октор Г.Пүрэвдорж сартуул овгийнхны угсаа, нутаг усны нэршлийн тухай өгүүлэх “Сарт гол цэцэн вангийн шастир оршвой” бүтээлээ Архивын ерөнхий газарт өнөөдөр /2018,03,12/ хүлээлгэн өглөө. Архивын Ерөнхий газарт хадгалагдаж байсан Сартуул овгийнхны ургийн бичиг, 1929 оны хүн амын тооллогын түүхэн бичгийг ашиглаж энэхүү номыг зохиожээ.
Сартуул овгийнхны ургийн бичгийн хувьд 32 метр, 4000 гаруй хүний нэр бичигдсэн байдаг бөгөөд эх хувь нь Архивын ерөнхий газар хадгалагддаг юм байна. Үүнийг кирилл бичгээр хөрвүүлэн “Сарт гол цэцэн вангийн шастир оршвой” бүтээлтэй хамт хүлээлгэн өглөө. Сартуул түмэн нь Монголын уугуул иргэд эсвэл Чингис хааны байлдан дагуулалтын үед олзлогдож ирсэн хүмүүс гэсэн маргаан байдаг юм байна. Сартуул түмэн нь Монголын уугуул иргэд бөгөөд Алтайн хязгаараас нааш Завхан, Улиастай, Хангай нуруу даган сууршиж байсан хүмүүс юм гэж дурдагдах бөгөөд үнэхээр уугуул иргэд үү, суурьшмал түмэн үү гэдгийг цааш нь сайн судлах хэрэгтэй байгааг судлаачид онцолж байлаа. Одоогоор Завхан аймгийн 11 суманд сартуул угсааны хүмүүс амьдрах бөгөөд 30 мянган гаруй иргэн байгаа гэсэн тооцооллыг гаргажээ.
ШУА-ийн Техникийн салбарын бага чуулганы эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор Г.Пүрэвдоржтой цөөн хором ярилцлаа.
-Таны номд Сартуул түмний түүхийг өгүүлсэн байна. Номоо бичих тулд судалгааны ажлыг хэр хугацаанд хийв. Одоо сартуул түмний үр сад Монгол орны хаагуур амьдарч байна?
-Сэцэн вангийн хошуу буюу мянган тайжтай түмнийг сартуул гэж нэрлэсээр иржээ. Мянган тайжийн угийн бичгийг 1915 онд хийсэн юм байна. 30 гаруй метр урт нугалсан бичиг Монгол Улсын Үндэсний төв архивт байхаар нь кирил рүү хөрвүүлүүлсэн. Энэ шастирыг бүхэлд нь түүхийн төв архивт өглөө. Энэ бол ноёдын түүх юм. Ингээд газар нутгийн түүх, ард түмний түүх, ноёдын түүхийг багтаасан шастирыг бүтээлээ.
Сартуул хошуу буюу Сарт гол цэцэн вангийн хошууныхан бол Манжийн үед Халхын өрнө замын зүүн шарын зүүн этгээдийн хошуу, Богд хаант Монгол Улсын үед Засагт хан аймгийн Сэцэн вангийн хошуу гэсэн албан ёсны нэртэй явж ирсэн. Одоогийнхоор Завхан аймгийн Завханмандал, Эрдэнэхайрхан, Ургамал, Дөрвөлжин, Сантмаргаз, Цэцэн-Уул, Сонгино, Түдэвтэйн Баянцагаан баг, Яруу, Увс аймгийн Завхан сумын зүүн талын Цагаан түнгэ багийнхныг бүхэлд нь Сартуул гэж нэрлэсээр ирсэн юм билээ.
Түүхийн ухааны доктор Д.Мөнх-Очир хүн амын тооллогын материалуудыг судалж ном болгож байсан. Би түүнийг нь үзээд цэцэн вангийн хошууны хүн амын тооллогыг монгол бичгээс шинэ бичигт хөрвүүлээд өгөөч гэсэн санал тавьснаар 1929 оны хүн амын тооллогын бичгийг шинэ бичгээр ном болголоо. Сэцэн вангийн хошуунд 1929 онд 18,252 хүн тус хошуунд байжээ.
-Таны бүтээлд Сартуул нь Сарт гол гэдэг үгнээс гаралтай гэж бичсэн байна?
-Завхан аймгийн нутагт Сар гэдэг нэртэй толгой буюу одоогийн бидний шүтэн биширдэг Сар хайрхан гэдэг талын жаахан уул бий. Энэ хайрханы урд Сарын хар ус, Сарын булаг гэж хоёр булаг байдаг. Мөн Сар хайрханы урдуур Завхан, Тээлийн гол, Хар нуур гээд олон голын бэлчир бий. Энэ газрыг Сарт голын газар гэж нэрлэдэг байжээ. Үүнийгээ нотлох баримт олохын тулд дахин түүх судалсан. Баталгаагаа ч олсон. 1700 гаруй оны үед бичсэн “Илтгэх шастир” түүхийн сурвалжид энэ тухай тэмдэглэснийг түүхчид олж өгсөн. Энэ ном нь Манж нар өөрийн эрхшээлд орсон Монголын ноёд, тайж нарыг нарийвчлан бүртгэж, хяналтдаа байлгахад ашиглаж байсан ном юм байна.
-Сарт гол яагаад Сартуул болсон юм бол?
-Оросын эрдэмтэн Грумм Гржимайло анх Шинжлэх ухааны эргэлтэд Сартуул гэдэг үгийг оруулсан байдаг. Тэрээр 1926 онд бичсэн номондоо Батмөнх даян хааны хөвүүдэд өмчлүүлсэн отгуудын тухай дурдсан байна. Тэнд сартуулууд нь Дундад Азиас ирсэн хүмүүс байж магадгүй гэж бичсэн байж. Энэ хүн Сарт гол гэдэг үгийг сартагол, сартагул, сартол гэж гурван янзаар бичсэн. Манайхан энэ хүний бичсэнээр л бичээд байж. Харин түүхийн ухааны доктор З.Лонжид гуай надад сэцэн вангийн хошууны Жалчингомбоцэдэн ноёны тамга бүхий бичиг архивт байгаа гэж зааж өгсөн. Жалчингомбоцэдэн ноёноос Жалханз хутагтад бичсэн захиандаа хувийн тамгаа даржээ. Тамга нь “Сарт гол цэцэн вангийн гарын тэмдэг” гэсэн бичигтэй байсан. Хэдийгээр хошуу нутаг Сартуул гэсэн нэртэй болсон ч бичиг баримт, тамган дээрээ Сарт гол гэдгээрээ явдаг байжээ. Хэдийгээр хошуу нутаг Сартуул гэсэн нэртэй болсон ч бичиг баримт, тамган дээрээ Сарт гол гэдгээрээ явдаг байжээ.