Монгол-Туркийн соёлын хамтын ажиллагааны хүрээнд өнөөдөр нийслэлийн Налайх дүүрэгт Мэргэн Тоньюкукын цогцолбор музейн шав тавих ёслол боллоо.
Монгол Улсын
Засгийн газар, Бүгд Найрамдах Турк Улсын Засгийн газар 2018 онд Хөгжлийн хамтын
ажиллагааны тухай хэлэлцээрийг байгуулж, улмаар салбар яам, байгууллагууд
Туркийн Засгийн газрын буцалтгүй тусламжаар Мэргэн Тоньюкукын цогцолбор музейг
барьж байгуулах хэлэлцээрийг байгуулж байсан юм.
Хэлэлцээрийн дагуу
дээрх төслийг Монгол Улсын Засгийн газар буюу Соёлын яам хариуцаж, Налайх
дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт Мэргэн Тоньюкукийн хөшөөний 65.58
кв.км хамгаалалтын бүс дотор 20 га талбайд музейн бүтээн байгуулалтын ажлыг
хийхээр төлөвлөсөн. Ингэхдээ музей, түүний дагалдах барилга байгууламжийн бүс,
музейг даган хөгжих худалдаа үйлчилгээний бүс, амралт зугаалгын бүс гэж
хөгжүүлэхээр ерөнхий төлөвлөгөөг нь гарган ажиллаж байна.
Хуучнаар БСШУЯ
болон ТИКА-ын хамтын ажиллагааны хүрээнд 1994 онд хоёр талын байгуулсан
гэрээний үндсэн дээр Монгол нутаг дахь Түрэгийн үеийн хөшөө дурсгалыг хадгалж
хамгаалах, сэргээн засварлах төсөл хэрэгжиж эхэлсэн. Энэ хүрээнд 1997 оноос
хоёр орны эрдэмтэн судлаачдын хамтарсан эрдэм шинжилгээний ажлууд буюу уг
дурсгалт газрын зураг болон геофизикийн зэрэг судалгаа хийгдэж, дурсгалуудыг
сэргээн засварлаж, хадгалан хамгаалж ирсэн юм.
Энэ тухай Соёлын сайд Ч.Номин, “Соёлын яамнаас соёлын салбарт хэрэгжиж байгаа бүтээн байгуулалтыг соёлын аялал жуулчлал, соёлын бүтээлч үйлдвэрлэлтэй хослуулан олон агуулга хэлбэрээр хөгжүүлж, эдийн засагт оруулах үр өгөөжийг өсөн нэмэгдүүлэх бодлого баримтлан ажиллаж байна. Энэ бодлогын салшгүй нэг хэсэг бол хөдөө хээр байгаа түүх, соёл, шинжлэх ухааны өндөр ач холбогдол бүхий дурсгалыг түшиглэн соёлын орон зайг бий болгон хөгжүүлэх явдал юм. Нийслэлийн Налайх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр, “Баянцогтын тал” гэх газарт оршин буй Мэргэн Тоньюкукын цогцолборыг музей болгон хөгжүүлэх нь соёлын өвийг хадгалж, хамгаалах, эдийн засгийн эргэлтэд оруулах бодлогын зорилтуудтай нягт уялдаж байгааг тэмдэглэн хэлэх нь зүйтэй. Түүнчлэн, Монгол орны өнцөг булан бүрд хадгалагдаж байгаа үнэ цэнтэй бусад соёлын биет өвийг энэ жишгийн дагуу хөгжүүлэх сайн туршлагыг бий болгож байгаа нь төслийн ач холбогдлыг улам бүр өргөж байна” гэлээ.
Мөн
бичээст мэргэн Тоньюкук тухайн үеийн нийгмийн байдлыг өөрийн намтартайгаа
холбон бичсэн байгааг судлаачид тогтоожээ. Мэргэн Тоньюкук нь 646-732 онд амьдарч
байсан тухайн үеийн Түрэгийн хаант улсын хамгийн хүчирхэг язгууртан ноёд бүхий
Ашина овгийн язгууртан гаралтай хүн байжээ. Тоньюкук нь Капаган, Кутулуг
буюу Элтерис хааны зөвлөхөөр ажиллаж байв. Кутулуг хааныг нас барсны
дараагаар хүү Могиляныг Билгэ цолтойгоор хаанд өргөмжлөн хүчин зүтгэсээр 86
насандаа өөд болсон байна.