Вэбсайтын цэс
Хэлний сонголт
ДОКТОР Д.ЗОЛБОО: 70 ЖИЛИЙН ОЙ ХАРИЛЦААГ ШИНЭ ШАТАНД ГАРГАХ ЭХЛЭЛ ЦЭГ БОЛОХ ЁСТОЙ ГЭЖ ХАРЖ БАЙНА
ДОКТОР Д.ЗОЛБОО: 70 ЖИЛИЙН ОЙ ХАРИЛЦААГ ШИНЭ ШАТАНД ГАРГАХ ЭХЛЭЛ ЦЭГ БОЛОХ ЁСТОЙ ГЭЖ ХАРЖ БАЙНА

Монгол Улсын Шинжлэх ухааны академийн Олон улсын харилцааны хүрээлэнгийн захирал, доктор Д.Золбоотой ярилцлаа.

 

-Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой энэ жил тохиож байгаа. Тэгэхээр танай хүрээлэнгийн хувьд Хятад судлал, шинжилгээний ажлын түүхээс яриагаа эхлэе?

-Манай хүрээлэн байгуу­лагдаад хагас зуун жил болсон, 51 дэх жилийнхээ түүхийг бичиж яваа, шинэ үеийн шинжлэх ухааны гол байгууллага. Хятад улсын хувьд монголчууд олон зуун жилийн өмнөөс харилцаатай, эртнээс сайн мэддэг түүхэн уламжлалтай.  Хөршөө таньж мэдэх, судлах ажил дундад зууны үеэс  Чингис хаан, Хубилай хааны үеэс уламжлалтай, олон жилийн түүх, туршлагатай ард түмэн.

Орчин цагийн эрдэм шинжилгээ, судалгааны бие даа­сан байгууллага анх 1968 онд тухайн үеийн улс төрийн нөхцөл   байдал, бу­сад улсуудын жишгээр Ази, Африкийн хэлтэс нэртэйгээр байгуулагдсанаар  орчин ца­гийн гадаад орон судлал, тэр дундаа Хятад судлал, шинжилгээний ажил албан ёсоор шинэ шатанд гарсан гэж хэлж   болно.  Анх хү­рээ­лэн маань хэлтэс нэртэй байгуулагдаж байх  тухайн үед манай хүрээлэнгийн анхны захирал, нэрт суд­лаач Д.Далай гуайг Шинж­лэх ухааны академийн Ерөн­хийлөгч Б.Ширэндэв гуай дуудаж уулзан “Ази Африкийн хэлтэс байгуулагдсаны хувьд цаашдаа Хятад судлалд түлхүү анхаарч ажиллаарай. Цаашдаа Хятад судлалын бие даасан хүрээлэнтэй ч болох ёстой юм” гэж хэлж байсан сайхан дурсамж байдаг. Бай­гуу­лагдсан цагаасаа, ялангуяа эхний 30-аад жил, 1990-ээд  хүртэл манай хүрээлэнгийн гол судлал хөрш Хятад улсын судалгаанд түлхүү суурилж ирсэн. 1990-ээд оноос улс тө­рийн нөхцөл байдал өөрч­лөгдөж, гадаад харилцаа өргөж­сөнтэй холбоотойгоор бу­сад улсуудын харилцаа, су­далгаанд анхаарах болсон ч гэсэн Хятад болон Орос судлал манай хүрээлэнгийн гол чиглэл байсаар ирсэн гэдгийг хэлэх хэрэгтэй. Тэр ч утгаараа Хятад судлал манай хүрээлэнгийн гол судлал ухагдахуун юм. 

-Монгол  Улсын академийн түүх судлал, ялангуяа Хятад судлал өнөөдөр ямар түвшинд байгаа  гэж  та хэлэх вэ?

-Ер нь бид олон улсын судалгааны чиг хандлагаас хоц­роогүй, ижил түвшинд ажил­лаж байгаа. Гэхдээ бидэнд боломж, давуу тал илүү байгаа, цаашид ч боломж өргөн байна. Тийм ч учраас Хятад судлалд манай хүрээлэнгийн оруулсан хувь нэмэр их, цаашдаа ч их байх ёстой. Ялангуяа үе, үеийн эрдэмтэн судлаачдын хүчин зүтгэлээр хангалттай түвшинд ажиллаж чадаж байгаа гэж хэлж болно.

-Монгол Улс БНХАУ-тай димломат харилцаа тог­тоосны 70 жилийн ойн үйл ажиллагаа бүтэн жи­лийн турш үргэлжлэхээр тө­лөвлөгдсөн байгаа. Энэ хү­рээнд танай хүрээ­лэн­гийн зүгээс ямар томоохон ажлууд хийж байгаа вэ?

