Вэбсайтын цэс
Хэлний сонголт
Э.УЯНГА: ШИНЖЛЭХ УХААНЫ БАЙГУУЛЛАГУУДАД ЗАХИАЛГАТ ТӨСЛҮҮДИЙГ ОЛГОВОЛ ТОМ ДЭМЖЛЭГ БОЛНО
Э.УЯНГА: ШИНЖЛЭХ УХААНЫ БАЙГУУЛЛАГУУДАД ЗАХИАЛГАТ ТӨСЛҮҮДИЙГ ОЛГОВОЛ ТОМ ДЭМЖЛЭГ БОЛНО


“Зууны  мэдээ” сонин салбар, салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчдадаа хүргэдэг билээ.

Энэ удаа ШУА-ийн Физик, технологийн хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга,  орчин үеийн физикийн шинжлэх ухаан, материал судлал, эрчим хүчний салбарт чухал ач холбогдолтой “Устөрөгч энергийн үүсгүүрт ашиглах цагаан алттай нэгдлийн бүтэц, шинж чанарын судалгаа” сэдэвт бүтээлээрээ 2017 онд Ерөнхийлөгчийн нэрэмжит шагналыг хүртсэн доктор Э.Уянгыг урьсан юм.

Багаж төхөөрөмжийг нь  өгчихвөл манай эрдэмтэд юуг ч хийж чадна

Аливаа улс орны хөгжилд шинжлэх ухааны салбар тэргүүлэх үүрэг гүйцэтгэдэг. Монголын Шинжлэх ухааны академийн зорилго, чиглэл ч ийм. Бүх  талын харилцаа, уялдаа холбоог  бэхжүүлж, эрдэм шинжилгээ, судалгааны боловсон хүчин бэлтгэж, эрдэмтдийн хүч чармайлтыг үндэсний эдийн засаг, соёлын хөгжлийн хамгийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд чиглүүлж, салбар хүрээлэнгүүдтэйгээ нягт холбоотой ажиллаж ирсэн.

ШУА-ийн харъяа Физик технологийн хүрээлэнгийн хувьд физик, их энергийн физик, биофизик, хатуу бие, материал судлал, нанотехнологи, сэргээгдэх эрчим хүч, электроник, мэдээллийн технологийн чиглэлээр шинэ мэдлэг, шинэ технологи бүтээж улс орны хөгжилд хүч нэмэх зорилготой. Эгэл бөөм, цөмийн физик, Онолын физик, Биофизик, Техник технологи, Материал судлал гэсэн таван салбар, 12 лаборатори, 95 эрдэм шинжилгээний ажилтантай үйл ажиллагаагаа явуулж байна.

Манай хүрээлэн 1961 онд байгуулагдсаны дараа НҮБ-ын шугамаар электроникийн багаж, төхөөрөмж үйлдвэрлэх “МОНЕЛ” үйлдвэрийг, мөн хөдөөгийн малчдыг нарны эрчим хүчээр хангах төслийг хэрэгжүүлж байсан. Тухайн үед хамгийн амжилттай хэрэгжсэн нь “МОНЕЛ” төсөл юм. Монголчууд өөрсдөө цахилгаан бүтээгдэхүүнийг  дотооддоо үйлдвэрлэхийн зэрэгцээ гадагш нь гаргаж байсан түүх ийм. Гэвч 1990-ээд оноос төр, засгаас өгч байсан санхүүжилт огцом буурсан. Өнөөдөр шинжлэх ухааны байгууллагын  санхүүжилт ДНБ-ний 0.2 хувьтай тэнцэж  байгаа. Гэтэл 1990-ээд оноос өмнө ДНБ-ний 1.0 хувийг шинжлэх ухаанд зарцуулдаг байсан. Тиймээс энэ үеэс өмнөх үеийг авч үзвэл монголчууд  шинжлэх ухаан технологио хөгжүүлж дотоодын хэрэгцээгээ хангаад зогсохгүй гадагш нь импортолж маш амжилттай явж ирсэн.

