Вэбсайтын цэс
Хэлний сонголт
Д.РЭГДЭЛ: ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЖИЛТНЫ ТОО 3000-ЫН БОСГОТОЙ БОЛОХ НЬ ЗӨВ
Д.РЭГДЭЛ: ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЖИЛТНЫ ТОО 3000-ЫН БОСГОТОЙ БОЛОХ НЬ ЗӨВ

ШУА-ийн Ерөнхийлөгч, академич Д.Рэгдэлтэй ярилцлаа.

-Төрөөс шинжлэх ухаан, технологийн талаар баримтлах бодлогыг шинэчлэн батлаад хоёр жил шахам хугацаа өнгөрлөө. Өмнөхөөсөө ямар давуу талтай бодлого гаргаж ирсэн юм бэ?

-Монгол улс төрөөс шинжлэх ухаан, технологийн талаар баримтлах бодлого хэрэгжүүлж эхлээд  20 жил болж байна. Энэ  хугацаанд бодлого батлах түвшиндээ процесс нэлээд өөрчлөгдсөн. Шинжлэх ухаан технологийн талаар баримтлах  бодлогыг  УИХ-аар 1998 онд анх  баталсан байдаг. Тухайн үед  Монгол улсын эдийн засгийн хүчин чадал дорой, тэр тусмаа шинжлэх ухааны салбарын санхүүжилт тааруухан байсан учраас бодлого хэрэгжих боломж сайнгүй  билээ. Гэвч шинжлэх ухаан, технологийн үйл ажиллагаа явуулах зарчмыг хадгалах тал дээр чухал үүрэг гүйцэтгэсэн баримт бичиг болсон. Энэхүү  баримт бичгийг Монгол улсын засгийн газраас 2017 онд шинэчлэн баталсан. Мэдээж хэрэг өмнөх бодлогын баримт бичгээс  сүүлийнх  нь дэвшилттэй  болсон.  Өөрөөр хэлбэл, хоёр үе шаттай хэрэгжих бодлогын баримт бичигт үе шат бүрийн үнэлгээний системтэй, хүрэх үр дүнг  нь анх удаа заасан баримт бичиг болсон юм.

-Бодлогыг хоёр үе шаттайгаар хэрэгжүүлж, ДНБ-д тус салбарын төсвийн санхүүжилтийн эзлэх хувийг зорилтод түвшинд хүргэнэ хэмээн тусгасан байдаг. Энэ ажил одоо ямар шатандаа явж байна? 

Бодлогын баримт бичгийн эхний шат  2017-2020 онд, хоёрдугаар шат 2021-2024 он гэсэн үе  шаттай хэрэгжих юм. Анхны бодлогын  баримт бичигт тусгагдсан гол заалтуудын хэрэгжилт их тааруухан байлаа. Ялангуяа санхүүжилтийн хувьд 2015 он гэхэд ДНБ-ийн 1,5-аас доошгүй хувийг шинжлэх ухаан, технологийн салбарт зарцуулахаар тусгагдсан байсан. Энэ хэрээр шинжлэх ухааны салбарт гарах бүтээгдэхүүнүүдийн тоо хэмжээ, ялангуяа патент, эрдэм шинжилгээний өгүүлэлүүд, түүнээс авах ишлэлийн тоо хэмжээнд тодорхой өөрчлөлт гарна гэж тооцсон боловч  санхүүжилтийн байдал дээрдээгүй байна.  2019 оны төсвийн төсөлд мөн л 2016 оны түвшиндээ л тусгагдсан байгаа юм Төрөөс баримтлах бодлогын баримт бичгийн хэрэгжилт иймэрхүү маягтай явах юм бол заасан хугацаандаа хэрэгжих нь нэлээд төвөгтэй. Гэхдээ шинжлэх ухааны салбарт ажилладаг нийт судлаач, эрдэмтэд энэ бодлогын баримт бичигт заасан заалтуудыг хэрэгжүүлэхийн төлөө өөрсдөө хичээх ёстой.Төр засгаас байнга шаардаж байх ёстой. Үүн дээр бид ойрын жилүүдэд анхаарч, ялангуяа санхүүжилтийг нэмэгдүүлэх талаар төр засагтаа байнга сануулж, шаардаж ажиллах хэрэгтэй байгаа юм. 

            -Салбарын хүний нөөцийг тогтвортой хөгжүүлж, эрдэм шинжилгээний ажилтны тоог нэмэгдүүлэх талаар хөтөлбөр боловсруулж хөгжүүлэх тухай яригдаж байсан. Тоог нэмэгдүүлснээр ямар ач холбогдолтой вэ?

