулах
ёслолын үеэр академич Д.Доржготов “Миний бие 1962 онд 22 настай залуу сургууль төгсч ирээд ШУА-ийн Газарзүйн хүрээлэн шинээр байгуулагдахад анхны
ажилтнаар ороод өдгөө яг 59 жил болж байна. Энэ хугацаанд олон сайхан хүмүүстэй
хамтран ажиллаж, олон шавь нартай болжээ.Олон
жил мөр зэрэгцэн ажилласан эрдэмтэн судаалчдын маань дэм, олон шавь нарын маань урмын үгс надад эрч энергээ үргэлж хайрладаг. Тэдний
маань өгөөмөр хүнтэдгэлийн буянаар
өнөөдөр би 81 нас хүртлээ эрдмийн
ажлаасаа салалгүй, ном бүтээлээ туурвиж явна” хэмээн дурслаа.