Хэрэв үүнийгээ алдалгүй аваад явж чадсан бол өнөөдөр бид шинжлэх ухаан, технологийн маш өндөр түвшинд хүрэх байсан. Шинжлэх ухааны байгууллагууд өнөөдөр техник, технологийн бололцоо муутай, суурь лабораториудын багаж хэрэглэгдэхүүнүүд нь ч ихээхэн хоцрогдсон байдалтай байна. Жишээ нь би материал судлаач хүн. Шинэ материал судалж, гаргаж аваад яаж ашиглах вэ, юунд тохиромжтой вэ, бүтэц, шинж чанар, хэлбэр нь ямар вэ гээд олон талаас нь судлах шаардлагатай байдаг. Гэтэл Монголын нөхцөлд гаргаж авсан шинэ материалынхаа бүтцийг харах ямар ч боломжгүй, зориулалтын микроскоп байхгүй байна. Тухайн материал мяндаслаг  бүтэцтэй юм уу, эсвэл сфер бүтэцтэй байна уу гэдгийг харахын тулд заавал гадны улс орны  лаборатори руу явуулдаг.

Зардал, цаг хэмнэх үүднээс их төлөв хоёр хөрш рүүгээ, БНХАУ, ОХУ-ын их сургууль, эрдэм шинжилгээний байгууллагууд руу хандах жишээтэй. Ер нь бол манай эрдэмтэн, судлаачид бор зүрхээрээ болгоё, бүтээе гэж явж ирсэн. Одоо ч ийм байгаа. Гэхдээ төр, засгаас хараат байдлаар  багаж байхгүй учраас бид юу ч хийж чадахгүй байна гээд зүгээр суудаггүй. Аль болох боломж бололцоог эрж хайж, энэ дээжийг хараад өгөөч, ийм зураг аваад өгөөч гээд  зардал мөнгөө зохицуулаад бариад очдог. Боломжгүй бол шуудангаар ч гэсэн дээжээ явуулаад хариуг нь и-мэйлээр хүлээж авах жишээтэй. Монголын эрдэмтэд чадвараар хаана ч гологдохгүй, гагцхүү гар мухар байгаа нь гачлантай. Тэдэнд тоног төхөөрөмжийг нь өгчихвөл юуг ч хийж бүтээж чадна.

Хандлагаа өөрчлөхөд гурван талаас нь анхаарах ёстой

Блиц
Боловсрол:

2004-2008 он: МУИС-ийг Физикч мэргэжлээр төгссөн

2008-2010 он: МУИС-д магистрын зэрэг хамгаалсан

2011 он: Дубнагийн Цөмийн шинжилгээний нэгдсэн институтэд мэргэжил дээшлүүлсэн

2012 он: БНХАУ-ын Тайваны Үндэсний Синхротрон цацрагийн судалгааны төвд мэргэжил дээшлүүлсэн

2010-2015 он: МУИС болон Францын Ле Манны их сургуулийн сэндвич программ.

/Физикийн ухааны доктор, Ph.D/

2016 он: Триестийн Олон улсын онолын физикийн төвд  мэргэжил дээшлүүлсэн

2016 он: ОХУ-ын Цөмийн физикийн хүрээлэнд мэргэжил дээшлүүлсэн

Ажлын туршлага:

2008-2013 он: ШУА-ийн Физик, технологийн хүрээлэнд Эрдэм шинжилгээний ажилтан

2013-2017 он: Дубнагийн Цөмийн шинжилгээний нэгдсэн институтэд Эрдэм шинжилгээний ажилтан

2017-2019 он: ШУА-ийн Физик, технологийн хүрээлэнд Аналитик лабораторийн эрхлэгч

2019 онд: ШУА-ийн Физик, технологийн хүрээлэнд Эрдэмтэн нарийн бичгийн дарга

Мэргэшил:

Материал судлал: кристалл болон соронзон шинж чанарын судалгаа

Манай эрдэмтэд хамтын ажиллагааны хүрээнд олон улсын эрдэм шинжилгээний байгууллагуудад очиж судалгаа шинжилгээний ажилд нь оролцох бүрэн эрхтэй. Тухайлбал Дубнагийн Цөмийн шинжилгээний нэгдсэн институт, Хятадын ВЭС III, ЦЭРН, ДЭЗИ гэх мэт  олон улсын хамтарсан судалгааны байгууллагууд бий.

Монголын эрдэмтэн, судлаачдын хувьд тэнд  ажиллах чадвартай гэдгээ баталж, хувиараа очиж ажиллаж байсан. Гэтэл сүүлийн үед олон улсын том төсөлд оролцох гэж байгаа бол тодорхой хэмжээний татвар төлөх ёстой гэж шаарддаг болсон. Өөрөөр хэлбэл, татвараа төлж байж бид  дэлхийн хэмжээнд явагдаж байгаа том туршилтад оролцох эрхтэй болох юм. Энэ төсөв хөрөнгийг шийдэхийн тулд бид салбарын яам, Засгийн газарт албан бичиг явуулж, хүсэлт тавиад бүтэхгүй байгаа. Монголын төр шинжлэх ухааны байгууллагуудаа сайн ойлгодоггүй  юм уу гэсэн байдал ажиглагддаг.

