Вэбсайтын цэс
Хэлний сонголт
ХАЛДВАРТ ӨВЧНӨӨС СЭРГИЙЛЭХ ЕРӨНДӨГ БҮТЭЭСЭН ЭРТ ЦАГИЙН МОНГОЛ ЭРДЭМТДИЙН МЭДЛЭГИЙГ УУДЛАХУЙ
ХАЛДВАРТ ӨВЧНӨӨС СЭРГИЙЛЭХ ЕРӨНДӨГ БҮТЭЭСЭН ЭРТ ЦАГИЙН МОНГОЛ ЭРДЭМТДИЙН МЭДЛЭГИЙГ УУДЛАХУЙ

ХАЛДВАРТ ӨВЧНӨӨС СЭРГИЙЛЭХ ЕРӨНДӨГ БҮТЭЭСЭН

ЭРТ ЦАГИЙН МОНГОЛ ЭРДЭМТДИЙН МЭДЛЭГИЙГ УУДЛАХУЙ

Академич Ш.Болд,

Академич П.Нямдаваа


Монголын уламжлалт анагаах ухааны 108 боть хэвлүүлэх төслийн хүрээнд 30 шахам монгол маарамба, эрдэмтдийн бичсэн 100 гаруй эртний судрыг олж цуглуулан орчуулах, тайлбар, тайлал хийх ажил ид дундаа явж байна. Энэхүү нэр хүндтэй боловч чөмөг дундалж, чадал сорьсон нүсэр ажлыг АШУҮИС-ийн МАУОУС, “Оточ манрамба” их сургууль, “Ач” АУИС, ЭЗШУИС, “Шинэ анагаах ухаан” их сургуулийг төгссөн судлаач, эрдэмтэд хамтын хүчээр нугалахаар чармайн зүтгэсээр өнөөг хүрлээ.

Бидэнд олдоод байгаа судар номуудад халдварт өвчний хор хөнөөл, шалтгаан, нөхцөл, ангилал, шинж тэмдэг, эмчлэх арга, сэргийлэх ерөндөг, эмийн талаар онцгойлон дурдсан баримт нотолгоо цөөнгүй байхын зэрэгцээ өнөөгийн бидэнд тохиолдоод байгаа КОВИД-19, үүнтэй дүйцэх халдварт дагшуурыг эмчлэх, түүнээс сэргийлэх аргууд ч тусгалаа олсон нь анагаах ухааны эдгээр судраас бидний өвөг дээдсийн оюуны цар, холч хараа, шинжлэх ухааны мэдлэг ямархуу байсныг баримжаалан мэдэх боломжийг олгож байгаа юм. Ялангуяа Үзэмчин гүн Гомбожав (1680-1750), Цахар гэвш Лувсанчүлтэм (1740-1810), Тарган бандида Цэвэлванчигдорж (1836-1894), Говь гурван сайханы Шарав маарамба нарын бүтээлд бодоо өвчинд болгодог ерөндөг, малын ёр өвчнөөс сэргийлэх эмийн талаар нэн сонирхолтой баримтууд үлдсэн нь 21 дүгээр зууны бидэнд халдварт өвчинтэй тэмцэх, сэргийлэх аргыг шинэчлэх, шинээр бүтээх санаа сэдэл өгөх үүдийг нээж буй хэрэг хэмээн бодном.

Өнгөрсөн хугацаанд Академич Ц.Хайдав багш “Монгол эмнэлгийн үүсэл, хөгжил үндсэн үе шат” (1997) бүтээл, Цахар гэвш Лувсанчүлтэмийн бодоо өвчинд болгодог ерөндгийн талаар Академич П.Нямдаваа, Ш.Болд нар “Цахар гэвш Лувсанчүлтэм: бодоогийн эсрэг вакцин анх бүтээсэн монгол эрдэмтэн оточ” (2010) судалгааны өгүүлэл хэвлүүлж одоогоор хэд хэдэн судлаач уламжлалт анагаах ухаан дахь халдварт өвчний талаар судалгааны ажил эхлүүлээд байна. 

