“Аж үйлдвэрийн 4 дэх хувьсгалын үеийн Монгол Улсын хөгжлийн асуудлууд” эрдэм шинжилгээ-онол практикийн бага хурал өчигдөр /2018,05,07/ болж өнгөрлөө.
Аж үйлдвэрийн 4 дэх хувьсгалын үеийн Монгол Улсын үндсэн хөгжлийн асуудлыг төр-шинжлэх ухаан-бизнесийн хамтын ажиллагааны хүрээнд хэлэлцэн, арга замыг судлан, тодорхойлох зорилготой тус хурлыг "Монголын инновацийн 7 хоног" цувралын хүрээнд ШУА-иас санаачлан зохион байгуулсан юм.
Монгол Улс зөвхөн уул уурхай, эрдэс баялгаа ашиглан хөгжинө гэж ярихаас илүүтэй мэдлэг оюунаараа хэрхэн хөгжих тухай ярих цаг нь ирээд байна. Дэлхий нийтээр өнөөдөр аж үйлдвэрийн 4 дэх хувьсгалын тухай ярьж байна. Энэ цаг үед Монгол Улс боловсон хүчнээ бэлтгэх хэрэгтэй гэдгийг энэ хуралд оролцогчид онцлов.
Ойрын хугацаанд эрчимтэй үр нөлөөгөө үзүүлэх олон салбар бий. Тухайлбал, хиймэл оюун ухаан, сансар, дрон, роботын технологи гэсэн салбарыг онцолж болно. Аж үйлдвэрийн 4 дэх хувьсгал нь их хэмжээний мэдээллийг бүрдүүлэх, боловсруулах, ашиглахад тулгуурлан өрнөж байна. Тиймээс энэхүү эрдэм шинжилгээний бага хурлаар эрдэмтэн судлаачид “Аж үйлдвэрийн 4 дэх хувьсгалыг уул уурхай яаж угтах вэ”, “XXI зууны боловсрол, хөдөө аж ахуйн хөгжлийн асуудлууд”, “Мэдээлэл холбооны технологи аж үйлдвэрийн 4 дэх хувьсгалын хөдөлгөгч хүч болох нь”, “Ирээдүйн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хэн үзүүлэх вэ, Хүн үү робот уу” гэсэн 10 гаруй илтгэл тавилаа.
ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэл хурлыг нээж хэлсэн үгэндээ “Дэлхий даяар тэргүүлэх орнууд Аж үйлдвэрийн 4 дэх хувьсгалын үед баримтлах бодлогоо тодорхойлж эхлээд зарим орнууд хөгжлийнхөө хөтөлбөрийг гаргачихаад явж байна. Монгол улсын хувьд Аж үйлдвэрийн 4 дэх хувьсгалын асуудлаар ярьж эхлээд байгаа нь сайшаалтай юм. Энэ асуудал өнөөдөр манай улсын хувьд төрийн бодлого гэхээсээ илүүтэй хувь хүмүүс, хувь эрдэмтдийн бодол санааны илрэл төдий л явж байгаа. Тиймээс ШУА-ийн тэргүүлэгчдийн хурал дээр Аж үйлдвэрийн 4 дэх хувьсгалын үед Монгол улсын хөгжлийн бодлого ямар байх ёстой юм бол гэдэг асуудлыг улсын хэмжээнд эрдмийн хамт олныхоо хүчээр хэлэлцэе. Дараагийн шатанд ШУА-ийн өргөтгөсөн их чуулганаар оруулж ярилцаад төрийн бодлого боловсруулах үндэслэл суурь болгоод төр засагтаа барья гэсэн шийдэлд хүрсэн. Энэ шийдлийн хүрээнд өнөөдөр та бид эрдэм шинжилгээний хурлыг хийж байна. Аж үйлдвэрийн хувьсгал хоорондын зай бол ойртоод байгаа. Гуравдугаар хувьсгал дуусаагүй байхад 4 дэх хувьсгал эхэлж байна. Өөрөөр хэлбэл цаг хугацаа биднийг маш их шахаж байна. Энэ хурдан галт тэргэнд амжиж суух уу, үгүй юу. Аль