Шинжлэх ухааны салбарынхан бүтээж туурвисан ажил үйлээ дүгнэж, алдаа оноогоо цэгнэн ирэх жилийн зорилго зорилтоо тодотгон ярилцдаг уламжлал ёсоороо Монголын Шинжлэх ухааны ажилтны өдрийг 18 дахь жилдээ тэмдэглэлээ.
ШУА-ийн ерөнхийлөгч, академич Д.Рэгдэл хэлсэн үгэндээ, "Цаг үе ороо бусгаа, засаг төр үймээн бужигнаатай, санхүү төсвөө хасуулж тануулсан энэ ээдрээтэй цаг үед ч эрдэмтэн судлаачид Та бид хийдгээ хийж, бүтээл туурвилаа гаргасаар, ажил төрлөө хэвийн сайн явуулсаар байна. Энэ бол шинжлэх ухаан хэмээх аугаа ертөнцийн өөрийнх нь дотоод мөн чанар, эл салбартай хувь заяагаа холбосон ухаалаг төвшин, ноён нуруутай хүмүүсийн суурь ёс суртахуун юм. Тэдний хувьд улс орныхоо хөгжлийн тулгамдсан асуудлыг шийдэх шинжлэх ухааны үндэслэлийг боловсруулж, ирээдүйн хандлагыг угтан прогнозлох нь түүхэн хариуцлагатай үүрэг, эрх ашгийн эрэмбийн эхэнд тавигддаг ёс зүйн асуудал байдаг билээ. Өнгөрч буй нэг жилийн бидний гол үйл ажиллагаа бүхэлдээ энэ зорилгод чиглэсэн гэж хэлж болно. Манай эрдэмтдийн нэр хүнд дэлхий дахинд өсч, ОХУ-ын Газарзүйн нийгэмлэгийн дээд шагнал Оросын их эрдэмтэн С.М.Пржевальскийн нэрэмжит “Хүндэтгэлийн алтан медаль”-ийг Монгол Улсаас анх удаа академич Д.Доржготовт, Туркийн Шинжлэх ухааны академийн “Нийгэм хүмүүнлэгийн салбарын 2018 оны шагнал”-ыг академич Л.Болдод тус тус олгожээ. Нэр хүнтэй шагнал хүртсэн академич нартаа баяр хүргэе.Монгол эрдэмтдийн 2018 онд гадаадад хэвлүүлсэн бүтээлийн тоо 2016 оныхтой харьцуулахад 10 орчим хувиар өсчээ" хэмээн онцлов.