-Түүхт 70 жилийн ойг то­хиолдуулан хийх ажлуудыг тө­лөвлөн, өнгөрсөн жилээс нэ­лээд ажлууд  хийж эхэлсэн. Энэ жилийн хувьд   Улаан­баатар, Хөх хот,  Бээжин хо­тод  эрдэмтэн суд­лаач­дын хамтарсан эрдэм шинжил­гээний хурал хийх, эрдэмтдийн дуу хоолойг олон нийтэд хүргэх, хамтарсан ном, бүтээл гаргахаар төлөвлөж ажиллаж байгаа. Өнгөрсөн жил Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Цогтбаатар, БНХАУ-ын Гадаад харилцааны сайд Ван И нар тохиролцсоны да­гуу ГХЯ-ны санаачилга, дэмж­­лэгтэйгээр хамтарсан эр­дэмт­дийн зөвлөгөөн зохион байгуулахаар ажиллаж байна. Энэхүү эрдэм шинжилгээний хамтарсан хурлаар харил­цааны асуудлаар тулгамдсан асуудлаар шийдэл олох, цаашдаа үйл ажиллагаа то­дор­хойлох олон асууд­луу­дыг хэлэлцэнэ гэсэн тө­лөв­лөгөөтэй байдаг. Мөн хоёр талын харилцааны асууд­лаас гадна Оросын эрдэм­тэдтэй хамтран эдийн зас­гийн хамтын ажиллагааг өр­гөжүүлэх боломж, тухайл­бал одоо яригдаж байгаа эдийн засгийн коридор гэх мэт асуудлуудаар энэ зурга­дугаар сард Улаанбаатар болон Алтанбулагт Монгол, Хятад, Оросын эрдэмтдийн хамтарсан хурал хийхээр тө­лөвлөөд байгаа. Энд гадаад ха­рилцааны бодлогод зөвлөмж өгөх томоохон асуудлууд хэлэлцэгдэх байх гэж найдаж байна.

-“Бүс ба зам” хөтөл­бө­рийн тухайд гэхэд олон жил яригдаж байгаа. Мон­гол Улс газар зүйн байр­лалын хувьд ч илүү өргөн хүрээнд орол­цох боломжтой байх?

-Бидэнд давуу тал бо­ломжууд байгаа. Үүнийхээ хэ­рээр олох ашиг ч бий. Хэт бол­гоомжлол, цаг хугацаа алд­­са­наар  бид  магадгүй  бо­ломжоо дутуу ашиглаж байж магадгүй гэж би хувьдаа боддог.  Хя­тадын зүгээс “Хөгжлийн галт тэргэнд хамтдаа суух уу” гэж асууснаас хойш ч нэлээд хугацаа өнгөрөөд байна.

-Монгол, БНХАУ, ОХУ гурван улсын Ерөнхийлөгч нарын уулзалт, санал санаачилгууд яригдаж эхэлснээс хойш нэлээд хугацаа өнгөрчихлөө, Гэхдээ сүүлийн жилүүдэд манай зүгээс идэвх санаачилга сул, хугацаа алдаж байна уу гэсэн байр суурь ч бас сонсогдож байна. Та юу гэж бодож байна?

-Тийм ээ, таны хэлснээр Монгол Улс газар зүйн байрлалын хувьд, өвөг дээдсээс үлдээсэн газар ну­таг, түүхэн уламжлалын орол­цоогоор давуу талтай. То­моохон оролцогч тоглогч болох боломжтой. Энгийнээр хэлэхэд Монгол Улсын орол­цоогүйгээр эдийн зас­гийн ко­ридор байгуулагдах бо­ломж­гүй. Цаг хугацаа алдаад байна уу гэсэн байр суурьтай санал нэг байна. Эндээс бас монголчуудын олж болох бо­ломж, ашгийг ч бас харах хэрэгтэй. Монголчууд анх гур­ван улсыг холбосон төмөр за­мыг байгуулсан 1960-аад оны үед Улаанбаатар төмөр замын орлого Монгол Улсын төсвийн орлогын тал хувийг хангадаг байсан гэсэн мэдээлэл байдаг. Хэдийгээр тухайн үед манай улсын төсвийн цар хэмжээ харь­цангуй бага байсан хэдий ч дэд бүтцийг хөгжүүлснээр илүү их ашиг гарах боломжууд байгаа гэж би боддог. Мэ­дээж хэрэгжүүлэхийн тулд төлөвлөгөө, төсөв, хөрөнгө гээд олон зүйл шаардлагатай. Гэхдээ огт хийхгүй байснаас бу­руу ч болтугай хийж эхлэх нь сайн гэсэн үг байдаг. Яарвал даарна гэдэг ч цаг хугацаа бас биднийг хүлээхгүй шүү дээ. Өнгөрсөн жилийн Чинбаогийн уулзалтаар Монгол Улсын байр суурийг тодорхой бол­гож, өмнөх уламжлалаа хад­га­­лан үргэлжлүүлнэ гэдгээ ойл­­голцсон учраас одоо гацах зүйл гарахгүй байх гэж бодож байна.

