Бидний хамгийн дотно, хайртай хүн, Техникийн ухааны доктор, дэд профессор Дагвадоржийн Бат-Эрдэнэ маань 2016 оны 2 дугаар сарын 1-ний өдөр зуурдаар таалал төгсч бид бүхний амьдрал, сэтгэл зүрхэнд нөхөж баршгүй орон зай, харуусал үлдээлээ.
Бидний халамжит эцэг, хайртай хүү Дагвадоржийн Бат-Эрдэнэ 1956 онд Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр суманд төрсөн. 1973 онд Мөрөн хотын нэгдүгээр 10 жилийн дунд сургууль, 1979 онд Ташкентийн Политехникийн дээд сургуулийг компьютерийн системотехник мэргэжлээр төгсч, 1991 онд Москвагийн иргэний агаарын тээврийн инженерийн дээд сургуулийн аспирантурыг дүүргэн, “Үр ашгийн үндсэн үзүүлэлтээр нь компьютерийн локаль сүлжээг оновчтой зохион байгуулах нь“ сэдвээр Техникийн ухааны доктор.(Ph.D) эрдмийн зэрэг хамгаалсан, дэд профессор цолтой, эрдэмтэн байв.
Тэрээр 1979-1988 онд Статистикийн төв газрын тооцоолон бодох төвд инженер, технологи-инженер, 1988-1995 онд Техникийн их сургуульд багш, лабораторийн болон тэнхмийн эрхлэгч, 1996-2000 онд “Шинжээч” мэдээлэл, судалгааны төвийн захирал, 2001-2008 онд Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт Засгийн газрын референт, Мэдээллийн технологийн багийн ахлагч, 2009 оноос Засгийн газрын Шуурхай албанд шинжээчээр ажиллаж байв.
Хайрт аав маань 1979-1987 онд статистикийн мэдээ тайланг телесүлжээгээр орон нутгаас дамжуулах ажлын үндэс суурийг тавих, улсын нэгдсэн мэдээ, мэдээллийг тооцоолон бодох машинаар боловсруулах, 1988-1994 онд Политехникийн дээд сургуулийн дотоод сүлжээ байгуулах, мэдээллийн технологийн мэргэжлийн боловсон хүчин бэлтгэн гаргах, монгол улсын инженер-техникийн мэргэжилтнүүдэд компьютерийн боловсрол олгох, 2001 оноос Төрийн мэдээллийн нэгдсэн сүлжээ, түүний толгой компьютерийн баг, төрийн яамд, агентлагууд, аймаг, нийслэлийн нэгдсэн вэб хуудас, интернэт сүлжээ, и-мэйл солилцоо болон шилэн кабелийн асуудлыг суурилуулах, зүгшрүүлэх, төрийн мэдээллийн хэрэглэгчдийг дэмжих дэд бүтэц буюу мэдээллийн сан, программ хангамжийг хөгжүүлэх ажил, “Цахим монгол” хөтөлбөрийн хэрэгжилтэд биечлэн оролцож, зохион байгуулах, мэдээллийн технологийн хуулиудын төсөл боловсруулах, 2009 оноос Засгийн газрын Шуурхай албанд Засгийн газар, Ерөнхий сайд, ЗГХЭГ-ын удирдлагын үйл ажиллагааг шуурхай мэдээ, мэдээлэл, зохицуулалтын үйлчилгээгээр дэмжих ажлыг хариуцан үр бүтээлтэй ажиллаж байсан юм.
Түүний хөдөлмөр бүтээлийг төр засаг өндөр үнэлж 2008 онд “Алтан гадас”одонгоор, 2004 онд “Хөдөлмөрийн хүндэт медаль”, 1996 онд Засгийн газрын Хүндэт жуух бичиг болон Ардын хувьсгалын 70, 80, 90 жилийн ойн медалиудаар шагнасан билээ.
Бидний аав, хайртай хүү Д.Бат-Эрдэнийн маань эцгийн энэрэл хайр, хүнлэг энэрэнгүй зан, хөдөлмөрч хичээнгүй чанар, бүтээлч авъяас чадвар, ачлалт сайхан сэтгэл нь үр хүүхэд, ээж, эгч, дүү, төрөл төрөгсөд бид бүхний сэтгэл зүрхэнд үүрд хадгалагдах болно.
Ум сайн амгалан болтугай !