Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, технологийн уялдааг шинэ шатанд гаргах хэлэлцүүлэг эрдэнэтэд өрнөж байна
Орхон аймгийн Эрдэнэт хотноо зохион байгуулагдаж буй “Шинжлэх ухаан-Үйлдвэрлэл-Технологи” сэдэвт эрдэм шинжилгээ, хэлэлцүүлгийн хурал нь салбар дундын хамтын ажиллагааг өргөжүүлэх, шинжлэх ухааны ололтыг үйлдвэрлэлд нэвтрүүлэх бодит шийдлүүдийг хэлэлцэх чухал индэр болох юм. Хурлыг нээж Шинжлэх Ухааны Академийн Ерөнхийлөгч, академич С.Дэмбэрэл хэлсэн үгэндээ, Шинжлэх Ухааны Академийн Техник, технологийн салбарын бага чуулганыг Эрдэнэт үйлдвэртэй хамтран, орон нутагт анх удаа зохион байгуулж буй нь онцлог үйл явдал гэдгийг тэмдэглэв. Тэрээр “Судалгаа–Сургалт–Үйлдвэрлэл” гэсэн гурвалсан холбоог бодит агуулгаар нь хөгжүүлэх, хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах зорилгоор эрдэмтэн судлаачид, инженерүүд нэг дор чуулж буйг тэмдэглээд, Эрдэнэт үйлдвэрийг Монгол Улсын бахархалт, стратегийн чухал үйлдвэр хэмээн тодотголоо. Мөн тэрээр ШУА, ШУТИС, Эрдэнэт үйлдвэрийн хамтын ажиллагааг өргөжүүлснээр залуу боловсон хүчин бэлтгэх, технологийн дэвшлийг нутагшуулах суурь нөхцөл бүрдэнэ гэдгийг онцлон дурдсан юм.
Үүний дараа “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал, доктор (Ph.D.) Г.Ёндон уул уурхайн салбарын өрсөлдөх чадвар өнөөдөр зөвхөн нөөцөөс бус, өгөгдөлд суурилсан шийдвэр, инновацын чадавхаар тодорхойлогдож байгааг тэмдэглэлээ. Тэрээр, үйлдвэр нь геологийн өгөгдлийг хиймэл оюунд суурилан боловсруулж, шинэ орд илрүүлэх боломжийг судалж буйгаа дурдсан бөгөөд хүдэр олборлолт, боловсруулалтын технологийг шинэчилж, гүн боловсруулалтын үйлдвэрлэлийг хөгжүүлэх, дижитал шилжилтийг хэрэгжүүлэх чиглэлд бодит алхмууд хийж байгааг дурдав. Мөн шинжлэх ухааны байгууллагуудтай хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, судалгааны үр дүнг үйлдвэрлэлд түргэн нэвтрүүлэх нь цаашдын гол зорилт болохыг онцоллоо.
ШУТИС-ийн ректор, профессор Т.Намнан хэлсэн үгэндээ, Эрдэнэт үйлдвэр бол шинжлэх ухааны ололтыг үйлдвэрлэлд нэвтрүүлэх чиглэлээр олон жилийн турш манлайлж ирсэн байгууллага хэмээн тодорхойлсон юм. Тэрээр, Эрдэнэт хотыг “Эрдмийн хот” хэмээн нэрлээд, тус хотын хөгжлийн суурь нь инновац, шинжлэх ухаантай салшгүй холбоотой гэдгийг онцолж байв. Мөн их сургууль, үйлдвэр, эрдэм шинжилгээний байгууллагуудын хамтын ажиллагаа нь зөвхөн үр дүн гаргах бус, харилцааны соёл, хамтын хөгжлийн шинэ хандлагыг бий болгож байгааг онцолсон юм.
Хурлын үндсэн хөтөлбөрийн хүрээнд эрдэмтэн судлаачид уул уурхайн салбарын технологийн шинэчлэл, үйлдвэрлэл технологийн паркийн хөгжлийн асуудлыг хэлэлцэх юм. Ил тод, өгөгдөлд суурилсан инновацын шийдлүүдийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх боломж, дэд бүтцийн хөгжлийн бодлого, инженерийн шийдлүүдийг танилцуулж байгаа нь хурлын гол агуулгыг бүрдүүлж байгаа. Тухайлбал, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий инженер Т.Батмөнх зэс, порфирын ордын эрдсийн шинж чанарт суурилсан баяжуулах технологийн шинэчлэлийн талаар танилцуулж, өндөр даралтат булт нунтаглагч нэвтрүүлэх нь зардлыг 12–37 хувиар бууруулах боломжтойг онцлов. Энэ нь үйлдвэрлэлийн үр ашгийг нэмэгдүүлэхээс гадна орон нутгийн эдийн засгийн хөгжилд эерэг нөлөө үзүүлэх шийдэл хэмээн үнэлэгдэж байна.
Мөн ШУА-ийн Техник, технологийн салбарын бага чуулганы гишүүдийн илтгэлд шинжлэх ухаан нь үйлдвэрлэл технологийн паркийн хөгжилд шийдвэрлэх үүрэгтэйг онцолж, “Судалгаа–Сургалт–Үйлдвэрлэл” гэсэн уялдаа холбоог бодит экосистем болгон хөгжүүлэх шаардлагыг тодотгож байна. Үйлдвэрлэл, технологийн паркийн дэд бүтцийн төслүүдийн хүрээнд эрчим хүч, ус хангамж, ариутгах татуургын шийдлүүд хэрэгжиж, шинэ дэд станцуудын бүтээн байгуулалт 50 гаруй хувийн гүйцэтгэлтэй явж буй талаар танилцуулж байгаа нь салбарын хөгжлийн бодит ахицын нэг илэрхийлэл болох юм. Түүнчлэн, Баяжуулах үйлдвэрийн хаягдлын сан байгуулах төслийн хүрээнд геометр хэмжилт, радиозондын өгөгдөл, дижитал загварчлал, дрон болон хиймэл дагуулын мэдээллийг ашиглах нь инженерийн тооцоолол, байгаль орчны эрсдэлийн үнэлгээнд чухал ач холбогдолтойг судлаачид онцолж байгаа юм.
Өнөөдрийн хурлын төгсгөлд талууд санал, зөвлөмжөө нэгтгэн хэлэлцэж, ШУА, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, ШУТИС хооронд хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурах ёслол болно. Ингэснээр, шинжлэх ухааны ололтыг үйлдвэрлэлд нэвтрүүлэх, инновацын орчныг бүрдүүлэх бодит алхмууд эхэлж байгааг зохион байгуулагчид онцолж байна.
Бусад мэдээлэл