Вэбсайтын цэс
Хэлний сонголт
Ч.Чимэдрагчаа:Бидний эн тэргүүний зорилт уламжлалт эмээ олон улсын зах зээлд гаргах
Ч.Чимэдрагчаа:Бидний эн тэргүүний зорилт   уламжлалт эмээ олон улсын зах зээлд  гаргах

ШУА-иас тогтмол зохион байгуулдаг “Эрдэмтдийн үг” цурвал лекцийн энэ удаагийн зочноор Уламжлалт анагаах ухаан, технологийн хүрээлэнгийн захирал, анагаахын шинжлэх ухааны доктор (ScD) Чимэдцэрэнгийн Чимэдрагчаа  оролцлоо. Тэрээр "Монголын уламжлалт анагаах ухааны хөгжлийн чиг хандлага" сэдвийн хүрээнд уламжлалт эмийн хөгжлийн чиг хандлага, зохистой хэрэглээ болон уламжлалт мэдлэгт суурилан шинэ эм бүтээх, өргөн хэрэглээний уламжлалт эмийн технологийн судалгаа боловсруулалт хийх, Монгол улсын эмийн зах зээлийг байгалийн гаралтай чанартай, аюулгүй байдал нь баталгаажсан шинэ, технологийн шийдэл бүхий уламжлалт эмээр хангах тухай өргөн хүрээнд мэдээлэл өглөө.  

Дээрх сэдвийн хүрээнд шинжлэх ухааны доктор (ScD) Ч.Чимэдрагчаатай товч ярилцлаа.

-“Эрдэмтдийн үг” лекц бол нийгмийг  соён гэгээрүүлэх зорилго агуулж байдаг. Та энэ удаа иргэдэд ямар мэдээлэл өгөхийг зорьсон бэ?

-Хамгийн гол нь  уламжлалт эм, түүнийг тойрсон асуудлаар ойлголт өгөхийг зорилоо. Манай ард иргэд уламжлалт эмийг өргөн хүрээнд хэрэглэх хэрэгтэй гэдгийг юун түрүүнд хэлмээр байна. Уламжлалт  эм бол ургамлын гаралтай, хүний биед хорт гаж нөлөө багатайгаас гадна  үйлчилгээ сайтай. Дээрээс нь өнөөдрийн түвшинд  чанар, аюулгүй байдал нь хянагдсан, иж бүрэн судалгаанууд хийгдсэн байдаг гэдгийг хэлмээр байна.  Уламжлалт эм гэдэг бол судалгаа байхгүй,  байгаль дээрээс хэдэн ургамал тастаж авчраад тэрийгээ нунтаглаад, боогоод хэдэн эм гаргачихдаг гэсэн буруу ташаа ойлголттой хүмүүс байдаг. Энэ  бол маш өрөөсгөл ойлголт юм гэдгийг  л өнөөдрийн лекцээрээ хүмүүст хэлэхийг зорилоо.  

-Уламжлалт анагаах ухаан, технологийн хүрээлэнд хийгдэж байгаа эмийн шинэ судалгаа болон шинэ эм үйлдвэрлэлийн талаар товч мэдээлэл өгөөч. Эм үйлдвэрлэлд тулгамдаж буйгаа  ямар асуудал  байна вэ?

-Манай уламжлалтын салбар шинэ эмийн судалгаанууд тогтмол хийж, тэр хэрээр шинэ эмүүд их гаргаж байгаа. Жишээ нь, калвацин гээд манай хүрээлэн дээр гарсан шинэ эмийн судалгааг  түрүү ярьлаа. Бид 12 жилийн турш олон шатны судалгаа хийж,  4-5 том төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байж энэ эмийг  гаргаж авсан. Түлэнхийн шархыг анагаах энэ шинэ эм нь импортыг орлох бүтээгдэхүүн болсон. Үйлдвэр үйлчилгээ бүх юм нь судлагдаж батлагдсан. Мөн “Гарди” гээд өвдөлт намдаах, үрэвслийн эсрэг наалтын судалгаа хийлээ. Энэ бол уламжлалт эмийн судалгаа хийгээд технологийн шийдэлтэй, тухайн  үе мөчний өвчтэй хэсэг  дээр наадаг эм байгаа. Түүнчлэн “Монфлю” гэж ханиад, томуу, амьсгалын замын үрэвслийн үед болон урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэх, уусдаг  бэлдмэл  гаргалаа.  Энэ мэт  уламжлалт эмийн судалгаа  олон чиглэлээр явж байна.

 Асуудал мэдээж байгаа. Нэгдүгээрт,  уламжлалт эмийн чанар, аюулгүй байдлыг шинжлэх, судлах, зохицуулах асуудал байна. Хоёрдугаарт уламжлалт эмээ технологийн судалгаа хийгээд технологийн шийдэлтэй уламжлалт эм болгох асуудал байна. Гуравдугаарт уламжлалт түүхий эд дээр суурилсан шинэ эмийн судалгааны асуудлууд байна.

-Та уламжлалт монгол эмээ хэрэглэхийг хүмүүст зөвлөж байна. Гэтэл эмийн үйлдвэрлэлийн хүчин чадал, хүрэлцээ хэр байгаа юм бол. Уламжлалт эмийн үйлдвэр  дотоодын  эмийн хэрэгцээний хэдэн хувийг үйлдвэрлэдэг вэ.?

