Вэбсайтын цэс
Хэлний сонголт
АНХДУГААР ИХ ХУРЛЫН НЭЭЛТЭД ШУА-ИЙН ЕРӨНХИЙЛӨГЧ Д.РЭГДЭЛИЙН ХЭЛСЭН ҮГ
АНХДУГААР ИХ ХУРЛЫН НЭЭЛТЭД  ШУА-ИЙН ЕРӨНХИЙЛӨГЧ Д.РЭГДЭЛИЙН ХЭЛСЭН ҮГ

Монгол улсын Эрхэм хүндэт Ерөнхийлөгч өө,

Монгол улсын Эрхэм хүндэт Ерөнхий сайд аа,

Их хурлын төлөөлөгч, эрдэм номын эрхэм нөхөд өө,

 

Шинжлэх ухааны ажилтны анхдугаар их хурлыг  санаачлан, өөрийн ивээл дор зохион явуулж буй МУ-ын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, өөрийн биеэр морилон ирж, төр, шинжлэх ухааны харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар байр сууриа илэрхийлж, бодлогын зарчим, чиглэлээ  танилцуулсан  Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, халуун дотно мэндчилгээ ирүүлсэн Монгол Улсын Их хурлын дарга Г. Занданшатар нарт салбарын нийт ажилтнуудынхаа  нэрийн өмнөөс чин сэтгэлийн талархал дэвшүүлэхийг зөвшөөрнө үү.

Эрдмийн хамт олон дундаасаа ажил, бүтээлээрээ шалгарч, их хурлын төлөөлөгчөөр сонгогдон ирсэн эрдэмтэн судлаач та бүхэндээ МУ-ын шинжлэх ухааны төв байгууллага-ШУА-ийн нэрийн өмнөөс болон хувиасаа халуун баяр хүргэе.

40 гаруй мянган жилийн жилийн өмнө үүсэн бий болоод өдгөөг хүрч байгаа  Homo sapiens sapiens  буюу Ухаалаг хүний бүтээсэн нийгэм, иргэншлийн хөгжлийн үйл явц  нь танин мэдэхүйн оргилд тэмүүлэнгээ мэдлэг бүтээж ашиглах, туршлага хуримтлуулж өвлүүлэх тасралтгүй их аяны түүх юм гэж би ойлгодог.

Энэ харьцангуй урт хугацааны сүүлийн 270 гаруйхан жил хүн төрөлхтөн шинжлэх ухааны мэдлэг буюу туршилтаар нотолж болох мэдлэгийг бүтээсэн он жилүүд байсан агаад энэ хооронд аж үйлдвэрийн 3 том хувьсгалын эрэн  үеийг туулж, одоо 4 дэх хувьсгалын ид өрнөлийн шатанд шилжиж ороод байна.

Өмнөх  Аж үйлдвэрийн буюу технологийн хувьсгал бүр нийгэм-соёлын хувьсгалыг дагуулж байсан нь түүний нийтлэг шинж гэж судлаачид үздэг.  Аж үйлдвэрийн 4 дэх хувьсгалын тухайд ч энэ шинж ямар нэг хэмжээнд уламжлагдах нь нь эргэлзээгүй. Хамгийн өргөн утгаар нь авч үзвэл, АҮ-ийн 4 дэх хувьсгал нь технологийн урьд хожид байгаагүй их дэвшлийг авчирч, үйлдвэр, худалдаа, эдийн засаг, удирдлагын зохион байгуулалт дахь даяаршлыг улам гүнзгийрүүлээд зогсохгүй соёлын хүрээг ч бас  даяарчлах замаар хүн төрөлхтний соёл иргэшлийн хөгжилд эрс өөрчлөлт оруулна гэж мэргэжилтнүүд үзэж байна.

