Вэбсайтын цэс
Хэлний сонголт
“Үндэсний эрдэм шинжилгээний хурал-2023"
“Үндэсний эрдэм шинжилгээний хурал-2023"

        Монгол Улсын төрийн соёрхолт, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, Чингис хаан одонт эрдэмтэн, академич Х.Намсрайн мэндэлсний 80 насны ойд зориулсан “Үндэсний эрдэм шинжилгээний хурал-2023" хурлын нээлт өнөөдөр ШУА-ийн Их чуулганы танхимд боллоо. Тус хурлыг ШУА-ийн Физик технологийн хүрээлэн, Монголын Физикийн нийгэмлэг, ШУА-ийн Физик, Математик, Информатикийн салбарын Бага чуулган, МУИС-ийн Шинжлэх ухааны сургууль, ШУТИС-ий Хэрэглээний шинжлэх ухааны сургууль, МУБИС-ийн Математик, байгалийн ухааны сургууль, МУИС-ийн Цөмийн физикийн судалгааны төв, Цөмийн энергийн комиссийн ажлын алба зэрэг байгууллагуудтай хамтран зохион байгууллаа.

   Хурлын эхэнд ШУА-ийн Ерөнхийлөгч, академич Д.Рэгдэл, ШУА-ийн Физик, математик, информатикийн салбарын Бага чуулганы дарга, академич Д.Сангаа, ШУА-ийн Физик технологийн хүрээлэнгийн захирал, академич Ж.Даваасамбуу, Цөмийн энергийн комиссын ажлын албаны дарга Г.Манлайжав болон эрдмийн хамт олон, найз нөхөд, шавь нараас нь академич Х.Намсрай гуайд хүндэтгэл үзүүлэв.

Мөн академич Х.Намсрайн-80 жил дурсамж илтгэлийг ШУА-ийн Физик технологийн хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор(Ph.D) Г.Сэвжидсүрэн танилцуулсан бол академич Х.Намсрай өөрийн эрдэм судлалын талаар хуралд оролцогсдод товч танилцууллаа.

      Академич Х.Намсрайн Цэгэн бус үйлчлэлийн квант орны онол ба санамсаргүй огторгуй хугацаа, эгэл уртын физик хэмжигдэхүүнийг тодорхойлох физикийн салбарт  шинэ чиглэл гаргаж, интеграл дифференциалыг бодох оновчтой шийдэл, түгээмэл томьёонуудыг боловсруулснаараа 2014 онд Шинжлэх ухааны салбарын анхны“Чингис хаан" одон хүртсэн.

Энэхүү академич Х.Намсрайн 80 насны ойд зориулан зохион байгуулж байгаа эрдэм шинжилгээний хурал нь эрхэм академичийн шинжлэх ухааны гавьяат үйлсийг алдаршуулан мөнхжүүлж, манай улсын физикийн шинжлэх ухааны салбарын хөгжилд томоохон түлхэц болох юм.


Түүний ажлын гол үр дүнгээс танилцуулвал :

•    Квант орны онолын хүрээнд харьцангуй бага судлагдсан эгэл уртын огторгуйн геометр бүтцийг стохастик /санамсаргүй/ ба квант шинж чанартай гэсэн таамаглалыг         дэвшүүлж классик ба квант орны онолыг байгуулсан нь физикийн онолд шинэ чиглэл болсон.

•   Эгэл бөөмс нь зарим тохиолдолд коллектив долгион буюу цунами маягийн хөдөлгөөн хийдэг болохыг харуулж, тэдгээрийн хөдөлгөөний тэгшитгэлийг язгуур доторх Клейн-Гордоны

     тэгшитгэлээр бичдэг болохыг харуулсан. Ингэснээр 1927 онд Германы алдарт физикч-математикч Вейлийн анх дэвшүүлсэн тэгшитгэлийг аналитик томъёогоор бодож, шийдийг олжээ.

•    Бодисын бүтцийг бүрэлдүүлэгч эгэл бөөмсийг  l гэсэн урттай саваа гэж үзээд түүний классик потенциалыг гэрлийн дээд тэгш хэмийн “ихрийн өрөөсөн” болох фотиногийн тархалтын функцтэй холбожээ.

•    Байгалийн гайхамшигтай гурван тогтмол болох гэрлийн хурд 𝑐, Планкийн тогтмол ℏ, Ньютоны 𝐺, тогтмолуудын тусламжтайгаар Планкийн уртаас өөр сонин физик тогтмолууд байгуулж болохыг харуулжээ.

•    4-хэмжээст огторгуйд байгуулсан эгэл бөөмсийн харилцан үйлчлэлийг бичдэг квант орны онолд хэт ягаан туяаны салалт гэсэн хязгааргүй утга авдаг утгагүй гэмээр хэмжигдэхүүн гарч ирдэг. Тэгвэл академич Х. Намсрай нь квант орны онолыг олон хэмжээст (тухайлбал  5,6,7) гэх мэт дурын олон хэмжээст огторгуйд зөөн өргөтгөсөн нь дээр дурдсан хэт ягаан туяаны салалтгүй төгслөг квант орны онолыг боловсруулах математик аргыг дэвшүүлсэн.

    Академич Х.Намсрайн шинжлэх ухааны салбарт тасралтгүй 55 жил ажиллахдаа   ном, товхимол, сурах бичиг, монограф - 40 гаруй, Эрдэм шинжилгээний өгүүллүүд - 200 гаруй, 10 гаруй магистр, докторын удирдан хамгаалуулсан байна.



Бусад мэдээлэл