УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын
даргыг дагалдан УИХ-ын гишүүн Б.Саранчимэг, БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг болон
албаны бусад хүмүүс өнөөдөр Шинжлэх Ухааны Академийн Хими, химийн технологийн хүрээлэн, Ерөнхий болон сорилын биологийн
хүрээлэнгүүдэд ажиллалаа.
Энэ
үеэр ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэл “2019 оны эхнээс цалин нэмсэн ч цалингийн сүлжээнээс үүдэлтэй өр
үүссэн, шинжлэх ухааны салбарын дундаж цалин олон улсын дунджаас доогуур
хэвээрээ байна. Иймээс сайн судлаач, эрдэмтэд ирэхгүй байна. Дээр нь төсөвт
эзлэх эрдэм шинжилгээний үйл ажиллагааны санхүүжилт маш бага. 2001 онд НҮБ-аас
хөгжиж байгаа орнууд ДНБ-ийхээ 1.0 хувиас багагүйг шинжлэх ухааны салбартаа
хуваарилж байвал улс орныхоо хөгжилд бодитой хувь нэмэр оруулна гэсэн
дүгнэлт хийсэн байдаг. Өндөр хөгжилтэй орнууд дээд тал нь ДНБ-ийхээ 4.3 хувийг
зарцуулдаг, ер нь улс орнууд дунджаар 3.0 хувийг зориулдаг. Гэтэл манай
улс дөнгөж 0.1 хувийг зарцуулдаг тул шинжлэх ухаанаа ашигладаггүй улсын тоонд
ордог. Судлаачдын тоо жил ирэх тусам буурсан. Нийт төсвийн 90 гаруй хувийг
цалин, бусад үйл ажиллагаанд зарцуулдаг, эрдэм шинжилгээний зардал нь 20
орчим хувь байдаг. Бага мөнгө авдаг ч гэсэн манай эрдэмтэд зүгээр суухгүй
байгаа. Олон улсын түвшинд бид сүүлийн гурван жил дараалан дэлхийн нэр хүндтэй
сэтгүүлүүдэд хэвлэгдсэн өгүүлэл, түүнээс авсан эшлэлийн тооны өсөлтөөр
Азийн 46 улсаас 19 дүгээрт жагсаж байна. Гуравхан сая хүнтэй, дотроо хоёр мянга
хүрэхгүй эрдэм шинжилгээний ажилтантай улсын хувьд энэ бол өндөр үзүүлэлт. Ийм
учраас онолын судалгаанд монгол эрдэмтдийн үзүүлж буй түвшин хангалттай сайн
байгаа” хэмээн УИХ-ын даргад
танилцуулав. Тэрбээр мөн 1990 оноос хойш ШУА-д Төрийн өндөрлөгүүдээс нэг
ч хүн очиж байгаагүй. Төр нь эрдэмтдээ “тоож” буйд эрдэмтэн, судлаачид бид баяртай
байна
гэсэн юм.
Хими,
химийн технологийн хүрээлэнгийн үйл ажиллагаатай танилцсны дараа
УИХ-ын дарга Г.Занданшатар “Мэргэжилтнүүдийн онолын суурь судалгаагаар манай улсын судлаачид дэлхийд гологдохооргүй
болсон ч нөгөө талд үйлдвэрлэлд нэвтрүүлж бүтээгдэхүүн гаргах талдаа хоцроод
байна. Энэ нь манайд үйлдвэрлэлийн бааз муу байгаатай холбоотой учраас шинжлэх
ухааны салбарын нээлт ололтыг хувийн хэвшлийн салбартай уялдуулах шаардлагатай. УИХ-аар
Шинжлэх ухаан технологийн тухай, Инновацын тухай хуулиудад нэмэлт өөрчлөлт
оруулах хуулийн төслийг хэлэлцэхээр бэлтгэж байна. Энэ хүрээнд эрдэмтэн
судлаачид та бүхний саналыг сонсох, газар дээр нь ажиллаж бодит нөхцөл
байдалтай танилцахаар ирсэн юм. Шинжлэх ухааны судалгааны байгууллагуудад
нийтлэг тулгамдсан асуудлууд байгаа нь харагдлаа. Төсөв санхүүгийн асуудлыг
2020 оны төсвийг хэлэлцэх үеэр анхаарч ажиллана. Шаардлагатай тоног төхөөрөмжөөр
хангах, хуваарилах зэрэг зохион байгуулалтын асуудлыг дотоод нөөц бололцоогоо
ашиглаад шийдэх боломжтой гэж харж байна. УИХ-аас шинжлэх ухааны салбарт онцгой
анхаарал хандуулж, бүхий л талаар дэмжиж ажиллана. Шинжлэх ухааны салбарын
хөрөнгө оруулалтын ДНБ-д эзлэх хувь хэмжээг 1.0 хувьд хүргэхийг зорьж ажиллана.
Гэхдээ эдийн засгийн бодит нөхцөл байдалдаа нийцүүлэн хамгийн багадаа 5 дахин
нэмэгдүүлэх ёстой. Ойрын хугацаанд Засгийн газар, салбарын яаманд чиглэл өгнө”
гэсэн юм.
Улсын хэмжээнд нийт төрийн
өмчийн 23 эрдэм шинжилгээний байгууллага байдгаас Шинжлэх ухааны академийн
харьяа 10, их дээд сургуулийн 9, БСШУСЯ-ны 2, Эрүүл мэндийн яамны 1, Үндэсний
аюулгүй байдлын зөвлөлийн харьяа 1 байгууллага үйл ажиллагаа явуулдаг аж.
Эдгээр байгууллагуудад 1750 гаруй эрдэм шинжилгээний ажилтан байна.
Шинжлэх ухааны академийн Хими, химийн технологийн хүрээлэн
1979 онд байгуулагдсан. Өдгөө 10 лабораторитай, 127 ажилтантайгаас 104 нь
эрдэм шинжилгээний ажилтан аж. 36 хувь нь доктороос дээд зэрэгтэй. Мөн л тоног
төхөөрөмжийн хоцрогдол, төсвийн хангалтгүй байдал, эрдэмтэн судлаачдын нийгмийн
асуудал орхигдсон зэрэг асуудал тулгамджээ. Тус хүрээлэнгийн эрдэмтэд эх орны
120 гаруй эмийн ургамалд химийн судалгаа хийж, 200 гаруй байгалийн шинэ
нэгдлийг нээн илрүүлж, 5 шинэ бүлэг нэгдэл, тэдгээрийн анхны төлөөлөгчдийг
илрүүлжээ. Эрдэмтдийн оюуны бүтээлийг амьдралд нэвтрүүлэх зорилгоор 3 гарааны
компанийг байгуулсан байна.
Харин Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэнд 158 хүн ажилладгаас
140 нь эрдэм шинжилгээний ажилтан байна. 14 лабораторитой бөгөөд ажилтнуудын
дундаж нас 35 гэнэ. Ботаникийн хүрээлэн 30 гаруй га газартай байсан ч одоо 20
гаруй га болтлоо багасчээ. Үйл ажиллагаа нь зогсонги байдалд орж, орох, гарах
гарц ч үгүй болсноо УИХ-ын даргад уламжилж байна.
Шинжлэх ухааны байгууллагуудыг судалгаа, шинжилгээний ажилдаа
бүрэн анхаардаг болгож, тэдний гаргасан оюуны бүтээлийг амьдралд нэвтрүүлэх,
эдийн засгийн эргэлтэд оруулах тогтолцоог бий болгож өгөхийг эрдэмтэн судлаачид
хүслээ.