Вэбсайтын цэс
Хэлний сонголт
АКАДЕМИЧ Д.ЦЭРЭНСОДНОМ: МОНГОЛЫН УРАН ЗОХИОЛЫН ӨНӨӨГИЙН ТӨРХ ХЭВТЭРИЙН ӨВЧТӨН ШИГ БАЙНА
АКАДЕМИЧ  Д.ЦЭРЭНСОДНОМ: МОНГОЛЫН УРАН ЗОХИОЛЫН ӨНӨӨГИЙН ТӨРХ ХЭВТЭРИЙН ӨВЧТӨН ШИГ БАЙНА

Өнөөдөр /2019.01.07/ “Чингис” зочид буудалд “Монголын орчин үеийн уран зохиол-соёлын шинэ өв” сэдэвт эрдэм шинжилгээний хурал боллоо. Хурлаар утга зохиолын салбарынхан уран зохиолын өнөөгийн чиг хандлага, хөгжлийн түүхийн талаар хэлэлцэж, санал бодлоо солилцож буй юм. Энэ үеэр Монгол Улсын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, академич Д.Цэрэнсодном илтгэлдээ “Өнөөдрийг хүртэл монголчууд бид үндэсний соёлын эх түүхээ бодлоготойгоор, тогтвортой судалж чадсангүй. Сонирхогчийн байр сууринаас харсаар ирлээ. Монголын уран зохиолын өнөөгийн чиг хандлагыг өвчтөнтэй зүйрлэвэл хэвтэрт байгаа хүнтэй адилтгаж болно” гэдгийг тодотгов.

Монголын оюун санааны тулгуур болсон утга зохиолын өнөөгийн хөгжлийн талаар академичийн байр суурийг сонирхов.

       АРДЫН УРАН ЗОХИОЛЧ Б.ЛХАГВАСҮРЭНГИЙН ХЭДЭН БОР ШҮЛГЭЭС ИЛҮҮ САЙН НАЙРАГ ТӨРСӨНГҮЙ

Монгол Улсын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, академич Д.ЦЭРЭНСОДНОМ:

Сүүлийн 30 жилийн турш Бавуугийн Лхагвасүрэнгийн хэдэн бор шүлгээс өөр сайн найраг төрсөнгүй. Хэдийгээр шинэ урсгал, өнгө аясаар яруу найраг олон байгаа авч сэтгэлд нийцэх нь алга юм. Говийн догшин хутагт Данзанравжаагийн талаар Монгол Улсын Соёлын Гавьяат зүтгэлтэн, Г.Мэнд-Ооёо найрагчийн бичсэнээс өөр нүд баясгах зүйл олж харсангүй. Миний сэтгэлд хүрэхгүй байна.

Хүний сэтгэлийг хөдөлгөж эс чадваас

Хөндлөн бийрийг хөшиж юугаа хийнэ гэж Их зохиолч Инжинашийн хэлсэн агуу үг байдаг даа.

Монголын уран зохиолыг өвчтөнтэй зүйрлэж болно. Монгол оношилгоогоор бол хий, шар, бадган гурвын хорлолд авсан хүн шиг байна. Бүх зүйл нь тодорхой бодлого, чиглэлгүй болохоор Майн Риндийн “Морь унасан толгойгүй хүн” шиг хаашаа ч хамаагүй болчхоод байгаа юм. Гэхдээ би зохиолч хүн биш шүү. Уншигч хүний нүдээр харсан зүйлээ хэллээ. Залуустаа хандаж хэлэхэд монгол түмэн үлгэр сонсч өсч, хүмүүжсэн юм. Одоо бол хүүхдэдээ үлгэр уншиж өгөхөө байж. Магадгүй хоцрогдсон зүйл гэж үзэж байгаа байх. Гэтэл үгүй юм. Сэтгэлгээ нь л хоцрогдчихоод байна. Германд бол энэ уламжлалаа өнөөдрийг хүртэл хадгалсаар байна. Өв уламжлалаасаа суралцаж байгаарай гэж хэлье.


Бусад мэдээлэл