Харин одоо ШУА-ийн ажилтнуудын анхдугаар чуулганыг  “Хандлагаа өөрчилье” уриан дор, Ерөнхий сайдын ивээл дор  зохион байгуулах гэж байгаа нь бидэнд ихээхэн итгэл найдвар төрүүлж байгаа. Засгийн газар, төр засгийн зүгээс шинжлэх ухаан руу хандах хандлагаа өөрчилье, шинжлэх ухааны салбарын ажилтнууд маань ч хандлагаа өөрчилж ажиллаач гэж байгаа юм байна гэж ойлгосон. Мөн  ард түмэн маань ч гэсэн эрдэмтэн судлаачдынхаа  юу хийж бүтээж байгааг  ойлгож, мэдэрч өөрсдийн хандлагаа өөрчлөх байх.  Хандлагыг өөрчлөхөд ингэж  гурван талаасаа  анхаарч, хичээх нь чухал юм.

Эрдэм шинжилгээний байгууллагуудын хувьд Засгийн газраас ихээхэн хамааралтай ажиллаж ирсэн. Өнгөрсөн хугацаанд ч одоо ч ийм л байгаа.  Дээр нь хөрөнгө санхүүжилт багатай. Ийм учраас эрдэм шинжилгээний байгууллагууд руу хандсан Засгийн  газрын тогтоол, тодорхой бодлогын баримт бичгүүд гаргаж  биднийг дэмжих байх гэсэн хүлээлт байна. Анхдугаар чуулганд манай хүрээлэнгээс  26 төлөөлөгч оролцоно. Хамт олон дотроосоо  сонгон шалгаруулах журмын дагуу  төлөөлөгчдийг шалгаруулсан. Төлөөлөгч бүрт даалгавар өгсөн. Байр сууриа  нэгтгэн  салбар хуралдаан бүрт саналаа хэлнэ гэж төлөвлөсөн. Засгийн газрын шийдвэр гаргах учраас манай эрдэмтэн, судлаачид дор бүртээ маш нухацтай хандаж байна.

Өндөр үнэлгээтэй захиалгат төслүүд хүрээлэнгүүдэд олдоггүй

Манай улсын Шинжлэх ухааны академийн хүрээлэнгүүд маань олон улсын түвшнээс аль болох хоцрохгүйг хичээж, чармайж, хөдөлмөрлөж яваа. Иймдээ ч өнөөдөр орчин үеийн, тэргүүн эгнээнд явагдаж байгаа судалгаа шинжилгээний ажлыг манай лабораториуд хийж байна. Судалгааныхаа үр дүнг олон улсын томоохон шинжлэх ухааны сэтгүүлүүдэд эрдэм шинжилгээний өгүүлэл болгон хэвлүүлж ирсэн. Манай эрдэмтэн, судлаачид их энергийн физикийн туршилтыг амжилттай явуулж ирсэн. Мөн наноматериалын лабораторид Лити-ион батарейн анод, катодын материал, түлшний элементийн катализаторын материалыг химийн аргаар гаргаж авч чадсан.

Мөн дулаан тусгаарлагч материал болох хөөсөн шилний лаборатори байгуулсан.  Хамгийн сүүлд графен ашигласан туршилт, судалгаа явуулж байна. Бидний хувьд эхний ээлжинд лабораторид туршилтын бүтээгдэхүүн гаргаж авдаг. Дараа нь гарган авах, боловсруулах технолгийг боловсруулж, үйлдвэрт нэвтрүүлэхэд бэлэн болгосон  байдлаар ТЭЗҮ-г нь  хийж Шинжлэх ухаан технологийн санд хүлээлгэн өгсөн. Хэрэв санхүүжилтийг нь шийдвэл бидний эдгээр технологийг үйлдвэрт нэвтрүүлэх бүрэн боломжтой юм.

Манай хүрээлэн суурь судалгааны төслүүдийг ихэвчлэн хэрэгжүүлдэг. Мөн ОХУ, БНХАУ, Тайвань улстай хамтарсан төсөл хэрэгжүүлдэг. Түүнээс гадна яамдаас ирсэн захиалгат төслүүд бий. Гэхдээ захиалгат төслүүдийг авахад хүндрэлтэй байдаг. Учир нь бидний суурь судалгаатай харьцуулахад өндөр үнэлгээтэй,  тэр хэрээр санхүүжилт  өндөр байдаг. Засгийн газраас бодлогоор дэмжиж, шинжлэх ухааны байгууллагууддаа  захиалгат төслүүдийн  давуу эрх олговол том дэмжлэг болно.