-Уламжлалт эмийг хэрэглэхэд дотоод хэрэглээ, гадаад хэрэглээ гэж хоёр ангилж болно. Дотоод хэрэглээний хувьд өнөөдөр үндэсний уламжлалт эмийн үйлдвэрлэлийн 7 хувийг манайх эзэлж байна. Борлуулалтын үзүүлэлт бол 9 хувийг эзэлж байна. Сүүлийн гурван жилд 3 дахин өсөлттэй байна. Хүмүүсийн сонирхол, хэрэглээ нэмэгдэж байна. Үүнийг бид өргөжүүлэх ёстой. Үүнийг өргөжүүлэхийн тулд технологийн шийдлүүдийг хийх ёстой. Энэ эмүүдийг шууд худалдан авалтын системүүдэд оруулах хэрэгтэй. Эмийн сангуудаар түгээх хэрэгтэй. Уламжлалтын эм хангамжийн байгууллагуудыг хөгжүүлэх хэрэгтэй. Нөгөө талаасаа олон улсын зах зээл дээр юу болж байна гэхээр ургамлын гаралтай эмийн эрэлт хэрэгцээ асар их нэмэгдэж байна. Хятадын зах зээл гэхэд 2020 оны нэг жилийн судалгаагаар бараг уламжлалт эмийн худалдааны дүн 30 тэрбум ам.доллар байна. Дэлхийн хэмжээнд ургамлын гаралтай эмийн зах зээл одоо бараг 150 гаруй тэрбум  ам.доллар байна. Энэ тоо  2027 он гэхэд 300 ам.долларт хүрнэ гэсэн прогноз байгаа. Манайх экспортын хэмжээнд аваачихын тулд дээр хэлсэнчлэн эмүүдийн чанар аюулгүй байдлыг баталгаажуулах хэрэгтэй. Стандарт түүхий эдийн асуудлаа шийдэх хэрэгтэй. Фармаконейгоо батлаад хуулийн бичиг баримт болгох хэрэгтэй.

Өөрөөр хэлбэл, олон улстай хөл нийлүүлэхийн тулд бид   ДЭМБ-аас  эмэнд  тавигддаг шаардлагуудыг биелүүлэх ёстой. Тэр чиглэлийн судалгаануудыг хийж байж бид эмийг гадагш нь экспортлох нөхцөл бололцоо бүрдэнэ.  Олон улсад ургамлын гаралтай эмийн зах зээл ийм  өндөр түвшинд явж байна. Гэтэл бид  уламжлалт анагаах ухааны мундаг  өв соёлтой ард түмэн мөртлөө тэр зах зээл дээр тоглогч болж чадахгүй байгаа нь харамсалтай. Тийшээ орох л хэрэгтэй. Манай уламжлалтын эмч нар дэлхийн зах зээл дээр  аль хэдийн гарчихсан. Бараг 30 жил болж байна.  Польш, европийн холбооны улсад маш олон уламжлалтын эмч нар мэргэжлээрээ ажиллаж байна. Гэсэн хэдий ч бид  уламжлалт эмээ гаргаж чадахгүй байгаа. Бидний эн тэргүүний зорилт бол эмээ олон улсын зах зээлд  гаргах.  Тэр олон зуун тэрбум ам.долларын эмийн худалдаанаас  монгол улс  ядаж ганц тэрбум ам.долларын арилжаа хийчихдэг улс болох хэрэгтэй. Бидэнд тийм боломж нь байна. Тэгэхийн тулд бид дотооддоо уламжлалтын эмийн чиглэлийн судалгаа шинжилгээний ажлаа  төрийн бодлоготойгоо уялдуулж цогц арга хэмжээ авах хэрэгтэй.

            -Төр засгийн зүгээс  та бүхэн  бодит  ямар дэмжлэг хэрэгтэй байна вэ?

-Эмийн чиглэлээр цогц бодлого гаргах хэрэгтэй байна. Уламжлалтын эмийг  бодлогын хувьд дэмжих ёстой. Хууль эрх зүйн орчин сайжрах ёстой. Одоо эмийн хуулинд шинэчилсэн найруулга явагдаж байна. Үүнд уламжлалт эмийн түүхий эдийн зохицуулалтыг маш сайн тусгаж өгөх шаардлагатай. Эм үйлдвэрлэлийн салбар их олон юмнаас бүрддэг.  Жишээ нь байгалиас олон төрлийн  ургамал хэрэглэнэ. Амьтны гаралтай түүхий эд, эрдсийн түүхий эдүүдийг ч хэрэглэнэ. Тэгэхээр уламжлалт эмийг бодлогоор дэмжээд хэрэглэж байгаа түүхий эдүүдийнх нь нөөцийг  байгаль хамгаалах хууль, байгалийн нөөц хамгаалах хууль зэргээс  тусад нь  авч үзэх хэрэгтэй. Тэгэхгүй бол ерөнхий хуулиудаар хаалт хийчихээр уламжлалт эмийн үйлдвэрүүдэд хүндрэл үргэлж тулгарсаар л байна.  

Энэ мэтчилэн асуудлыг хууль эрхзүйн орчин, төрийн бодлогоор дэмжиж өгөх, дээрээс нь энэ чиглэлийн судлаач нарын тоог нэмэгдүүлэх, судалгааны зардлыг нэмэгдүүлэх, энэ чиглэлээр төсөл хөтөлбөр зарлаж хэрэгжүүлэх зэрэг ажлууд цогцоор зөв явчих юм бол  уламжлалт эм маш өндөр түвшинд гараад ирэх боломж байна.  

 


Бусад мэдээлэл