ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний Комиссын дэмжлэгтэйгээр Шинжлэх Ухааны Академи, Монголын Биотехнологийн нийгэмлэг хамтран “ЁС ЗҮЙ, БИО ЁС ЗҮЙН МЭДЛЭГ, МЭДЭЭЛЛИЙГ САЙЖРУУЛАХ НЬ” сэдэвт оюутан залуучуудад зориулсан семинарыг аравдугаар сарын 28-ны өдөр МУИС-ийн Төв байрны “Дугуй заал”-д зохион байгуулав.
Орчин үед шинжлэх ухаан, технологи, үйлдвэрлэл эрчимтэй хөгжихийн хэрээр ёс зүй, биоёс зүй, хувь хүний ёс суртахууны асуудал улам хүчтэй тавигдаж байгаа бөгөөд энэхүү семинарт манай биологи, биотехнологи, анагаах ухаан, хөдөө аж ахуй, философи, эрхзүйн оюутан, залуус дунд сургуулийн ахлах ангийн сурагчдын төлөөлөл 70 орчим хүн оролцов. Семинарыг нээж ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний Комиссын дарга С.Уянга, ШУА-ийн хэлтсийн дарга доктор Р.Бандий, МБН-ийн тэргүүн, академич Ц.Оюунсүрэн нар үг хэлэв. Семинарт академич С.Нарангэрэл, доктор Д.Тунгалаг, доктор Д.Оюунгэрэл, доктор Ц. Алтаннавч, доктор Т.Эрдэнэсайхан, доктор М.Сугармаа нар илтгэл хэлэлцүүлж, оролцсон залуус, оюутан сурагчид Монгол улсыг мэдлэг боловсролтой, оюуны потенциалтай, өндөр ёс суртахуунтай, мэргэжлийн болон хэрэглээний ёсзүйн мэдлэгтэй, тэдгээрийг дагаж мөрддөг монгол хүн л хөгжүүлнэ гэдэгтэй бүгд санал нэг байв.