Шинжлэх ухаанч хүн сониуч байх ёстой. Тэр дундаас физикч хүн аливаа зүйлийг харж, ажиглаж, туршиж, учрыг ойлгох тууштай, хариуцлагатай байх зарчмыг баримталдаг. Физикийн шинжлэх ухаан хүний амьдралд холбоотой бүх л зүйлсийг судалдаг өргөн агуулгатай салбар. Манай Шинжлэх ухааны академийн залуучууд нийлээд шинэ бүтээл, хэв маяг, загвар гаргасаар байна. Манай материал судлалын лабораторид л гэхэд  гурван чиглэлээр судалгаа явуулж байна. Тухайлбал, лити-ион батарейн  анод, катодын материал, нөгөө нь нано соронзон материалын бүтцийн судалгаа, түүнийг био анагаах ухааны салбарт  хэрэглэх нь, шил шилэн бүтээгдэхүүний материалын судалгаа явуулж байгаа. Дотроо туршилтын болон онолын гэсэн хэсэгт хуваагддаг. Мөн түлшний элемент буюу устөрөгчөөр ажилладаг авто машинд зориулсан цахилгаан үйлдвэрлэх төхөөрөмжийн судалгааг хийж байна.

Цалин багатай учраас  боловсон хүчин  дутмаг байна

Шинжлэх ухааны салбарт боловсон хүчний асуудал тулгамдаж байна.Миний хувьд Физик, технологийн хүрээлэнгийн Аналитик лабораторийн эрхлэгчээр ажиллаж байгаад хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн даргын ажлыг аваад удаагүй байгаа. Өнөөдөр манай хүрээлэнд 95 эрдэм шинжилгээний ажилтан байгаагийн 20 орчим нь докторын зэрэгтэй. Түүнээс 7-8  нь 45 хүртэлх насны залуус байдаг. Манай хүрээлэн 11 лаборатортой ч эрхлэгч нарын зарим нь докторын зэргээ хамгаалж цол аваагүй учраас түр үүрэг гүйцэтгэгч байх жишээтэй.

Манай хүрээлэнд  физикчид  ажилладаг. Ажилд авахад физикч мэргэжил заавал шаардлагатай. Бид МУИС, ШУТИС-ийн физикийн ангийг  төгссөн оюутнуудыг ажилд авдаг. Гэтэл сүүлийн үед ийм мэргэжлээр төгсөгчид маш цөөн болсон. Энэ жил МУИС-ийг энэ чиглэлээр төгссөн оюутан байгаагүй. Тиймээс боловсон хүчин маш дутмаг болсон. Төгсөгчдийн зарим нь  цалин хөлс, Монголд амьдрах нөхцөл сайнгүй зэргээс болж гадаадад гарч ажиллах сонирхолтой байгаа нь нууц биш. “1,000 инженер” төслийн хүрээнд олон залуус Япон руу гарч байна. Бид гадагшаа гарч сурах сонирхолтой байгаа, мэргэжлээ дээшлүүлье гэсэн залуусаа дэмждэг.

Тэд маань төгсөөд наашаа ирэх сонирхолгүй байгаа тохиолдол олон. Ирсэн зарим нь их, дээд сургуулиудад багшлах сонирхолтой байдаг. Яагаад гэвэл манай хүрээлэнгийн ажилтнуудын цалин  их, дээд сургуулиудын багш нарын цалингаас хоёр дахин бага байна. Иймээс залуус багшлахыг илүүд үзэх юм уу, эсвэл хувийн компаниуд руу явж бид боловсон хүчнээ алдаж байна. Үлдсэн хүмүүсийн тухайд шинжлэх ухаанд дуртай, энэ салбарт хайртай хэдэн хүн л  бор зүрхээрээ зүтгэж ирсэн. Жишээлбэл манай салбарт 30 жил ажилласан, доктор, салбарын эрхлэгч гээд цалингийн шатлалын хамгийн дээд түвшний цалин авдаг хүний цалин нь өнөөдөр Монголын дундаж цалингийн хэмжээнээс бага байна гэдэг харамсалтай юм.

                                                                                                                                                                                   Зууны мэдээ сонин





Бусад мэдээлэл