Монголчуудын бүтээсэн халдварт өвчинд болгодог ерөндөг, өнөөгийн ойлголтоор “вакцин” бүтээх ажлыг баримтад тулгуурлан шинжвэл 17 дугаар зууны сүүлч 18 дугаар зууны эхэн үеэс эхэлжээ. Цахар гэвшийн намтарт “Бадгарчойлин” хийдийн нэгэн лам түүнээс өмнө бодоо өвчинд болгодог ерөндөг бүтээсэн түүнийг нь авч хэрэглээд сайн үр дүнд хүрээгүй учир өөрөө багш, дээдсийн гарын авлагад дулдуйдан ерөндөг найруулсан тухай тодорхой тэмдэглэсэн байдаг. Үзэмчин гүн Гомбожавын (1680-1750) бичсэн эмийн номонд хүдрийн заар, чулуун шунх хоёрыг талхдан сүрчвэл цэцэг өвчнөөс сэргийлэх, цэцэг өвчин туссан ч хөнгөн байж хялбар эдгэрэх тухай сонирхолтой баримт бий.   

Цахар гэвшийн бод өвчинд болгодог ерөндөг буюу “вакцин”

Цахар гэвш Лувсанчүлтэмийн намтарт 1754 онд түүнийг 14 настай байхад тэднийхэн гэр бүлээрээ бодоо (цагаан цэцэг) өвчнөөр өвдөн, авга ах, нэг эрэгтэй, гурван охин дүү нь нас барж, өөрөө азаар илааршиж амьд үлдсэн гэж бичсэн буй. Бодоо өвчний уршгаар ах, дүүгээ алдсан бага насны гашуун дурсамж нь түүнийг шашны мэдлэг ухаанаас гадна анагаах ухаанд нэвтэрч ном, бүтээл туурвих, бодоо өвчнөөс сэргийлэх аргыг олж нээхэд хүргэсэн байна гэж үзэх боломжтой юм. Түүний бичсэн “Басамын тосон эм үйлдэх ёс оршивой” хэмээх бэсрэг зохиолд  басамын тосон эм хийх аргыг өгүүлэхээс гадна шүлхий, тэмбүү, арьсны өвчнийг анагаах тухай, хамрын эм найруулах арга, бодоо тарих арга зэргийг багтаасан байдаг. Хожим нь  Цахар гэвш бодоо өвчинд болгох ерөндөг боловсруулах аргаа “Тэнгэрийн цагаан цэцэг тарих эм найруулах ёс хийгээд татах тэргүүтэн” хэмээх бүтээлдээ бичжээ. 

Цахар гэвш Лувсанчүлтэм бүтээлдээ бодоо өвчнөөр өвдөгсдийн цэврүүний хатсан тавыг цуглуулан авч дээр нь үхрийн цөсний чулуу (гиван), зургаан сайн (жуган, гүргэм, задь, лиш, сүгмэл, гагол)-ыг зай болгон нэмж улмаар адистид бүхий үрэлтэй хольж найруулан талхдаж эрэгтэйд зүүн хамрын нүхээр, эмэгтэйд баруун хамрын нүхээр татуулж бодоо өвчинд болгоно (дархлаа тогтооно). Бодоо өвчин боловсрох үед сэжиг төрүүлэх үг ярихгүй, архи тамхины муу үнэрийг тэвчиж, улаан эд, хиншүү хярвасны зүйлс гаргахгүй, гадны хүн үл оруулж, хувцас дэвсгэр гудсаа солих, гадаа салхинд гүвэх тэргүүтнийг тэвчинэ. Эдгээрээр жишээд эргэлзээ төрүүлэх зүйлийг цээрлэвэл нэн сайн. Завсар завсартаа сан тавьж гэр, эд зүйлсийг утаагаар ариулна гэж онцлон тэмдэглэсэн байна. Өөрөөр хэлбэл, одоогийн анагаах ухаанд ч гэсэн зөвхөн вакцин тарьснаар халдварт өвчнийг дарах боломжгүй, вакцин хэрэглэсэн хүн гам сахиж, халдвар тархахаас сэргийлэх аргыг хэрэглэсээр байх ёстой гэдгийг бас хуучны оточ нар сургадаг байсныг үүнээс харж болно. Ер нь халдварт өвчин гарсан үед арц, хүж уугиулдаг, элдэв найрлагатай гүгэл үнэртүүлдэг байсан нь шашны үйл гэхээсээ агаар, дуслаар тархах халдварын үүсгэгчийг нядлах ариутгал, устгалын   арга байсан гэдэг талаас нь судлах, турших асуудал ч хоцрогдонгуй байгааг бид анзаарах ёстой болов уу.  

