Вэбсайтын цэс
Хэлний сонголт
МОНГОЛЫН АНАГААХ УХААНЫ АКАДЕМИ ШИНЭ ГИШҮҮДЭЭР ЭГНЭЭГЭЭ ӨРГӨТГӨВ
МОНГОЛЫН АНАГААХ УХААНЫ АКАДЕМИ  ШИНЭ ГИШҮҮДЭЭР ЭГНЭЭГЭЭ ӨРГӨТГӨВ

Монголын Анагаах ухааны Академийн ээлжит чуулган 2019 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр ШУА-ийн их чуулганы танхимд болж, шинэ гишүүдийн сонгуулийн тухай, суурь судалгааны үр дүнгийн тайлангийн тухай асуудлыг хэлэлцэв. Чуулганы хуралдаанд МАУА-ийн гишүүд 92.2 хувийн ирцтэй чуулж, академийн гишүүнд нэр дэвшигч эрдэмтэд, судлаачид байлцан, чуулганы даргаар МАУА-ийн Ерөнхийлөгч, академич Ц.Лхагвасүрэн ажиллалаа. 

МАУА-ийн гишүүнээр Монгол улсад анагаахын шинжлэх ухааныг хөгжүүлэхэд дорвитой хувь нэмэр оруулсан, эрдэм судлалын ажлын үр дүнгээрээ өөрийн болон олон улсын түвшинд үнэлэгдсэн, нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн бүтээл туурвисан докторын болон шинжлэх ухааны докторын зэрэгтэй, шинжлэх ухааны ёс зүйг хүндэтгэдэг эрдэмтдийг сонгодог журамтай. МАУА-ийн гишүүнээр шинээр сонгон шалгаруулах гишүүдийн тоо, салбарын чиглэлийг ШУА-ийн Ерөнхийлөгч 2 жилд нэг удаа тогтоох бөгөөд нууц санал хураалтаар сонгодог. Чуулганы үеэр нэр дэвшигчдийн бүтээлийн үзэсгэлэнг зохион байгуулж, эрдэмтэд бүтээлээ дэлгэн танилцуулж ажиллав.

Хуралдааны дэгийн дагуу МАУА-ийн гишүүнд шинээр нэр дэвшиж буй эрдэмтдийн бүрдүүлсэн материалд хянан магадлагаа хийх шинжээчийн баг ажилласан  тухай танилцуулж, шинжээчийн багийн ахлагч, анагаах ухааны доктор, профессор О.Чимэдсүрэн МАУА-ийн гишүүнд нэр дэвшигч эрдэмтдийн бүтээлийн товчооныг танилцууллаа. Энэ удаагийн ээлжит сонгуулийн батлагдсан 4 квотын дагуу МАУА-ийн гишүүнд шинээр нийгмийн эрүүл мэнд-1, Эмнэл зүй-2, биоанагаах-1, нийт 4 эрдэмтнийг сонгох шалгаруулалтыг нууц санал хураалтаар сонгов. 



1. АШУҮИС-ийн Дотоод шүүрэл судлалын тэнхимийн багш, ЭМЯ-ны Дотрын анагаах судлалын мэргэжлийн салбар зөвлөлийн дарга, ерөнхий мэргэжилтэн, анагаах ухааны доктор, профессор Х.Алтайсайхан


2. АШУИС-ийн Халдварт өвчин судлалын тэнхимийн багш, ЭМЯ-ны Халдварт өвчин судлалын мэргэжлийн зөвлөлийн нарийн бичгийн дарга, ХӨСҮТ-ийн Элэгний клиникийн зөвлөх эмч, анагаах ухааны доктор, профессор О.Баатархүү,


3. АШУҮИС-ийн харьяа Анагаах Ухааны хүрээлэнгийн Зүрх-судас судлалын секторын эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, П.Н.Шастины нэрэмжит Улсын 3-р төв эмнэлгийн дүрс оношлогооны зөвлөх, Монгол улсын хүний гавъяат эмч, анагаах ухааны доктор, профессор Ц.Бадамсэд


4. АШУҮИС-ийн Биоанагаахын сургуулийн Физиологийн тэнхимийн багш, анагаахын шинжлэх  ухааны доктор, профессор Г.Отгон

Нууц санал хураалтын дүнгээр анагаах ухааны доктор, профессор Х. Алтайсайхан 76,4%, анагаах ухааны доктор, профессор О.Баатархүү 85,2%, анагаах ухааны доктор, профессор Ц.Бадамсэд 94,1%, анагаахын шинжлэх ухааны доктор, профессор Г.Отгон 73,5%-ийн санал авч,  МАУА-ийн гишүүнээр сонгохоор тогтов.

Монголын Анагаах ухааны Академийн Ерөнхийлөгч, академич Ц.Лхагвасүрэн сонгогдсон гишүүдэд баяр хүргэж, академийн дүрмийг мөрдөн, анагаах ухааныг хөгжүүлэхэд идэвхи чармайлт гарган ажиллахыг шинээр сонгогдсон гишүүдэд уриалав.

Монголын Анагаах ухааны Академи










Бусад мэдээлэл