Өгий,
Найман, Буйр, Доод цагаан нуурын анхдагч бүтээгдэхүүний хэмжээг тооцож жилд
ашиглавал зохих амьтны нөөцийг тогтоох зорилгоор “МОНГОЛ ОРНЫ НУУРЫН АНХДАГЧ БҮТЭЭГДЭХҮҮН” сэдэвт судалгааг доктор
Ч.Аюушсүрэнгээр удирдуулсан судлаачдын баг хийж гүйцэтгээд байна.
Монгол орны нуурын анхдагч бүтээгдэхүүний
судалгааг 1987-1990 онуудад Монгол Оросын хамтарсан гидробилогийн экспедицийн
баг хийж, тэжээлийн нөөцөөр нь ангилан нууруудын биологийн бүтээмж, загасны
нөөцийг тогтоож, загасыг ашиглаж ирсэн байдаг. Гэвч зах зээлийн нийгэмд
шилжсэнээр өдгөө загасны хууль бус агнуур, усны бохирдол нэмэгдэн экосистемд
сөргөөр нөлөөлж, усны амьтан, ургамлын нөөц баялаг хомсдох, устах аюулд хүрээд
байгаа юм.
“МОНГОЛ ОРНЫ НУУРЫН АНХДАГЧ БҮТЭЭГДЭХҮҮН” сэдэвт
судалгааны багийнхан дараах дүгнэлтийг гаргажээ. Үүнд:
· Гидрохимийн судалгааны дүнгээс үзэхэд 28 жилийн хугацаанд нуурын усны хатуулаг, эрдэсжилт, оксидын хэмжээ нэмэгдэж, шүлтлэг болж, тунгалагшилт багасан, мөсний зузаан буурч, азотот нэгдлүүд, фосфор илэрсэн нь нуурын ус органик бохирдолд өртөж буйг харуулж байна.
•Өгий, Найман нуурын зонхилогч замгийн зүйлүүд нь сүүлийн жилүүдэд өөрчлөгдөн бохир усны индикатор зүйлүүд эрчимтэй урган, эвтрофикацийн процесс хурдацтай явагдаж байна. Энэхүү процессыг хог хаягдал, малын нөлөө, ус ашиглалт, газар тариаланд хэрэглэж буй бордоо зэрэг хүний хүчин зүйлүүд эрчимжүүлж байна.
•Доод цагаан нуурт 4 зүйлийн Төв Азийн өндөр уулсын үлдвэр эндемик хөвөгч хавч тархаж байна. Тус нуурт 80–аад онд агнуурын загасны 70 хувийг цагаан загас эзэлж байсан бол сүүлийн жилүүдэд шивэр сугас, шивэр хадран, тул 33-52 хувь болж нэмэгджээ. Тул, зэвэг, хариус загасны биеийн хэмжээ нэг дахин багасаж шивэр сугасны биеийн хэмжээ өөрчлөгдөөгүй байна. Уугуул загасны экологид өөрчлөлт гарч, нутгийн төрөл зүйл цөөрч, зарим зүйл загасны өсөлтийн хурдац, амьдрах хувь нь нэмэгджээ.
•Өгий нуурын агнуурын загасны биологийн нөөц 80.6 тонн
бөгөөд үүний 15-20 хувиас хэтрүүлэхгүйгээр агнуурыг явуулах нь
зүйтэй. Буйр нуурт 1954 оноос загас
агнуурын 77 хувийг амарын цурхай, 8
хувийг зэвэг, 5 хувийг булуу цагаан, 3 хувийг өлгөр цагаан, 2 хувийг тул загас
эзэлж байв. 10 жилийн дараагаас агнуурт булуу цагаан загас 50 гаруй хувь эзлэх
болжээ. Харин 2020 оны судалгаагаар 54,9
хувийг булуу цагаан, 17.5 хувийг амарын цурхай, 8.5 хувийг мөнгөлөг хэлтэг, 6.9 хувийг амарын цулбуурт, 4,6 хувийг улаан живэрт үлдсэнийг нь улаан далбаа, морин
загас, зэвэг, тул загас тус тус эзэлж байна. Буйр нуурын агнуурын загасны
биологийн нөөц 360 тонн бөгөөд загас агнуурт жилдээ 55-70 тонн загас олборлох
боломжтой юм байна. Доод цагаан нуурын агнуурын загасны биологийн нөөц нь 56.2
тонн бөгөөд агнуурын нөөц нь 8-11 тн хүрч байна.
Энэхүү
судалгааны төслийн үр дүнд:
Өндөр
нарийвчлалтай гаргасан Өгий нуурын гүний зургийг өдгөө Онцгой байдлын газар, мөн мөсний
загасчлалын үйл ажиллагаанд болон нуурын сургалт сурталчилгааны төвд танин
мэдэхүйн зориулалтаар ашиглаж байна.
Нуурын
бохирдлын түвшинг тодорхойлсон дүнд үндэслэн нуур хамгааллын зурвас байгуулах,
хамгаалах үндэслэл боловсруулахад ашиглаж байна
Мөн Өгий,
Буйр нуурын загасны нөөцийн судалгааны дүнд үндэслэн агнуур зохион байгуулалтыг
хийж байна. Буйр нуурын хясааны судалгааг танин мэдэхүйн болон шинжлэх ухааны
суурь мэдээлэл болгон ашиглаж байна. Усны биологийн төрөл зүйлийг танин
мэдэхүйн товхимол хэвлүүлсэн. Монгол орны загасны фото зураг бүхий нэгэн сэдэвт
бүтээлийг хэсэгт орох 76 зүйл загаснаас 60 гаруй зүйл загасны зургийг байгалийн
нөхцөлд фото зураг болон видео бичлэгийг хийжээ.
Судалгааны
багийнхны үзэж байгаагаар цаашид нуур усны биологийн төрөл зүйлийг ашиглан
нуурын бохирдлын тэдгээрээр үнэлэх хялбаршуулсан арга аргачлалыг нэвтрүүлэх
шаардлагатай байна. Мөн загасны нөөцийн судалгааг нарийвчилсан арга техникээр,
байнгын мониторинг аргаар тогтоох, Загасны паразитын судалгааг халдвар тээгч
амьтадтай нь хамт судлах шаардлага тулгарч байгаа юм байна.