Вэбсайтын цэс
Хэлний сонголт
Т.ЧУЛУУН: ШИНЖЛЭХ УХААНЫ ҮНДЭСЛЭЛТЭЙ БОДЛОГО ГАРГАХАД ҮНДЭСНИЙ ХОРОО ХАМТАРНА
Т.ЧУЛУУН: ШИНЖЛЭХ УХААНЫ ҮНДЭСЛЭЛТЭЙ БОДЛОГО ГАРГАХАД  ҮНДЭСНИЙ ХОРОО ХАМТАРНА

ОУ-ын Шинжлэх ухааны зөвлөлийн Ази номхон далайн хорооны хурал Монгол Улсад боллоо. Уг хурлыг ШУА, МУИС хамтран зохион байгуулж байгаа юм. Өнөөдрийн хуралдаанаар Японы эрдэмтэн Тэцузо Юшинори болон БНХАУ-ын эрдэмтэн Жиа Генжо нар Шинжлэх ухааны ирээдүйн асуудлаар буюу Дэлхий нийтийн тогтвортой байдлын судалгаа, Дижитал бүс ба зам - Уур амьсгалын өөрчлөлт ба гамшгийн эрсдэл сэдвээр илтгэл тавьсан юм.

Энэ үеэр бид МУИС-ийн Тогтвортой хөгжлийн хүрээлэнгийн захирал Т.Чулуунтай уулзаж ОУ-ын Шинжлэх ухааны зөвлөлийн Ази номхон далайн хорооны хурлын талаар тодрууллаа.

-ШУА, МУИС-ийн хамтран зохион байгуулж буй энэхүү олон улсын  хурлын талаар танилцуулна уу?

-Олон Улсын шинжлэх ухааны зөвлөлийн Ази номхон далайн хорооны хурал яг одоо Монголд болж байна. Монгол Улсын ШУА гишүүн байгууллагынхаа үүргийг хүлээж Олон Улсын ШУА хорооны хурлыг Улаанбаатарт  хүлээн авч зохион байгуулж байгаа юм.  Хороо нь ОУ-ын шинжлэх ухааны салбар бүрийг нэгтгэдэг  томоохон байгууллага.

-Хурал дээрх илтгэлүүд Дэлхийн ирээдүй гэсэн сэдвийн хүрээнд тавигдаж байгаа юу?

-Ирээдүйн дэлхий буюу Тогтвортой хөгжлийн судалгаа гэсэн нэртэй хөтөлбөр байгааг танилцуулъя. Энэ бол 2025 он хүртэл эрдэмтдийн буюу ОУ-ын ШУА-ийн зөвлөлийн санаачилгаар хэрэгжүүлж буй хөтөлбөр. Уг хөтөлбөрийг өвөрмөцөөр хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна. Энэ нь  эрдэмтдийн шинжлэх ухааны мэдлэгийг олон нийтэд болон бодлого боловсруулагч, шийдвэр гаргагчдад хэрхэн хүртээмжтэй болгох вэ гэдэгт ихээхэн анхаарал хандуулж ажиллах зорилготой. 

Өөрөөр хэлбэл, хамтарч ямар судалгаа хийх гэж тухайгаа боловсруулж гаргаж ирээд тэр чиглэлийн судалгаан дээр эрдэмтэд ба олон улсын судалгааны байгууллага хамтарч ажиллах юм.

Бидний чиглэл бол мэдээж,дэлхийн  тогтвортой хөгжил. Дэлхий даяараа тогтвортой байхын тулд бүс нутгаараа тогтвортой байх ёстой. Энэ утгаараа бүсийн судалгааны хүрээлэнгүүд нэгдсэн байгаа. Тус  төвийн  Байгаль, хүмүүний судалгааны хүрээлэнгийн захирал нь одоо илтгэл тавих гэж байна. Энэ хүрээлэн нь Ази номхон далайн Ирээдүйн дэлхий  судалгааны уулзвар цэг болж явах юм.

-Ази номхон далайн бүс ямар онцлогтойг тодруулж болох уу?

-Ази номхон далайн бүс нь хүн ам хамгийн ихтэйгээрээ онцлогтой. Хятад, Энэтхэг зэрэг улсууд багтаж байгаа тул дэлхийн хүн амын тал хувь нь энд оршиж байна. Дээрээс нь эртний  соёл иргэншилтэй. Нэг үгээр уламжлалт соёлоо хадгалсан ард түмэн байдаг. Тиймээс энэ уламжлал соёл дээр тулгуурлаж хөгжлийн асуудлыг төлөвлөж байгаагаараа бас онцлогтой.

-Монгол Улс Тогтвортой хөгжлийн асуудлаар Үндэсний хороо байгуулж буйг хурал дээр зарлалаа. Үндэсний хороо юу хийх вэ?

-Монголд ШУА-ийн Ерөнхийлөгчийн тушаалаар Хороог дөнгөж байгуулж байна. Бид ямар судалгаа хийх талаараа судалж төлөвлөгөө, дүрмийг гаргах ёстой болж байна. Юун түрүүнд төлөвлөж байгаагаасаа хуваалцахад, ШУ-ны үндэслэлтэй бодлого боловсруулахад эрдэмтдийн оролцоо хангалттай байгаагүй гэж харагддаг.

Тиймээс өнгөрсөн 30 жилд манай улс ямар бодлогоор явж ирснийг цогцоор нь судалгаа, үнэлгээ хийнэ . Зөвхөн тогтвортой хөгжлийн Нийгэм эдийн засаг, байгаль орчин гэдгээс гадна засаглалын чиглэлээр судалгаа хийх бодолтой байгаа. Ямар чиглэлээр дэвшилттэй байсан болон хоорондоо ямар уялдаатай, ямар эрсдэлтэй, ямар чиглэлээр хоцрогдолтой, ямар нь түлхүүр хүчин зүйл болж байгаа гэдгийг эрдэмтдийн зүгээс  цогцоор нь харах шаардлагатай байгаа юм. Салбар бүрээр нь хийж байсныг нэгдсэн байдлаар нэгтгэхээр ярилцаж байна.

Монгол Улсын хөгжлийн хувилбаруудыг гаргаж бодлого боловсруулагчдад өгөх нь манай Үндэсний хорооны гол ажил гэж харж байна.


Бусад мэдээлэл