Эрдэмтэд бид Аж үйлдвэрийн буюу Технологийн хувьсгалууд нь шинжлэх ухааны ололт амжилтууд, эрдэмтдийн бүтээл дээр тулгуурлан өрнөдөгт ямагт бахархалтай хандсаар ирсэн билээ.  Харин  өнөөгийн энэ 4 дэх хувьсгалын нийгэм–соёлын үр дагаврыг урьдчилан харах, нийгмээс шинжлэх ухааны ололтыг буруу зорилгоор ашиглахаас урьдчилан сэргийлэх, нийгмийн хариуцлагаа улам өндөржүүлэх зэрэг олон шинэ асуудалтай тулгарах нь бараг тодорхой болоод байгааг онцгой анхаарах ёстой.  Бас энэхүү шинэ хувьсгал хүн төрөлхтний танин мэдэхүйн үйл явц хийгээд судалгааны үр дүнг хэрэглээ болгох үйл ажиллагаанд ямар өөрчлөлт авчрахыг үнэлж үзэх шаардлагатай талаар нилээд өргөн  хэлэлцүүлэг  өрнөх боллоо. Ийм нөхцөлд эрдэмтэн судлаачид бид ч  бас үндсэн үйл ажиллаганыхаа нийгмийн ач холбогдол болоод алдаа дутагдлыг  дахин авч үзэх хэрэгтэй болоод байгааг зориуд тэмдэглэх байна.

 

Энэ бүхнээс ургуулан бодож үзвэл, бид Аж үйлдвэрийн 4 дэх шинэ хувьсгалын үеийн улс орныхоо урт хугацааны тогтвортой хөгжлийн бодлого боловсруулахдаа Монгол улсын хөгжил, ялангуяа эдийн засагт шинжлэх ухааны эзлэх байр суурийг цоо шинэ хандлагаар  авч үзэх, нийгэм болоод үйлдвэрлэл нь шинжлэх ухаанаас чухам юу шаардаж, юу хүлээж байгааг шинэ хандлагын үүднээс бодитой олж тогтоох, улс төрийн бодлого хийгээд шинжлэх ухааны уялдаа  холбоо, харилцан хамаарлыг оновтой тодорхойлох зэрэг асуудалд чухалчлан анхаарах нь зөв гэж бодож байна.

Өмнөх хувьсгалуудаас ажиглагдсан бас нэг зүй тогтол бол хувьсгал бүрийн дараа хүн төрөлхтөний нийлбэр мэдлэгийн түвшин эрс дээшилж байсан явдал гэж эрдэмэд  олонтаа тэмдэглэсэн байдаг.  Шинжлэх ухаанаар бий болгосон энэ их мэдлэгийг зөв ашиглахгүй бол нийгэм нь шинжлэх ухаан, технологийн ололтыг дэмжигч биш, харин сааруулагч зүйл болж байсан түүх ч хүн төрөлхтөнд бий. Технологийн асар өндөр дэвшил, түүнийг бий болгосон нэн их, гүн гүнзгий мэдлэг нь хүнийг, та биднийг ч урд хожид байгаагүйгээр өөрчлөх хүч чадлыг датраа агуулж явааг манай нийгэм судлаач эрдэмтэд  анхааралдаа авч ажиллах нь чухал, тулгамдсан асуудал болсон байна.

 

Хүндэт зочид, төлөөлөгчид өө,  

 

АҮ-ийн шинэ хувьсгалын эрчимтэй өрнөж эхэлсэн энэ цаг дор МУ-ын Ерөнхий сайдын санаачилгаар  БСШУСЯ-ны удирдлага, зохион байгуулалт дор Та бид ШУААИХурлаа зарлан хуралдуулж байгаа нь цаг үеэ тун сайн олсон эрдэмтэн судлаачдынхаа урам зоригийг сэргээсэн, 21 дугаар зууны Монголын шинжлэх ухааны түүхэн дэх тод томруун үйл явдал болж байгааг энэхүү хүндэт индэрээс тэмдэглэн хэлэхэд нэн таатай байна.

Өнөөдөр манай улсын шинжлэх ухаан, технологи, инновацийн салбарын хамгийн нэн тэргүүний нийтлэг зорилго бол Монгол улсаа Аж үйлдвэрийн 4 дэх хувьсгалд нэгдэн орж хөгжихөд нь оюун санаа, технологи, инновацийн  болоод бусад бүхий л талын дэмжлэг үзүүлж, манлайлан чиглүүлэх явдал гэж би ойлгож байна.

