Вэбсайтын цэс
Хэлний сонголт
МАНАЙ УЛС ХБНГУ-ТАЙ ШИНЖЛЭХ УХААНЫ САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАХААР БОЛЛОО
МАНАЙ УЛС ХБНГУ-ТАЙ ШИНЖЛЭХ УХААНЫ САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАХААР БОЛЛОО

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгч Иоахим Гаук 10 дугаар сарын 14-16-ны өдрүүдэд Монгол улсад төрийн айлчлал хийж байгаа билээ. Тус айлчлалын хүрээнд хоёр улс шинжлэх ухааны салбарт хамтран ажиллах “Хамтын ажиллагааны санамж бичиг” байгуулах ёслолын ажиллагаа 10 дугаар сарын 15-ний өдөр Гадаад хэргийн яаманд боллоо.

Тодруулбал Монгол улсын Шинжлэх ухааны Академи, ХБНГУ-ын Лаибницийн нийгэмлэг болон Линдаугийн сантай шинжлэх ухааны салбарт хамтран ажиллах санамж бичгийг байгуулсан юм. Санамж бичигт Монгол улсын ШУА-ийн Ерөнхийлөгч, академич Б.Энхтүвшин, ХБНГУ-ын  Лаибницийн нийгэмлэгийн Ерөнхийлөгч профессор Матиас Клайнер нар гарын үсэг зурж холбогдох албаны хүмүүс байлцав.

ХБНГУ-ын Лаибницийн нийгэмлэг нь эрдэм шинжилгээний бие даасан 89 хүрээлэнг эгнээндээ нэгтгэсэн бөгөөд 18100 ажилтан, 9200 судлаачтай,  1,64 тэрбум еврогийн төсөвтэй байгууллага юм. Өмнөх жилүүдэд Монгол улсын ШУА тус нийгэмлэгтэй амьтан судлал, биологи, геологи, усны экосистемийн салбарт хамтран ажилласаар  ирсэн билээ. Харин энэ удаагийн гэрээгээр  хоёр улс дээрх чиглэлүүдээр хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэхээс гадна манай улсын залуу эрдэмтэн, судлаачдыг ХБНГУ-д бэлтгэх чиглэлээр хамтран ажиллах юм.

Харин Линдаугийн сангийн хувьд 1951 онд байгууллагдсан бөгөөд сангийн үндсэн зорилго нь шинжлэх ухаан, судалгаа шинжилгээ болон бусад нийгмийн үйл ажиллагааг дэмжих явдал юм. Линдаугийн сан нь дэлхийн 200 гаруй эрдэм шинжилгээний байгууллага болон 65 гаруй оронтой академик хамтын ажиллагаатай байгаа бөгөөд жил бүр Нобелийн шагналтнуудын уулзалтад 30 орны Нобелийн шагналтнуудыг дэлхийн 500 орны залуу судлаачидтай уулзуулах арга хэмжээг зохион байгуулдаг аж.  Монгол улсын ШУА 2011 оноос эхлэн тус сантай хамтран Нобелийн шагналтнуудын чуулга уулзалт, семинарт эх орноо төлөөлөх залуу судлаачдыг оролцуулахаар тохиролцон хамтран ажиллаж байна.



Бусад мэдээлэл