-Бодлогын баримт бичигт тусгасан нэг чухал зүйл бол хүний нөөцийн тоо, хэмжээ чанарын асуудлыг тодорхой тусгаж өгсөн. 2021 он гэхэд тус  салбарт бүтэн орон тоогоор ажилладаг эрдэм шинжилгээний ажилтны тоог 3000-д хүргэнэ гэж заасан, цаашдаа ч өсгөнө. Өөрөөр хэлбэл, одоо бид нэг сая хүнд оногдох  эрдэм шинжилгээний ажилтны тоогоороо Ази тивийн дунджаас 3 дахин бага байна. Эрдэм шинжилгээний ажилтны тоогоор хамгийн өндөрт Европын орнууд орж байна. Жишээ нь Финляндтай харьцуулахад манай улс бараг 10 дахин доогуур байгаа юм. Финлядад сая хүнд 7200 эрдэм шинжилгээний ажилтан оногддог бол  Ази тивийн дундаж тоо  1,500 байдаг. Эдгээртэй харьцуулахад манайх асар доогуур байна. Эрдэм шинжилгээний ажилтны тоог нэмэгдүүлэх нь чухал ач холбогдолтой. Хүмүүсийн тоо тодорхой нэг түвшинд хүрч байж тэндээс гарах үр дүн томорч, өргөн далайцтай болдог зүй тогтолтой. Тиймээс  эхний удаад  босго тоог 3000  гэж заасан байгаа.

-Хүний нөөцийг хөгжүүлэхээс гадна чанарыг сайжруулах, залуу судлаачдыг дэмжсэн тэтгэлэг, дэмжлэгийн тогтолцоог бий болгох зэрэг олон шинэчлэлийг  бодлогод  тусгасан байсан. Энэ талаар юу хийгдэв?

Хүний нөөцийн хөгжлийн асуудалд анхаарч, энэ салбарт ажилладаг ахисан түвшний судлаач бэлдэх талаар төр засгаас бодлого явуулж  байгаад бид талархах хэрэгтэй. Залуу судлаачдыг дэмжих хөтөлбөр хэрэгжиж байна. Энэ хөтөлбөрийн хүрээнд Сургалтын төрийн сангийн зардлаар  нэлээд хүмүүсийг өндөр хөгжилтэй орнуудын  тэр дундаа дэлхийн  топ 500-д эрэмбэлэгдсэн  их сургуулиудад БСШУСЯ-наас  шалгаруулан сургаж байна.

Докторын сургалтад хамрагдаж байгаа тодорхой шаардлага хангасан судлаачдад Сургалтын төрийн сангаас тэтгэлэг олгодог болж байна. Түүнчлэн сургалтын зээл олгох орчин их нээлттэй боллоо. Үүнийг  маш том дэвшил хэмээн харж байна. Сургалтын төлбөрөө төлөхөд хүндрэлтэй байгаа бүх залуу судлаачид өөрсдөө идэвхи чармайлттай байвал зээлээр сурах, дэмжлэг авах бүрэн боломж байна. Залуучууд  энэ боломжийг маш сайн ашиглах ёстой.  

Үүнээс гадна дотооддоо ахисан түвшний судлаач бэлтгэх ажилд ач холбогдол өгөх ёстой. Харамсалтай нь манай их сургуулиудад  бэлтгэгдэн гарч байгаа докторуудын нэлээд хэсэг ахисан түвшний судлаачийн өнөөгийн шаардлага хангахгүй байна. Тиймээс сургуулиудын  бэлтгэж байгаа докторуудын чанарыг сайжруулах ёстой. Үүнд зөвхөн их, дээд сургуулиуд биш манай  яам анхаарал хандуулах ёстой ажил юм. Нөгөө талаар бид дотооддоо байгаа бусад нөөц бололцоог ашиглаж ахисан түвшний судлаач бэлтгэх хэрэгтэй байна. Нөөц бололцоо байгаа юу гэвэл байна. Хамгийн наад зах нь ШУА-ийн харьяа хүрээлэнгүүд дээр судлаач докторуудыг бэлтгэх ажилд ач холбогдол өгч ажиллах ёстой. Үүнийг ашиглах ёстой. Гэтэл эрх зүйн орчин нь ямар нэгэн байдлаар хаагдмал байгаад байна. Ахисан түвшний судлаач буюу доктор бэлтэх ажил манайд мөнгөөр хэмжигддэг болсон байна. ШУА-ийн хүрээлэнгүүд,  тэдний материаллаг баазыг ашиглаж судлаач бэлтгэх  ажил туйлын хангалтгүй байна. ШУА-ийн зүгээс ШУТИС-тай хамтраад дундаа судлаач бэлтгэх хөтөлбөр хэрэгжүүлж байгаа. Мэдээж хэрэг бид ШУТИС-ийн удирдлагуудад талархалтай байдаг. Харамсалтай нь хамрагдах хүрээ маш бага байна. Бусад их, дээд сургуулиуд, БСШУСЯ энэ асуудалд ач холбогдол өгч ажиллабал, ШУА-ийн нөөц бололцоог ашиглаад бид нар тухайн хүрээлэнгийн шаардлагыг хангасан докторуудыг дадлагажуулан сургах бүрэн боломжтой юм. Ингэж дотоод нөөц бололцоог ашиглах шинэ эргэлтийн бодлого явуулах цаг ирчихээд байна. 