-Олон улсын харилцааны хүрээлэнд 23 жил ажиллаж байгаа түүх судлаачийн хувьд танаас асуухад олон улс судлал, тухайлбал Хя­тад судлалын хувьд танай хүрээлэнгийн хийж чадсан хамгийн том ажлууд гэвэл юуг хэлэх вэ? 

-Намайг анх ажилд орж байхад манай том суд­лаа­чид, буурлууд Далай гуай, Жамсран гуай, Раднаа  гуай, Дамдинсүрэн багш гээд олон мундагчууд ажиллаж бай­сан. Өмнөх үеийн, ер нь үе, үеийн эрдэмтэд  байна.Түүх бичлэгийн талд илүү их анхаарал тавьж байсан. Цааш­даа харин яах вэ гэдэг асуудлыг одоо бид тавих цаг болсон. 1999 он хүртэлх түүх бичлэгийн судалгаа бол маш сайн хийгдсэн байдаг. Бид­ний багш Бэгзжав гуайн 1949 оноос эхлээд 1999 он хүртэлх 50 жилийн түүх бичсэн ном байдаг. Бид үүнийг дахин хэвлэж байгаа.Энэ бол түүх. Бид эхний 50 жилийн ажлын дүнгээ ингэж гаргаж тавьж байж. Одоо цаашид яах вэ? Магадгүй үүнээс хойшхи 20 жилд бид тийм ч их айхавтар урагшаа явж чадаагүй, бид­ний дуу хоолой хангалттай түвшинд гарч ирж чадаагүй байж магадгүй. Тэгэхээр шинэ үе гарч ирээд бид юу хийх вэ, юу хийсэн бэ гэдгээ ярих ёстой. Хөгжил процесс гэж үзвэл юу ч хийхгүй гацаагаад байж бо­лохгүй. Бид үүнийг цааш нь үр­гэлжлүүлэх ёстой. Магадгүй бид алдаа гаргаж ч магадгүй. Гэхдээ бодит судалгаан дээр үндэс­лэсэн байхад илүү алдаа гаргахгүй, гол нь ажлаа үргэлжлүүлэх, урагшлуулах ёстой.

-Монгол Улс БНХАУ-тай дипломат харилцаа тог­тоосны 70 жилийн ойн хү­рээнд олон ажил зохиог­дож байна. Гэхдээ яг энэ ойн хүрээнд бид яг бодитоор ямар үр дүнд хүрч чадах вэ. Зөвхөн баяр тэмдэглэхээс гадна..?

-Тийм ээ,  энэ бол их бо­ди­той асуулт байна. Баяр тэм­дэглэх бол нэг асуудал. Харин цаана нь юу үлдэх ёстой, юуг бид олж  харах ёстой вэ гэдэг нэг асуудал. Хамгийн  гол нь бид юунд алдав, юунд онов гэдгээ тогтоож цаашдаа яах вэ гэдгээ тодорхойлох ёстой гэж би хувь­даа харж байгаа. Мэдээж судалгаа, шинжилгээ, зөндөө олон хурал хийж байна. Гэхдээ бидэнд юу ду­тагдаж байна вэ, бид юу хийх вэ, хөршүүдээсээ бид юу су­ралцах ёстой вэ, магадгүй бидний алдаа юунд байна вэ гэдгийг бодитоор харж, бодлого боловсруулах ёстой.

-Өөрөөр хэлбэл, ой тэм­дэглэнэ гэдэг бидний хувьд өнгөрсөн хугацааны ажилдаа дүгнэлт тавих, магадгүй харилцааны хувьд цоо шинэ шатанд гарч ирэх түүхэн боломж юм гэж та хэлэх гээд байна аа даа?

-Тийм ээ. Магадгүй бид 50 жилийн ойгоо тэмдэглэж байх тэр үетэйгээ харьцуулахад өнөөдөр 70 жилийн ойн өндөр­лө­гөөс харахад хангалттай түв­шинд хүрээгүй байж магад­гүй. Гэхдээ цаашдаа юу хийх вэ гэд­гээ тодорхойлох бас нэг цэг болж байгаа гэдгийг анхаарах хэрэгтэй болов уу. Өөрөөр хэл­бэл, 80 магадгүй 100 жи­лийн ойгоо тэмдэглэхдээ бид арай өөр түвшинд хүрэх ёс­той эхлэл цэг тавигдаж бай­гаа ч юм билүү. Түүх өөрөө бичигдэж байдаг. Үүнийг бид 70 жилийн ойн өндөрлөгөөс харж, тодорхойлж чадвал да­раа, дараагийн жилүүдэд илүү өөдрөг мэдээлэл биднийг хү­лээж байх болов уу гэж найдаж байна.


Бусад мэдээлэл