Вэбсайтын цэс
Хэлний сонголт
ЗАХИРЛУУДЫН ӨРГӨТГӨСӨН ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО
ЗАХИРЛУУДЫН ӨРГӨТГӨСӨН ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

ШУА-ийн харьяа эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдийн захирлуудын өргөтгөсөн  зөвлөгөөн өнөөдөр  боллоо.

Зөвлөгөөний үеэр хүрээлэнгийн захирлууд 2020-2021 онд хийж гүйцэтгэх  эрдэм шинжилгээ, судалгааны ажлын төлөвлөгөө, урсгал  засвар, хөрөнгө оруулалт, гүйцэтгэлийн ажлын явц байдлын талаар танилцуулга хийсэн юм.

 Ингэхдээ дийлэнх нь хүрээлэнгийн барилгын насжилттай холбоотой урсгал завсар хийх, өргөтгөл барих, шаардлагатай тоног төхөөрөмж авахад хөрөнгө оруулалт зайлшгүй хэрэгтэй  байгааг хэлж байлаа.

Зарим хүрээлэнгүүдийн хувьд нийслэл хоттой хамтран ажиллах боломж бүрдэж, энэ хүрээнд хийх боломжтой ажлуудаа танилцуулсан юм. Тухайлбал Физик, технологийн хүрээлэн өнгөрсөн жил хаягдал шилээр барилгын дулаалгын материал буюу шилэн хөөс хийж, загварын байшин барьсан. Өнөө өвөл тус байшингийн дулаан алдагдлыг хэмжих туршилт явуулж, дулааны алдагдал багатай  болохыг нотолжээ. “Нийслэл хотын захиргаанаас Улаанбаатар хотын хуучин орон сууц дулаалахад 200 гаруй тэрбум төгрөг зарцуулах тооцоо гаргасан. Энэ тооцоолсон мөнгөнөөсөө 7 тэрбумаар нь шилэн хөөс үйлдвэрлэх үйлдвэр байгуулчих юм бол хуучин орон сууцнуудыг бараг үнэгүй дулаалах боломжтой” гэдгийг ФТХ-ийн захирал П.Алтанцог хэллээ.

Мөн Бoтаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн захирал И.Түвшинтогтох ”2020 онд Ботаникийн цэцэрлэгийн ашиглаагүй талбайд гоёл, чимэглэлийн мод сөөг тарьж ургуулна. Энэхүү мод сөөгийг Нийслэлтэй гэрээ хийж худалдан борлуулах талаар ярилцаж тохиролцоод байна” гэв.

Төгсгөлд ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэл “Урсгал  засвар хөрөнгө оруулалт болон шаардлагатай тоног төхөөрөмж худалдан авах асуудлыг шат  дараатай шийдвэрлэх боломжтой. Ирэх жил Монгол улсад шинжлэх ухааны байгууллага үүсч хөгжсний 100 жилийн ой  тохионо. Тиймээс 2020 он бол шийдвэрлэх жил учраас судалгааны ажлын үр дүнг нэн тэргүүнд сайжруулах, Инновацийн бүтээгдэхүүний үйлчилгээг нэмэгдүүлэх, олон нийтэд таниулах, гадаадтай хамтарсан төсөл хөтөлбөрөө нэмэгдүүлэх, хүний нөөц боловсон хүчнээ чадавхижуулж ажиллах”-ыг захирлуудад үүрэг болголоо.

ШУА-иас 2019 онд  үр дүнгийн гэрээгээр хүлээсэн үүргээ сайн биелүүлсэн хоёр захирлыг  шалгаруулсныг тус зөвлөгөөний үеэр  урамшууллаа. Энэ нь уламжлалт ажил бөгөөд 2019 оны шилдэг захирлаар Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн захирал С.Чулуун, Палеонтологийн хүрээлэнгийн захирал Х.Цогтбаатар нар шалгарсан байна.  


Бусад мэдээлэл