эсвэл дэлхийн хөгжлийн зах хязгаарт байдаг хөдөө тосгон хэлбэрээрээ бид 2020-2030 онтойгоо золгох уу гэдэг бол яах аргагүй монголоо гэсэн сэтгэлтэй, монгол орны хөгжилд санаа зовдог хүн болгоны асуудал болчихоод байгаа юм. Энэ хувьсгалын үр дүнд нийгэм, соёлын үр дагавар хүний хөгжилд үзүүлэх нөлөө ямар байх вэ гэдэг асуудал бүдэг бадаг байна. Учир нь хүн гэдэг маань эхээс төрмөгцөө шууд техник хэрэгсэлтэй ажиллаж эхлээд хүн хоорондын харьцаа улам багасах шинжтэй байна. Хүн хоорондын харьцаа аягүй бол гэр бүл хоорондын түвшинд үлдэж мэдэхээр болчлоо. Энэ тохиолдолд хүн гэдэг мөн чанарыг хадгалж яваа бодгалиуд маань тэр хувьсгалын явцад хэн болж хувирах вэ гэдэг нь ойлгомжгүй байна. Мөн 4 дэх хувьсгалын үед ажиллах хүчний асуудал анхаарал татаж байна. Яаж шийдэх вэ гэдэг асуудлыг дэлхийн аль ч орнууд хийгээгүй л явж байна. Сүүлийн үеийн мэдээллээр 2025 он гэхэд 800 мянга орчим ажлын байр дэлхийд байхгүй болно гэж байна. 800 мянга орчим ажлын байр гэдэг бол үндсэндээ оюуны багтаамж багатай, онцгой ур чадвар шаарддаггүй тэр мэргэжлээр хүн ажиллахаа болих шинжтэй. Энэ өргөн хүрээнд ажилладаг тэр олон зуун сая хүнийг яаж хэн тэжээх вэ гэдэг зөндөөн асуудал гарч ирж байна. Энэ манай улсад ч хамаатай. Тиймээс та бүхэн салбар салбартаа ямар асуудал үүсэх гээд байна, бид нар яаж явбал илүү зохимжтой байх вэ гэдэг дээр санаа оноогоо уралдуулж, илэн далангуй ярилцаарай. Бидний хурлын үр дүн эцсийн бүлэгт Монгол улсын төрийн бодлогод тусах болтугай” гэсэн юм.
ШУА-ийн доктор Б.Авид: Хүн төрөлхтөн Аж үйлдвэрийн 4 дэх хувьсгалын босгон дээр ирээд байна. Хамгийн энгийнээр хэлэхэд бүх зүйлийг интернэтээр, онлайнаар кибер физикийн систем удирдаж зохицуулна. Өөрөөр хэлбэл, ухаалаг байшин, дэд бүтэц, уул уурхай, аж үйлдвэр, эрүүл мэнд гэхчлэн бүгд ухаалагжих бөгөөд хүнийг компьютер орлоно гэсэн үг. Үүнд Монгол Улс бэлэн үү гэдэг харьцангуй ойлголт. Автоматжуулалттай болоод хүн хэрэггүй болох юмуу гэж зарим хүмүүс асууж байна. Дунд, доод шатны ажиллах хүчний тоо цөөрнө. Харин чадварлаг, өнөөгийн шаардлага хангасан өндөр мэргэжлийн боловсон хүчний эрэлт хэрэгцээ ихэснэ. Тухайлбал, чадварлаг оператор хэд хэдэн үйлдвэрийг удирдан, дэлхийн аль ч улс оронд зэрэг ажиллах бололцоотой. Энэ их хурдацтай өрнөж буй үйл явцад дэлхийн хөгжингүй улс орнууд хөтөлбөрөө гаргаад, хөрөнгө мөнгө зарцуулж эхэллээ. Аж үйлдвэрийн 4 дэх хувьсгал нь 2020-2030 онд хэрэгжинэ, тиймээс бид боловсон хүчнээ бэлтгэх хэрэгтэй. Аливаа үйлдвэрийг байгуулах, ухаалаг төхөөрөмж байрлуулах бол амархан, харин мэргэжилтэн бэлтгэхэд хамгийн их цаг зарцуулдаг.
