Вэбсайтын цэс
Хэлний сонголт
ЭРДЭМТЭН СУДЛААЧДЫН АЖИЛЛАХ ОРЧИН НӨХЦӨЛ САЙЖИРЧ БАЙНА
ЭРДЭМТЭН СУДЛААЧДЫН АЖИЛЛАХ ОРЧИН НӨХЦӨЛ САЙЖИРЧ БАЙНА

Манай улсын шинжлэх ухааны салбарт зарцуулж буй төсөв, хөрөнгийг хөгжиж буй бусад орныхтой харьцуулахад 10 дахин бага байдаг.

Тодруулбал, манайд шинжлэх ухааны салбарт зарцуулж буй төсөв, хөрөнгө нь ДНБ-ий 0.17 хувийг эзэлж байна. 

Гэвч  сүүлийн хоёр жилд Монгол улсын засгийн газраас шинжлэх ухааны салбарт зарцуулах хөрөнгө оруулалтыг харьцангуй нэмэгдэж энэ нь бодит үр дүнд хүрч байгаад салбарынхан баяртай байна.

Шинжлэх ухааны салбарт зарцуулагдах хөрөнгө оруулалт тодорхой хэмжээнд өссний улмаас ШУА-иас эрдэмтэн судлаачдынхаа  ажиллах орчин нөхцлийг сайжруулах чиглэлээр нэлээд ажил өрнүүлээд байна.

Тухайлбал, байгуулагдсан цагаасаа хойш буюу 1978 оноос хойш засвар хийгдээгүй ШУА-ийн хүрээлэнгүүд энэ жил засвар хийж өнгө төрхөө сэргээж байна. Эрдэмтэн судлаачдын нэрлэдгээр зүүн хүрээлэнгүүд буюу офицеруудын орны урд байрлах хүрээлэнгүүдийн байр олон жил засвар хийгээгүйн улмаас цэвэр, бохир усны шугам хагарч муудаж, чийг хөгц үүсч, энэ нь ажилчдын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх хэмжээнд хүрээд байсан юм.

Олон жил яригдсан энэхүү их засварын ажилд өнөө жил 600 сая орчим  төгрөгийг зарцуулж, эрдэмтэн судлаачдын ажлын байрны орчин нөхцөлийг сайжруулаад байна.  Мөн  ШУА шинэ байр сарын дараа ашиглалтад орохоор ажиллаж байна.  

Хэдийгээр шинжлэх ухаанд зарцуулах хөрөнгө оруулалт  мөнгөн дүнгээр өссөн үзүүлэлттэй байгаа ч ДНБ дагаад өсч байгаа учраас зарцуулж  буй хувиараа хөрөнгө оруулалт 0,17 хувьтай хэвээр байгаа юм. Олон улсын судалгаагаар аливаа улс орон ДНБ-ийн 1 хувийг шинжлэх ухаан, технологи, инновацийн салбартаа зарцуулж чадвал энэ салбар улс орныхоо нийгэм эдийн засагт мэдэгдэхүйц үр нөлөө авчирдаг гэж тооцдог.

 Шинэ засгийн газар байгуулагдлаа. Эрх баригч МАН-ын 2020-2024 онд хэрэгжүүлэх мөрийн хөтөлбөртөө  шинжлэх ухааны салбарт хийх хөрөнгө оруулалтыг  4  дахин нэмнэ гэж тусгаад байгаа.   

Энэ амлалт бодит үр дүнгээ өгвөл эрдэмтэн судлаачид судалгааныхаа ажлыг үйлдвэрлэлд нэвтрүүлж  эдийн засгийн эргэлтэд оруулах боломж өсөх  юм.    

Өөрөөр хэлбэл, үйлдвэрлэл бий болж, бизнес эрхлэгчид гаднаас бэлэн технологийг их мөнгөөр худалдан авах бус дотоодын эрдэмтэн судлаачдын гаргасан шинэ шийдлийг хүлээж авах цаг ойрхон байна.   


 


Бусад мэдээлэл