Үүний зэрэгцээ үндсэн чиг үүргээ амжилттай хэрэгжүүлэхийн тулд одоо нэгэнт даяаршчихаад байгаа шинжлэх ухааны салбарын санхүүжилт, дэд бүтэц, зохион байгуулалт, хүний нөөцийн бодлогын зангилаа асуудлаа олон улсын жишигт ойртуулан нийцүүлэхээс өөр зам бидэнд байхгүй болжээ.  

Манай Төр, засгийн удирдлагуудаас  Анхдугаар их хурлын нээлтэнд хэлсэн үгнээс Монголын төр тулгамдсан асуудлуудыг соргог мэдэрч, шинжлэх ухааны салбарт илүү анхаарч, хуучин хандлагаа өөрчлөхөөр нэгдсэн шийдэлд хүрснийг  бид ойлголоо. Мөнгөтэй болохоороо дэмжье гэх хойш тавьдаг хайхрамжгүй хандлага  Боломжоо дайчлан дэмжих   бүтээлч  бодлогоор солигдох алхам хийгдэж байгаад Монголын эрдэмтэд бид бүгд их баярлаж байна.

Одоо эрдэмтэд судлаачид бид нар төр засгийнхаа бодлого шийдвэрийг хэрэгжүүлэхийн төлөө үйлсэд  нэгдмэл санаа зоригоор нэг баг болон зүтгэж, судалгааны үр дүнгээрээ хүн төрөлхтөний мэдлэг оюуны санг баяжууулах, улс орныхоо эдийн засаг, нийгмийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулах, нийгмийг соён гэгээрүүлэх ажил үйлстээ илүү хариуцлагатай, шинэлэг хандах шаардлагатай болсон байна. Өөрөөр хэлбэл, та бид ч бас хандлагаа өөрчлөх цаг  болжээ.  Хандлагын өөрчлөлт нэг зүгт байвал харагдах ирээдүй гэгээлэг байх болно.

Хамгийн өргөн утгаараа шинжлэх ухаан, технологи, инновацийн салбарын өнөө цагийн  эрхэм чухал бөгөөд байнгын зорилго бол дэлхийн оюуны хөдөлмөрийн зах зээлд өрсөлдөх чадвар бүхий Монгол орноо цогцлоон хөгжүүлэх их үйлсийг манлайлан оролцож, хүн ардынхаа мэдлэг, сэтгэлгээний түвшинг ямагт дээшлүүлэн хөгжүүлж байх явдал билээ.

Өнөөдөр Төрийн ордны Их хурлын танхимд хуран цугларсан эрхэм төлөөлөгч та нар бол манай салбарын ажил хэрэг хэрхэн яаж явахыг манлайлан хэрэгжүүлэх үүрэг хүлээсэн цөм хүчийг бүрдүүлж байгаа гэдэгт эргэлзэхгүй байна. Тийм ч учраас та бүхний чин сэтгэл, зүтгэлийн хүчээр Монгол улсын шинжлэх ухааны салбарын түүх үүнээс хойш Их хурлаас өмнө,  Их хурлаас хойшгэсэн улаан шугамын 2 талд бичигдэх байх хэмээн их найдаж байна.

 

Хүндэт төлөөлөгчид өө,

 

Товчоор хэлэхэд шийдлээ хүлээсэн асуудал цөөнгүй байгаа. Энэ талаар салбар

хуралдаанууд дээр өргөн дэлгэр хэлэлцсэн тул Их хурлын төлөөлөгчид бүрэн эрхийнхээ хүрээнд тулгамдсан асуудал, гарц шийдлийн талаар оновчтой  шийдвэр гаргана гэдэгт  итгэж байна.

 

Их хуралд их амжилт хүсье.

 

Анхаарал тавьсанд баярлалаа

 


Бусад мэдээлэл