Хожим нь энэ аргыг Говь гурван сайханы их маарамба Шарав хэрэглэж олон хүүхдийн амь насыг авран хамгаалжээ. Тэрбээр дөрвөн гэр бариулж оройн гэрт нь өөрөө заларч бодоогийн хальсаар эмээ хийж сайтар талхдан цагаан бурхнаар (бодоо өвчний ёгт нэр) болоогүй хүүхдэд сэргийлэх ерөндөг болгон татуулдаг байв. Ингэхдээ эмэгтэй хүүхдийн баруун, эрэгтэй хүүхдийн  зүүн хамраар татуулаад толгой дээгүүр нь дээл битүү нөмрүүлж зүүн, баруун гэрт аваачиж хэвтүүлнэ. Цагаан бурхны  номхотгох ерөндгийг татсан хүүхдийг гадагш гаргахгүй, гэрийн хаяаг манаж үүдэнд нь нэлбээс (эсгий үүдний гадуур давхарладаг эсгий) хийдэг байжээ. Таваас долоо хоногийн дараа хүүхдүүд бүлээрч ганц хоёр тууралт гарна. Тав тогтмогц маарамба өөрөө үзэж тавнаас нь ховхлон дараа жил хэрэглэх ерөндгийн найрлагад оруулахаар авдаг байжээ. Энэ гурван гэрээс нилээн зайдуу нэг жижгэвтэр гэр барьж хүүхдийн хоол, цайг хийн зөөж өгдөг байсан гэдэг.

Өрнө дахины анагаах ухаанд Английн эмч Эдуард Женнер (1749-1823 он)-ийг халдварт өвчнөөс сэргийлэх идэвхтэй дархлаа тогтоох ерөндгийг бүтээгч гэж үздэг бөгөөд үхрийн цэцгийн цэврүүний шингэнээр бодоогоос сэргийлэх аргыг сэдэж, уг бэлдмэлээ латин хэлний “vacca” (үхэр) гэсэн үгнээс гарвалтай “вакцин” (үхэржин) хэмээх шинэ зохиомол нэртомъёогоор тэмдэглэх саналыг 1798 онд англи хэлээр анх нийтлүүлсэн ажээ. Гэтэл Монгол үндэстэн гэвш Лувсанчүлтэм “вакцин” боловсруулах аргыг Английн эмч Э.Женнерээс 13 жилийн өмнө нийтлүүлсэн төдийгүй, Женнерээс нэг алхам урагш гишгэж, сэргийлэх ерөндөг болгон амьтны бэлэн вирус ашиглах бус, хүний хоруу өндөр вирусийг номхотгож (attenuation) ашиглах арга сэдэн олсон байна. Өрнийн анагаах ухаанд бол амьтны өндөр хоруу чанартай нянг фикик, химийн аргаар нөлөөлөн номхотгож болдгийг Францын нэрт эрдэмтэн Луй Пастер 1881 онд буюу Э.Женнерээс бараг 100 жилийн дараа л нийтлүүлжээ. Халдварт өвчнөөс сэргийлэх номхотгосон ерөндөг бүтээсэн Цахар гэвш Лувсанчүлтэмийн бүтээл үнэ цэнээ одоо ч алдаагүй байгаа бөгөөд бодоогоор өвчилсөн хүний цэрүүний таванд байгаа өндөр хоруу чанартай вирусыг номхотгоход ашигласан эмт бодисыг нэгбүрчилэн нарийвчлан судлах нь “вакцин” номхотгоход болон дархлаа хүчжүүлэхэд ашиглах өрнийн анагаах ухаанд шинэ, Монголын анагаах ухаанд мартагдсан бодис, технологийг нээн олоход ч хүргэж болох нигууртай юм.  Лувсанчүлтэм бодоо өвчтөнд тарих эм хэрхэн найруулах, хэрхэн татахыг бичээд орхисонгүй бодоо өвчний ярны таваар хөрөнгө болгон шинэ эм найруулан тарилга хийж, хүн амыг хар бод өвчинд нэрвэгдэхээс сэргийлэх тусыг өөрийн биеэр үлгэрлэн үзүүлж байжээ. 

