Монгол улсын Шинжлэх Ухааны Академи, Тайваний Синика академи хоорондын хамтын ажиллагааны хүрээнд Тайвань улсын төлөөлөгчид 7 дугаар сарын 28-наас 8 дугаар сарын 1-ний өдрүүдэд манай улсад албан ёсны айлчлал хийлээ.
Тус айлчлалын хүрээнд хоёр улсын шинжлэх ухааны академи хамтран эрдэм шинжилгээний бага хурлыг 7 дугаар сарын 31-ний өдрийн 09.30 цагт ШУА-ийн Их чуулганы танхимд зохион байгууллаа. Эрдэм шинжилгээний семинар “Тайвань, Монгол дахь цахим суралцахуй ба цахим архив”, “Ургамлын генийн инженерчлэл хөдөө аж ахуй, ногоон энергид” гэсэн 2 салбар хуралдаанаар үргэлжлэв.
Энэ үеэр Монгол улсын ШУА-ийн Ерөнхийлөгч, академич Б.Энхтүвшин, Тайваний Синика академийн Ерөнхийлөгч Чи Хуй Вонг төлөөлөгчдийн хамт хүлээн авч уулзан, хоёр улсын шинжлэх ухааны салбарын хөгжил, хамтран ажиллах чиглэлийн хүрээнд санал бодлоо солилцов.
Семинарын үеэр Тайваний Синика академийн Дэд ерөнхийлөгч доктор Фан Сен Ванг “Цахим соёлын өв” сэдвээр, МУ-ын ШУА-ийн Информатикийн хүрээлэнгийн захирал доктор Б.Нэргүй “Монгол улсын шинжлэх ухааны академийн мэдээллийн дэд бүтэц” сэдвээр, МУ-ын ШУА-ийн Биологийн хүрээлэнгийн Лабораторийн эрхлэгч доктор Б.Цэцэг “Монголын ургамлын бактер, мөөгөнцөр сэдвээр, мөн Биологийн хүрээлэнгийн Лабораторийн эрхлэгч доктор Ю.Оюунбилэг “Ургамлын биотехнологийн лабораторит гаргаж авсан эд, эсүүд” сэдвээр, Тайваний Синика академийн Гадаад харилцааны хэлтсийн дарга доктор Сүэ Лин Чао “Синика академид хийгдэж буй хөдөө аж ахуйн генийн инженерчлэл, био-энергийн судалгаа” сэдвээр тус тус сонирхолтой илтгэл хэлэлцүүллээ.
Мөн энэ үеэр Тайваний Синика академийн Дэд ерөнхийлөгч доктор Чен Жин Чен “Зүүн Азид тархсан аюултай халдварт өвчин, Монгол улсад нөлөөлөл” сэдвээр тусгай илтгэл хэлэлцүүлэх бол МУ-ийн ШУА-ийн Информатикийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Н.Баттүшиг “Цахим ерөтөнц дэх Монголын өв соёл” төслийн талаар танилцуулга илтгэл тавьсан юм.
Семинарын дараа Тайваний төлөөлөгчид ШУА-ийн Палеонтологийн хүрээлэн, Биологийн хүрээлэн, Одон орон геофизикийн хүрээлэнтэй танилцаж туршлага судлахаас гадна Төв номын сангийн “Алтан сан”, Динозаврын музей, Үндэсний түүхийн музейгээр зочилсон юм.