            -Шинжлэх ухаан технологийн кластер, парк, хотхон байгуулах, технологийн бирж, нэгдсэн мэдээллийн сан, лабораторийн орчин нөхцөл бүхий дэд бүтцийг бий болгох талаар өнөөгийн шаардлагыг хангахуйц түвшинд хүргэхээр заасан. Энэ талаар хийгдсэн болон хийгдэх ажлын талаар товч мэдээлэл өгөх үү?

-Шинжлэх ухааны хөгжилд түшиглэн технологийн хөгжлийг хангах асуудал бол улс орон бүрт өөр өөрийн онцлогтой. Манай улсын онцлог гэвэл нэгдүгээрт, шинжлэх ухааны салбар нь анхнаасаа суурь судалгаанд түшиглэн үүсэн бий болсон. Хоёрдугаарт, технологийн салбар нь гадны бэлэн технологийг нутагшуулах замаар ажиллах зарчим дээр тулгуурлаж хөгжсөн улс юм.  Зах зээлийн шилжилтийн он жилүүдэд улсын хэмжээнд технологийн бааз суурь нь одоо  ихээхэн муудсан.Тиймээс шинжлэх ухааны салбараас гарч байгаа үр дүнг шууд үйлдвэрлэлд нэвтрүүлэх арга зам ихээхэн мухардмал байгаа нь харамсалтай. Одоо шинжлэх ухаан технологийн ололтыг нэвтрүүлдэг механизм бий болгох нь яах аргагүй төрийн байгууллагын анхаарах ёстой асуудал болоод байна. 

Нэгэнт судалгааны салбар онолын суурь судалгаан дээр хөгжсөн, технологийн салбар нь технологийн мэдрэмж багатай, хоцрогдсон  энэ тохиолдолд шинэ бодлого оруулж ирэх ёстой. Шинжлэх ухааны парк байгуулах, боломж нь байдаг бол Шинжлэх ухаан технологийн хот байгуулах шаардлага тулгарч байна. Үүний зэрэгцээгээр шинжлэх ухаан технологийн хөгжлийг хангахын тулд үйлдвэрийн  салбаруудаар кластер бий болгох асуудал нэн чухал болж байна. Манайд энэ асуудал бол туйлын удаашралтай явагдаж байна.

Шинжлэх ухааны парк байгуулах чиглэлээр үндсэндээ парк байгуулах газраа сонгох  гэсээр байгаад хэдэн жил өнгөрөөлөө. Дээр нь их сургуулиудын хотхоныг түшиглэж Шинжлэх ухааны парк байгуулна гэдэг бодлого явснаас болоод Их сургуулийн хотхон ч байхгүй, Шинжлэх ухааны парк ч байхгүй болсон. Одоо  энэ алдааг давтах учиргүй. Их сургуулийн хотхон байгуулах, Шинжлэх ухааны парк байгуулах 2 том зорилтыг тус тусад нь авч явах хэрэгтэй. Шинжлэх ухааны паркийг байгуулахад заавал шинэ газар, заавал Багануурт Их сургуулийн хотхонд байгуулна гэж явахын оронд Улаанбаатарт өөрийн орны экспортод гаргах боломжтой түүхий эдийг гүн боловсруулах зорилготой жижигхэн ч гэсэн паркаа байгуулаад эхэлмээр байгаа юм.

            -Жишээ нь ямар чиглэлээр?