Залуусыг өндөр хөгжилтэй улс оронд сургахад төрийн бодлого чиглэх ёстой. Монгол Улс их хэмжээний хөрөнгө зарж, боловсон хүчнээ бэлдэж, технологио хөгжүүлэн, Аж үйлдвэрийн 4 дэх хувьсгалыг бэлтгэлтэй угтах ёстой.
ХААИС-ийн доктор Г.Гантулга: Аж үйлдвэрийн 4 дэх хувьсгал хөдөө аж ахуйд ямар өөрчлөлт авчрах талаар ярих цаг нь болсон. ХАА-н салбар бол монгол орны газар зүйн байршил, байгаль цаг уурын эрс тэс уур амьсгалаас хамаарч эрсдэлтэй нөхцөлд үйл ажиллагаа явуулдаг. Тиймээс бид эрсдлийг бууруулах, бүтээмжийг нэмэгдүүлэхийн тулд мэдээллийн технологи, хиймэл оюун ухаан, ухаалаг хөдөө аж ахуйг хөгжүүлэх зайлшгүй шаардлагатай. Мөн дэлхийн хөгжлөөс хоцрохгүйгээр хиймэл оюун ухааныг ашиглаж үйлдвэрлэлийн бүтээмжийг нэмэгдүүлэн үр ашгийг дээшлүүлэх нь нэн чухал. Энэ өөрчлөлтөд монголын мэргэжилтнүүд, тариаланчид хөл нийлүүлэн алхахад бэлэн байна.
Доктор А.Цанжид: Энэ үйл явцад өртөхгүй улс орон гэж үгүй. Герман, АНУ, Польш, Казахстан, Чех, Унгар, Вьетнам, Лаос зэрэг орон бодлогоо тодорхойлоод явж байна. Улс орнууд төр, хувийн хэвшил, их сургууль шинжлэх ухааны хамтын ажиллагааг хангасан судалгаа хийх, төлөвлөх, зөвлөмж өгөх байгууллагыг байгуулж байна. Энэ байгууллагад эрдэмтдийн үүргийг өндөрт тавьж, зөвлөгөө өгөөд зогсох биш шийдвэр гаргахад оролцдог байх юм. Түүнчлэн инновацийн салбарт гарааны компаниудыг их хэмжээний хөрөнгө мөнгөөр дэмжих хууль эрхзүйн орчныг боловсронгуй болгож, шинжлэх ухаан, технологи, боловсролын салбартаа их өөрчлөлт хийж байна. Харин манай улсын хувьд УИХ-ын дэргэд Дэд хороо байгуулсан. Дэд хорооны оронд ШУА-д хариуцуулж эрдэмтдийн дуу хоолойг сонсох, гол шийдвэр гаргадаг байгууллага байх нь чухал юм. Тухайлбал, нэг гарааны компанийн ажилд хэрхэн зөвлөх, туслах ямар тодорхой ажил хийхийг нарийвчлан тооцох хэрэгтэй. Мөн БШУ-ны салбарыг бүхэлд нь өөрчилж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, гадаадад сурч буй залуусыг урьж ирүүлэн, тэргүүлэх чиглэлийн улс орнуудтай хамтран ажиллах шаардлагатай.
Дашрамд дурдахад, XVIII зууны сүүл үеэс XX зууны эхэн үе хүртэл үргэлжилсэн I хувьсгалыг уурын хөдөлгүүр бүтээж үйлдвэрлэлд нэвтрүүлж эхэлсэнтэй холбодог. Аж үйлдвэрийн I хувьсгал үйлдвэрлэлд хүчтэй нөлөөлөөд зогсохгүй түүний үр дүнд хүн амын төвлөрөл /хотжилт/ эрчимжиж, олон шинэ мэргэжил бий болох зэргээр хүний нийгэмд огцом өөрчлөлт авчирсан. XX зууны эхэн үеэс эхэлсэн II хувьсгалыг цахилгаанжуулалт, үйлдвэрлэлд нэвтэрсэнтэй холбож үздэг. III хувьсгалыг электронжуулалт, үйлдвэрлэлийн конвейер /туузан дамжуурга/ автоматжуулалт, мэдээллийн технологитой холбодог бөгөөд энэ нь XX зуун буюу 1970-1980-аад оноос эхэлсэн хэмээн үздэг.