Малын халдварт өвчнөөс сэргийлэх эм буюу “вакцин”

Монголын түүхийн бүтээлд чулуун зэвсгийн төгсгөл үеэс эхлэн малыг нэг хотонд хамтаар нь ижил дасал болгож жилийн дөрвөн улиралд бэлчээрлэн нүүдэг болж, бэлчээрийн мал аж ахуйн үндэс тавигджээ. Эхний үеэс хойш эмперик ажиглалтад тулгуурласан мал маллах, арчлан тордох ухаан нь хөгжлийн явцад олон чиглэлээр өргөжсний нэг тулгуур чиглэл нь мал эмнэлгийн ухаан юм. Мал нь эрүүл бол хүн нь эрүүл байна. Тиймээс малаа эрүүл байлгах, өвчилбөл эдгээх аргыг хүний өвчнийг анагаах аргатайгаа хослуулан үүдэн бүтээж боловсронгуй болгосоор иржээ. Үүний нэгээхэн нотолгоо нь халдварт өвчнөөс сэргийлэх эм, өнөөгийн бидний хэлж заншсанаар “вакцин” хийж малаа эрүүлжүүлж байсан нь нэн сонирхолтой бөгөөд судлууштай баримт  юм. Үүний гол гэрч баримт нь Арвай хээрийн тарган бандида гэж алдаршсан Цэвэлванчигдорж (1836-1894 он)-ийн таван хошуу малын өвчнийг анагаан засах талаар төвөд хэлээр бичсэн 5 бэсрэг судар юм. Эдгээр 5 судраас “Rdzi bo sogs la phan dogs par bya rgyu rta skyong thabs kyi rim pa las glang dang g.yag nad bcos pa'i bskor lags” буюу монголчилвол “Адгуулагч (малчин) тэргүүтэнд тус хүргэх хэрэгтэй үйлийн шалтгаан, малыг хамгаалах аргын зэргээс үхэр хийгээд сарлагийн өвчнийг анагаах үнэний эргүүлэг” сударт үхрийн ёр (Үхрийн мялзан - парамиксовирусын овгийн РНХ агуулсан вирусээр үүсдэг) өвчнөөс хэрхэн сэргийлэх аргыг ийн өгүүлжээ. Дацагба Балдангомбын зохиолын эмхэтгэл (сүмбүм)-ээс адгуусны хамуу хийгээд бод малын ёр өвчнөөс хамгаалах увдис нь адгуусны тахал эс болсон үхэр түүний дотор буй аль нэгний цусыг ханаад бүлээн цус түүнд хүдрийн заар, ганц нэрсэн архи, адгуусаас бус нэгний ялгадасыг гаргасан даруй газарт эс унасныг нийлүүлж хутгаад өтгөн, шингэнийг нь харьцуулан хэмжиж шингэн бусын төдий үйлдэж эрд баруун хамрын нүх, эмд зүүн хамрын нүхээр хийвэл өмнө нь өвчин тусаагүй (үхэр)-д ёр үл болох нь амтшилаар бүтэв. Үүгээр нижгээд жилийн дотор малын өвчнийг чадах нь магад болой хэмээжээ. Үүнийг эдүүгээчлэн тайлваас ёр өвчин гарсан үед цагаан эмээр үхрийг хэрхэн хамгаалах арга буюу малын “вакцин” хийх аргачлалыг үзүүлжээ хэмээсэн утга буй. Уг эмийг хийх аргыг хуучны Ардын эмнэлгийн хүрээлэнгийн төвөд номоор гийсэн мэргэдийн тайлбарласан ёсоор бол: “Ёр өвчнөөр өвчилсөн цагаан зээрийг барьж аван улмаар их судсыг нь ханаж халуун бүлээнээр нь шаазан аяганд хийн дээр нь хүдрийн заар нэг тун нэмж хутгаад ваар саванд юүлэн сайтар таглаад газар ухаж булна. Гурав хоног буюу 72 цаг байлгасны дараа ваартай эмээ нээж үзэхэд уг эм нь их хөөсөрсөн атлаа улаан өнгөтэй болж, хөөсний дээгүүр зүү адил цагаан өнгөтэй ширхэгүүд тогтсон байвал сайн эм болсны шинж юм. Ингээд урьд нь ёр өвчний уур амьсгаа хүрээгүй, хадварт өвчин тусаагүй 3-4 үхэрт уг эмээ өгч ус уулгахгүй, өвс тэжээл бага зэрэг идүүлж 3-4 хоногийн дараа эдгээр үхэрт ёр өвчний шинж тэмдэг илрэх цагт их судсыг нь ханаж цусыг авна. Ханасан цусаа эрүүл эр үхрийн баруун хамрын нүх, эм үхрийн зүүн хамрын нүхний орчим түрхэж байваас маш өлзийтэй бөгөөд халдварт ёр өвчнөөс нэг жил сэргийлж чадна” гэсэн утгатай ажээ.

