Вэбсайтын цэс
Хэлний сонголт
“НАТО-ийн Энхийн төлөө шинжлэх ухаан Монголд” хөтөлбөрийн нээлттэй өдөрлөг боллоо
 “НАТО-ийн Энхийн төлөө шинжлэх ухаан Монголд” хөтөлбөрийн нээлттэй өдөрлөг боллоо

Монгол Улсын засгийн газар 2012 онд НАТО-той түншлэлийн гэрээ байгуулсан бөгөөд энэхүү хамтын ажиллагааны хүрээнд ШУА-тай НАТО-ийн “Энхийн төлөө шинжлэх ухаан” хөтөлбөрийг Монголд хэрэгжүүлж эхлээд даруй 2 жил болж байна. Уг хөтөлбөрийн хүрээнд нийт 3 төсөл хэрэгжиж байна.

Энэхүү хөтөлбөрийн хүрээнд НАТО-ийн албаны төлөөлөгчид 11-р сарын 25-29-ны өдрүүдэд Монголд ажиллаж байгаа бөгөөд тус төлөөлөгчид НАТО-ийн төслийг хамтран хэрэгжүүлж буй хүрээлэн болон бусад хамтрагч байгууллагуудын үйл ажиллагаатай танилцах юм.

Өнөөдөр буюу 11-р сарын 27-ны өдөр НАТО-ийн төлөөлөгчдийг хүрэлцэн ирсэнтэй холбогдуулан ШУА, Геоэкологийн хүрээлэнгээс НАТО-ийн Энхийн төлөө Шинжлэх Ухааны хөтөлбөрийг олон нийтэд танилцуулах нээлттэй өдөрлөгийг амжилттай зохион байгууллаа. Тус нээлттэй өдөрлөгт НАТО-ийн албаны төлөөлөгчид, НАТО-ийн гишүүн орнуудын элчин сайдын яам, Гадаад Харилцаа Эдийн Засгийн Яам, ШУА-ийн хүрээлэнгүүд, Батлан хамгаалах яам, Байгаль орчны мэдээллийн төв, хэвлэл мэдээллийнхэн зэрэг нийт 50 гаруй зочид төлөөлөгчид хүрэлцэн ирлээ. 

Нээлттэй өдөрлөгийн үеэр НАТО-ийн Энхийн Төлөө Шинжлэх Ухаан хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлж буй төслүүдийн талаархи танилцуулга, хэлэлцүүлгийг зохион байгуулсан бөгөөд тус өдөрлөгийн үр дүнд цаашдын хамтын ажиллагаа улам өргөжин тэлнэ гэдэгт итгэлтэй байна

“НАТО-ийн Энхийн төлөө шинжлэх ухаан Монголд” хөтөлбөрийн тухай

НАТО-ийн энэхүү хөтөлбөр нь иргэний болон улс орны аюулгүй байдалд хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чиглэх бөгөөд аюулгүй байдлын хүрээнд терроризмын үгүй болгох, хими, биологи, цацраг идэвхит болон цөмийн эрсдлийг багасгах, кибер аюулгүй байдлыг хангах, эрчим хүчний аюулгүй бөгөөд тогтвортой байдлыг хангах, байгаль орчны тэнцвэрт байдлыг хадгалах зэрэг хүн ба нийгмийн аюулгүй байдлыг хангах НҮБ-ын Аюулүй байдлын хорооны зорилт зорилгын хүрээнд үйл ажиллагааг авч хэрэгжүүлдэг.

Өнгөрсөн хугацаанд энэхүү хөтөлбөрийг Монголд хэрэгжүүлэх ажлын хүрээнд Монгол Улсын Шинжлэх Ухааны Академи, Батлан Хамгаалах Яам, Байгаль Орчин, Ногоон Хөгжлийн Яам зэрэг байгууллагатай хамтран 2 төслийг амжилттай хэрэгжүүлж байна. Эдгээр төсөл нь Монголын кибер аюулгүй байдлыг хангах, орчны бохирдлыг бууруулах гэсэн үндсэн 2 чиглэлд хэрэгжих байна.

Кибер аюулгүй байдлыг хангах төслийн хүрээнд ШУА-ийн Информатикийн хүрээлэнтэй хамтран “Мэдээллийн технологийн аюулгүй байдал” сэдэвт төслийг хэрэгжүүлж энэ онд дуусгавар болсон байна. 

Орчны бохирдлыг бууруулах чиглэлд хэрэгжүүлж буй анхны төсөл нь “Цэргийн зориулалттай газар нутгийн экологийн эрүүл ахуйн геомэдээллийн сан байгуулах нь” сэдвийн хүрээнд Словакийн Байгаль Орчны Агентлагтай хамтран ШУА-ийн Геоэкологийн хүрээлэн, Батлан хамгаалах яам, Байгаль орчны мэдээллийн төв зэрэг байгууллагуудын хамтын оролцоотой хэрэгжиж байна. Төслийн хүрээнд урьдчилсан байдлаар манай улсад хуучин цэргийн зориулалтаар ашиглаж байсан 17 байршлыг илрүүлж, эдгээр хуучин ЗХУ-ын цэргийн анги нэгтгэл байрлаж байсан газруудад газрын доройтол, хөрс усны бохирдол идэвхитэй явагдаж байгааг тогтоосон. Өнгөрсөн хугацаанд хийсэн сурвалж болон хээрийн судалгааны дүнгээр орхигдсон буюу хуучин цэргийн зориулалттайгаар ашиглаж байсан байршлуудад барилгын материал, нефтийн бүтээгдэхүүний бохирдол их байгаагийн зэрэгцээ дэлбэрэх, тэсрэх бодис, зэвсэг их хэмжээгээр илэрч байгааг тогтоосон.

Мөн энэ оноос ШУА Стратеги Судлалын хүрээлэнтэй хамтран “Ази номхон далайн орнууд дахь НАТО-ийн талаархи ойлголт” төсөл хэрэгжиж эхлэхээр хамтын ажиллагаагаа эхлүүлжээ.

Цаашид Энхийн төлөө шинжлэх ухаан хөтөлбөрийн хүрээнд дээр дурьдсан 2 чиглэлд үргэлжлүүлэн хамтран ажиллах төлөвлөгөөтэй байгаа бөгөөд 2014 оноос энэхүү хөтөлбөр уур амьсгалын өөрчлөлтийг бууруулахад мөн дэмжлэг үзүүлэх болсон нь бидний хамтын ажиллах хүрээг улам тэлж буй хэрэг юм. Ойрын ирээдүйн хамтын ажиллагааны хүрээнд бохирдсон газрын саармагжуулах, бохирдлыг нэр төрлөөс хамааруулан газрыг нөхөн сэргээх замаар энхийн зориулалттай ашиглах нөхцлийг бүрдүүлэх технологийг нутагшуулах, мэдээллийн аюулгүй байдал, цахим довтолгооноос сэргийлэх ухаалаг системийг бий болгох зэрэгт анхаарлаа чиглүүлж байна.


 


 



Бусад мэдээлэл