Эрдэм шинжилгээний хурлын төгсгөлд Аж үйлдвэрийн 4 дэх хувьсгалын үед ажиллах чадварлаг боловсон хүчнээ бэлтгэх ажлыг цаг алдахгүй эхлүүлэх хэрэгтэй гэдэг дээр эрдэмтэд санал нэгдлээ. Улмаар хурлын үеэр тавигдсан илтгэлүүдийн гол санаа, дүгнэлт дээр тулгуурлаж Монгол улс Аж үйлдвэрийн 4 дэх хувьсгалын үед улс орныхоо хөгжлийн асуудлыг яаж авч үлдэх, яаж бэлэн болох вэ гэдэг дээр төсөл хөтөлбөр боловсруулахаар боллоо. Тэрхүү бодлогын баримт бичгээ ирэх зургадугаар сард болох ШУА-ийн их чуулганаар дахин хэлэлцүүлээд Засгийн газарт танилцуулахаар тогтлоо.
“Аж үйлдвэрийн 4 дэх хувьсгалын үеийн Монгол Улсын хөгжлийн асуудлууд” эрдэм шинжилгээ-онол практикийн бага хурал дээр тавигдсан илтгэлүүдийг дараахь линзээр орж сонирхоорой.
"Аж үйлдвэрийн дөрөв дэх хувьсгалын үеийн Монгол улсын хөгжлийн зангилаа асуудлууд", Илтгэгч: Академич Г.Чулуунбаатар, С.Нямзагд, доктор Б.Авид
"Аж үйлдвэрийн дөрөв дэх хувьсгалыг уул уурхай яаж угтах вэ?", Илтгэгч: Академич П.Очирбат
"XXI зууны боловсрол", Илтгэгч: Академич Б.Жадамбаа
"Аж үйлдвэрийн дөрөв дэх хувьсгал Байгалийн шинжлэх ухаан - Физик, хими", Илтгэгч: Академич Т.Ган-Эрдэнэ, Д.Сангаа
"Хөдөө аж ахуйн хөгжлийн асуудлууд ба Аж үйлдвэрийн дөрөв дэх хувьсгал", Илтгэгч: Доктор Т.Хэруга, Г.Гантулга, Б.Баярсүх, О.Баатарцогт
"Аж үйлдвэрийн хувьсгал дахь хөнгөн үйлдвэрлэлийн хөгжил", Илтгэгч: Доктор Т.Намнан, Р.Мядагмаа, Д.Энхбат
"Ирж байгаа цаг үеийн нийгэм, хүмүүнлэгийн төлөвшлийг авч үзэх нь", Илтгэгч: Доктор Ш.Ариунаа, Д.Болд-Эрдэнэ
"Аж үйлдвэрийн дөрөв дэх хувьсгалын үеийн дээд боловсролын хөгжлийн асуудлууд", Илтгэгч: Доктор Я.Төмөрбаатар, Д.Мандах
"Мэдээлэл, холбооны технологи аж үйлдвэрийн дөрөв дэх хувьсгалын хөдөлгөгч хүч болох нь", Илтгэгч: Доктор А.Эрдэнэбаатар, магистр Д.Батхуяг
"Ирээдүйн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг хэн үзүүлэх вэ? Хүн үү, робот уу?", Илтгэгч: Доктор Г.Өлзийжаргал, Д.Ангармөрөн, Б.Хонгорзул, Б.Мөнхбат, Г.Батбаатар
"Аж үйлдвэрийн дөрөв дэх хувьсгалын талаарх зарим улс орнуудын бодлого, туршлага", Илтгэгч: Доктор А.Цанжид