Цахар гэвш Лувсанчүлтэмийн боловсруулсан бодоо буюу цагаан цэцгийн “вакцин”, Тарган бандида Цэвэлванчигдоржийн  малын ёр өвчнөөс хамгаалах увдис (эмийн)-ын дархлаажуулах аргуудын нэг онцлог нь салст бүрхүүлийн дархлааг ашиглаж, бодоогийн вирус хүн, амьтны биед нэвтрэн орох гол замын нэг болох хамрын хөндийн салстыг дархлаажуулах талбар болгон сонгон авсан явдал болно. Хуучнаар ЗХУ-ын эрдэмтэд, тухайлбал академич А.А.Сморидинцевээр толгойлуулсан Ленинградын судлаачид томуугийн сулруулсан амьд вакциныг хамарт цацах, татуулах аргыг 1938 оноос боловсруулан туршиж, 1970-1980-аад онд өргөн дархлаажуулалтын түвшинд хэрэглэж байсныг эс тооцвол хамарт цацах, татуулах аргаар вакцинжуулах арга одоо ч их өргөн дэлгэр хэрэглэгдэхгүй байгаа юм. Харин сүүлийн жилүүдэд хамарт цацах, уулгах зэргээр халдвар орох замыг түшин дархлаажуулах нь хэрэглэхэд хялбар, хамгаалах үр дүн сайтай болох талаар ихээхэн бичих болсон билээ. 

Вакцин бол аюулгүй сэргийлэх арга. Практикт хэрэглэх зөвшөөрөл өгөхөөс өмнө аливаа вакцины чанар, аюулгүй байдлыг туршилт шинжилгээний олон шат дамжлага дамжуулан нягтлан магадлаж, улмаар зах зээлд гарсных нь дараа ч гэсэн чанарын хяналтыг тогтмол давтамжтай хийн хянаж байдаг. Маш ховор тохиолдолд ноцтой урвал илэрч болох бөгөөд энэ үед тухайн тохиолдлыг ч нэн даруй судлан шинжилж шалтгааныг нь тогтоон сайжруулалт хийдэг. Монгол Улс Ковид-19-өөс сэргийлэх вакцины талаар ДЭМБ-аас өгсөн зөвлөмжийн дагуу тохирох насны хүн амаа дархлаажуултад бүрэн хамруулан Монгол мэргэдийн хэлсэнчлэн их гамшиг хийгээд хар ханиад халдах тэргүүтнээс сайтар сэргийлж, үл халдах очир хуяг өмссөн мэт болох болтугай. 


Бусад мэдээлэл