Монгол улсын ШУА, Япон улсын Каназавагийн их сургуулийн хооронд биологийн салбарт хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зураг ёслолын ажиллагаа 6 дугаар сарын 24-ний өдөр ШУА дээр боллоо.
Санамж бичигт Монголын талаас ШУА-ийн Тэргүүн дэд ерөнхийлөгч, академич Д.Рэгдэл, МУИС-ийн Урлаг соёлын Их сургуулийн декан Баяртогтох, Япон улсын талаас Каназавагийн их сургуулийн Эмнэлгийн сургуулийн декан Шуичи Каеко, мөн сургуулийн Хавдар судлалын эрхлэгч Масанобу Ошима нар гарын үсэг зурсан юм. ШУА-ийн Тэргүүн дэд ерөнхийлөгч, академич Д.Рэгдэл “Манай ШУА дэлхийн 26 улстай 100 гаруй санамж бичиг байгуулж, хамтран ажиллаж байна. Шинжлэх ухааны салбарт маш бага хөрөнгө оруулдаг манай улсын хувьд гадаад хамтын ажиллагаа нэмэлт санхүүлжилт болдог. 2014 оны байдлаар санхүүжилтийнхээ 40 орчим хувийг гадаадын байгууллагаас олж байгаа. Япон улс Монголын шинжлэх ухааны салбарт хээхэн тус хүргэдэг. Бид тус улсын технолгийн хүрээлэнтэй санамж бичиг байгуулаад 7 дахь жилдээ ажиллаж байна. Энэ хүрээнд Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэнд 140 гаруй сая төгрөгийн багаж төхөөрөмж өгсөн байдаг. Мөн боловсон хүчнээ тус улсад бэлтгэж байна. Үүнээс гадна хөрснөөс үйлдвэрлэлийн ач холбогдол бүхий бактер олох судалгааны ажлыг амжилттай хийж байна. Тус сургуультай хамтарснаар цаашдаа биологийн чиглэлээр судалгаа хийхэд томоохон дэмжлэг болох юм” гэв.
Мөн энэ үеэр Япон улсын Каназавагийн Их сургуулийн профессор Сейши Мураками, профессор Шуичи Кенеко нарыг Монгол улсад өндөр мэргэшсэн боловсон хүчин бэлтгэх, молекул биологийн судалгааны түвшинг нэмэгдүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж ШУА-ийн дээд шагнал “Хубилай хаан” алтан медалиар шагнасныг ШУА-ийн Ерөнхийлөгч, академич Б.Энхтүвшин гардуулан өгсөн юм. Энэ үеэр профессор Сейши Мураками хэлсэн үгэндээ “Өнөөдөр энэ нэр хүндтэй шагнал авсандаа баяртай байна. Бид хамтарч ажиллаад 30 гаруй жил болж байна. Бидний хамтарсан судалгааны ажил элэгний С вирусийн халдвар юм. Энэ өвчний тархалт монголд өндөр байдаг. Тиймээс нарийн судалгаа хийх нь чухал байдаг” хэмээв. “Хубилай хаан” алтан медаль нь Монголын Шинжлэх ухааны хамгийн нэр хүндтэй шагналын нэг бөгөөд одоогоор гадаад, дотоодын 20 орчим эрдэмтэн тус шагналыг хүртжээ.