Вэбсайтын цэс
Хэлний сонголт
“БОГД ХААН-150: ТҮҮХ, СОЁЛ, ӨВ” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ МАРГААШ БОЛНО
“БОГД ХААН-150: ТҮҮХ, СОЁЛ, ӨВ” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ МАРГААШ БОЛНО

Маргааш /2019-10-11/ “БОГД ХААН-150: ТҮҮХ, СОЁЛ, ӨВ” олон улсын эрдэм шинжилгээний хурал Төрийн ордонд болно.

Тус хурлаар  ХХ зууны эхэн үеийн Монголын түүх, соёл, шашин, урлаг, уран зохиол

Богд хааны амьдрал, улс төр, шашны үйл ажиллагаа,

Богд хаан ба Монгол Улсын төрийн зүтгэлтнүүд,

Богд хаант Монгол Улсын Засгийн газар, түүний үйл ажиллагаа, дотоод, гадаад бодлого, Батлан хамгаалах бодлогын хэрэгжилт,  Богд хааны талаарх архивын эх сурвалж зэрэг асуудлын талаар илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлнэ.  

“БОГД ХААН 150: ТҮҮХ, СОЁЛ, ӨВ”  олон улсын эрдэм шинжилгээний хуралд ОХУ, Япон, Герман, Унгар, Польш, БНХАУ, Монгол зэрэг орнуудын нийт 33  монгол судлаач, эрдэмтэн, профессорууд илтгэл тавих юм байна. Тодруулбал, Япон Улсын монголч эрдэмтэн Наками Татсуо, Тачибана Макото, Герман улсын монголч эрдэмтэн Удо Баркманн, ОХУ-ын  монголч эрдэмтэн С.Л.Кузьмин, ОХУ-ын Эрхүүгийн их сургуулийн профессор, монголч эрдэмтэн Ю.В.Кузьмин, эрдэмтэн Л.Н.Крайнова, Унгар улсын эрдэмтэн Кристина Телеки, Польш улсын эрдэмтэн Каролина Зигмановска зэрэг арав гаруй гадаадын нэртэй эрдэмтэд оролцож байна.

Мөн Монгол Улсын ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэн, Олон Улсын харилцааны хүрээлэн, Философийн хүрэлээн, Хэл зохиолын хүрээлэн, МУИС, МУБИС, Үндэсний Батлан Хамгаалах Их Сургууль, СУИС, Гандантэгчэнлин хийд, Богд хааны ордон музей зэрэг манай улсын эрдэм шинжилгээ, судалгааны байгуулагуудын эрдэмтэд, багш, лам нар илтгэл тавих юм.

Эрдэм шинжилгээний хурлын нээлтийн ажиллагаанд Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболд, БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг, ШУА-ийн Ерөнхийлөгч Д.Рэгдэл, Монголын бурхан шашинтны төв, Гандантэгчэнлин хийдийн тэргүүн хамба Д.Чойжамц нар оролцох юм байна.  

Маргааш, нөгөөдөр хоёр өдөр үргэлжлэх  VIII Богд Жавзандамба хутагтын мэндэлсний 150 жилийн ойд зориулсан “БОГД ХААН 150: ТҮҮХ, СОЁЛ, ӨВ” олон улсын эрдэм шинжилгээний хурлыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, БСШУСЯ, ШУА, Олон улсын харилцааны хүрээлэн, Түүх, угсаатны зүйн хүрээлэн, Философийн хүрээлэн, Хэл зохиолын хүрээлэн, Богд хааны ордон музей хамтран зохион байгуулж байна.

Дашрамд дурдахад, 2019 оны нэгдүгээр сарын 24-ний өдөр VIII Богд Жавзандамба хутагтын мэндэлсний 150 жилийн ойг орон даяар тэмдэглэх тухай Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 09 тоот зарлиг буулгасан билээ.  

            Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Богд хааны түүх, намтар, улс төр, шашны үйл ажиллагааг судлах, сурталчлах үүднээс Архивын Ерөнхий газар, Үндэсний музей, Үндэсний ном сан, Гандантэгчэнлин хийд зэрэг газруудаас үзэсгэлэн гаргах, ном, баримт бичгийн эмхтгэл хэвлэн нийтлүүлэх зэрэг ажлуудыг  өнгөрсөн хугацаанд хийжээ.

 


Бусад мэдээлэл