Вэбсайтын цэс
Хэлний сонголт
Хүннүгийн булшнаас илэрсэн төмөр тогоо нь хүннүчүүдийн соёлын талаар олон чухал мэдээллийг өгөх чухал олдвор юм
 Хүннүгийн булшнаас илэрсэн төмөр тогоо нь хүннүчүүдийн соёлын талаар олон чухал мэдээллийг өгөх чухал олдвор юм

Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн Археологийн хүрээлэн нь Унгар Улсын Унгар судлалын хүрээлэнтэй хамтран 2022 онд Нийслэл Улаанбаатар хотын нутаг дэвсгэр Ар Гүнтийн Хүннүгийн оршуулгын цогцолбор дурсгалт газарт археологийн малтлага судалгааны ажлыг гүйцэтгэсэн юм.

Хоёр орны хамтарсан археологийн судалгааны хүрээнд Хүннү гүрний үед холбогдох 7 булшийг малтан шинжилсэн бөгөөд судалгааны үр дүнд илрүүлсэн олдвор, хэрэглэгдэхүүнийг сэргээн засварлах, нарийвчлан судлах ажил ид хийгдэж, эхний үр дүнгүүд гарч байна.

Археологийн малтлага судалгааны явцад   том хэмжээтэй төмрөөр хийсэн тогоо илэрч олдсон  бөгөөд энэхүү тогоог Унгар улсад сэргээн засварлаад өнөөдөр ШУА-ийн Археологийн хүрээлэнд хүлээлгэн өгч байна.   

 Тодруулбал археологийн малтлага судалгааны явцад 2 дугаартай булшнаас том хэмжээтэй төмрөөр хийсэн тогоо илэрч олдсон нь маш их зэвэрч, олон хэсэг болон бутарсан байдалтай, хадгалалтын байдал их эмзэг байжээ.  Энэхүү төмөр тогоо нь өмнө нь манай улсаас илэрч байсан Хүннүгийн үеийн хүрэл тогоонуудтай хэлбэрийн хувьд төстэй боловч төмрөөр хийснээрээ онцлог, хэмжээний хувьд анхаарал татахуйц том хэмжээтэй юм.

Ийм хэмжээний төмөр эдлэлийг манай улсад бүрэн сэргээн засварлах боломжгүй учраас Унгар улсын Унгар судлалын хүрээлэнд илгээн сэргээн засварлалтын ажлыг  Унгар судлалын хүрээлэн хамтын ажиллагааны хүрээнд үнэ төлбөргүй хийж өгсөн  байна.

Унгар судлалын хүрээлэнд сэргээн засварласан Хүннүгийн төмөр тогоог Монгол Улсаас БНУУ-д Суугаа Элчин сайдын Яам хүлээн авч, тусгай илгээмжээр тээвэрлэн авчрахад дэмжлэг үзүүлснийг өнөөдрийн арга хэмжээний үеэр ШУА-ийн захирал Г.Эрэгзэн онцолж байлаа.  Тэрээр мөн “Ар Гүнтийн Хүннүгийн булшнаас илэрсэн энэхүү төмөр тогоо нь одоогоор археологийн дурсгалаас илэрсэн хамгийн том хэмжээтэй төмөр сав суулгын нэг болох бөгөөд Хүннү гүрний төмөрлөг боловсруулалтын технологийн түвшин, үйлдвэрлэх хүчний хөгжил зэрэг хүннүчүүдийн соёлын талаар олон чухал мэдээллийг өгөх чухал олдвор” гэдгийг тодотгон хэллээ.

            


Бусад мэдээлэл