-Юуны  түрүүнд хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг гүн боловсруулах чиглэлээр парк байгуулж болж байна. Заавал паркийн хотхон байх шаардлагагүй. Нөгөө талаар бидэнд асар их хэмжээний нүүрс  байна. Тэр дундаа лигнитийн төрөлд ордог нүүрс Монголд асар их бий. Тийм нүүрсийг гүн боловсруулж химийн аж үйлдвэр хөгжүүлэх бодлого байж болох юм. Өөрөөр хэлбэл,  нүүрсийг гүн боловсруулах чиглэлээр Шинжлэх ухааны парк байгуулж болох жишээтэй. Энэ мэтчилэн өөр боломжуудыг олж хараад төрөөс тууштай, тодорхой чиглэсэн зорилготой бодлого явуулбал бид парк байгуулах ажлыг эхлэх бүрэн боломжтой. Багануурт их сургуулийн хотхонтой  хамт байгуулья гэвэл дахиад 10-20 жилийн ажил болно.

-Нүүрсийг гүн боловсруулах чиглэлээр парк байгуулья гэдэг санаачилга хэдий үед гарсан юм бэ?

-Ер нь хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг гүн боловсруулах, нүүрсийг гүн боловсруулж химийн аж үйлдвэрлэл хөгжүүлэх энэ асуудал олон жилийн турш яригдсан. Би ганцаараа яриагүй, олон хүн ярьж байгаа асуудал юм. Үүнийг шинжлэх ухааны паркийн түвшинд авчирч тавиад их, бага хэмжээгээр ч болов ажил болгоё гэдэг асуудал  анх удаа яригдаж байгаа. Үүнийг бүрэн боломжтой асуудал гэж харж байгаа юм.

            -Нэгдсэн мэдээллийн сан байгуулах тухайд...?

- Одоо бидэнд “Нэгдсэн мэдээллийн сан” алга байна. Шинжлэх ухааны салбарын хөгжилд бас нэг чухал асуудал бол энэ салбарын нэгдсэн мэдээллийн санг байгуулах явдал юм Энэ мэдээллийн санд хүний нөөцийн мэдээлэл,лабораторийн тоног төхөөрөмж, түүний ашиглалтын байдлын мэдээлэл байх ёстой. Монголын  бүх салбарын эрдэмтэдтэй холбоотой мэдээллүүд, тэдний  бүтээлүүд ч байх ёстой. Ийм мэдээллийн сантай болчихвол бодлого боловсруулахад нэн чухал ач холбогдолтой бааз болох юм. Нөгөө талаар энэ мэдээллийн сангаа түшиглээд бид  хамгийн эхний ээлжинд хийвэл зохих ажил бол шинжлэх ухааны салбарын мониторинг хийх явдал юм.  Мониторинг хийлгүйгээр салбарыг хөгжүүлэх, бэхжүүлэх бодлого явуулна гэдэг харалган ажил болж  байна. Энэ салбарт мониторинг хийдэг болчихвол  бип хаана  илүү ач холбогдол өгөх, хаана илүү санхүүжилт шаардлагатай байна, хаана бид  алдаж байна, алдаагаа яаж засах зэрэг асуудал аяндаа шийдэгдэх учиртай юм.Мэдээллийн санг түшиглэж, мониторинг хийж, энэ үр дүндээ түшиглэн цаашид хөгжлийнхөө бодлогыг боловсруулж авч явах нь салбарын тулгамдсан асуудал мөн.  Энд Шинжлэх ухаан технололгийн сан маш чухал үүрэг гүйцэтгэх ёстой. ШУТС улсын төсвөөс  хуваарилагдсан мөнгийг дахин хуваарилдаг газар бус дэлхийн бусад шинжлэх ухааны сангууд, суурь судалгааны сангуудын жишгээр үйл ажиллагаагаа явуулдаг болж өөрчлөгдөхийн төлөө ажиллах нь чухал гэж боддог.  Тийм  бүтэц зохион байгуулалтай  болж  хөгжөөсэй хэмээн хүсэж байна. Энэ санг дэлхийн жишигт хүрсэн сангуудын нэгэн адил үйл ажиллагаатай  болгох саналыг ШУА-ийн зүгээс сүүлийн 4-5 жил тогтмол  тавьж байгаа. Харамсалтай нь үүнд ямар нэгэн ахиц дэвшил гарахгүй байна. Монгол улсын засгийн газар БСШУСЯ нэгдсэн журмаар ШУТСанг  дэлхийн жишигт нийцсэн сан болгох зоригтой шийдэл гаргаж чадвал салбарын хөгжилд томоохон өөрчлөлт, дэвшил болно. 

 

  

 

 

 


Бусад мэдээлэл